Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/27

 

 

 

 

 

      2023           12            28                                          2024/ДШМ/27

 

С.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С , түүний өмгөөлөгч Ц.Даваахүү,

шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/615 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2303002540238 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Г , 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

           

Шүүгдэгч С.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Х-Апартмент хотхоны баруун замд Тоёота приус 30 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км, суурийн газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.П-г мөргөж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: С.Гийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Г ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г нь хохиролд 45.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-долгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч миний бие холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Миний болгоомжгүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч хүнд гарз тохиолдсон явдалд хохирогчийн ар гэрийнхнээс гүнээ харамсаж, уучлал гуйж байна. Би эхнэр охины хамт амьдардаг бөгөөд эхнэр маань нурууны суултаас болж диск цүнхийж 3.5 кг-аас дээш хүнд зүйл өргөж болдоггүй. Охин маань 3 дугаар ангид суралцдаг бага насны хүүхэд юм. Иймд миний бие эхнэр, охиноо асарч, халамжлах, сайн хань, эцэг байх боломж олгож өгнө үү. Мөн миний бие олон жилийн өмнө зам тээврийн осолд орж, элэг сэмжээр ороолгож, дунд чөмөг хугарч, удаан хэвтэрт байснаас болж уушги устаж, уушгинаас удаа дараа шингэн соруулж байсны улмаас 2017 онд сүрьеэ болж байсан. Ер нь бие сул, ажил хийж чаддаггүй, чийгтэй газар удаан байх боломжгүй байдаг. Энэ хэрэгт холбогдоод цагдан хоригдсоноос хойш хүнд эрүүл мэнд, эрх чөлөө, гэр бүл ямар чухал болохыг улам ихээр мэдэрч байна. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан нөхцөл байдал, гэр бүл, эрүүл мэндийг минь харгалзан үзэж, надад оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч С.Гийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэх урьдач нөхцөл нь хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх учиртай. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.”, уг зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” хэмээн хуульчилсан.

Үүнийг үндэслэн гарсан захиргааны хэм хэмжээний акт болох Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан 2023.07.31-ний өдрийн А/268 А/275 дугаартай тушаал бий агаад түүнд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа, зохицуулалт, процессыг тов тодорхой журамласан байгаа. Тухайн журмын нэгдүгээр хавсралтын 2.1, 2.2, 2.3, 2.6-т зааснаас харвал шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох үүрэгтэй байна. Шүүхийн шинжилгээний байгууллагаас гарсан дүгнэлт огтоос байхгүй. Зөвхөн гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс “...82.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэснийг л үндэслэн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл, хууль зүйн үндэслэлгүй болсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль ёсны байх зарчимтай илтэд нийцэхгүй шийдвэр болжээ.

Шүүгдэгч С.Гийн тухайд түүний хувийн байдал болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд зэргээс гадна энэхүү эрүүгийн хэргийн нөхцөл байдал, үйл баримтаас харвал гэнэтийн байдлаар энэ осол болж, эрдэнэт хүний амь нас хохирсон хэдий ч шүүгдэгчийн зүгээс шаардлага хангасан эсэх, баримтаар нотлогдсон эсэхийг үл харгалзан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 45.100.000 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн байдаг. Энэ нь түүний тухайн осол, хэрэгт хэдий хэмжээгээр гэмшиж, харамсаж буйг нь илтгэх билээ. Ийм байтал хуульд нийцэхгүй шийдвэрлэсэн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гэх 82.500.000 төгрөгийг төлөөгүй гэдгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэтийдсэн хүнд, тохиромжгүй ялын төрөл, хэмжээг сонгосон гэж үзэхээр байна. Эцэст нь хэлэхэд Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хууль ёсны бөгөөд Үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлүүдэд хамаарч байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №615 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, түүнтэй уялдуулан 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж буюу ялын төрөл хэмжээг өөрчлөн, шүүгдэгч С.Гт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С  нь тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар бичээд шүүхэд өгсөн. Сэтгэл санааны хохирол гэж яригдаад байгаа 82.000.000 төгрөг болон миний эцгийн амь нас хоёрын аль нь үнэтэй вэ гэвэл миний эцгийн амь нас үнэтэй. Миний эцэг 40 гаруй жил эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан, судлаач хүн байсан. 10 гаруй жил Япон улсад зочин профессороор ажиллаж байсан. Америк, Унгар гэх мэт орнуудад урилгаар очиж байсан. Эрдэмтэн хүний 60-аас 80 нас маш үнэ цэнэтэй. Миний эцэг тэтгэвэрт гараагүй, эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан. Энэ онд дэлхийн 400 гаруй судлаач цугларсан хурал болсон. Уг хурлыг 1989 оноос хойш зохион байгуулсан, уг хурлын бүхий л арын албыг хашиж байсан хүн миний эцэг байсан. Судлаачид “энэ жилийн хурал маш хэцүү боллоо. 400 гаруй судлаачдын бүх бүтээлийг судалж, ямар судлаачийн илтгэлийг хасах, хасахгүйг шийддэг хүн байхгүй болохоор маш хэцүү байлаа” гэж байсан. Миний эцэг маш их мөрөөдөлтэй хүн байсан. Би эцэгтэйгээ хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзаад танилцахад эцгийнхээ талаар маш их зүйлийг мэдэж авч байна. Би эцгээрээ маш их бахархаж байна. Ажил, мэргэжилдээ эзэн нь болсон хүн байсан. Судлаач хийж байгаа хүн бүхэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болохгүй. Эцэг минь 80 нас хүртэлх төлөвлөгөөгөө хамт олондоо ярьдаг байсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, түүхийн хүрээлэн, археологийн хүрээлэнгийн судлаачид оролцсон 7 судлаачийн бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллага байгуулах гэж байна. Намайг 5 дахь гишүүн нь болно уу гэж санал тавьсан. Би зөвшөөрсөн. Он гараад ажил хэрэг болоод явах байх. ...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгчийн хэлсэн зүйл тэмдэглэлд тусгагдсан байгаа. Сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч эсрэг зүйл ярьж байгаад гайхаж байна. Анхан шатны шүүх “сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулна” гэж хэлснийг үндэслэж 3 жилийн хорих ял оногдуулсан. Сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй болохоор 3 жилийн хорих ял оногдуулаагүй. Би тэгж ойлгосон. Эрхэм шүүгч нар та бүхэн өмнөх өмгөөлөгчийн хэлсэн үгийг харгалзаж үзнэ үү. Миний эцэг энэ дэлхий дээр байхгүй ч бүтээл нь мөнхөрсөн. Хийж байсан ажлууд нь үргэлжлээд явж байна. Монгол Бахархлын өдөр худалдаанд гарсан Монголын нууц товчооны тайлбар гэх номын зохиолч 25 гишүүн байгаа тэдгээрийн нэг нь миний эцэг байсан. Уг номд нэр нь бичигдсэн байгаа. Ерөнхийлөгчөөс хоёр талархлын бичиг өгсөн. Маш олон номд нэр нь дурдагдсан. Шүүгдэгч С.Гээс “уучлаарай” гэж байна. Уучилж болох зүйл, болохгүй зүйл гэж байгаа. Энэ асуудал дээр уучлах юм бол би насан туршдаа харамсана. Би эцэгтэйгээ цаашид уулзъя гээд уулзаж чадахгүй, миний эцгийг мөнхийн шоронд оруулсан. Та бол цаг хугацаатай шоронд орсон. Та урьд нь осолд орж байсан бол яагаад тийм хурдтай явж байсан юм бэ” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Даваахүү нь тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бүх мэдүүлэгтээ “сэтгэл санааны хувьд маш хэцүү байна. Миний үс унаж байна. Биеийн эрүүл мэндийн байдал ийм байна” гэж тогтвортой мэдүүлж ирсэн. Сэтгэл санааны хохирлыг барагдуулах хууль гарсан. Уг хууль гарсан учраас шүүх дээр хэрэг хянагдаж байх хугацаанд сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд санал, гомдол, хүсэлтээ илэрхийлж болно. 82.500.000 төгрөг дээр бид маргаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс маргаагүй. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар сэтгэл санаанд учирсан хохирлыг хамгийн доод хэмжээгээр буюу 82.500.000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгчээс хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэдэг агуулгыг дурдсан байдаг. Иймд сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар ижил байр суурьтай байх ёстой. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “сэтгэл санааны хохирлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санааг илэрхийлж байна. Шүүгдэгчээс ийм саналыг хэлсэнгүй. Зөвхөн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэж байна. Яг ямар ял оногдуулж өгнө үү гэж байгаагаа хэлсэнгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар бодитой зөв тооцсон гэж үзэж байна. Хэрэг 2023 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн. Прокурор 2023 оны 6 дугаар сарын сүүлээр яллах дүгнэлтийг гардуулсан байсан. 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэргийг шүүх хүлээн авсан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс аргачлалаар сэтгэл санааны хохирлыг бодох ёстой гэж ярьж байна. Тухайн аргачлал нь 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас батлагдсан байдаг. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан баримт, хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзаад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу амь хохирогчийн цалин хөлс бусад байдлыг харгалзан үзээд тооцсон байдаг. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-Амь хохирогч Э.П-н хууль ёсны төлөөлөгч П.С : “...Хамгийн сүүлд буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 07 цаг 50 минутад аавтайгаа уулзсан. Уулзахдаа гэрийн гадаа нь машинтайгаа ирсэн. Тэгээд аавыгаа аваад машинтай явж байхад надад өнөөдөр Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын дарга ирсэн, маш амжилттай гэрээ байгуулж байгаа, энэ гэрээ хийгдсэн тохиолдолд бүхий л салбарт Монголоос Хятад улсад оюутан сурагч суралцах эрх нээгдэж байгаа. Аав маань 2023 оны 5 дугаар сарын 17-26-ны өдрийн хооронд Япон улс руу ажлаар явах билетээ авчихсан байсан. Надад тэр өдөр аав нь өнөөдөр жаахан орой ирнэ шүү гадаад улсаас хүмүүс ирсэн байгаа гэж байсан. Маргааш аав нь хүүг нь авна аа. Өглөө сургуульд нь хүргэж өгчихөөд ажилдаа явна аа гэж хамгийн сүүлд хэлж байсан. Аавыгаа тэр өдөр Драмын театр дээр буулгаж өгөөд явсан. Аав ажил руугаа алхаад явлаа гээд бууж үлдсэн...” /1хх 38-40/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-13/,

-Замын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33-34/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2159 дугаартай дүгнэлт : “...суудлын автомашин нь “А” – “B” цэгийн хоорондох 28.3 метр зайг ойролцоогоор (79.6 – 82.2) км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн” /1хх 59-63/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С гийн “...Миний хувьд үгээр хэлж илэрхийлэх арга байхгүйгээр гомдолтой байна.Ослын улмаас гарсан бодит зардлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1хх 45-47/,

-Цогцост үзлэг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-25/,

-Хохирлын баримт /1хх 154-182/,

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Х.Халиуны “...Ганпүрэв нь манай гэрт орой ирээд машинаа өгч байгаач UB Cab такси үйлчилгээнд бүртгүүлчихсэн юм. Тэгээд машинаар чинь таксинд явчхаад өгье гээд аваад явсан. Би өөрийн машинаа зөвшөөрсний үндсэн дээр өгч явуулсан” гэх мэдүүлэг /1хх 45-47/,

-Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 1104 дугаартай дүгнэлт “...Шинжилгээгээр талийгаач Э.П-н цогцост гавал тархи, цээж, хэвлий, нугалам, доод мөчний хавсарсан гэмтэл: Гавлын баруун чамархайн урд хэсгээс доош баруун чулуулаг, залаа ясны суурь хэсэг, зүүн урд хонхор, зүүн чамархай хүрсэн, баруун чамархайн ар хэсгээс дагз, суурийн баруун ар хонхор хүрсэн шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, гол судасны нум хэсгийн бүрэн тасрал, 1-7-р хавирганы хугарал, сээрний 2-3-р нугалмын салалт, нугасны бүрэн тасрал, уушгины хатгагдсан шарх, бүсэлхийн 5-р нугалмын их биеийн хугарал, нугасны бүрэн тасрал, умдаг шагай ясны хугарал, элэгний эдийн няцрал, дух, баруун шанаа, хацар, зүүн хацар, хамар хэвлийд зулгаралт, дух, баруун хацар, баруун ташаанд язарсан шарх, зүүн ташаанд цус хуралт, зүүн ташаа, хоёр сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархи, цээж, хэвлий, нугалам, доод мөчний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан байна. ...үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.”/1хх 59-63/

-Мөрдөгчийн магадалгаа “... “Toyota Prius” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурийн газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч амь хохирогч Э.Пүрэвжав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-т заасан “явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна.” /1хх 121-122/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

С.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 47 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Х-Апартмент хотхоны баруун замд Тоёота приус 30 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км, суурийн газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Э.П-г мөргөж улмаар түүний амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч С.Гийг гэм буруутайд тооцохдоо тухайн зүйл, хэсэг, заалтад заасан шинжийг өөр байдлаар “хүний амь насыг хохироосон” хэмээн буруу бичсэнийг “...хүний амь нас хохирсон...” гэж хуульд нийцүүлэн зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар нь “...Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гэх 82.500.000 төгрөгийг төлөөгүй гэдгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэтийдсэн хүнд, тохиромжгүй ялын төрөл тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, түүнтэй уялдуулан 2, 3 заалтад өөрчлөлт оруулж буюу ялын төрөл хэмжээг өөрчлөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Гт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Тиймээс, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын “...ялын төрөл хэмжээг өөрчлөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү..” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч С.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оршуулгын ажлын хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар анхан шатны шүүх түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

 

Харин амь хохирогч Э.П-н хууль ёсны төлөөлөгч П.С д сэтгэцэд учирсан хор уршигт 82.500.000 төгрөгийг шүүгдэгч С.Гээс гаргуулан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, Шүүхийн шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С гийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний сэтгэцийн эрүүл мэндэд тус гэмт хэргийн улмаас сэтгэцийн хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй.  Энэ талаар, Монгол Улсын Дээд шүүх  “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно., “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно...” гэж тодорхой тайлбарласан.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гомдлуудаас “...Сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гэх 82.500.000 төгрөгийг төлөөгүй гэдгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэтийдсэн хүнд, тохиромжгүй ялын төрөл тул шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, “шийтгэх тогтоолын 2, 3 заалтад өөрчлөлт оруулж буюу ялын төрөл хэмжээг өөрчлөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Гийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ноос 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 99 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/615 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 

- 1 дэх заалтын “...хүний амь насыг хохироосон...” гэснийг “...хүний амь нас хохирсон...” гэж,

- 2 дахь заалтын “...5 жилийн хугацаагаар хасаж,”  гэснийг “...3 жилийн хугацаагаар хасаж,” гэж,

- 4 дэх заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, ...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан, ...” гэж,

- 8 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г нь хохиролд 45.100.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол 82.500.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-долгосугай. ...” гэснийг “...Шүүгдэгч С.Г нь хохиролд 45.100.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч С.Гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ноос 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 99 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

   4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН