| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 183/2022/04327/И |
| Дугаар | 192/ШШ2025/01754 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01754
2025 03 10 192/ШШ2025/01754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ***,
нэхэмжлэгч: ***,
хариуцагч: ***,
хариуцагч: *** холбогдох,
5 010 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд
нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан 5 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч *** нь ковидын үеэр буюу 2021 онд *** гэж хүнээр дамжуулаад хариуцагч нартай түрээсийн гэрээ байгуулсан. Дархан-Уул аймаг дах орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн нэг жилийн хугацааны түрээсийн төлбөрт 4,800,000 төгрөгийг төлж дуусгасан. Ингээд түрээсийн харилцаа үүсээд явж байх хооронд зохигчид хоорондоо ярилцаж удаан хугацаанд түрээслэх боломжтой гэж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч *** нь 3,610,000 төгрөгөөр гал тогооны тавилга хийлгэсэн. Ийнхүү байж байтал хариуцагч *** нь 1,000,000 төгрөг зээлээч гэсний дагуу зээлдүүлсэн. Түрээсийн харилцаа 11 сар 7 хоног болсон байхад хариуцагч *** нь “байраа зарах гэж байна, эндээс гар” гэсэн шаардлагыг удаа дараа тавьж, байрнаасаа гаргасан. Тэгэхээр *** нь бүтэн 1 жилийн хугацааны түрээсийн төлбөр 4,800,000 төгрөгийг бүрэн төлсөн. Иймд сүүлийн нэг сар суугаагүй учир 1 сарын түрээсийн төлбөр 400,000 төгрөг, түүнд зээлдүүлсэн 1,000,000 төгрөг, мөн гал тогооны тавилга хийлгэсэн 3,610,000 төгрөг, нийт 5,010,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.
3. Хариуцагч *** 2022.10.29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Хан-Уул дүүрэг *** тоотод оршин суугч *** овог *** дугаартай. Миний бие нь 2021.05.11-ний өдөр *** тоот өөрийн нэр дээрх 4 өрөө орон сууцыг иргэн *** гэрээ хийж түрээслэхээр тохиролцсон. Гэхдээ зарын дагуу ярьсан айлын хүмүүс ковидтой учраас өмнөөс Улаанбаатарт оршин суугаа хүнээр төлүүлэн нэрээ хийе гэж тохирсон. Гэрээ хийгдэж байр түрээсэлсэн хүмүүс мөнгөө шилжүүлэх байсан ч *** огт өөр айл оруулан огт гэрээтэй хамааралгүй хүмүүс оруулж нөгөө оруулсан хүмүүс дамлан түрээсэлж давхар давхар айлуудад түрээсэлсэн байсан. Ингэхдээ цонх хагалж банн авч хаяж хохирол учируулсан / зураг хавсруулав/. Мөн эдгээр орсон айлын ***, *** гэх гэрээнд огт нэр эь тусгагдаагүй эмэгтэй байр давхар түрээслэн өрөөнүүдийг sharelen 1 жил гэрээ хийсэн байранд 11-н сар 7 хоног амьдарсан хэрээ зарагдах байр чөлөөлж өгөлгүй бусадтай нийлж байр худалдан авсан айлд орж удаа дараа танхайрсан. Үргэлж дарамтлаад зогсохгүй байсан тул байр худалдаж авсан айл арга буюу шүүхуд өгөхөөр өргөдөл хүртэл бичиж өгч, сулласан байраас гал тогооны тавилгаа авахыг байнга шаардаж байсан бүх баримтыг хавсаргасан. Миний бие ч мөн адил байнга тавилга авахыг шаардаж 1 сарын бүрэн түрээс буцааж өгье гэсэн боловч надаас 5 сая төгрөг өгвөл байр суллаж өгнө эсвэл гарахгүй гэж хүндрэл учруулсан. Би хэрвээ өөрийн гэрээ хийж суулгасан түрээсийн гэрээтэй айл бол хоног заасан хугацаа дуустал хүлээх байсан ч огт гэрээгүй айл олон давхар түрээсэлж суусанд дургүйцэж гаргасан. Өөр айл солигдож орсонг мэдэж 1 сая төгрөг хүүтэй зээлсэн ч 600,000 төгрөгийн чулуун ванн хагалж цонх хагалсанд суутгасан. Мөн түрээс тухайн үеийн маш бага ханшаар суулгасандаа суутгав. Гал тогооны тавилга манайд оогт хамааралгүй ирж авахыг шаардсан олон баримт байгаа. Санаатайгаар тавилга үлдээж мөнгө нэхэх зорилготой байсан тодорхой. Утасаар байнга хаягаа хэл очиж ална тална гэж залгадаг. Ийм дарамтаас байнга айж амьдарч байгаа. Хүний байр дамнаж түрээсэлж залилан хийсэн ***д маш их гомдолтой ямар нэгэн хэцүү асуудал үүсвэл бүх хариуцлага энэ хүнд тохооно. Хүний байранд бүтэн 1 жил гахуу 11 сар 7 хоног амьдараад 23 хоногийн мөнгөө 350,000 буцааж авахад болох байхад 5,000,000 төгрөг үндэслэлгүй нэхэж авч болдог гээд сурсан хүмүүс байна. Эдгээр хүмүүсд иргэн миний бие маш их гомдолтой байна. Гал тогооны тавилга ямар ч эвдрэл гэмтэлгүй салган авч ирж авахгүй шаардлага тавиад ч хүлээж авахгүй санаатайгаар манай хүмүүсээр буулгуулсан. Гол нь хуучин муу тавилгаа ямар үндэслэлээр 4,000,000 саяиар үнэлсэн бэ? Маш жижиг метр квадраттай гал тогоо, маш муу материал хэдэн онд хийгдсэн бэ? Дээр үеийн тавилга. Үндэслэлгүйгээр үргэлж мөнгө нэхэж хүн дарамталдаг. Энэ хэрүүл сүрдүүлэг нь мөн орой ч гадаа явахад машинтай дагаж дарамталж байсан. Миний бие *** гэх залилан үйлдэгч эмэгтэйд гомдол гаргаж байна. Ийм үл бүтэх хүмүүсээр дарамталуулж хүний амгалан тайван байдал алдагдуулсан. Дээрх хүүмүүст нэг төгрөг ч өгөх өр авлага байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч *** 2022.11.15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Одмаа овогтой *** миний бие Дархан-Уул аймагт *** тоотыг иргэн ***тэй гэрээ хийж 1 жил хугацаанд түрээсэлсэн боловч *** нь байр дамлан түрээсэлж оруулах ёстой айлаа оруулаагүй үл бүтэх хүмүүс оруулж миний бие хугацаанаас өмнө байраа зарах шийдвэр гаргасан боловч байр суллаж өгөлгүй удаа дараа их хэмжээний мөнгө нэхэмжилсэн. Гал тогооны хуучин муу тавилгаа 5,010,000 төгрөгөөр үнэлж шүүх цагдаад байнгын дуудуулж төвөг удаж байгаа. Гэрээ хийсэн хүн маань одоо би холбоогүй гээд холбогдохгүй байхад дамлаж оруулсан айл удаа дараа дарамталж байгаа учир иргэн *** энэ хийсэн гэрээнийхээ дагуу холбогдох хүмүүстэйгээ учираа олж биднийг дахин дуудана уу. Гэрээ огт хийгээгүй хүмүүстэйгээ ахин холбогдохгүй учир шүүх хурал болох тогтсон цагт иргэн ***тэй л гэрээнийхээ дагуу шүүхдэх болно... гэжээ.
5.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч ***ийн иргэний үнэмлэх лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
2021.05.11-ний өдрийн ***, *** нарын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ /хэргийн 5-6 дугаар тал/
***эс ***т олгосон итгэмжлэл /хэргийн 7-8 дугаар тал/
Хаан банкны дасны хуулга /хэргийн 9 дүгээр тал/
*** Дархан-Уул аймгийн шүүхэд гаргасан өргөдөл /хэргийн 11 дүгээр тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 38 дугаар тал/
Мэссэнжэр чатны зурагнууд /хэргийн 39-47 дугаар тал/
Нэхэмжлэгч ***эс ***т олгсон итгэмжлэл /хэргийн 95 дугаар тал/
Нэхэмжлэгч ***ээс ***т олгосон итгэмжлэл /хэргийн 122 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагч ***ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 20-23 дугаар тал/
Дархан-Уул аймгийн Дархан сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 24-25 дугаар тал/
О.***гээс ***т олгосон итгэмжлэл /хэргийн 26 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 28 дугаар тал/ зэрэг баримтууд,
7. Шүүхээс бүрдүүлсэн
Гэрч *** шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хэргийн 76-77 дугаар тал/
2024.11.13, Чатад үзлэг хийлгэсэн тэмдэглэл /хэргийн 109-112 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч ...5.010.000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...орон сууц хөлслөх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир ашиглаагүй хугацааны хөлс 400 000 төгрөг буцаан гаргуулах, зээлсэн 1000 000 төгрөгийг буцаан төлөөгүй, хийлгэсэн гал тогооны тавилгыг эвдэж 3 610 000 төгрөгийн хохирол учруулсан... гэж тайлбарласныг,
хариуцагч нар эс зөвшөөрч ...гэрээтэй хамааралгүй хүмүүс оруулж дамлан түрээслэсэн, цонх хагалах, банн авч хаяж хохирол учруулсан, гал тогооны хуучин муу тавилгаа 4000 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй тавилгаа ирж авахыг шаардсан олон баримт байгаа...гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. 2021 оны 05 сарын 11-ний өдрийн дугаар 0264 тоот Орон сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгч буюу хөлслөгч ***, хариуцагч буюу хөлслүүлэгч О.***, *** нар бичгээр байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн ***тоот 4 өрөө орон сууцны зориулалттай 50.5м кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *** 2021.05.16-ны өдрөөс 2022.05.16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 400 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байна.
...Улаанбаатар хотод байгаа, ковид цар тахлын улмаас хот хооронд зам хаасан очих боломжгүй...шалтгааны улмаас хөлслөгч *** өөрийн танил эгч ***д өөрийн өмнөөс хэлцэл хийх зөвшөөрөл олгосны үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээг *** түүний нэрийн өмнөөс хариуцагч нартай байгуулсан нь нэхэмжлэгчийн ...хөлслүүлэгч нар нь Улаанбаатар хотод байна, ковидын улмаас хот хооронд зорчих зам хаасан учраас очих боломжгүй байна хотод байгаа хүн байгаа юу гэсний улмаас арга буюу гэрээг бичгээр байгуулахыг тулд Улаанбаатар хотод байдаг өөрийн танил эгч ***д учирлан хэлж миний өмнөөс гэрээ байгуулаад өгөөч гэхэд зөвшөөрч гэрээ байгуулсан... гэх тайлбар, хариуцагч ***ийн шүүхэд бичгээр гаргасан ...зарын дагуу ярьсан айлын хүмүүс ковидтой учраас өмнөөсөө Улаанбаатарт оршин суугаа хүнээр төлөөлүүлэн гэрээ хийе гэж тохирсон... гэх тайлбар, нэхэмжлэгч ***, *** нарын хоорондоо харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1, 20, 110 дугаар тал/
5. Хөлслөгч ***ийн олгосон зөвшөөрлийн үндсэн дээр дээрх гэрээг Т.*** түүний өмнөөс хөлслүүлэгч нартай байгуулсныг талуудын хэн аль нь мэдэж байсан, хариуцагчийн ...Т.*** огт өөр айл оруулан огт гэрээтэй хамааралгүй хүмүүс оруулан нөгөө оруулсан хүмүүс нь дамлан түрээслэж давхар айлуудад түрээслэсэн байсан... гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Хариуцагч энэхүү тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч ***ийн ... орон сууцыг 2021.05.16-ны өдрөөс 2022.05.16-ны өдөр хүртэл жилийн хугацаатай сарын 400 000 төгрөгөөр хөлслөхөөр болж гэрээ байгуулдаг өдөр 4800 000 төгрөгийг бүтэн өгч байрандаа орсон... гэх нэхэмжлэл тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй./хэргийн 1 дүгээр тал/
Өөрөөр хэлбэл дээрх орон сууц хөлслөх гэрээний хөлслөгчийн хөлс төлөх гэрээний үүргийг нэхэмжлэгч *** биелүүлсэн, тэрээр уг орон сууц хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтдаа байлгасан, хариуцагч мэдэж байсан гэж үзнэ.
7. Иймд орон сууц хөлсөх гэрээг нэхэмжлэгч ***ийн нэрийн өмнөөс түүний зөвшөөрлөөр нэхэмжлэгч Т.***, хариуцагч О.***, *** нарын хооронд бичгээр байгуулагдсан, орон сууцыг бодитоор хөлслөн төлбөрийг төлж ашиглаж байсан этгээд нь *** учир ***ийг гэрээний нэг тал буюу хөлслөгч гэж үзнэ.
8. Дээрхээс нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
9. Гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
10. Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
11. Орон сууц хөлсөх гэрээний дагуу хөлслүүлэгч орон сууцны зориулалттай байшин сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
12. Хөлслөгч буюу нэхэмжлэгч *** хөлс 4800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч орон сууц хөрөнгийг нэхэмжлэгч ***ийн эзэмшилд шилжүүлж харилцан үүргээ биелүүлсэн, талууд энэ талаар маргаагүй.
13. Хөлслүүлэгч буюу хариуцагч нар ...орон сууц хөрөнгөө худалдан борлуулах шаардлага гарсан... үндэслэлээр гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнээс татгалзаж, орон сууц хөрөнгөө өөрийн эзэмшилдээ 2022 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авсан нь талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.
14. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 205.7-д Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.
15. Хуульд заасны дагуу хариуцагч өөрийн орон сууц хөрөнгөө буцаан авсан учир нэхэмжлэгч хөлслөөгүй хугацааны 1 сарын түрээсийн төлбөр 400 000 төгрөгийг хариуцагч шаардах эрхтэй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч нараас 400 000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй.
16. Нэхэмжлэгч *** өөрийн хөлсөлж эзэмшилдээ байлгаж байсан хариуцагчийн өмчлөлийн орон сууц хөрөнгөд /гэрээний хугацаа дуусахад авч гарахаар хөлслүүлэгчид мэдэгдэж/ гал тогооны тавилга хөрөнгийг 3 610 000 төгрөгөөр захиалж хийлгэсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, талуудын харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.
17. Дээрх гал тогооны тавилга хөрөнгийг хариуцагч ...буцааж авахыг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж шаардаж байсан... гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.
18. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
19. Иймд хариуцагч гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгч өөрт учирсан хохирол зардал буюу гал тогооны тавилгын үнэ 3610 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
20. 2021 оны 06 сарын 10-ны өдөр хариуцагч *** нэхэмжлэгч ***ээс 1000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн нь талуудын харилцсан чатад хийсэн үзлэгийн тэмдэглэл ...аан эгчид нь 1 сая төгрөг 7 хоногийн хугацаатай хэрэг болоод байна, та 2-т боломж байна уу..., хийчлээ эгч Ууганбаяраас гээд..., ...өө за баярлалаа эгч нь эргаад залгая... гэх баримтаар тогтоогдож байна.
21. Иймд нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
22. Гэрээ амаар байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
23. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй.
24. Нэхэмжлэгч мөнгийг шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан боловч буцаан төлөөгүй болох нь хариуцагчийн бичгээр гаргасан ...1 сая төгрөг хүүтэй зээлсэн ч 600 000 төгрөгийн чулуун банн хагалж цонх хагалсанд суутгасан... гэх тайлбар, ... даруйхан мөнгийг нь шилжүүлье. Жаахан хүлээж байгаач тэгэх үү..., ...ямар ч байсан хүүтэй өгье, санаа зоволтгүй ээ... гэх үзлэгийн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна.
25. Дээрх үзлэгийн тэмдэглэлд ...баннаа солимоор байна, хуучинг нь яах уу, гаргаад хаячиха... гэх харилцан яриа үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч хариуцагчийн зөвшөөрлөөр тухайн банн хөрөнгийг сольсон, түүнийг зээлийн төлбөрт тооцуулахаар харилцан тохиролцсон, шинээр сольж тавсан банн эд зүйлийг нэхэмжлэгч өөрийн эзэмшил ашиглалтдаа буцаан авсан үйл баримт нотлогдохгүй байна.
26. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлтэй гэж үзнэ.
27. Эдгээрийг нэгтгэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***ээс зээлийн гэрээний үүрэг 1000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***т, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч нараас 4 010 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
28. 2022 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар 0569 тоот итгэмжлэлээр хариуцагч О.***гээс хариуцагч ***т өөрийг нь төлөөлөх итгэмжлэл 3 жилийн хугацаатай олгосон ба /хэргийн 26 дугаар тал/
29. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 95 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
30. Хариуцагч *** хариуцагч О.***г төлөөлөх итгэмжлэл хэрэгт авагдсан ба О.*** 2025 оны 02 сарын 17-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ ...2024.09.12-ны өдөр О.*** өөд болсон... гэсэн ба шүүхэд ямар нэг баримт хүсэлт гаргаагүй, 2025.03.10-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүхэд ямар нэг хүсэлт баримт гаргаагүй учир хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ***ээс зээлийн гэрээний үүрэг 1000 000 төгрөг гаргуулан хариуцагч ***т олгосугай.
2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч ***, О.*** нараас 4 010 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***, *** нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 110 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 95 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ