Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0300

 

 

 

 

 

 

 

 2025          04           29                                     128/ШШ2025/0300             

                 

          

             

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д******* /РД:ИА*******/;

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор нарын хооронд үүссэн төрийн жинхэнэ албан хаагчид холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч П.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, С.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нарыг оролцуулав.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай “П.Д*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал”-ыг хүчингүй болгуулах, “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох,“өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг Монгол Улсын Ерөнхий прокурорт даалгах, нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд заасан журмын дагуу олгохыг Улсын ерөнхий прокурорт даалгах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын ерөнхий прокурорын ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаанд олгогдох ёстой өндөр насны тэтгэврийг олгох /тэтгэвэр тогтоолгож чадаагүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх/” гэж нэмэгдүүлсэн.

Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:

“П.Д******* миний бие нь прокурорын байгууллагад 23 жил, улсад 34 жил тасралтгүй ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэл тогтоолгох зорилгоор, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа дурдаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан юм.

Гэтэл Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тус тушаалын хууль зүйн үндэслэл болон утга агуулга нь нэхэмжлэгч миний хүсэлт болгосон агуулгаар бус харин "өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн" гэх агуулгатай гарсанд гомдолтой байна.

Миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ "улсад болон прокурорын байгууллагад ажилласан хугацаа"-гаа, мөн "эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэх шаардлагатай" байгаа талаараа тодорхой дурдсан юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар түр чөлөөлөгдөх эсхүл Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөх эсэхийг тодруулалгүйгээр хүсэлтээ өгснөөс хойш 1 цагийн дараа миний хууль ёсны эрх ашгийг дордуулсан сөрөг нөлөөлөл бүхий тушаалыг гаргасан.

Миний бие 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 насанд хүрч Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан байсан юм. Тушаал гарсны дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улсын ерөнхий прокурорт хандан "тушаалд өөрчлөлт оруулан, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх болгон өөрчилж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ч*******аас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр миний "хүсэлтийг хүлээн авах боломжгүй" гэх хариуг ирүүлсэн. Үүний дараа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлийн гишүүн Б.И*******аас "эрх бүхий албан тушаалтны хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах боломжгүй" гэсэн хариуг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүллээ.

Эдгээр албан тушаалтнуудын өгсөн албан бичигт тушаалд өөрчлөлт оруулах, гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй талаарх хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүйгээс үзэхэд энэхүү асуудалтай холбоотой хууль, тогтоомжийг судлаагүй, тус асуудалд ач холбогдол өгөөгүй гэж үзэж байна. Тухайлбал, Улсын ерөнхий прокурор нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй" гэх заалтыг,

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэх заалтыг,

Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1. "албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах", 60 дугаар зүйлийн 60.1. "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно" гэх заалтыг,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 26 дугаар зүйл "оролцогчийг сонсох" 42 дугаар зүйлд заасан "сонгох боломж"-ийг хэрэглээгүй,

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 "Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ" гэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Улсын ерөнхий прокурорын тушаалд өөрчлөлт оруулах тухай миний хүсэлтэд хариу ирүүлсэн албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйлд заасныг бүхэлд нь тус тус зөрчсөн бол, Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 66, 75 дугаар зүйлд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэлгүй бөөрөнхийлсөн хариуг өгч иргэн миний дээрх хуулиудад заасан эрхийг минь зөрчлөө.

Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж Монгол Улсын ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай "П.Д*******г ажлаас чөлөөлөх тухай тушаал"-ыг хүчингүй болгож, П.Д*******г "өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, П.Д*******г "өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг Монгол Улсын ерөнхий прокурорт даалгаж, П.Д*******д нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд заасан журмыг дагуу олгохыг Улсын ерөнхий прокурорт даалгаж өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэлийн эхний шаардлагын тухайд миний бие Монгол Улсын Ерөнхий Прокуророос 2025 оны 01 дүгээр 08-ны өдрийн ******* дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тус тушаалын хууль зүйн үндэслэл болон утга агуулга нь нэхэмжлэгч миний хүсэлтийн агуулгаар бус харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэх агуулгатай гарсанд гомдолтой байгаа. Учир нь миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтдээ улсад болон прокурорын байгууллагад ажилласан хугацаагаа заасан. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар буюу эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт зааснаар түр чөлөөлөгдөнө, эсвэл Прокурорын байгууллагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөх эсэхийг тодруулахгүйгээр хүсэлтээ өгснөөс хойш 1 цагийн дараа миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан нөлөөлөл бүхий тушаалыг гаргасан. Миний бие 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан. Мөн тушаал гарсны дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тушаалаа гардаж аваад 01 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхий прокурорын газарт “тушаалд өөрчлөлт оруулж өгнө үү, учир нь яагаад гэвэл энэ нь хүсэлтэд нийцээгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөх болсон гэж өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан боловч Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын түр орлон гүйцэтгэгч н.Ч******* прокуророос 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буюу 15 хоногийн дараа хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Үүний дараа 2025 оны 02 дугаар сарын энэ өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.И*******аас эрх бүхий албан тушаалтны хуулиар эрхэд халдах боломжгүй гэсэн хариуг 2025 оны 02 дугар сарын 20-ны өдөр ирүүлсэн. Эдгээр албан тушаалтнуудын өгсөн албан бичигт тушаалд өөрчлөлт оруулах гомдлыг хянан хэлэлцэх боломжгүй талаарх хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүйгээс гадна энэхүү асуудалтай холбоотой хууль тогтоомжийг судлаагүй, бусад асуудалд ач холбогдол өгөөгүй гэж үзэж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхий Прокурор дараах хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд хөрөнгийн ба мөнгөний тусламж авах эрхтэй гэснийг зөрчсөн байна гэж үзсэн. Мөн Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байна. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д  албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах, Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт зааснаар бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлд оролцогчдыг сонсох, 42 дугаар зүйлд зааснаар сонгох боломжийг хэрэглээгүй нь хууль бус шийдвэр болсон гэж үзсэн.

Мөн Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хүндэтгэл үзүүлэх, нийгэм, соёл, урлаг, аялал, биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна. Мөн Улсын Ерөнхий Прокурорын тушаалд өөрчлөлт оруулах тухай миний хүсэлтэд хариуг ирүүлсэн албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 95, 98 дугаар зүйлүүдэд заасныг тус тус зөрчсөн байна. Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 66, 75 дугаар зүйлд заасан эрх хэмжээг хэрэгжүүлэхгүйгээр бөөрөнхийлсөн хариуг өгч иргэн миний дээрх эрхүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа. Ийм учир  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан” гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“С аймгийн С сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байсан П.Д******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ "... П.Д******* миний бие нь прокурорын байгууллагад 23 жил, улсад 34 жил тасралтгүй ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор, мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа дурдаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан юм. Гэтэл Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалын хууль зүйн үндэслэл болон утга агуулга нь нэхэмжлэгч миний хүсэлт болгосон агуулгаар бус өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх агуулгатай гарсанд гомдолтой байна. Иймд миний эрхийг сэргээж ******* дугаартай тушаалыг хүчингүй болгох, П.Д*******г өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргах, нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд заасан журмын дагуу олгохыг Монгол Улсын Ерөнхий прокурорт даалгаж өгнө үү" гэжээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Ж******* прокурор П.Д*******гээс 2024 оны 11 дүгээр сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гаргасан "ажлаас чөлөөлөгдөх тухай" хүсэлтийг үндэслэн түүнийг Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.4-д заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Тодруулбал, П.Д******* нь Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан "... прокурорын байгууллагад прокуророор 22 жил, улсад 34 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие эрүүл мэндийн хувьд элэгний өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарсан тул намайг прокурорын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү" гэж өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь түүнийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан П.Д*******гийн нэхэмжлэлд "... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар түр чөлөөлөгдөх эсхүл Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх эсэхийг тодруулалгүйгээр миний хууль ёсны эрх ашгийг дордуулсан сөрөг нөлөөлөл бүхий тушаалыг гаргасан" гэх боловч Монгол Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан хүсэлтүүдэд нь "тэтгэвэр тогтоолгох, албан тушаалаас түр чөлөөлөгдөх" талаар огт дурдаагүй, энэ талаар тодруулах, сонсох ажиллагаа явуулах шаардлага үүсээгүй байна.

Мөн П.Д*******гээс Улсын Ерөнхий прокурорын ******* тушаал гарсантай холбогдуулан "... Хүсэлтээ өгөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаарх хүсэлтээ бичилгүй орхигдуулснаас болж төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадахгүйд хүрч, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжгүй болж байгаа тул 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн "ажлаас чөлөөлөгдөх тушаал"-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх болгох өөрчлөлт оруулж өгнө үү" гэх хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргажээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ч******* хүсэлттэй танилцаад, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/388 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

П.Д*******гээс гаргасан "төрийн албанаас чөлөөлөгдөх", "тушаалд өөрчлөлт оруулах тухай" тухай дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг аливаа хэлбэрээр хязгаарлалгүйгээр, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу явуулсан, Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Ахмад настны тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариуг өгч байна. Монгол Улсын Ерөнхий прокурор н.Ж******* прокурор П.Д*******гээс 2024 оны 11 дүгээр сарын 27, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, Татварын албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Тодруулбал П.Д*******д Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан прокурорын байгууллагад прокуророор 22 жил, улсад 34 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх гэсэн хүсэлт гаргасан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна. Албан тушаалаас чөлөөлөгдөх хууль ёсны шийдвэр гарсан. Ингэснээр П.Д*******гийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд П.Д******* нь нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлдээ Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар түр чөлөөлөгдөх, эсхүл Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй үндэслэлээр чөлөөлөгдөх эсэхийг тодруулахгүйгээр миний хууль эрх, ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргасан гэх боловч Монгол Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан хүсэлтүүдэд нь тэтгэвэр тогтоолгох, албан тушаалаас түр чөлөөлүүлэх талаар огтоос дурдаагүй бөгөөд энэ талаар тодруулах, сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан. Мөн П.Д*******гээс Улсын Ерөнхий прокурорын ******* дугаар тушаал гарсантай холбогдуулан хүсэлтээ өгөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаарх хүсэлтийг бичилгүй орхигдуулснаас болж төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авч чадахгүйд хүрч, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжгүй болж байгаа тул 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх тухай тушаалд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлөх болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу эрх зүйн харилцаа дуусгавар болсны дараа Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ч******* хүсэлттэй танилцаад хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/388 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хариу хүргүүлсэн байна.

С аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор н.Эаас П.Д******* ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгуулахаар ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ц/1515 албан бичиг, мэдээллийн дагуу П.Д******* нь Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байсан. Уг шалгагдаж байх явцдаа 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, мөн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх тухай албан ёсны хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийн талаар тодорхой дурдсан байдаг. Тухайлбал утга агуулгын илэрхий алдаатай байх, захиргааны актыг баталсан байгууллага нь тодорхойгүй байх гэх мэт тодорхой үндэслэлүүд байгаа. Өөрөөр хэлбэл, П.Д*******г ажлаас чөлөөлсөн Улсын Ерөнхий прокурорын тушаал нь дээрх үндэслэлүүдийг зөрчөөгүй, тухайн нөхцөл байдлыг үндэслэн гарсан хүчин төгөлдөр акт гэж үзэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байгаа. Захиргааны шийдвэр нь тухайн үеийн нөхцөл байдалд үндэслэсэн, тухайн актыг буцааж өөрчлөх нь эрх зүйн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх, байгууллагын дотоод сахилга шударга байдлыг алдагдуулах сөрөг үр дагавартай байдаг. Тийм учир прокурорын байгууллагаас П.Д*******гийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн сөрөг шийдвэр гараагүй. Тухайн асуудлыг прокурорын байгууллагын санаачилгаар шийдвэрлээгүй” гэв.

2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Төрийн албан хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд захиргааны акт хууль ёсны, хүчин төгөлдөр болох нь шүүхийн хэлэлцүүлэг, нотлох баримт шинжлэн судлах шат, асуулт хариулт зэрэг шүүхэд авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд уг тушаалд тэтгэвэр тогтоолгох гэж өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг шүүхээс хангахгүй байх нь зүйтэй гэж хариуцагчийн хувьд үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “прокурорын гаргасан албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэлийн хууль зүйн үр дагаварт хамаарах” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч П.Д******* нь Улсын Ерөнхий прокурорын 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр тушаалаар Г******* аймгийн прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор түр томилогдон, 2002 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар тушаалаар уг албан тушаалдаа жинхэлж томилогдсон байна. /ХХ-ийн 108 дахь тал/

            2.2.П.Д******* нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан, “... прокурорын байгууллагад прокуророор 22 жил, улсад 34 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие эрүүл мэндийн хувьд элэгний өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарсан тул намайг прокурорын үүрэгт ажлаас чөлөөлж өгөх”-ийг хүссэн хүсэлтээ бичгээр гаргасан байна. /ХХ-ийн 34 дэх тал/

            2.3.Уг хүсэлт гаргасан хугацаанаасаа 15 хоногийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр П.Д******* нь дахин Монгол Улсын Ерөнхий прокурорт хандан, “... би гадаад улсад элэгний эмчилгээ нарийн шинжилгээнд орохоор болж 2024 оны 11 дүгээр сарын 29-нд  ажлаас чөлөөлүүлэх талаар хүсэлт өгсөн юм. Гэтэл миний эмчилгээ, визний хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул миний өмнө гаргасан хүсэлтийг түр хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байжээ. /ХХ-ийн 30 дахь тал/

            2.4.Үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт дахин хандан, “... прокурорын байгууллагад прокуророор 22 жил, улсад 34 дэх жилдээ ажиллаж байна. Миний бие эрүүл мэндийн хувьд элэгний өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлага гарсан тул намайг прокурорын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэж хүссэн байна.

            2.5.Нэхэмжлэгч П.Д******* нь дээрх 3 хүсэлтийг өөрийн сайн дурын үндсэн дээр гаргасан гэдгээ зөвшөөрч байгаа бөгөөд түүний гаргасан хүсэлтүүдийн агуулга нь “өвчний учир прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх” гэсэн нэг адилхан агуулгаар бичигдсэн тул 3 хүсэлтийн агуулга нь хоорондоо зөрүүтэй, эсхүл хэн нэгнээс ойлгоход эргэлзээтэй байдлаар бичигдсэн гэж үзэхээргүй байна.

            2.6.П.Д*******гийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар түүнийг С аймгийн С сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурорын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэснээр, “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албаны харилцаа нь 52 нас 11 сар 20 хоногийн настай байхад нь дуусгавар болжээ. /ХХ-ийн 31 дэх тал/

            2.7.Дээрх тушаалуудаас харвал П.Д******* нь прокурорын албан тушаалд 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс томилогдон ажиллаж, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар чөлөөлөгдсөнөөр, тэрээр прокуророор 23 жил 03 хоног ажилласан байна.

            2.8.Нэхэмжлэгч П.Д******* нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг гардан авч, тухайн үедээ уншиж танилцсан гэдгээ шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн бөгөөд харин “Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандахад тушаал чинь чөлөөлсөн тушаал тул тэтгэвэр тогтоохгүй гэж татгалзсанаар тушаал нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг ойлгосон” гэх тайлбарыг гаргаж байна.

            2.9.Ингээд П.Д*******гээс Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг “хүсэлтээ өгөхдөө өндөр насны тэтгэвэр тогтоолгох талаарх хүсэлтээ бичээгүй орхигдуулснаас болж төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадахгүйд хүрч, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжгүй болсноо дурдаад, “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” болгож өөрчилж өгөх хүсэлтийг гаргажээ. /ХХ-ийн 29 дэх тал/

            2.10.П.Д******* нь энэхүү хүсэлтдээ гаргасан огноогоо бичээгүй боловч түүний хүсэлтийн хариуг Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/388 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар хариу өгөхдөө “... хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэснээс үзвэл /ХХ-ийн 32 дахь тал/ хүсэлтийг уг хугацаанаас өмнө гаргасан гэж үзсэн.

            2.11.Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас П.Д******* дээрх “албан тушаалаас чөлөөлөгдөх” 2 удаагийн хүсэлтийг гаргахдаа гадны хүчин зүйлийн нөлөөллөөс болоогүй, хэн нэгэн шахалт үзүүлээгүй гэдгийг зөвшөөрч, энэ талаар маргаан байхгүй байна.

2.12.Үүнээс гадна нэхэмжлэгч П.Д******* нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар өөрийг нь прокурорын албан тушаалаас “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлсөн” гэж ойлгосон бол уг тушаалд түүнд төрийн албан хаагчид олгох 1 удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг тусгаагүй гэдгийг ойлгосон байх ёстой.

2.13.Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаалд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлээгүй байгаа талаар Улсын ерөнхий прокурорт хандаагүй байх бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагад хандаж “тэтгэвэр тогтоох боломжгүй” гэх татгалзлыг үндэслэн Улсын ерөнхий прокурорт хандсан гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл тэрээр анхнаасаа тэтгэвэр тогтоох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөөгүй болохоо мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

            3.1.Нэхэмжлэгчийн “Монгол Улсын Ерөнхий прокурорын  2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хянавал:

            3.1.1.Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ” гээд, мөн зүйлийн 38.1.8-д “төрийн албанаас чөлөөлөгдөх” гэж, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө” гээд мөн зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж, 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж тус тус заасан байна.

            3.1.2.Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, …-ыг хориглоно” гэж прокурорын хараат бус байдлыг баталгаа болгож тогтоосны хамт, 68 дугаар зүйлийн 68.1-д “Улсын ерөнхий прокурор Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр прокурорыг албан тушаалаас нь чөлөөлнө” гээд, мөн зүйлийн 68.1.2-т “биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон” гэж, 68.1.3-т “энэ хууль, бусад хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж заасан байна.

            3.1.3.Хуулийн эдгээр заалтын уялдаа нь төрийн албанаас, үүний дотор прокурорын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь төрийн албан хаагчийн буюу прокурорын эдлэх эрх бөгөөд энэ нь албан хаагчийн /прокурорын/ өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр явагдах хуульчилсан харилцаа юм.

            3.1.4.Шүүхэд тогтоогдсоноор нэхэмжлэгч П.Д******* нь прокуророор ажиллаж байхдаа Улсын ерөнхий прокурорт хандаж “өвчний учир” гэх үндэслэлээр “прокурорын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэл зоригоо 3 удаа бичгээр илэрхийлсэн байгаа тул түүний гаргасан “өвчний учир чөлөөлөгдөх гэж байгаа “ гэх хүсэлтийг нь үндэслэн Улсын ерөнхий прокурор түүнийг прокурорын албан тушаалаас чөлөөлсөн нь хууль зүйн зөрчилгүй байна.

            3.1.5.Нөгөө талаас нэхэмжлэгчээс миний “чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах намайг дуудаж сонсох ажиллагаа явуулах, тэтгэвэр тогтоолгох боломжтой гэдгийг тайлбарлаж таниулах, асуух, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг сонгож хэрэглэх ёстой байсан” гэх тайлбарыг шүүх хууль зүйн үндэслэл бүхий гэж хүлээн авахгүй.

            3.1.6.Учир нь прокуророор буюу хуульчаар 23 жил ажиллаж, мэргэшсэн П.Д*******г Улсын ерөнхий прокурорт хандаж гаргасан өөрийн 3 удаагийн хүсэлтийн утга агуулгыг ойлгох чадваргүй нөхцөл байдалд байсан гэж үзэх нотлох баримт байхгүйн дээр, түүний мэргэжлийн төвшин, ур чадвар зэрэг нь түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэйгээ илэрхийлэхэд хүрэлцээгүй гэж шүүх үзэх боломжгүй юм.

            3.1.7.Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн  26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан байна.

            3.1.8.Хуулийн энэ заалтын сонсох ажиллагааг эрх нь зөрчигдөж болзошгүй буюу иргэн, хуулийн этгээдэд сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа тохиолдолд явуулах ажиллагаанд хамааралтай болохоос эерэг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд заавал хэрэглэх заалт биш юм.

            3.1.9.Тодруулбал, П.Д******* нь өөрийн хүсэлтээр прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах, гаргасан хүсэлтийнхээ дагуу чөлөөлөгдөх нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1,  38.1.8-д заасан төрийн албан хаагчийн “эдлэх эрх” байгаа тул төрийн албан хаагчийн эрхийг эдлүүлэхээр гаргасан шийдвэр нь сөрөг үйлчлэлтэй захиргааны акт биш тул хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

            3.1.10.Иймд Улсын ерөнхий прокурор нь Прокурорын тухай хуулийн 68 дугаар зүйлийн  68.1.2-т заасан дагуу прокурор П.Д*******гийн “эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөх” хүсэлт нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.8-д заасан төрийн албан хаагч дараахь нийтлэг эрхэд хамаарах хүсэлт байгаа тул ийм хүсэлтийг шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа явуулаагүй нь хууль зүйн зөрчил биш юм.

            3.1.11.Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана” гэж заажээ.

            3.1.12.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх, 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх заалтууд нь хууль зүйн хоёр өөр үр дагавар үүсгэхийг ялгаж тогтоосон зохицуулалт байхад хуульчаар мэргэшсэн П.Д******* нь “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ” гаргаагүйд хариуцагчийн буруутгах хууль зүйн үндэслэлгүйн дээр, түүнд хандаж өндөр насны тэтгэврээ тогтоолгох боломжтой байгаа талаар тайлбарлах, эсхүл уг үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрээ сонгож гаргахыг  хариуцагчийн үүрэг гэж үзэхгүй.

            3.13.П.Д*******гийн “прокуророор 22 жил, улсад  34 дэх жилдээ ажиллаж байгаа талаараа хүсэлтээ дурдсан тул тэтгэвэр тогтоолгох гэж байгаагаа илэрхийлсэн” гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй, учир нь прокуророор нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох ажилласан хугацааны болзол нь “25 жил” байгаа тул түүний хүсэлтдээ прокуророор 22 жил ажилласан гэж бичсэнийг хараад тэтгэвэр тогтоолгох гэж байгаа гэж үзэх үндэслэл хариуцагчид байгаагүй нь тодорхой байна. Мөн түүний улсад 34 жил ажилласан нь ч дангаараа тэтгэвэр тогтоолгох болзол хангасан нөхцөл биш болно.

3.14.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч П.Д*******гийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            3.2.Нэхэмжлэгчийн П.Д*******г “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргахыг түүнд нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд заасан журмын дагуу олгохыг тус тус Монгол Улсын ерөнхий прокурорт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хянавал:

            3.2.1.Нэхэмжлэгч П.Д******* нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг гарсны дараа Нийгмийн даатгалын байгууллагад хандан тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахад түүнийг “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” үндэслэлээр прокурорын албанаас чөлөөлөгдөөгүй гэж үзэн өндөр насны тэтгэврийг тогтоогоогүй тул Улсын Ерөнхий прокурорт хандан дээр тушаалдаа өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан болох нь тогтоогдсон талаар дээр дүгнэсэн байгаа.

            3.2.2.Түүний энэ хүсэлтийг хянаад Улсын ерөнхий прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2/388 дугаартай Хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн татгалзахдаа ямар хууль зүйн үндэслэлээр тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй, өөрчлөлт оруулах нь хэрхэн хууль зүйн зөрчил үүсэх талаарх үндэслэлээ тайлбарлаагүйн дээр, шүүхэд ч мөн адил нотолж чадахгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “Төрийн албаны эрхэм зорилго нь … ард түмэндээ үйлчилж, … оршино” гэсэнд, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах  “ил тод байх” зарчимд нийцээгүй байна.   

            3.2.3.Гэвч одоо шүүхэд тогтоогдсон үйл баримтаар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаал нь П.Д*******гийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх”-өөр гаргасан хүсэлтийг өөрөөр шийдвэрлэсэн, хууль бусаар өөрчилсөн гэж үзэх үндэслэл нь нотлогдоогүй тул түүний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хууль бус эс үйлдэхүй, хууль бус татгалзал байгаа гэдэг нь нотлогдоогүй болно.

3.2.4.Харин Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын ерөнхий прокурор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 48.1.1-д “прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж удирдах”, 48.1.5-д “прокурорыг томилох, чөлөөлөх, …”, 48.1.8-д “прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах” гэжээ.

3.2.5.Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор нь байгууллагын дотоод асуудал, үүний дотор прокуророор ажиллаж байсан иргэнийхээ өргөдлийг хүлээн авч хэрхэн шийдвэрлэх, өөрийнхөө гаргасан шийдвэрийг эргэн харах эсэх, өөрчлөх эсэх нь түүний эрх хэмжээнд хамаарч байгаа учраас шүүхээс түүний бүрэн эрхэд  халдах, шийдвэрээ ямар байдлаар гаргахыг даалгах эрхийг хуулиар олгоогүй юм.

            3.2.6.Мөн түүнчлэн П.Д*******гээс Монгол Улсын Ерөнхий прокурортоо хандаж “өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ” гаргаагүй байхад шүүх Монгол Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрхэд халдаж, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалдаа өөрчлөлт оруулах, эсхүл П.Д*******г “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргах, нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргахыг даалгах эрх хэмжээгүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах боломжгүй байна.

            3.2.7.Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг шүүхээс шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ эрх хэмжээ нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхэд хадгалагдаж байгаа тул хариуцагчийг өөрөө шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

            3.2.8.Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

            3.3.Нэхэмжлэлийн “П.Д*******г “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хянавал:

            3.3.1.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар 5 дахь хэсэгт “өндөр наслах, ... болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Монгол Улсын иргэний “үндсэн эрх” юм.

            3.3.2.Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж хуульчилжээ.

            3.3.3.Нэхэмжлэгч П.Д******* нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалаар чөлөөлөгдөх өдрөө Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу тэтгэвэр тогтоолгох “50” насанд хүрсэн буюу 52 нас, 11 сар, 20 хоногийн настай байсан болох нь нотлогдсон тул өөрөө “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” гэсэн үндэслэлтэй хүсэлтээ гаргасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн байсан нь нотлогдлоо.

            3.3.4.П.Д*******гээс өөрийн хүсэлтээр өвчний улмаас прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөх үед тэрбээр “прокурор өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр чөлөөлөгдөх хууль зүйн боломжтой байсан боловч нэхэмжлэгчийг “ийм хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг нь сэргээхгүй үлдээх нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг зөрчсөн зөрчил болохын хамт, Захиргааны хэргийн шүүх нь хүний эрхийг хамгаалах механизм болохынхоо хувьд П.Д*******гийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн зорилго, чиг үүргээ биелүүлээгүй эрх зүйн зөрчил болно гэж үзлээ.

3.3.5.Нөгөө талаас Улсын ерөнхий прокурор нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу П.Д*******г 52 гаруй насанд хүрсэн нөхцөлийг нь харгалзан өөрийн шийдвэрийг аливаа байдлаар гаргах нь /өмнө гаргасан шийдвэрээ өөрчлөх, шинээр акт гаргах гэх мэтчилэн/ хууль зүйн зөрчил үүсэхгүй байна.

3.3.6.П.Д*******г Улсын ерөнхий прокурорт хандан өмнө ******* дугаар  шийдвэртээ өөрчлөлт оруулж, “прокурор өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөх үр дагавар бүхий шийдвэр болгох хүсэлт зоригоо илэрхийлснийг /ХХ-ийн 12 дахь талд байгаа хүсэлт/ хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  албан бичгээр хүлээн авахаас татгалзахдаа, татгалзаж буй шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй  байгаа нь уг асуудлыг шийдвэрлэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй гэж шүүх үзлээ.

3.3.7.Иймд Улсын ерөнхий прокурорын энэхүү татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь нотлогдоогүй тул П.Д*******г “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож” шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3.3.8.Дээр дурдсанаар Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.1.5, 48.1.8-д зааснаар буюу хуулиар олгосон энэ бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч Монгол Улсын ерөнхий прокурор нь П.Д*******тэй дуусгавар болгочихсон байгаа төрийн албаны харилцааг дахин сэргээх, өөрчлөх, тасалдуулах  зэрэг арга хэлбэрээр шийдвэр гаргах эрх хэмжээтэй тул шүүхийн энэ шийдвэрийг биелүүлэхдээ өөрийн гаргасан шийдвэрээ дахин хянах, эсхүл өөрчлөх замаар П.Д*******г “прокурор өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлийг хянаж, үүнээс үүсэх үр дагаврыг шийдвэрлэж,  дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна.

3.3.9.Шүүхийн энэ дүгнэлт нь Улсын ерөнхий прокурорыг ямар агуулгатай шийдвэр гаргахыг зааж байгаа явдал биш болохыг тэмдэглэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.5, 106.3.13 дахь хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, 48.1.8, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, заалтуудыг баримтлан нэхэмжлэгч П.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, П.Д*******д өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, үлдэх шаардлага болох Монгол Улсын Ерөнхий прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, П.Д*******г “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргах, түүнд нэг удаагийн буцалтгүй тусламжийг хуульд заасан журмын дагуу олгохыг тус тус Монгол Улсын ерөнхий прокурорт даалгах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, П.Д*******гийн хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний эрхийг сэргээн эдлүүлэх арга замыг шүүхээс тогтоон, энэхүү заалтаар Улсын ерөнхий прокурор нь П.Д*******гийн “прокурор өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлийг хянаж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч П.Д*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсаныг үндэслэн 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ