2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/00423

 

 2025              01             20                                                 192/ШШ2025/00423                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * тоот хаягт байрлах, П ХХК /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Э.Т /РД:*/-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 3 465 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Э.Т, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: RE/MAX  брэнд нь дэлхийн 118 улсад үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын франчайзингийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Монгол улс 2015 онд RE/MAX брэндийн франчайз эзэмшигч 99 дэх улс болон RE/MAX Mongolia бүс байгуулагдсан. Монгол улсад RE/MAX  Mongolia бүсийн франчайз эзэмшигчээс RE/MAX   брэндийн нэрийг ашиглах эрхийг авсан 78 компани брокер оффис үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд эдгээр компаниуд нь хамтран ажиллах гэрээтэй ажилладаг агентаар дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээр 78 компанийн нэг нь манай компани. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн агент Н.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хороололд орон сууц зарна гэсэн зарыг RE/MAX брокер оффис буюу Капитал чэйн ХХК-ийн агент Э.Т-тэй холбогдож уг орон сууцыг RE/MAX Mongolia бүсийн журамд заасны дагуу орон сууц худалдсаны шимтгэлийг хуваан авах нөхцөлтэйгөөр хамтран ажиллах гэрээг амаар байгуулан орон сууцыг хамтран зуучилж худалдахаар харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдөр иргэн Ж.Б-ын өмчлөлийн *тоот 2 өрөө орон сууцыг иргэн А.Ж-т зуучлан худалдсан байна. Худалдан авагч А.Ж нь дээрх орон сууцыг банкны зээлээр худалдан авахаар орон сууцны өмчлөгч Ж.Б-тай харилцан тохиролцож 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Г.Х-аар гэрчлүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг худалдан авсан. Худалдан авагч А.Ж нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Б-д орон сууцны үнийг төлж, Ж.Б нь Э.Т-д зуучлалын хөлсийг төлсөн бөгөөд Э.Т-ээс манай компанид ногдох зуучлалын хөлс болох 3 465 000 төгрөгийг өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог болтол өгөөгүй байна. Иймд орон сууцыг хамтран зуучилсны хөлс шимтгэл болох манай компанид ногдох 3 465 000 төгрөгийг хариуцагч Э.Т-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие П ХХК-тай хамтран ажилладаггүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус заруулсан * тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдах зуучлалын гэрээгүй. П ХХК-иас 2024 он гарснаас хойш Санхүүгийн зохицуулах хороо, Баянзүрх дүүгийн цагдаагийн газарт удаа дараа ийм гомдол гаргаж байнга миний нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар сонирхож байгаа боломжит худалдан авч бүхий л зар, агент руу утасдаж харьцуулж, үнэ оруулж үздэг. Үүн дээр ингэж худалдан авагчийг өмчилж байгаа нь туйлын харамсалтай хэрэг юм. Манай оффис 2023 оны 12 сард татан буугдсан. Тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн компанид зуучлагчаар орсон. Энэ байрыг шинэ компанийнхаа зуучлалын гэрээгээр зарсан. Гэрээний үнийн 2,2 хувиар шимтгэлээ авсан. Ремакс 3,3 хувиар шимтгэл авдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.12.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023.06.28-ны өдрийн П ХХК болон Н.Б нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2024.09.09-ны өдрийн П ХХК-ийн Н ХХК-д хандан тодорхойлолт авах тухай албан бичиг, RE/MAX Mongolia бүсийн ёс зүйн журам, RE/MAX Mongolia бүсийн шимтгэлийн системийн журам, RE/MAX Mongolia бүсийн агентын ажил үүргийн журам, эдгээр баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. RE/MAX Mongolia 2024.09.12-ны өдрийн 09/55 дугаар П ХХК-д хариу өгөх тухай албан бичиг, харилцсан зурвас хавтаст хэргийн 36-38 дугаар талд авагдсан 3 хуудас баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Э.Т-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 3 465 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай компанийн агент Н.Б нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороололд орон сууц зарна гэсэн зарыг RE/MAX Mongolia бүсийн i-connect системээс харж уг орон сууцыг худалдан авах хүнийг хариуцагч Э.Т-тэй холбосноор тухайн орон сууцыг иргэн Ж.Б нь иргэн А.Ж-т худалдсан. RE/MAX Mongolia бүсийн дүрэм, журамд заасны дагуу Э.Т нь манай компани ногдох зуучлалын хөлс 3 465 000 төгрөгийг төлөх үүрэгтэй...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч нь П ХХК-тай хамтран ажиллах гэрээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

5. Нэхэмжлэгч нь “...хариуцагч Э.Т нь RE/MAX Mongolia бүсийн i-connect системд зар оруулснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан...” гэж тайлбарлан RE/MAX Mongolia бүсийн ёс зүйн журам, RE/MAX Mongolia бүсийн шимтгэлийн системийн журам, RE/MAX Mongolia бүсийн агентын ажил үүргийн журмыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтуудад тухайн харилцааг зохицуулсан зохицуулалтгүй байна.

 

6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.” гэж заасан.

 

7. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохирсон буюу гэрээний гол нөхцөлийг агуулсан нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

8. Иргэний  хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтран ажиллах гэрээний оролцогчид хамтарсан үйл хэрэгтээ оруулж буй хөрөнгийг хураамж гэж ойлгох бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор хуульчилсан.

 

9. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч  шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн хариуцагч Э.Т-д холбогдуулан гаргасан 3 465 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

       

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ