2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/02012

 

 

 

 

   

     2025          03            18                                           192/ШШ2025/02012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

гомдол гаргагч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 хариуцагч: *** холбогдох,

шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 шүүх хуралдаанд

 гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

 хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оролцож,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Гомдол гаргагчаас хариуцагчид холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах тухай гомдол гаргажээ.

2. *** гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Нэхэмжлэгч компаниас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Шаардлагын үндэслэлийн хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар "зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" Шүүгчийн захирамжаар *** нь 130,040,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дотор манай компанид төлөхөөр болсон юм. *** нь 130,040,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 41 дүгээр гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 654 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, төлбөр төлөгч *** ХХК нь үндсэн төлбөртөө*** тоот 1 өрөө орон сууц, *** 2 өрөө орон сууцуудыг суутган тооцохоор болж, Захиалгын гэрээг тухайн барилгын гүйцэтгэгч гэх "***-тай байгууллагын хуульч *** нар байгуулсан байдаг. Ингээд 2020.05.19-ний өдрийн 2-5/228 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгосон. Гэтэл төлбөр төлөгч нь тохиролцсон байраа өгөхөөс татгалзсаар өнөөдрийг хүрлээ. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т "Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно". 113.2-т "Төлбөр авагчид зохих хөрөнгийг шилжүүлсэн тухай баримт бичгийг гардуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаана гэж заасан. Гэвч төлбөр бодитоор төлөгдөөгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсанаар төлбөр авагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой өр төлбөрөө авч чадахгүй байна. Төлбөр төлөгчөөс энэ олон жилийн хугацаанд нэхэж шаардсан ч амжилт олоогүй Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан ч гомдлыг хангахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу шүүхэд ийнхүү хандаж байгаа болно. Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү…гэв.

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн. Ажиллагааны явцад талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцож эвлэрсэн байгаа. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар манайх ажиллагааг дуусгавар болгосон байгаа. Яагаад татгалзаж байна вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8, 29.3 дах хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж заасан байгаа. Тийм учраас манайхаас ажиллагааг сэргээх боломжгүй... гэв.

 

4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

гомдол /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

*** олгосон итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5-6 дугаар тал/

2020.01.07 Шүүхийн гүйцэтгэх хуудас /хэргийн 7 дугаар тал/

2020.01.07-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хэргийн 8-9 дүгээр тал/

2019.10.16-ны өдрийн *** дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон  захирамж /хэргийн 10-12 дугаар тал/

2022.05.18-ны өдрийн №05/01 ***-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлт /хэргийн 13 дугаар тал/

***-ийн ***-т гаргасан хүсэлт /хэргийн 14 дүгээр тал/

2020.05.15-ны өдрийн *** дугаар Орон сууц захиалгын гэрээ /хэргийн 15-18 дугаар тал/

2020.05.19-ний өдрийн дугаар *** Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хэргийн 19 дүгээр тал/

2024.06.13-ны өдрийн дугаар*** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хэргийн 20 дугаар тал/

2024.07.22-ны өдрийн *** дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч *** олгосон албан бичиг /хэргийн 21-22 дугаар тал/

2024.08.13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж /хэргийн 23-25 дугаар тал/

Нэмэлт тайлбар /хэргийн 54 дүгээр тал/

2023.12.20-ны өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 55-57 дугаар тал/

2024.03.01-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 58-60 дугаар тал зэрэг баримтууд,

 

5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

2024.11.21-ний өдрийн №1-141/441 дугаар хариуцагчаас ***олгосон итгэмжлэл /хэргийн 31 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 37-53 дугаар тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх гомдлын  шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.*** ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг даалгах тухай... гомдол гаргаж, үндэслэлээ ...шүүхийн шийдвэр биелэгдээгүй, төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй... гэж тайлбарласныг,

хариуцагч тал эс зөвшөөрч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож эвлэрсэн учир ажиллагааг дуусгавар болгосон, хууль зөрчөөгүй... гэж маргав.

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2019 оны 10 сарын 16-ны өдөр дугаар *** тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч, хариуцагч *** худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 130 040 000 төгрөгийг 2019 оны 11 сарын 14-ний өдрийн дотор нэхэмжлэгч ***-д төлөхөөр эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй олгож шийдвэрлэсэн байна.

2020 оны 01 сарын 07-ны өдөр дугаар ***тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарч уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

2020 оны 01 сарын 20-ны өдөр дугаар *** тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоо гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 05 сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талууд ...төлбөр төлөгчөөс төлбөр авагчид *** орон сууц хөрөнгийг 1 м кв-ыг 1500 000 төгрөгөөр тооцож, 68 505 000 төгрөг, *** төгрөгөөр тооцож нийт 137 010 000 төгрөгт тооцож шилжүүлж өгөх, орон сууцны үнийн зөрүү 6 065 925 төгрөгийг тооцохгүйгээр 130 944 075 төгрөг тооцож орон сууцыг шилжүүлж өгч авахаар тохиролцож байгаа учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү... гэх хүсэлтийг тус тус бичгээр гаргажээ.

Талуудын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2020 оны 05 сарын 19-ний өдөр дугаар *** тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоол гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэлээр  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Төлбөр төлөгч, төлөгч авагч нар нь дээрх тохиролцооны дагуу *** өөрийн ажилтан *** дамжуулан ***-тай 2020 оны 05 сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан, төлбөр төлөгчийн бартерийн байр буюу дээрх 2 ширхэг байрыг авахаар тохиролцсон байна.

***-аас  дээрх гэрээний дагуу *** орон сууц хөрөнгийг өгсөн боловч, үлдэх *** орон сууцыг өгөөгүй, талууд маргаж *** шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 ***-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч 2024.06.13-ны өдрийн дугаар ***тоот тогтоол, 2024.07.22-ны өдрийн *** тоот албан тоот бичгийн баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх гомдлыг хангахаас татгалзсан хариу өгчээ.

Эдгээр үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

4. 2019 оны 10 сарын 16-ны өдөр дугаар *** тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хуулийн хүчин төгөлдөр захирамжийг төлбөр төлөгч *** сайн дураар биелүүлээгүй учир шүүгчийн захирамж гарч албадан биелүүлэхээр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж ажиллагаа явуулсан байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана: ...29.1.4.төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан ... гэжээ.

6. Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 05 сарын 19-ний өдөр дугаар 1-5/228 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй.

7. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх хуулийн журамтай.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1.Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэжээ.

8. ...Сонгинохайрхан дүүрэг, *** орон сууц хөрөнгийг 1 м кв-ыг 1500 000 төгрөгөөр тооцож, 68 505 000 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, *** орон сууцны 1 м кв-ыг 1500 000 төгрөгөөр тооцож нийт 137 010 000 төгрөгт тооцож шилжүүлж өгөх, орон сууцны үнийн зөрүү 6 065 925 төгрөгийг тооцохгүйгээр 130 944 075 төгрөг тооцож орон сууцыг шилжүүлж өгч авах... эвлэрэл тохиролцоогоор төлбөр төлөгч 2 орон сууцны нэгийг шилжүүлж нөгөөг нь шилжүүлээгүй,  шүүгчийн захирамжид заасан 130 040 000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэг, төлбөр бүрэн бодитоор биелэгдээгүй байна. Энэ талаар талууд маргаагүй.

9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлд зааснаар 2020 оны 05 сарын 19-ний өдөр дугаар *** тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр биелэгдээгүй хэсгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагчид даалгаж, ***-ийн гомдлын шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар 2020 оны 05 сарын 19-ний өдөр дугаар 1-5/228 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр биелэгдээгүй хэсгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулахыг хариуцагч ***т даалгаж, ***-ийн гомдлын шаардлагыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгохоор тогтоов.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНТУУЛ