2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/00947

 

 

 

 

 

 

 

 

   2025              02             07                                             192/ШШ2025/00947

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, * байр, *тоот хаягт оршин суух, * гахан овогт Воложийн * /рд:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * дүүрэг, * дүгээр хороо, **р хороолол, *ын гудамж, *-р байр, * тоотод оршин суух, * овогт*ын * /рд:*/-д холбогдох

94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.*, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие В.* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.*т өөрийн өмчлөлийн *улсын дугаартай, * арлын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн авто машиныг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, лавлагаа хүсэх, хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэл үйлдсэн. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг ж гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан. Миний бие В.* нь Б.*т телбөр тооцоо хүлээн авах эрхийг өгсөн хэдий ч энэ нь авто машин худалдсан төлбөрийг захиран зарцуулах эрхтэй гэсэн үг биш юм. Хариуцагч Б.* нь *улсын дугаартай автомашиныг бусдад худалдан борлуулсан боловч үүний төлбөр тооцоог над руу шилжүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 63.2-т заасныг зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэгч В.*гийн өмчлөлд байсан *улсын дугаартай, * арлын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн авто машины үнэ болох 84,000,000 төгрөгийг хариуцагч Б.*аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч В.* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие В.* нь 2022 оны 05 дугаар сард хариуцагч Б.*тай тохиролцож “*'’ ХХК-ийн “*” хотхонд баригдах 60.77 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 94,000,000 төгрөгөөр үнэлэн орон сууц захиалгын гэрээний нэрийг шилжүүлэн авч, хариу төлбөрт өөрийн өмчлөлийн *улсын дугаартай, * арлын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн авто машиныг 84,000,000 төгрөгт тооцож, үлдэх 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу *улсын дугаартай, * арлын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн автомашиныг Б.*ын хүсэлтийн дагуу бусдад худалдах болон төлбөр тооцоог хүлээн авах эрхтэй итгэмжлэл үйлдэл замаар хүлээлгэн өгсөн бөгөөд 10,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дансаар шилжүүлэн “*” ХХК-ийн “*” хотхонд баригдах 60.77 м2 талбайтай орон сууцны үнийг бүрэн төлсөн. Хариуцагч Б.* нь тохиролцсоны дагуу “*” хотхоны орон сууц захиалгын гэрээг над руу шилжүүлсэн боловч тус орон сууц нь 2022 оны 05 дугаар сард очиж үзэхэд байсан байдлаасаа өөрчлөгдөөгүй, нэмэгдэж ямар ч ажил хийгдээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь олдохгүй эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд ’‘*” ХХК-тай байгуулсан гэрээ нэгэнт хэрэгжих боломжгүй болсон. Хариуцагч Б.* нь тус орон сууцыг баригдахгүй болохыг мэдэж байсан болох нь “*” ХХК-ийн 2022 оны 02 дугаар 21-ний өдрийн албан бичгээс тодорхой харагдаж байна. Тус албан бичгээс үзвэл тус компанийн захирал Ц.*болон Б.* нар нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 28,000,000 төгрөгийн, 2020 оны 10 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн, нийт 68,000,000 төгрөгийн өр авлагын тооцоотой байсан бөгөөд Б.* нь авч чадаагүй авлагынхаа хариуд 240,000,000 төгрөгийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тохиролцсон байна. Тодруулбал, Б.* нь 2019 болон 2020 оноос хойш авч чадаагүй байсан авлагаа орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх байдлаар над руу шилжүүлсэн байна.

Б.*ын шилжүүлсэн орон сууц захиалгын гэрээний үүрэг нь нэгэнт хэрэгжих боломжгүй болсон тул *улсын дугаартай, * арлын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн авто машины үнэ болох 84,000,000 төгрөг болон дансаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 94,000,000 төгөргийг хариуцагч Б.*аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч В.* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би 2022 оны 05 сарын 10-ны өдрийн оройн 22 цагт Б.*т өөрийн өмчлөлийн * * улсын дугаартай тоёота ланд 200 маркийн автомашиныг бэлэн 10,000,000 төгрөгийн хамт шилжүүлж өгсний хариуд надад * ХХК-ийн орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Тухайн өдөр миний зүгээс маргааш очиж барилгыг үзье гэхэд барилга асуудалгүй өнөө оройдоо гэрээгээ хийчихье, ах нь хөдөө явах гээд байна гэсний дагуу орой нь гэрээ хийсэн. Одоог хүртэл тухайн орон сууц нь ашиглалтад орох битгий хэл барилгын ажил нь зогссон байдалтай байгаа. Намайг баригдахгүй байгаа барилгын гэрээг над руу шилжүүлж намайг хуурч миний эд хөрөнгө, мөнгийг авсан гэж үзэж байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Б.* мөнгөө өгөхгүй, барилгын ажил зогссон байдалтай байгаа учраас хариуцагч Б.*аас 94,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч Б.* шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: * овогтой * миний бие 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *ийн *тэй иргэний хуульд заасны дагуу итгэмжлэлийг байгуулсан болно. Тухайн итгэмжлэлд Toyota land cruiser-200 маркийн * * автомашиныг бусдад худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх зэрэг бүрэн эрхийг олгосны дагуу тухайн автомашиныг худалдсан болно. Тухайн итгэмжлэлийг Б.* надад олгох болсон учир шалтгаан нь:

1. В.* нь 2022 оны 05-р сарын 09-ны өдөр “*” ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан бөгөөд тухайн захиалгын гэрээнд “*” дүүрэг 2 дугаар хороо “*” хотхон 103-р байр Г-1 айл, 2-р давхарт 60,77 мкв 3 өрөө байрны 1 м2 үнэ 1,550,000 төгрөг нийт 94,193,500 төгрөгийг төлөх ёстой төлбөрт тухайн Toyota land cruiser-200 маркийн автомашиныг 84,193,500 төгрөгөөр тооцон бодож үлдэгдэл 10,000,000 төгрөгийг бэлнээр төлөв” гэж 3.1-т, 3.2-т заасан.

2.* овогтой * миний бие 2022 оны 02-р сарын 25-ны өдөр “*” ХХК-тай “*” дүүрэг, 2-р хороо, “*” хотхоны 103-р байрны 150 m2 талбай 1м2 1,600,000 төгрөг бодож нийт 240,000,000 төгрөгийн орон сууц захиалгын гэрээ байгуулсан болно.

3.“*” ХХК-ийн 2022 оны 02-р сарын 21-ний өдөр иргэн Б.* надад "санал хүргүүлэх тухай” албан бичигт “Нийслэлийн * Дүүргийн 2-р хороо, “*” хотхоны орон сууцны барилгын 103-р байрнаас 150 мкв талбай 1 м2 1,600,000 төгрөг нийт 240,000,000 төгрөгний орон сууцны өмчлөх эрхийг олгож байна. Уг саналыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд “Орон сууц захиалгаар барих гэрээ” та бүхэнтэй байгуулах болно гэж заасан.

4.“*” ХХК-ний Ерөнхий захирал *д 2022 оны 05-р сарын 09-ний өдөр Б.* би өргөдөл гаргах нь:

Танай компаний барьж буй “*" хотхоны байрнаас 60,77м2 талбай 3 өрөө орон сууцнаас гэрээний дагуу захиалсан байраа иргэн Воложын *д шилжүүлэн өгнө үү. Миний бие *гээс байрны төлбөорт 10 сая, ланд 200 машиныг авсан ба миний захиалсан байрыг *д шилжүүлэн өгнө үү. * бид хоёрын тооцоо дууссан, харин та бүхэн *д байрны захиалгын гэрээг байгуулж цаашид байрны байрны мөнгө шаардан авахгүй гэдгийг *д баталж, гэрээнд оруулж өгнө үү.

5. * овогтой * миний бие Волож овогтой * болон “*” ХХК-тай 2022 оны 05-р сарын 09-ний өдөр дээрхи албан тоот бичгүүд, хоорондоо байгуулсан гэрээнүүдийг үндэслэн бид дараах байдлаар харилцан тохиролцсон болно. “*” ХХК нь Волож овогтой *тэй “*" хотхоны орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийн нөхцөлд Toyota land cruiser-200 маркийн * * улсын дугаарай автомашиныг 84,000,000 төгрөгөөр тусгаж бэлнээр 10,000,000 төгрөг төлөв нийт 94,193,500 төгрөгөөр төлөв гэж гэрээнд заасан бөгөөд тухай төлбөрт төлөх Toyota land cruiser-200 маркийн автомашиныг “*” ХХК-ий захирал *гийн  зөвшөөрлөөр В.* нь Б.* надад итгэмжлэлээр шилжүүлж өгөхөөр тохиролцсоны дагуу тухайн итгэмжлэл хиигдсэн болно. Учир нь Б.* миний бие “*” ХХК-тай байгуулсан 240,000,000 төгрөгийн * хотхоны орон сууц захиалгын гэрээнээс 60,77 мкв 3 өрөөний үнэ болох 94,193,500 төгрөг хасуулахаар тохиролцсон болно.

Иймд Б.* миний хувьд нэхэмжлэгч В.*гийн Toyota land cruiser-200 маркийн автомашины үнэ болох 84,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь нэхэмжлэгч В.* нь нэхэмжлэлдээ “миний бие В.* нь Б.*т төлбөр тооцоо хүлээн авах эрхийг өгсөн хэдий ч энэ нь автомашин худалдсан төлбөрийг захиран зарцуулах эрхтэй гэсэн үг биш юм. Хариуцагч Б.* * * улсын дугаартаи автомашиныг бусдад худалдан борлуулсан боловч үнийг төлбөрт тооцоог над руу шилжүүлэхгүй байгаа нь Иргэний хуулийн 63.2-т заасныг зөрчиж байна гэсэн байна. Волож овогтой * нь * овогтой * надаас Toyota land cruiser-200 автомашин үнэ төлбөр болох 84,000,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй болно. Учир нь бидний хооронд болсон үйл явдал В.*гийн нэхэмжлэлдээ дурдсан шиг Toyota land cruiser-200 маркийн автомашины төлбөрийг Б.* миний бие В.*д буцаан шилжүүлэхээр тохиролцоогүй ба итгэмжлэлд энэ талаар дурдаагүй болно. Мөн В.* нь 2022 оны 05-р сарын 10-ны өдөр Б.* миний ХААН банкны 5020286910 тоот дансанд В.* * данснаас “*” хотхоны 3 өрөө байрыг 94,000,000 төгрөг худалдаж авсан зөрүү болох 10,000,000 төгрөгийг “байрны үлдэгдэл төлбөр * гүйлгээний утгатай шилжүүлсэн болно. В.* нь “*” ХХК-ний орон сууц захиалгын гэрээнд заасан Toyota land cruiser-200 маркийн автомашиныг 84,000,000 төгрөгөөр үнэлж, зөрүү 10,000,000 төгрөгийг бэлнээр Б.* надад шилжүүлж өгсөн байгаа нь “*” ХХК, В.*, Б.* нарын хооронд хэлцэл гэрээ явагдсаныг давхар нотолж байгаа бөгөөд В.* нь “*” ХХК-ний зөвшөөрлөөр “*” хотхоны 60,77мкв 3 өрөө байрны үнэ болох ланд 200 маркийн автомашин 84,000,000 төгрөг зөрүү болох 10,000,000 төгрөгийг Б.* надад шилжүүлсэн юм. Тухайн байрны үнэ болох нийт 94,000,000 төгрөгийг В.*гээс Б.* надад шилжүүлж өгөхийг “*” ХХК зөвшөөрсөн болно. Гэтэл В.* нь тухайн байрны төлбөрийг “*” ХХК-ний зөвшөөрөлөөр Б.* надад шилжүүлчихээд, В.* нь “*”ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулчихаад тухайн итгэмжлэлийн утга агуулгыг буруу тайлбарлаж шүүхэд Б.* надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд хэрэв ‘*” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа бол тухайн байрны төлбөрт төлсөн 94,000,000 төгрөгийг В.* нь * ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх үүргийн дагуу тухайн компаниас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна.

Иймд В.*гийн машины төлбөр 84,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хангахгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*, В.* нарын хооронд арилжааны гэрээ хэлцэл хийгдсэн. * ХХК энэ хоёр хүний хооронд оролцож орон сууц захиалгын эрхийг шилжүүлэхээр болсон. Нэхэмжлэгч талын зүгээс худал тайлбарууд хэлээд байна. Худалдан авагч нь насан хүрсэн хүн учир худалдан авч байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байна уу? ямар байна гэдгийг шалгаж үзээд В.* нь * ХХК-тай гэрээ хийсэн. Б.* нь зээлийн гэрээнүүдийн төлбөрт захиалгын гэрээ хийсэн байсан. Б.*ын орон сууцны захиалгын гэрээг В.*д шилжүүлж өгөх талаар * ХХК-д хүсэлт гаргахад * ХХК-иас зөвшөөрч В.*тэй биечлэн итгэмжлэл хийж гэрээг байгуулсан байдаг. Залилан мэхлэх хувьдаа завших асуудлыг цагдаагийн байгууллага албан ёсоор тогтоодог тул өнөөдрийн шүүх хуралдаанд залилсан гэж яримааргүй байна. Б.* нь компанийн дотоод ажлыг сайн мэдэхгүй, барилгатай холбоотой асуудлыг мэдэхгүй, тул барилгын ажилтай холбоотой ажил үүргийг хариуцах үүрэггүй. * ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийгээд үүнийгээ зар тавин В.*д шилжүүлэн өгч, үүний хариуд 94,000,000 төгрөг авахаар хуулийн дагуу арилжааны гэрээ хийсэн юм. В.*гийн зүгээс биднийг залилсан гэдэг тайлбар гаргадаг. Тийм биш юм. Харин нэхэмжлэгчийн зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа Б.*т машиныг худалдан борлуулж шилжүүлэх эрх өгсөн, үүний хариуд миний мөнгийг өгөхгүй байна гэж худал нэхэмжлэл гаргасан. Бид эс зөвшөөрсөн хариу тайлбараа гаргаж маргахад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлж орж ирдэг. * ХХК болон В.* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад биднээс хохирлоо шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Хуулийн дагуу тухайн орон сууц захиалгын гэрээг цуцалж байж, В.* нь хохирлоо * ХХК-иас нэхэмжлэх юм. Хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Б.* нь тухайн компанийн дотоод ажилтан, хамтран ажиллаж байгаа төслийг хэрэгжүүлж байгаа субъект биш юм. * ХХК-ийн хариуцах зүйлийг Б.*т тохож байгаа нь шударга бус байна. Анх орон сууц захиалгын гэрээг өвөл хийсэн тул барилгын ажил зогссон байсан. 94,000,000 төгрөгийн төлбөрөө манай тал бүрэн хүлээж авсан. * ХХК болон В.* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад биднээс хохирлоо шаардаад байгаа нь манай талыг хохироогоод байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээний харилцаа гэдэг бол субъектүүдийн хуулийн дагуу хүсэл зоригоо илэрхийлээд гэрээ байгуулах тухай ойлголт, энэ хүн эрх зүйн чадвар чадамжгүй хүн биш, нас биед хүрсэн, үйлдэл учир холбогдлоо ойлгох чадвартай хүн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу байгуулагдсан. 94,000,000 төгрөгийг манай тал төлбөрөө хүлээж авсан. * ХХК болон В.* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр байхад биднээс хохирлоо шаардаад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:

Нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ивээл цамхаг констракшн ХХК болон В.* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээ, орон сууцны план зураг зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас * ХХК-ийн 2022 оны 02  дугаар сарын 21-ний өдрийн * дугаар санал хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *ХХК болон Б.* нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн * ХХК-ийн захирал *д гаргасан Б.*ын өргөдөл, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн В.*, Б.* нарын хооронд хийсэн итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б.*ын депозит дансны хуулга, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *, Б.*, *, * нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *, Б.* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн депозит дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.* нь хариуцагч Б.*т холбогдуулан 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч В.* нь хариуцагч Б.*тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн * * улсын дугаартай, Toyota land cruiser-200 маркийн автомашиныг 84,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож мөн өдрөө автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Талууд автомашины үнийг төлөхдөө хариуцагч Б.*ын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн *-тай байгуулсан Орон сууцны захиалгаар барих гэрээний дагуу түүний Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, * хотхоны 103-р байрны орон сууцны талбайгаас 150 м.кв талбайг 1 м.кв талбайн үнийг 1,600,000 төгрөгөөр тооцон нийт 240,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээний дагуу шилжүүлэн авах орон сууцны талбайгаас 103-р байрны Г-1 айл 2 давхарт 60.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,550,000 төгрөгөөр тооцон нийт 94,193,500 төгрөгийг төлөгдсөнд тооцохоор харилцан тохиролцсон байна. Уг гэрээг байгуулахад хариуцагч Б.* нь *-д энэ талаар мэдэгдэн, 2022 оны 05 сарын 09-ний өдөр хүсэлт гаргаж өөрийн гэрээний дагуу авах талбайгаас 60.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнийг Toyota land cruiser-200 маркийн автомашин, 10,0 сая төгрөгийг төлсөн тул В.*д шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээг түүнтэй байгуулахыг мэдэгдэж өргөдөл гаргасан болон нь хэрэгт авагдсан Б.*ын *-д гаргасан өргөдлийн хуулбараар тогтоогдож байна.

 

Улмаар хариуцагч Б.*ын хүсэлтийг үндэслэн * нь нэхэмжлэгч В.*тэй 2022 оны 05 сарын 09-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулан, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, * хотхон 103-р байрны Г-1 айл 2 давхарт 60.77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,550,000 төгрөгөөр тооцон нийт 94,193,500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 100 хувь бартераар төлбөр төлөгдсөнд тооцон, уг төлбөрийг Toyota land cruiser-200 маркийн автомашиныг 84,193,500 төгрөгт бодож, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг бэлэн төлөгдсөнд тооцон, барилга угсралтын ажлыг 2022 оны 4-р улиралд багтаан дуусгавар болгохоор харилцан тохиролцжээ. Уг гэрээнд * болон * нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч талууд дээрх тохиролцоог сайн дурын үндсэн дээр байгуулан худалдах худалдах авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн автомашины үнийг бүрэн төлөгдсөнд тооцож, орон сууцын зөрүү төлбөр болох 10,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 10-ны өдөр В.* өөрийн 5020286910 тоот данснаас хариуцагч Б.*ын * тоот дансанд шилжүүлэн өгч гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Дээрх үйл баримтууд болон талуудын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон нөхцлийг харьцуулан дүгнэвэл зохигчид нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргийг Орон сууц захиалан барих гэрээний үүргээр сольж дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд автомашин худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч зохигчид автомашиныг бодитоор шилжүүлэн өгч, үнийг хэрхэн төлөх талаар харилцан тохиролцож, улмаар нэхэмжлэгч * хариуцагч Б.*т зөрүү 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч байгаа нөхцөл байдал, хариуцагч Б.*ын *-д гаргасан хүсэлт, * болон * нарын хооронд байгуулагдсан гэрээ зэргээр талуудын хүсэл зориг нэгдсэн, хэлцлийн гол нөхцлийн талаар талууд харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шудрагаар гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээгээр тохиролцсон байдлаар төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ийм учраас зохигчид хариуцагч Д.*ын *-тай байгуулсан гэрээний үүргийн зарим хэсэг болон 94,198,500 төгрөгийн шаардах эрхийг  нэхэмжлэгч В.* өөрт шилжүүлэн авч,  уг үүргийг *-тай 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний үүргээр сольсон нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл тул нэхэмжлэгч нь сүүлд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан худалдан авах гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэв. 

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч В.*гийн хариуцагч Б.*т холбогдуулан гаргасан 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.*гийн хариуцагч Б.*т холбогдох 94,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 752,900 /577,950+174,950/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.НЯМСҮРЭН