2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/02595

 

2025 04 03 192/ШШ2025/02595

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 хороо, ******* ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* ******* /рд:*******/

Хариуцагч: Налайх дүүрэг, 8 хороо, ******* байр, 26 тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******гийн /рд:/

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14,790,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Нямгэрэл нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр 2023 онд цусны цагаан эсийн хорт хавдар гэх ховорхон өвчтэй болсон. Би өөрт байсан мөнгөө эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулсан. Тэгээд охин маань 35 сая төгрөгөөр авсан машин, хүү маань 19,5 сая төгрөгөөр худалдаж авсан машинаа ээжийнхээ эмчилгээний зардалд өгнө гээд надад өгсөн. Тэгээд би хүү, охин хоёрынхоо машиныг зарахаар зар тавьсан. Хариуцагч Л.Энхтүвшин ирээд надад мөнгө хэрэгтэй байгаа учраас таны машиныг банк бус санхүүгийн байгууллагад тавиад танд тодорхой хэмжээний мөнгийг гаргаж өгөөд бусдыг нь би хэрэглэе гэж санал тавьсан. Би тухайн үед өөрийнхөө асуудлуудыг хэлсэн, машиныг худалдан борлуулах талаар асуусан. Тэгсэн намайг Дүнжингаравын тэнд дуудахаар нь яваад очтол хариуцагч нэг залуутай хамт байсан. Тэр залуу нь манай хоёр машиныг 50 сая төгрөгөөр үнэлээд 30 сая төгрөгийг бэлэн гаргаж өгье гэсэн. Тэгээд хариуцагч 30 сая төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагад тавьж 20 сая төгрөгийг та авчих надад 10 сая төгрөг яаралтай хэрэгтэй байгаа учраас би авчих уу гэхээр нь би тухайн үедээ итгээд өгсөн. Тухайн үед буюу 2023.10.20-ны өдөр Л.тэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан BMW-320 маркийн суудлын авто машиныг хямдралтай үнээр 10,000,000 төгрөгөөр тохиролцон 2023.11.25-ны өдөр 100 хувь төлбөрөө төлсөн байхаар, хэрэв хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөх гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулсан өдрөөс хойш төлбөр төлөгдөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2024 оны 8 сард Иргэний шүүхэд хандах болсноо хэлсний улмаас 2024.08.15-ны өдөр үндсэн зээлийн 4,000,000 төгрөгийг бага хэмжээний алдангийн хамтаар төлж, үндсэн зээлийн 6,000,000 төгрөгийг удахгүй төлнө гэсэн боловч төлөөгүй. 2023.11.25-ны өдрөөс 2024.09.17-ны өдрийг хүртэл гүйцэтгээгүй үлдсэн төлбөр 6,000,000 төгрөгийн 293 хоногийн алданги 8,790,000 төгрөг, нийт 14,790,000 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч манай эхнэрийн бие муу, цусны цагаан бөөмийн хорт хавдрын улмаас эмчлэгдэх шаардлагатай байгаа тул мөнгө яаралтай хэрэгтэй байна. Иймд хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 10,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгөөс хариуцагч Л.гийн төлсөн 5,500,000 төгрөгийг хасаад үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.*******, Л. хоёр нь танил, ах дүүгийн харилцаатай ба П.*******ийн эхнэрийн биеийн байдлыг сонсоод Л. нь 2023.10.20-ны өдөр BMW 3201 маркийн О улсын дугаартай машин болон Мицубуши /Mitsubushi/ RVR загварын хоёр машиныг өөрийн нэр дээр барьцаанд тавьсан. /Mitsubushi/ RVR загварын машиныг 20,000,000 төгрөг, BMW 3201 маркийн О улсын дугаартай машиныг 10,000,000 төгрөгөөр тус тус барьцаанд тавьж өгсөн. Л. нь тухайн машинуудын төлбөрийг бэлэн өгөх боломжгүй байсан учраас ломбардад барьцаанд тавьж /Mitsubushi/ RVR загварын машины 20,000,000 төгрөгийг шууд өгөөд 10 сая төгрөгийг хэсэг хугацааны дараа өгье гэж П.*******той 2023.10.20-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Ломбардад тавих үед /Mitsubushi/ RVR загварын машиныг шууд авдаг. Харин BMW 3200 загварын машиныг жоохон эвдрэл байна гээд засварлах шаардлагатай гэж хэлсэн байдаг. Тэгээд Л. нь өөрийнхөө зардлаар тодорхой хэмжээний засвар хийж байгаад ломбардад хүлээлгэж өгөөд 10,000,000 төгрөгийг авсан. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.5-д Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээч тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй 4.7-д Худалдан авагч нь эд хөрөнгийг доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан байдаг. Л. нь худалдагчаас доголдолд гарсан зардлыг авах сонирхолгүй байсан. Зээлийн гэрээний хугацаа хожимдуулсан нь манай туйлын буруу. Тухайн үед зээлийг төлөх боломжгүй байсан. Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол манайх зээлийн үндсэн дүнгээс Л. нь тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн боловч нэхэмжлэгч үндсэн зээлийн төлбөрөөс хасахгүй байдаг. Манайхаас зээлийг төлөхдөө 2024.07.08-ны өдөр 500,000, 2024.07.09-ний өдөр 500,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024.08.15-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024.09.10-ны өдөр 500,000 төгрөгийг Л.*******ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Эдгээр төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт шилжүүлсэн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ, 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж тус тус заасан байдаг. Зээлийн гэрээнд хүү огт тохиролцоогүй бөгөөд алданги тохирсон. Тиймээс эхлээд үндсэн үүргээс буюу зээлийн үндсэн төлбөрөөс 10,000,000 төгрөгийг төлсөн учраас 5,500,000 төгрөгийг хасаад зээлийн үндсэн үүргээс 4,500,000 төгрөг үлдэж байгаа. Тиймээс хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 4,500,000 төгрөгийн үндсэн үүргээс 2,225,000 төгрөгийн анзаас хэтэрч авч болохгүй. Тиймээс энэ хуулийн дагуу анз 2,250,000 төгрөгөөс хэтэрч болохгүй. Арилжааны банк нь жилийн 16 хувийн хүүтэй, банк бус санхүүгийн байгууллага нь жилийн 35 хувийн хүүтэй байдаг. Манай талаас алданги 50 хувийн хүүгийн хэмжээнд төлөхөөр болчхоод байдаг. Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу анзын хэмжээг бууруулж өгнө үү. Мөн Л. нь машин засуулсан мөнгөө П.*******оос аваагүй. П.******* ахыг дараа өгөх байх гэж бодож байсан гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.10.20-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, авто машины гэрчилгээ, Л.гийн 2024.08.15-ны өдөр бичсэн өргөдөл, П.*******ийн Хаан банкны дансны хуулга,

4. Хариуцагч хариу тайлбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Л.д холбогдуулан гэрээний үүрэгт 14,790,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 5,290,000 төгрөгөөр бууруулж, 9,500,000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг П.******* болон Л. нар 2023.10.20-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр П.******* BMW 3201 маркийн О улсын дагууртай тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдаж, Л. үнийг 2023.11.25-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон боловч хугацаандаа төлөөгүй учир үндсэн төлбөр 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 9,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, үндэслэлийг BMW 3201 маркийн О улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийсэн, төлбөрийг хугацаандаа төлөөгүй боловч 5,500,000 төгрөгийг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т зааснаар үндсэн төлбөрөөс хасна, үлдэх 4,500,000 төгрөгийн 50%-д алданги тооцох ба анзын хэмжээ илт их үндэслэлээр багасгах хүсэлтээ гэжээ.

3. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. П.******* болон Л. нарын хоорондын 2023.10.20-ны өдөр Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд WBAPG3*******30NM95796 арлын дугаартай, BMW 3201 маркийн, О улсын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 2023.11.25-ны дотор төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирчээ. /хэргийн 3 дугаар тал/

3.2. П.******* нь эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулахаар тээврийн хэрэгслийг худалдах болсон, тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлсэн, Л. нь П.*******т 2024.07.08-ны өдөр 500,000 төгрөгийг зээл төлөлт, 2024.07.09-ний өдөр 500,000 төгрөгийг 88881803, 2024.07.30-ны өдөр 3,000,000 төгрөгийг машины зээл 88881803, 2024.08.15-ны өдөр 1,000,000 төгрөгийг 88881803, 2024.09.10-ны өдөр 500,000 төгрөгийг 88881803 гэх агуулгаар нийт 5,500,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, энэ нь П.*******ийн Хаан банкны 5749556131 тоот дансны хуулгаар тогтоогдоно. /хэргийн 18-21 дүгээр тал/

4. Талууд гэрээний зүйл, үнэ, чанар, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн нөхцөл байдлын талаар маргаагүй. Харин гэрээний дагуу төлөх төлбөрийн хэмжээнд маргаантай байна.

5. Талууд Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэх бичиг үйлдэн, хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээгээр хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийн нөхцөлийг хүү тооцохгүйгээр дараа төлөхөөр тохирсноос үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар тээврийн хэрэгслийн төлбөрийг 2023.11.25-ны дотор буюу гэрээ байгуулснаас хойш 35 хоногийн дотор бүрэн барагдуулах үүрэгтэй, ийнхүү биелүүлээгүй нь алданги шаардах урьдчилсан нөхцөл болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ.

7. Хариуцагч Л. нь гэрээний үнийг 2023.11.25-ны дотор төлөх үүргээ 2024.07.08-ны өдрөөс эхэлж биелүүлсэн гэж үзвэл нийт 285 хоногийн хугацаа хэтрүүлсэн буюу гэрээгээр тохирсон алданги төлөх үүрэг үүсжээ. Хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцоход[1] гүйцэтгээгүй үүрэг буюу 10,000,000 төгрөгөөс хэтрэх тул түүний 50%-аар хязгаарлана. Тодруулбал, хариуцагчаас төлбөр төлж эхлэх үед түүний төлбөл зохих үүрэг нь гэрээний дүн 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг болсон байна.

Энэ үнийн дүнгээс хариуцагчийн төлсөн 5,500,000 төгрөгийг хасахад түүний төлбөл зохих үүргийн хэмжээ 9,500,000 төгрөг байна.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . . . 5,500,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлөхөөр шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэснийг баримтална. . . гэжээ.

Хариуцагчийн 5 удаагийн төлөлтийн 2024.07.08-ны өдрийн 500,000 төгрөг, 2024.07.30-ны өдрийн 3,000,000 төгрөгийг Зээл төлөлт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч аль үүргийг гүйцэтгэхийг сонгож гүйцэтгэсэн буюу үндсэн төлбөрийг төлсөн гэж үзэх боломжтой.

Гэвч хариуцагчид 2024.07.08-ны өдрийн байдлаар нийт 15,000,000 төгрөгийн үүрэг үүссэн гэж өмнө дүгнэсэн учир Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-т заасныг баримталсан хэдий ч үүргийн хэмжээнд өөрчлөлт орохгүй.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээг багасгах хүсэлтийг гаргасан боловч хэрэгт анзын хэмжээ илт их гэх, мөн хариуцагч талд 5,000,000 төгрөгийн анз ногдуулах нь хохиролтой гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эсрэгээрээ нэхэмжлэгчийг эхнэрийнхээ эмчилгээнд зарцуулахаар тээврийн хэрэгслийг худалдах болсон шалтгааныг мэдсээр байж үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

10. Иймд хариуцагч Л.өөс 9,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасныг баримтлан хариуцагч Л.өөс 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН