Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00974

 
     

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ШШ2021/00767 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ******* ХХК-ийн, хариуцагч ******* НҮТББ-д /цаашид ******* гэх/ холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 565 320 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******гийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр анх ******* ХХК нэртэйгээр байгуулагдсан ба компанийн оноосон нэрийг ******* ХХК болгон өөрчилж 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Манай компани буюу ******* ХХК нь *******-той 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19/02 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр манай компани нь хариуцагчид нийт 8301 ширхэг *******-ны нууцлалын зэрэгтэй хөрөнгө болох медаль, медалион, энгэрийн тэмдэг, тэмдэгийг нэг бүрийн үнийг 8 800 төгрөгөөр тооцож нийлүүлэх, хариуцагч нь түүний хөлсөнд 73 048 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Энэхүү үнийг захиалсан бараагаа хүлээн авснаас хойш төлөхөөр болсон, Гэрээний дагуу барааг бид нийлүүлсэн боловч 10 000 000 төгрөгөөс бусад төлбөрийг одоог хүртэл төлөөгүй. Манай компанийн зүгээс олон удаа хандсан боловч санхүүгийн хүндрэлтэй байна, удахгүй төлнө гэсэн хариуг өгч байсан хэдий ч одоог хүртэл үр дүнд хүрсэнгүй. Хариуцагч талтай энэхүү гэрээний үлдэгдлийн талаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн ба үүгээр ******* нь үлдэгдэл 63 048 800 төгрөгийн төлбөрийг төлөхийг баталгаажуулж тооцоо нийлсэн болно. Мөн 2019 оны 11 дүгээр сард ******* нь манай компанид нэг бүр нь 4,8 юанийн үнэтэй, 300 000 ширхэг Андын гэрэгэ захиалсан. Бид захиалсан зургийн дагуу Андын гэрэгэ-г нь БНХАУ-д үйлдвэрлүүлсэн бөгөөд эхний ээлжинд 0 000 ширхгийг авчирч нийлүүлсэн. Энэхүү гэрээний нийт төлбөр нь 1 440 000 юань болсон. Үүнээс 288 000 юанийг төлсөн ба одоогоор 1 2 000 юанийн үлдэгдэлтэй байна. Эхний ээлжинд нийлүүлсэн 0 000 ширхэг Андын гэрэгэ-ний үнийг ч төлөөгүй учраас үлдэгдэл 0 000 ширхэг нь БНХАУ-ын үйлдвэрт хураалттай байгаа. Энэ Андын гэрэгэ нь зөвхөн хариуцагчийн захиалгаар хийгдсэн тул өөр иргэн, хуулийн этгээд ашиглах, зах зээлд худалдагдах боломжгүй. ******* нь 300 000 ширхэг Андын гэрэгэ захиалсан тул бид захиалгын дагуу л үйлдвэрлүүлсэн, үнийг нь төлчихвөл бид авчраад хүлээлгэн өгөх боломжтой байгаа. Энэ талаар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагатай тооцоо нийлэн баталгаажуулсан. 1 2 000 юань нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн албан ханшаар 1 юань = 412,66 төгрөг байгаа тул нийт 475 384 320 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас дээр дурдсан төлбөрүүд буюу нийт 538 433 120 төгрөгийг гаргуулж өгнө үү. ******* ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр *******-той Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ******* ХХК нь хариуцагчид 25 000 ширхэг медаль зээлээр худалдах, хариуцагч нь медалийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба уг гэрээний барьцаа болгон дүүргийн -р хороо, /101/, гийн гудамж, байр, тоот, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 2 өрөө орон сууц, дүүргийн -р хороо гийн гудамж дугаар байрны тоот, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий таван өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлж нийт 2 100 ширхэг медалийг БНХАУ-д үйлдвэрлүүлэн авчирсан боловч хариуцагч нь медалийг хүлээн авах, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болно. Захиалсан 25 000 ширхэг медаль нь нийт 20 нэр төрлийн медаль байсан тул бид эхний ээлжинд медаль тус бүрээс нь 105 ширхгийг хийлгэж, нийт 2 100 ширхэг медалийг авчирсан. Гэтэл *******-ны удирдлага нь солигдож, өмнөх удирдлагын захиалсан медалийг авахгүй гэсэн учраас бид үйлдвэрлэлийг зогсоосон. Бид 2020 оны 11 сараас хойш *******-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нартай удаа дараа уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлж медалиа хүлээн авахыг шаардсан боловч ямар ч үр дүн гараагүй. Бид 2100 ширхэг медалийг эх загваруудыг шинэ удирдлагад нь хүлээлгэж өгсөн байгаа. Иймд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу нийлүүлсэн 2 100 ширхэг медалийн үнэ нийт 26 887 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдээр хангуулж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд ******* нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-тай №12/02 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ бол төгсөөгүй байгаа буюу талууд эцсийн байдлаар тооцоо нийлэх акт үйлдэж үлдэгдэл тооцоог нийлж гэрээг дүгнээгүй байгаа юм. Харин ******* ХХК-аас нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үүднээс үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь үйл ажиллагаа эрхлэх 11 төрлийн зөвшөөрөлд байгууллагын шагналын захиалга авах, шагнал үйлдвэрлэх хэвлэх, мөн гэрэгэ захиалга авах хэвлэх хэвлэлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байх тул энэ төрлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй, тус асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Талуудын хооронд Андын гэрэгэ захиалах захиалгын гэрээ хийгдээгүй, бодитой байхгүй. Төлбөрийг юань, төгрөгийн алинаар нь төлөхөөр тохиролцсон нь тодорхойгүй, 0 000 ширхгийг хүлээн авсан баримт байхгүй байна. Иймд Иргэний хуульд заасан нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч гэх ХХК нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад *******-ны Ерөнхий нарийн бичгийн дарга *******, Санхүү хөрөнгө, даатгалын хэлтсийн газрын дарга нартай тооцоо нийлэх акт үйлдэж шүүхэд өгсөн байна. *******-ны үндсэн дүрэмд зааснаар Санхүү, хөрөнгө даатгалын хэлтсийн дарга , ерөнхий нарийн бичгийн дарга ******* нар нь тус холбоог итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлж тооцоо нийлэх акт үйлдэх эрхгүй юм. *******-г итгэмжлэлгүйгээр дотоод, гадаадад төлөөлөх эрх бүхий ганц субъект нь холбооны Үндсэн дүрмийн 7.4.7 дахь хэсэгт зааснаар Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат юм. Мөн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19/02 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэгт Ерөнхий нарийн бичгийн дарга ******* гарын үсэг зурсан тул төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Нэхэмжлэгч гэх ХХК нь Нэхэмжлэлийн шаардлага хэсэг дээр ямар үндэслэлээр, эрх зүйн ямар баримт бичиг үндэслэж, шаардлага гаргаж 538 433 120 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 10 000 ширхэг медаль хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байх боловч нэг ч ширхэг медаль хүлээлгэж өгөөгүй, гэртээ 2100 ширхэг медалийг хураалттай байгаа гэж тайлбарлаж байгаа боловч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймд ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК, ******* хоёр байгууллага нь хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот Зээлээр худалдах худалдан гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн *******гийн өмчлөлийн дүүргийн дугаар хороо , гийн гудамжны дугаар байрны тоот 136.06 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан. Гэтэл ******* ХХК нь нэхэмжлэл гаргасан нь *******гийн эрх ашгийг хөндөж байна. ******* нь хуулийн этгээд учраас удирдлага нь хичнээн солигдсон ч үүргээ биелүүлж, бусдад төлөх төлбөрөө төлөх ёстой. Насаараа *******-ны гишүүн явж, татвараа төлж, холбооныхоо сайн сайханы төлөө сэтгэлээ зориулсан тэтгэврийн хөгшин ******* нь *******-ны 100 жилийн ойд зориулж, шинэ медаль хийж байгаа та орон сууцаа түр барьцаанд тавьж туслаач гэхээр нь залуучуудад итгэж, хийж байгаа ажилд нь дэмжлэг үзүүлж байраа барьцаалсан байдаг. Залуучууд хөгшин хүний орон сууцаар энгэртээ медаль зүүх ёсгүй. Ийм хариуцлагагүй залуу үе залуучуудын төлөөлөх байх ёсгүй. ******* өөрийн байраа барьцаанд тавьж хөгшин хүний байрыг чөлөөлж өгөх ёстой. *******-ны байр бидний хөрөнгөөр боссон гэдгийг ч мартах ёсгүй гэжээ.

Гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК, ******* НҮТББ хоёр нь хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот Зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн *******гийн өмчлөлийн дүүргийн дугаар хороо, /101/ гийн гудамж байр, тоот 26,7 м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан. ******* ХХК-аас гаргасан тус нэхэмжлэл нь *******гийн эрх ашгийг хөндөж байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №001 тоот гэрээний дагуу 2020.11.01-ний өдрийн дотор 10 000 ширхэг медаль хүлээлгэж өгөх ёстой боловч 2100 ширхэг медалийг хэнд өгсөн нь тодорхойгүй, гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй байна. мөн гэрээнд гарын үсэг зурсан *******г төлөөлөх эрхгүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа бол гэрээ хүчин төгөлдөр бус болж, барьцааны гэрээ ч хүчин төгөлдөр бус болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* НҮТББ-иас 565 320 720 /таван зуун жаран таван сая гурван зуун хорин мянга долоон зуун хорин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ******* НҮТББ нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үнэ болох 26 887 600 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн -р хороо, /101/, гийн гудамж байр, тоот, 2 өрөө орон сууц, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн -р хороо гийн гудамж дугаар байрны тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 282 904 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* НҮТББ-иас 3 282 904 /гурван сая хоёр зуун наян хоёр мянга есэн зуун дөрвөн/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах гомдолдоо: ...Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж тодорхой зохицуулсан. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаараар 2019 оны 11 дүгээр сард нэг бүр нь 4.8 юанийн үнэтэй 300 000 ширхэг Андын гэрэгэг захиалсан гэж үзвэл тухайн үед 1 юань монгол төгрөгтэй харьцах ханш 386.41 төгрөг байсан. Гэтэл үүрэг үүсэх үеийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөр тодорхойлон үзэхэд 1 юаний Монгол төгрөгтэй харьцах ханш 411.19 төгрөг болж өссөн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 1 юань 412.66 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн нь тодорхой байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг ойлгомжгүй тайлбарласанд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Андын гэрэгэг 300 000 ширхгийг хариуцагчид нийлүүлэх байснаас 0 000 ширхгийг нийлүүлж үлдэгдэл 0 000 ширхгийг нийлүүлээгүй бөгөөд үйлдвэрлэсэн байгаа гэсэн тайлбарыг өгдөг боловч баримтаар нотлогддоггүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу 2100 ширхэг медалийг үйлдвэрлэн авчирсан гэртээ хадгалж байгаа гэдэг боловч энэ талаар баримт байдаггүй. Мөн үлдэгдэл медаль, Андын гэрэгэг хүлээлгэж өгөх талаар мэдэгдэл, шаардлага хариуцагчид огт ирүүлж байгаагүй, үйлдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад анхан аштын шүүх хэтэрхий нэг талыг барьж, нотлох баримтад тулгуурлаагүй, хийсвэр дүгнэлт хийж, хүлээлгэж өгөөгүй бүтээгдэхүүний үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2019 оны 11 дүгээр сард Андын гэрэгэг нэг бүр нь 4.8 юанаар буюу 300 000 ширхэг Андын гэрэгэг нийт 1 440 000 юанаар захиалахаар тохирсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн хууль зөрчсөн гэрээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт энэ талаар огт үндэслэл, дүгнэлт өгөөгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр биш гэж үзэх нэг үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн маргаж байгаа үндэслэлийг тогтоогдохгүй гэж үзэж байгаа бол яагаад, ямар үндэслэлээр тогтоогдохгүй гэж үзэж байгаа талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тодорхой тайлбарлавал анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, шударга ёсонд нийцсэн гэж үзэх боломжтой юм. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний 4.1-д заасны дагуу худалдан авагч хөрөнгийг өөрийн төв байр болох /******* төв байранд/ хүлээн авснаас хойш тохиролцсон хуваарийн дагуу ******* ХХК-д шилжүүлнэ, мөн 4.3-д худалдан авагч тал шагналын төлбөрийг шагналын борлуулалтаас хамааран төлж барагдуулна, 4.4-д худалдагч тал шагналыг хуваарийн дагуу /гэрээний хавсралт-2/-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний дотор/ худалдан авагч талд нийлүүлэх бөгөөд худалдан авагч тал эхний нийлүүлэлт болох 10 000 ширхэг шагналын 50 хувь төлбөрийг худалдагч талд өгснөөр дараагийн 10 000 ширхгийг шагналыг нийлүүлнэ гэж тус тус заасан. Гэтэл гэрээний хавсралт 1-д заасны дагуу 19 нэр төрлийн медалиас яг ямар нэр төрлийн медалиас нь хэдэн ширхгийг үйлдвэрлэн авчирсан аль нэр төрөл нь хэдэн ширхэг байгаа нийлээд нийт 2100 ширхэг медаль болж байгаа уг медалиуд нь хаанаа хадгалж байгаа нь тодорхойгүй, хэзээ хэнд хүлээлгэн өгөх гэсэн нь тодорхойгүй, зөвхөн нэхэмжлэгчийн үгээр хийсвэр дүгнэлт хийж *******-оос 2100 ширхэг медалийн үнэ болох 26 887 600 төгрөгийг гаргуулж, төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох *******, ******* нарын орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ******* ХХК 2100 ширхэг медалийг үйлдвэрлэн авчирч хүлээлгэн өгөх гэсэн боловч *******-ын шинэ удирдлага нь би захиалаагүй учир авахгүй боломжгүй гэхэд хадгалж байгаа гэж тайлбарласан үгээр л анхан шатны шүүх ямар ч нотлох баримтад тулгуурлахгүйгээр хийсвэр дүгнэлт хийж бид нарын эрх ашгийг хохироож байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн нөхцөлийн хувьд гэрээний 4 дүгээр зүйлд тодорхой тусгаж өгсөн байхад ******* ХХК нь хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгийн үнийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. *******-оос Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд итгэмжлэл олгосон энэхүү итгэмжлэл нь хуулийн шаардлага хангагдаагүй буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-д заасан итгэмжлэлийг хэзээ олгосон он, сар, өдрийг заагаагүй, мөн уг итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийг төлөөлж оролцох эрх олгосон. Гэтэл ******* нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага буюу хуулийн этгээдийн төрөл, хэлбэрийн хувьд асар их зөрүүтэй ойлголт юм. Уг итгэмжлэлийг зөвтгүүлж байж хурал хийе гэсэн боловч шүүгч итгэмжлэлийг олгосон он, сараа бич гэж хэлээд төлөөлөгч нараар он, сарыг нь гараар бичүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. *******-ны удирдлагуудын хооронд маргаантай асуудлаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа А.Мөнхбатын нэхэмжлэлтэй, хариуцагч *******-нд холбогдох хэрэг, Захиргааны хэргийн анхан шатны шүхэд хянагдаж байгаа *******-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэрэг маргааныг шийдвэрлэсний дараа ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ гомдол гаргах эрхтэй захирамж гаргах ёстой байтал гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-нд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүрэгт 565 320 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

1.******* ХХК нь *******-той 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 19/02 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******-ны нэрэмжит 7 нэр төрлийн 8301 ширхэг медалийг нэг бүрийн үнэ 8 800 төгрөгөөр тооцож, нийт 73 048 800 төгрөгөөр нийлүүлэх, ******* нь медалийн үнэ 73 048 500 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, ******* ХХК нь нэрээ ******* ХХК болгон өөрчилж 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул уг гэрээний үүргийг ******* ХХК шаардах эрхтэй. /хх-ийн 5-7, 8-11, 25/ Уг гэрээний зүйл болох 8301 ширхэг медалийг хариуцагч хүлээн авч 10 000 000 төгрөгийг төлж үлдэх 63 048 800 төгрөгийг төлөөгүй болох нь бараа хүлээлгэн өгсөн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа №1, №4 гэсэн баримтуудаар тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй байна.

2. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй боловч тооцооны үлдэгдлийн баталгаа №2, №3, №5, №6, Бараа хүлээлгэн өгсөн акт зэрэг баримтуудаас үзэхэд ******* ХХК нь *******-ны нэрэмжит Андын гэрэгэ-г 300 000 ширхэг, нэг бүрийн үнэ 4,8 юанаар тооцож нийт 1 440 000 юанаар нийлүүлэх, ******* нь Андын гэрэгэ-ний үнэ 1 440 000 юаныг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 13-16, 19/

Харин шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлаж, 300 000 ширхэг Андын гэрэгэ-ний үнэд 1 2 000 юанийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Худалдах-худалдан авах гэдэг нь худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан буюу үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан байх тул нэхэмжлэгч ******* ХХК-д хариуцагчид хүлээлгэн өгөөгүй барааны үнийг шаардах эрх үүсээгүй байна.

Нэхэмжлэгч нь 300 000 ширхэг Андын гэрэгэ-нээс 0 000 ширхэгийг хүлээлгэн өгч, үлдэх 0 000 ширхэгийг хүлээн авахыг хариуцагчаас шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, талууд барааны үнийг урьдчилан төлсний дараа барааг хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохиролцоогүй, барааг хүлээж авахыг даалгах шаардлага нэхэмжлэгч гаргаагүй тул БНХАУ-ын Бээжин хотын Жиэн Хао Да хэвлэл, сав баглаа боодлын технологи ХХК-ийн ******* ХХК-д хүргүүлсэн төлбөр нэхэмжлэх мэдэгдлийг үндэслэн Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дах хэсэгт зааснаар ******* үнийг төлөх хүртэл ******* ХХК барааг нийлүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болно.

Нөгөө талаар Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болдог тул хариуцагчийн нийлүүлэгдээгүй барааны үнийг төлөх үүрэг үүсээгүй гэсэн тайлбар, татгалзал үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Бараа хүлээлгэн өгсөн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн актаар 0 000 ширхэг, нэг бүр нь 4.8 юанийн үнэтэй нийт 720 000 юанийн үнэ бүхий ******* Андын гэрэгэ-г хүлээлгэн өгсөн, үүнээс 288 000 юанийг төлсөн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа №2, №3, №5, №6 гэсэн баримтаар тогтоогдож байх тул төлөгдөөгүй барааны үнийн үлдэгдэл 432 000 юанийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Талууд гэрээний зүйл болох Андын гэрэгэ-г БНХАУ-д үйлдвэрлүүлж, нийлүүлэхтэй холбоотойгоор гэрээний үнийг юанаар тохиролцсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна шүүх Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгүүлэх буюу шаардах эрх үүсэх үеийн ханшаар тооцон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу Монгол банкны 2020.08.25-ны өдрийн хаалтын 1 юань 412.66 төгрөгтэй харьцах ханшаар тооцож, хариуцагч *******-ноос Андын гэрэгэ-ний үнэ 178 269 120 /432 000 юань*412,66/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

3. ******* ХХК нь *******-той 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь *******-ны 19 нэр төрлийн медаль, медалион, энгэрийн тэмдэг, тэмдэг, нийт 25 000 ширхэгийг нийлүүлэх, ******* нь гэрээний нийт үнэ 220 000 000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 88-91/

Мөн ******* нь дээрх гэрээнд заасан 220 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн -р хороо, /101/, гийн гудамж байр, тоот, 2 өрөө орон сууц, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн -р хороо гийн гудамж дугаар байрны тоот, 5 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулжээ /хх-ийн 92-95х/

Талуудын хооронд хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний хувьд Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч худалдах-худалдан авах гэрээнд хамаарч байна. Учир нь зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинж нь хүү тохирсон байдаг, хүүгийн талаарх тохиролцоо байхгүй учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байна.

Уг гэрээгээр 25 000 ширхэг медалийг нийт 220 000 000 төгрөгөөр нэг талаас нийлүүлэх, нөгөө талаас үнийг төлөхөөр тохиролцсон байдаг бөгөөд уг гэрээний 3.5-д худалдагч тал нь шагналыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний дотор худалдан авагч талд хаягийн дагуу хүргэж өгөх гэж худалдагч тал буюу ******* ХХК-ийн барааг хүлээлгэн өгөх үүргийг тодорхойлсон боловч энэ үүргээ биелүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үүргийг хүлээдэг бөгөөд ******* ХХК нь уг үүргээ биелүүлсэн, гэрээний дагуу нийт 2100 ширхэг медалийг БНХАУ-д үйлдвэрлүүлэн авчирсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх ...*******-ны удирдлага солигдож маргаантай байгаа, бид захиалга өгөөгүй гэх үндэслэлээр медалийг хүлээн аваагүй болох тогтоогдсон, Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар ******* ХХК нь өөртөө хадгалж байгаа... хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт тус тус нийцээгүй байна.

*******-ны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02/а/87 тоот албан бичигт ...бид 2019 оны 12 сарын 01-ний өдрөөс хойш цол тэмдгийн албан ёсны захиалга өгөөгүй... талаар дурдсан байх боловч энэ нь худалдагч гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүйгээс гадна уг албан бичигт ...бид 2020 оны 7 сард үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах болно... гэснийг дурдах нь зүйтэй. /хх-ийн 20/

Нэхэмжлэгч тал 2100 ширхэг медалийг хариуцагч талд хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлсэн гэх байдлыг нотлоогүй, 2100 ширхэг медалийг БНХАУ-д үйлдвэрлэгдэж, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болох нь тус тус нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нь барааг нийлүүлээгүй учраас үнийг шаардах эрхгүй, нөгөө талаас хүлээн аваагүй бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч ******* нийлүүлэгдээгүй барааны үнийг төлөх үүрэг үүсээгүй байх тул 2100 ширхэг медалийн үнэ болох 26 887 600 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК шаардах эрх үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах салгаж үл болох эрх тул үндсэн үүрэг буюу барааны үнийг төлөх үүрэг үүсээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч ******* ХХК нь дээр дурдсан гэрээнд заасан худалдагчийн үүргээ биелүүлж, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлсний дараа хүлээлгэн өгсөн бараа бүтээгдэхүүний үнийг худалдан авагч *******-ноос шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******-ноос /63 048 800+178 269 120=/ 241 317 920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324 002 800 төгрөгт холбогдох хэсгийг болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 1/ШШ2021/00767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* НҮТББ-аас 241 317 920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324 002 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул барьцааны зүйл болох *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн -р хороо, /101/, гийн гудамж байр, тоот, 2 өрөө орон сууц, *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, дүүргийн -р хороо гийн гудамж дугаар байрны тоот, 5 өрөө орон сууцыг тус тус албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын ...хариуцагч ******* НҮТББ-иас 1 364 539 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 669 310 төгрөгийг, гуравдагч этгээд *******гийн төлсөн 292 400 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ