Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 139

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэг,

хохирогч Ц.Ганхуяг,

иргэний хариуцагч А.Ариунболд,

шинжээч А.Батбаяр, Б.Тэнүүн, Г.Төгсжаргал,

шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч нар Д.Баттөмөр, Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.Бд холбогдох 1703 00001 0059 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар Ү.Б.

 

/Холбогдсон хэргийн талаар /

            Шүүгдэгч Ү.Б нь 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Сургуулийн 1205а тоот хашааны урд замд “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 1.5 хувийн согтолттой үедээ Д.Батбаатарын ззэмшлийн “Киа Ортима” маркийн “31-58 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Ганхуягийн жолоодон явсан “Камаз-55111” маркийн “69-92 УБВ” улсын дугаартай “30-85ТЧ” дугаарын чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Камаз” маркийн “69-92 УБВ” улсын дугаартай “30-85 ТЧ” чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд 4.293.000 төгрөгийн шууд, 4.645.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Ц.Ганхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.Шинэцэцэг, 1 настай Ш.Сувд-Эрдэнэ нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Бмэдүүлэхдээ: “…2017 оны 7 дугаар сарын 27-ны орой 18 цаг өнгөрөөгөөд Налайх дүүрэг рүү ажлаар яваад 2017 оны 7 дугаар сарын 28-ны 02 цаг өнгөрч байхад гэртээ харих гэж явж байгаад зүүн гар тал руу амжиж эргэнэ гэж бодож байгаад ийм харамсалтай хэрэг болсон.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ганхуяг мэдүүлэхдээ: “2017 оны 7 дугаар сарын 28-ны өглөө машинаа асаагаад явсан. Тухайн зам нь гэрэлтүүлэг сайтай зам. Тэгэхэд миний өөдөөс их холоос нэг машин давхиад ирсэн. Хажуугаар өнгөрөх байх гэтэл миний өөдөөс 20-иод метрийн цаанаас давхиад ороод ирсэн. Би мөргөлдөх нь гэж бодоод кардаанаа татаад хөлөө өргөтөл энэхүү асуудал болсон.” гэв.

Мөн хохирогч Ц.Ганхуягийн шүүхэд гаргасан: “…1.700.000 төгрөгийг бэлнээр авч үлдсэн мөнгийг гэрээ байгуулж авахаар болсон.” /хх-218/ гэх хүсэлт

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний талийгаач дүү л ганц орлоготой хүн байсан. Би тухай үед оршуулганы зардалд хүнээс 2.000.000 төгрөг зээлээд буяны ажилд зарцуулсан.” гэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан: “Мөнгийг бэлнээр авлаа.” /хх-219-220/ гэх хүсэлт,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч А.Ариунболд мэдүүлэхдээ: Машинтай холбоотой санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч А.Батбаяр мэдүүлэхдээ: “Би 7424 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. 3 хоногийн өмнө уусан архи 3 хоногийн дараа цуснаас илрэх боломжгүй. Хүний биед архи 6-8 эсвэл 10-12 цаг хадгалагддаг.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Тэнүүн мэдүүлэхдээ: “Би ДНК шинжээч тул асуултанд хариулах боломжгүй.” гэв.                      

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Төгсжаргал мэдүүлэхдээ: “Тухайн машины үнэлгээг 2 янзаар гаргасан. Сүүлийн үнэлгээгээр шууд ба шууд бус зардлууд нийлээд 4.645.000 төгрөг гарсан. Эхний үнэлгээ нь 2.800.000 төгрөг нь болсон. Машины гулзаасан рамыг нь солихоос өөр арга байхгүй байсан.” гэв. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-17/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-25/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-18/, цогцост үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1511, 1512 дугаартай дүгнэлт /хх-110-116, 118-123/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9805 дугаартай дүгнэлт /хх-126/, шинжээчийн 7424 дугаартай дүгнэлт /хх-145/, “Лэндс” ХХК-ний хөрөнгө үнэлгээ /хх-131-132/, техникийн шинжээчийн 420 дугаартай дүгнэлт /хх-151/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-34-36/, хохирогч Ц.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хх-55-56/, гэрч С.Цэцэгсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-77-78/, гэрч Г.Цэгмидийн өгсөн мэдүүлэг /хх-96-97/, гэрч У.Гүрбазарын өгсөн мэдүүлэг /хх-99/, гэрч Г.Цэцэгдуламын өгсөн мэдүүлэг /хх-82/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-85/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-94/, шүүгдэгч Ү.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-158/, шинээр шүүгдэгч Ү.Бын ял шалгах хуудас /хх-16/,  Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс авчруулсан Ү.Бын өвчний түүх зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ү.Бнь 2017 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Сургуулийн 1205а тоот хашааны урд замд “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин 1.5 хувийн согтолттой үедээ Д.Батбаатарын ззэмшлийн “Киа Ортима” маркийн “31-58 УНП” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Ганхуягийн жолоодон явсан “Камаз-55111” маркийн “69-92 УБВ” улсын дугаартай “30-85ТЧ” дугаарын чиргүүлтэй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Камаз” маркийн “69-92 УБВ” улсын дугаартай “30-85 ТЧ” чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд 4.293.000 төгрөгийн шууд, 4.645.000 төгрөгийн нийт хохирол, жолооч Ц.Ганхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Г.Шинэцэцэг, 1 настай Ш.Сувд-Эрдэнэ нарын амь насыг хохироосон болох нь: 

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Алтанцэцэгийн өгсөн: "…Ү.Бын ахаас нь осол хэргийн талаар өглөө 07 цагийн үед утсаар мэдсэн. "Гэмтлийн эмнэлэг дээр яаралтай хүрээд ир" гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг дээр явж очсон. Осол хэргийн газарт очоогүй. Миний сонссоноор Налайх явна гэж гэрээсээ машинтай гарч явсан гэсэн. Талийгаач Ш.Сувд-Эрдэнэ, гэмтсэн хүү Ш.Хаш-Эрдэнэ хоёр манай дүү талийгаач Г.Шинэцэцэг, Ү.Батжаргал хоёрын төрсөн хүүхэд нь мөн. Гомдолтой байна. Нас барсан охины хохирогчоор оролцох хүсэлтэй байна учир нь Ш.Сувд-Эрдэнэ талийгаач Г.Шинэцэцэгээр овоглож явдаг, нарийн тооцоог гаргаагүй, баримтууд нь байгаа. Оршуулгын гарсан зардлыг нэгтгэж бичээд хэрэгт хавсаргана. Ш.Хаш-Эрдэнийн эмчилгээний гарсан зардлыг мэдэхгүй байна. Ш.Хаш-Эрдэнийн тухайд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, биеийн байдал нь гайгүй байгаа гэсэн. Ш.Хаш-Эрдэнийн биеийн байдал гайгүй зөвхөн баруун хөл нь жаахан бэртсэн байсан болохоор би нэг их тоогоогүй.” /хх-34-36/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ганхуягийн өгсөн: “…Эмчилгээнд хэдэн төгрөг гарсан талаар нарийн тооцож гаргаагүй байна. Эмчилгээний гарсан болон журмын хашаанаас машиныг авсан, үнэлгээ хийлгэсэн гэх зэрэг төлбөрийн баримтууд бүгд байгаа авчирч хэрэгт хавсаргана. Би тухайн орой ойрын гэрэлтэй явсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Өөдөөс машин урсгал сөрөөд ороод ирэхээр нь би гэрлээрээ дохисон болохоос биш холын гэрэл дээрээ тавиагүй. Гомдолтой байна, зүгээр явж байгаад осолд орж биедээ болон эд хөрөнгөндөө хохирол авсан. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ.” /хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн байцаалтад гэрч С.Цэцэгсүрэнгийн өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын    27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн орчимд гэртээ унтаж байхад урд зам дээр түс тас хийх чимээ гарсан. Буцаад унтах гэхэд гадаа хүн уйлаад орилоод байхаар нь хувцсаа өмсөөд гадаа гарахад “Камаз” автомашин суудлын машинтай мөргөлдсөн ойр хавьд 3-4 залуу ирчихсэн зогсож байсан. Жижиг машин дээр явж очиход жолооч залуу нь орилоод арын сандалд эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд сууж байсан. Жолоочийн хажуу талд 1 эмэгтэй, 1 хүүхэд ухаангүй байсан. Тэгээд 102-т дуудлага өгсөн. Харанхуй байсан, гэрэлтүүлэг асаж байсан, машины хөдөлгөөн бага байсан. Жижиг машины жолооч орилоод л байсан, “Камаз” машины жолооч нь машинаасаа буучихсан байсан. Гадаа их дуу чимээ гарсан.” /хх-77-78/ гэх мэдүүлэг,

 

  Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэгмидийн өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын      28-ны өглөө 03 цаг 30 минутын орчимд ээжээсээ "аав явж байгаад Хужирбулангийн замд автомашинтай мөргөлдсөн байна" гэж дуулаад шууд хэрэг болсон газарт явж очсон. Манай гэр осол болсон газраас 4-5 буудлын зайтай байдаг. Хэргийн газарт явж очиход хоёр машин өөдөөсөө мөргөлдсөн байдалтай байсан. Манай аав замынхаа урд талд байрлах төмөр хашлаганы орчимд хагас суугаа байдалтай байсан. Нөгөө суудлын автомашин дотор жолооны ард нэг эрэгтэй байсан. Тэр хүн ухаантай байсан, жолоочийн хажуу талын урд сандалд нэг эмэгтэй хүн, нэг хүүхэд байсан. Мөн машины ард сандалд сууж явсан гэх хоёр хүүхдийг машинаас гаргаад өөр машинд суулгачихсан байсан.” /хх-96-97/ гэх мэдүүлэг,

 

  Мөрдөн байцаалтад гэрч У.Гүрбазарын өгсөн: “…Би Хужирбуланд хүн буулгачихаад буцаад хотын төв орохоор явж байх замд хоёр автомашин мөргөлдсөн байдалтай байхаар нь өөрийнхөө утсаар 102, 103 дугаарын утсанд дуудлага өгсөн. Суудлын автомашины жолооны ард нэг эрэгтэй хүн, хажуу талын урд сандалд нэг хүүхэд, нэг эмэгтэй хүн, арын сандалд хоёр хүүхэд байсан. Камаз маркийн автомашины жолооч нь замын урд талын төмөр хашлага налаад уначихсан байдалтай байсан.” /хх-99/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад гэрч  Ү.Батцэнгэлийн өгсөн: “…Ямар ч байсан осол болох үед миний охин Б.Энэрэл манай дүү Ү.Бтай цуг явж байсан. Б.Энэрэлийн хувьд нэг их учирсан гэмтэл гээд байх зүйл байхгүй. Б.Энэрэлийг шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” /хх-79-80/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч А.Ариунболдын өгсөн: “…Машиндаа эвдрэлийн үнэлгээ хийлгээгүй. Найз Ү.Баас машинтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй.” /хх-105/ гэх мэдүүлэг,

 

              Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн №1511 дугаартай дүгнэлтэд:

  1. Талийгаачийн цогцост гавал болон цээжний хөндийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтэл, гавлын баруун чулуулаг ясны дундаас дагзны баруун төвгөрийг дайрч нугасны том нүх рүү үргэлжилсэн баруун чамархайгаас баруун чулуулаг яс, турк эмээлийг дайрсан шугаман хугарал, мөн турк эмээлийн бүтэц эвдэрч өнчин тархи ил гарсан, зүүн нүдний ухархайн дээд хана цөмөрсөн хугарал, цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5 дугаар хавирга, баруун талд 2, 3 дугаар хоёрлосон хугарал, хугарал орчмын зөөлөн эд булчинд цус хуралт, өвчүү яс далд хугаралтай, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, гол судас, үнхэлцэг хальс, баруун, зүүн уушгины гялтан, дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун бугалга, баруун шуу, баруун сарвуу, баруун шилбэ, зүүн мөр, зүүн шилбэний цус хуралт, зулгаралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Талийгаач OI бүлгийн цустай байна.
  4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. Талийгаач нь 2017.7.28-ны өдөр 02 цаг 40 мин-аас 03 цаг 40 мин хооронд нас барсан байх боломжтой.” /хх-112-114/ гэх дүгнэлт,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-117-118/,

 

              Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн шинжээчийн №1512 дугаартай дүгнэлтэд:

  1. Талийгаачийн цогцост гавал болон цээж, хэвлийн хөндийн, дээд мөчдийн эрхтэнүүдийн хавсарсан гэмтэл, толгойн хуйхны том хэмжээний урагдсан шарх, гавлын хөндий бүрэн нээгдэж, гавлын орой яс, дух, чамархай зулайн дунд хэсгүүд үйрч бяцарж ясны олон хэлтэрхий үүсгэж үйрж, салсан хугаралтай, хөхлөг сэртэн хүртэл үргэлжилсэн хөндлөн шугаман хугарал, мөн баруун, зүүн нүдний чамархайн дээд хана, самалдаг цөмөрсөн хугаралтай, суурийн дунд хонхор баруун талдаа турк эмээлийн хажуу хэсгээр босоо цөмөрсөн хугарал, зүүн талд хөндлөн шугаман хугарал, тархины хатуу хальс урагдал, тархины эд хэлбэргүйтэл, тархи хөндлөн урсаж гарсан, 2 уушгины гялтан доорхи болон гол судасны гадна хана, элэгний урагдал, няцрал, цус хуралт, зүүн атгаалын далд хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Талийгаач AII бүлгийн цустай байна.
  4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. Талийгаач нь 2017.7.28-ны өдөр 02 цаг 40 мин-аас 03 цаг 40 мин хооронд нас барсан байх боломжтой.” /хх-120-122/ гэх дүгнэлт,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-125/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9805 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.Ганхуягийн биед бүсэлхийн 5 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. " /хх-128/ гэх дүгнэлт,

              Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн

шинжээчийн №7424 дугаартай дүгнэлтэд:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Ү.Б 27/эр” гэж хаягласан цусанд 1.5 промилли спиртны агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1.5 промили спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /хх-148/ гэх дүгнэлт,

 

              Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

              1. "Киа оптима” маркийн “31-58 УНП” улсын дугаартай автомашин жолоодон явсан Ү.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан  "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2-д заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2. "Камаз” маркийн “69-92 УНВ” улсын дугаартай автомашин жолооч Ц.Ганхуяг нь ямар нэгэн зүйл заалт зөрчсөн байх үндэслэлгүй.

              3. "Камаз” маркийн “69-92 УНВ” улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр уг автомашины хурдыг тодорхойлж гаргах боломжгүй. Учир нь обьект мөргөж зогссон болно.” /хх-151/ гэх дүгнэлт,

 

              -“ЛЭНДС” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-130, 133-134, 131-132, 135-137/,

              -Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-11, 12-23/,

              -Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23, 24-26/,

              -Хохирол нэхэмжилсэн баримт /хх-48-52, 66-67/, 

              -Нас барсаны гэрчилгээний хуулбар /хх-40-41/,

              -ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-90-92/,

              -Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-94-95/,  

             -Шүүгдэгч Ү.Бын ял шалгах хуудас /хх-196/,

  -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөн Ү.Бын өвчний түүх /хх-197/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ү.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Ү.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д заасан хорих ялыг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хохирогч Ц.Ганхуяг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алтанцэцэг, иргэний хариуцагч А.Ариунболд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ү.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Мөн шүүгдэгч Ү.Бын хүүхэд болох Ш.Хаш-Эрдэнийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн   66.1-д зааснаар асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахаар тогтов.

           

            Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

            Хэрэгт Ү.Бын жолоочийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овгийн Ү Быг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Ү.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн   66.1-д зааснаар Ү.Бын хүүхэд болох Ш.Хаш-Эрдэнэ /РД: УК13250991/-д асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ү.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хариуцагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах гэм хорын болон эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Ү.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

 8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ү.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                        Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ