Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/28

 

 

 

 

 

      2023           12            28                                          2024/ДШМ/28

 

Г.Д , Г.Знарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д , түүний өмгөөлөгч С.Чинзориг,

яллагдагч Г.Д-н өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/1615 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2303003190401 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн Г.Д , .... оны .. дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, ... борлуулагч ажилтай, ам бүл .... хамт .... тоотод бүртгэлтэй, .... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

2. Нохой буянт овгийн Г.З , ....ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .... эрхэлдэг, ам бүл ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../.

 

            Яллагдагч Г.Д  нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуслангийн зам Шадивлан зуслангийн “CU” дэлгүүрийн баруун талын замд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 20 минутын орчимд “...” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 3.4. Жолооч дараахь үргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явахдаа “...” маркийн ...улсын дугаартай автомашинд шахагдан замаас гарч зогсоол дээр зогсож байсан явган зорчигч, 71 настай, эрэгтэй М.Н-г мөргөж түүний амь нас хохирсон,

            Яллагдагч Г.З  нь тухайн цаг үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтуудыг зөрчиж “...” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй зэргэлдээ эгнээнд орсны улмаас уг автомашин шахагдан замаас гарч зогсоол дээр зогсож байсан явган зорчигч, 71 настай, эрэгтэй М.Н-г мөргөж түүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Д , Г.З нарын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Д , Г.З  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2303003190401 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д гийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хохирогчийн өмгөөлөгч С.Чинзоригийн хүсэлтийг хангаж, хэргийг Тээврийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Итгэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан. Уг аргачлалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилж хүснэгт гаргасан ба уг таван зэрэглэлд хүний амь нас хохирсон тохиолдол байхгүй байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд. Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.1-т Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсалтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.”, 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511,5-д заасны дагуу арилгана.” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээч томилж тогтоолгохоор хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, Иргэний хууль гэсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосон эрх зүйн баримт бичгүүдэд хүний амь нас хохирсон тохиолдлыг сэтгэцийн эмгэгийн 1-5 дугаар зэрэглэлийн аль нэгд хамааруулаагүй харин Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар шүүх тогтоохоор заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ гэж заасан мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасныг баримтлан шүүх шаардлагатай гэж үзвэл хэргийг прокурорт буцаахгүй өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрх шинжилгээг хийлгэх боломжтой. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна. Уг хэрэг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр буюу Шүүх шинжилгээний тухай хуулийн хүний биед шинжилгээ хийх талаар зохицуулсан холбогдох заалт хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан хуулийг буцаан хэрэглэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/1615 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д гийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хянагдаж байхад нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй хамт мөрдөгч Баяраатай очиж уулзсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дуусч байсан. Гол нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах талаар жишиг аргачлалын дагуу мөрдөгчийн тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний байгууллагад хандаад шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болохыг хэлсэн. Үүнийг хэлэхэд мөрдөгчөөс өөрийн гаргасан тогтоолыг харуулсан бөгөөд “ийм албан бичиг явуулахаар буцаагаад байна. Шинжээчийг цаанаа томилж өгөхгүй байна” гэж хэлсэн. Мөрдөгчөөс уг асуудлыг прокурорт танилцуулаад явах хэрэгтэй гэсэн. Дараа нь хэргийн материалтай танилцах гээд очиход яллагдагч Г.З өмгөөлөгч нь Улсын ерөнхий прокурор хүртэл гомдлоо гаргасан байсан. Бидний зүгээс хэргийн материалтай танилцъя гэхээр гомдол хянаж байгаа гэх үндэслэлээр хэргийн материалтай танилцуулаагүй. Ингээд гомдол гаргах эрх хязгаарлагдсан. Хэргийн материалтай танилцаагүй байхад ямар үндэслэлээр гомдол, хүсэлт гаргах вэ дээ. Прокурорын зүгээс хэргийг шийдвэрлэж болно гэдэг байдлаар ханддаг. Шүүх, прокурор шинжилгээний байгууллага биш. Хуульд шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулна гэж заасан. Сэтгэцэт учирсан хохирлын талаарх дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна. Иргэний хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу шийдвэрлэж болно, мөн дундаж наслалттай харьцуулаад аль ашигтай байдлаар нь шийдвэрлэх боломжтой гэж байна. Энэ нь эцсийн мөчид шүүх шийдвэрээ гаргахдаа л баримтлах зарчим байдаг. Прокурор зарчмын хоёр өөр зөрүүтэй ойлголтыг тайлбарлаад байна. Мөн хууль буцаан хэрэглэх, хэрэглэхгүй асуудлыг ярьж байна. Хууль буцаан хэрэглэхгүй гэж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Уг хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна. Ямар нэгэн байдлаар хууль буцаан хэрэглэх, хэрэглэхгүй асуудлыг ярих нь зохисгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн Г.Д-н өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас яллагдагч Г.Д , Г.З нарыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д гийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.”, 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж тус тус хуульчилсан.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын журмын нэгдүгээр хавсралтын 2.1-д “...шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ...”,

2.2-т “...хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ... шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана.” гэж тус тус зааснаар шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох үүрэгтэй байна.

 

2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаар тогтоолын хавсралтын 2.1-т “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно., 2.2-т “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно...” гэж тодорхой тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/1615 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Итгэлийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН