| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважаргалын Тунгалаг |
| Хэргийн индекс | 118/2025/0007/З |
| Дугаар | 118/ШШ2025/0018 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 118/ШШ2025/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ******* овогт *******ын гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Боловсролын газарт холбогдох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжаас 7 456 626 төгрөгийг олгохгүй байгаа Завхан аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 7 456 626 төгрөг олгохыг Завхан аймгийн Боловсролын газарт даалгуулах гэж тодорхойлсон.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. Нэхэмжлэгч Р. нь Завхан аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Завхан аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/99 дүгээр тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.
2.2. Хариуцагч захиргааны байгууллагаас 39 127 374 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгосон Р.д 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон.
2.3. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 11 дүгээр сараар бус, 55 насанд хүрсэн 2024 оны 04 дүгээр сараар тасалбар болгон төрийн албанд ажилласан сүүлийн 3 жил /36 сар/-ийн албан тушаалын үндсэн цалингийн дунджийг тодорхойлон, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг үндэслэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн.
3. Хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч “…нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн “сүүлийн 3 жил”-ийг 55 насанд хүрсэн 2024 оны 4 дүгээр сараар бус, ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 11 дүгээр сараар тасалбар болгон тодорхойлох, мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар нэмэгдүүлэн тогтоосон цалингийн хэмжээг үндсэн цалинд тооцох ёстой байтал хариуцагч захиргааны байгууллагаас тус тус буруу тодорхойлон тооцож, буцалтгүй тусламжийг дутуу олгосон…” гэж маргасан.
3.2 Хариуцагч “…нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох тухайн албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална гэсний дагуу нэхэмжлэгчийн үндсэн цалинг нь тодорхойлж, батлагдсан төсвийн хүрээнд нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг бүрэн олгосон…” гэж тайлбарласан.
3.3 Нэхэмжлэгч дээрх маргаан бүхий асуудлаар Завхан аймгийн Боловсролын газарт гомдол гаргасан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/507 дугаар албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар:
4.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн сумын ******* бригадын цэцэрлэгийн эрхлэгчээр, ...******* сумын цэцэрлэгийн эрхлэгчээр, ... сумын цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажилласан буюу төрийн байгууллагад 36 жил, 04 сар тасралтгүй ажилласан... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Боловсролын газрын даргын Б/99 тоот тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр чөлөөлөгдсөн. Завхан аймгийн Боловсролын газраас Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу надад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо журмын 1.1, 2.1, 2.3, 5.4-т заасныг зөрчиж, миний сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн дунджаар тооцох байтал 2021 оны 4 сараас 2024 оны 4 сар хүртэлх хугацааны үндсэн цалингийн дунджаар бодож миний олон жил ажилсан хугацааны тусламжийг дутуу тооцож олгосон…Төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаа 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг хуульд заасны дагуу бүрэн тооцож олгоогүй, Завхан аймгийн Боловсролын газраас 2024 оны 12 сард 9 дүгээр сард 39 127 374 төгрөгийн тэтгэмжийг олгож, үлдсэн 7 456 626 төгрөгийн тэтгэмжийг өгөлгүй хохироосон… Намайг ажлаас чөлөөлөхөөс өмнөх буюу 2021 оны 12 сараас 2024 оны 11 сарын 29-ний өдрийн үндсэн цалингийн дунджаар тооцож олгоогүй. Учир нь 2021 оны 12 сараас 2024 оны 11 сарын 29-нийг хүртэлх хугацаанд цэцэрлэгийн эрхлэгчийн (ТҮБД) үндсэн цалинг тооцоход 2021 оны 12 сараас 2024 оны 11 сарын хооронд 36 сар 46 585 216 төгрөг байна. Үүнийг 36 сард хуваахад сүүлийн 36 сарын дундаж үндсэн цалин 1 294 000 төгрөг болно. Үүнийг 36 сараар үржүүлэхэд 46 584 000 болж байгаа ба надад уг тусламжаас 39 127 374 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 7 456 626 төгрөгийг одоог хүртэл шилжүүлээгүй байна... Төсвийн төсөөлөл авахаар, нягтлан бодогч ерөнхийд нь хүлээлгэж өгсөн. Би 2024 оны 7 дугаар сард төсвийн төсөл өгч байх үед 36 жилээ гүйцээж гарна. 2024 оны 4 дүгээр сард гарахыг зөвшөөрөхгүй байгаа гэдгээ нягтланд хэлж байсан. 35 жил хэдхэн сар ажиллаад гармааргүй байна, насаараа ажиллаж байгаа юм чинь 36 жилээ гүйцээгээд 2024 оны 7 дугаар сард миний 36 жил гүйцнэ тэр үед тэтгэвэртээ гарна гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед 2024 оны 4 дүгээр сар дөхөөд ирэхэд Боловсролын газарт таны тэтгэмж суусан. 35 жил ажилласан байна. 36.000.000 төгрөгийн тэтгэмж олгогдохоор байна гэдэг мэдээлэл ирсний дагуу хариу өгсөн. Би нэгэнтээ ажилласан юм чинь 36 жилээ гүйцээмээр байна. Завхан аймгийн сумын цэцэрлэгийг 4 удаа мөөгөнцөртсөн байхад улсын төсөв болон бусад төрийн бус байгууллагын төсөвт оруулан мөөгөнцрийг арилгуулсан. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, бусад дарга нартай уулзаж цэцэрлэгийн төсөвт мөнгө суулгуулж, 2024 оны 7 дугаар сард шинэ цэцэрлэг барьж эхлүүлэхээр барилгын ажил төлөвлөсөн байсан. Би шинэ цэцэрлэгийн ажлыг эхлүүлээд гаръя, 2024 оны 10 дугаар сард эхлэх юм байна. Миний 36 жил ч тэр үед гүйцнэ гэж санал өгсөн. Тухайн үед миний оронд томилогдох эрх бүхий албан тушаалтан байгаагүй. Намайг 2024 оны 4 дүгээр сард чөлөөлсөн бол ажлаасаа чөлөөлөгдөх боломжтой байсан. Миний ганцхан хүссэн зүйл нь 36 жилээ гүйцээх байсан. Би албан ёсоор өргөдөл өгөөгүй. 2024 оны 4 дүгээр сараас өмнө Боловсролын газрын даргатай очиж уулзаад, энэ учир шалтгааныг хэлсэн. 2024 оны 4 дүгээр сард тэтгэвэртээ гарах гэхээр 36 жил гүйцэхгүй байна, хоёрдугаарт, насаараа ажилласан учраас цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр гарах санаатай гэдгээ хэлсэн. Тэгэхэд газрын дарга бид хоёрыг хоёуланг дуудаад, хэрвээ намайг чөлөөлөөд буцаагаад томилъё гэхээр удирдах албан тушаалтан дахиад сарын хугацаанд Авилагтай тэмцэх газар мэдүүлгээ өгдөг учраас боломжгүй. Тийм учраас үргэлжлүүлэн ажиллаачээ, Г.******* энэ хүнийг зохицуулаарай гээд цаасан дээр буулгаж өгөөгүй ч бид хоёрт хоёуланд нь хэлсэн юм... Миний тооцоолсноор сүүлийн 3 жилээр дундажлаж байгаа учраас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэхээр 2024 оны 12 дугаар сарын 1-нээс тасалбар болж байгаа учраас тэтгэмж бодох хугацаа 2021 оны 12 дугаар сар 964 899 төгрөг байж байгаад, 2022 оны 4 дүгээр сард Боловсролын сайдын тушаалаар миний цалин нэмэгдэж үндсэн цалин 1 182 500 төгрөг болсон. Тэгэхээр Боловсролын сайдын тушаал хүчингүй, Засгийн газрын тогтоол хүчинтэй гээд дахиад 15 сарын үндсэн цалинг 965 899 төгрөгөөр бодохоор миний мөнгө доогуур байгаа. Нэхэмжлэлээ өгөхдөө 2022 оны мөнгийг бодуулахаар цалин нэмэгдсэн 4 сараас 1 182 508 төгрөг гэхээр 15 сарын цалин байгаа. Би төрд хоёргүй сэтгэлээр ажиллачихаад ийм зөрүү гарсан байгаа. Төрд ажилласан 7 сарыг нэмэлтээр бодож тэтгэмж өгөхгүй байгааг хууль бус гэж үзэж байна... гэв.
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуультай холбогддог. Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөг дараах байдлаар эдэлнэ гэсэн үүрэг байгаа. Ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн ая тухтай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өндөр наслах, хуульд заасан бусад тохиолдолд мөнгөн тусламж авах гэсэн үндсэн эрхээр хангагдсан. Энэ эрхтэй салшгүй холбоотой нэхэмжлэлийн шаардлага байгаа юм. Хугацаа нийт 37 жил төрд ажилласныхаа тэтгэмж нөхцлийг бүрдүүлсэн. Үндсэн хуульд заасан 18 эрхийн 1 эрх нь байгаа. 2024 оны 4 дүгээр сараас хойш 2024 оны 11 дүгээр сар хүртэл ажилуулсан байгаа. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Албадан хөдөлмөрлүүлсэн асуудал харагдаж байна. Тэр хугацаанд ямар учиртай юм, энэ хүн ажлаа хүлээлцэх гээд байгаа юм уу? Хуулийн заалт болон Засгийн газрын нэг удаа тэтгэмж олгох журмаараа бол ажлаас чөлөөлөгдсөн байх шаардлага байгаа. Тэтгэмж суулгаад цаашаа тэтгэмж олгох хүртэл ажлаас чөлөөлсөн тушаалыг зайлшгүй хавсаргаж өгч байгаа. Энэ тушаалыг яагаад хавсаргаж олгох ёстой байгаа юм бэ? Хэрвээ төсвийн төсөөлөл гэдэг баримжаагүй нөхцөл байдлаараа шууд тэтгэмжийг олгочхоод, энэ хүнийг дахиад 4-5 жил ажиллуулсан байвал яах уу? Тэр хугацаанд энэ хүн хохироод тэтгэмж суугдахгүй, нэгэнт хүсэлтээ өгсөн, төсөв улсын төсөвт суусан хөдөлшгүй баримт энийгээ л ав, цаашдаа хэдэн жил ажилласан ч тэтгэмж олгох асуудал яригдахгүй гэдэг асуудал гарч ирээд байна. Энэ хүнийг ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж чөлөөлөөгүй байж, 2024 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулчихаад дараа нь болохоор 12 сар хүртэл гээд, энэ ганцхан 12 сарын асуудал биш. Засгийн газрын журмаараа 5.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгоход шаардах хөрөнгийг дээд шатны байгууллага болон тухайн байгууллага нь жил бүр төсөвтөө тусгана гэсэн байгаа. Тэрнээс төсвийн төсөөллөөрөө шууд авна гэсэн ойлголт яригдахгүй. Төсөөлөл явуулсан хэмжээгээрээ тэр хүнд тэтгэмжийг олгоно гэсэн Засгийн газрын тогтоол байх боломжтой. Зөвхөн төсөвтөө суулгана гэсэн болохоос төсвийн төсөөллөөрөө энэ хүнд тэтгэмж олгоно гэсэн асуудал биш. Засгийн газрын журмаараа 5.2 дахь хэсэгт нэг удаагийн тэтгэмжийг томилогдсон хугацааг харна гэсэн, Засгийн газрын журмаараа 5.3 дахь хэсэгт Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаад, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа журамд заасны дагуу нэг удаагийн тусламж олгоно гэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа үндэслэлтэй байна. Яагаад гэхээр тухайн жилдээ ажлаас халагдсан тушаал гаргаад, дараа жилийн төсөвтөө суулгаад явах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Агуулгаараа бүх баримтуудаа бүрдүүлээд өгсөн байхад ийм асуудал гарсан. Энийг хавтгайруулж ойлгоод, тэтгэвэрт гарах нас болсон, төрсөн өдөр тэдэн сарын тэдний өдөр байна гээд, төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажлын байраар шахаж байгаа, журмыг буруу тайлбарласан асуудал гараад байна. Тусгайлан заасан Засгийн газрыг тогтоол байхад, буруу тайлбарлаж хэрэглээд байгааг ойлгохгүй байна... Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар өндөр насны тэтгэвэртэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэсэн тогтоол байгаа. Энэ дээр саяны яриад байгаа 55 насанд хүрсэн учраас тэтгэмжээр хангагдсан байдлаар тайлбарлаад байгаа. Насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтээ хэзээ гаргах вэ? гэдгийг тодорхой заагаад өгсөн. Албан хаагч 60 насанд хүрсэн бол Төрийн албаны тухай хуулийн 46.3 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт бүртгэх хугацаанд хүсэлтээ гаргана гэсэн зохицуулалтыг тайлбарласан байгаа. Эрх үүссэн гэж байгаа болохоос төрийн албаны тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц гэдэг нөхцлүүдийг дагахгүй гэж үзэж байна. Энэ нөхцөл дээрээс харахад 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц зохицуулалт руу орохгүй. Яриад байгаа нөхцөл байдал нь нэгэнт журамд заасан Засгийн газрын журмаараа 5.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгаа. Засгийн газрын журмаараа 5.3 дахь хэсэгт хэзээнээс тусламжийг бодож олгох ёстой юм, хэзээнээс энэ хүн тусламж авах эрх үүсэж байгаа гэдэг асуудал яригдаж байгаа. Төрийн алба хаагч хүн хэзээ тэтгэмж авах ёстой, хэзээ шаардах эрх нь үүсээд байгаа гэхээр, чөлөөлөгдсөнөөс хойш үүсээд байгаа. Хэрвээ ажлаас чөлөөлөгдөөгүй бол энэ хүн тэтгэмж авах ямар ч боломжгүй. Энэ зохицуулалтаар буцалтгүй тусламжийг дутуу олгосон эс үйлдэхүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна... гэв
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Р.гийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай журам”-ын 2.3-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална гэсний дагуу тооцоолсон… Боловсролын газар, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын дагуу дундаж цалин хөлсийг 2024 оны 04 дүгээр сараас урагш 36 сараар тооцсон. Бид нар 2023 оны 07 дугаар сард төсвийн төслийг нэгж байгууллага болгоноос хүлээж авдаг. Нэгж байгууллагын удирдлага нягтлан бодогч нар тухайн төсвийн төслийн саналыг хянаж үзээд Боловсролын газарт нэгтгүүлэхээр ирүүлдэг. Тийм учраас тухайн байгууллагын саналыг үндэслэж суулгасан учраас бид нар хянах, харах шаардлагагүй гэж үзэж байгаа… Тэтгэвэрт гарах гэж байгаа хүнд олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцоолж, Засгийн газарт явуулж, Улсын Их Хурлаар батлуулдаг. Ингэж тооцоолсон 2023 оны Р. эгчийн өргөдөл хэргийн материалд байгаа. Хэдийгээр хугацаа тавиагүй ч гэсэн, бид нар ирээдүйд болох үйл ажиллагаанд заавал тасалбар болох хугацаагаар тооцдог. Энэ хугацааг тухайн хүний тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн он, сар, өдрөөр тасалбар болгодог, энэ хүн 2024 оны 4 дүгээр сарын 10-ний өдөр төрсөн учраас 4 дүгээр сараар тасалбар болгоод урагш 36 сараар тооцсон. Энэ тооцооллыг бид нар яаманд хүргүүлээд, 2023 оны 8 дугаар сард Төсвийн тухай хуулиар батлуулсан. Мөн 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 6 сар хүртэлх үндсэн цалинг 1 182 500 төгрөгөөр бодоогүй байна гэдэг асуудал яригдаж байгаа. Тухайн төсвийн төсөл хийх үед ч, дараа нь ч өөрөө тайлбар авах гээд ирэх үед нь ч хэлж байсан. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолыг үндэслэнэ. Журмын 2, 3 дахь хэсэгт нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална гэж заасан тул энэ журмын дагуу бодно. Түүнээс Сайдын тушаалаар бод гэсэн зүйл байхгүй учраас Засгийн газрын тогтоолыг үндэслэн үндсэн цалинг тодорхойлж бодсон. Нэхэмжлэгч энэ 7 000 000 төгрөгийг нэхэмжлэхдээ 2024 оны 11 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэл нэмэгдсэн цалин буюу 1 544 000 төгрөгөөр тооцоолол хийсэн байна. Төсвийн төсөлд тэтгэмжийг суулгахдаа урьд онд нь тухайн үед хүчин төгөлдөр байгаа дүрэм, журмыг үндэслэдэг. Гэтэл 2024 оны 4 дүгээр сарын 1-нд цалин нэмэгдээд эрхлэгчийн цалин төсвийн төсөлд орж байх үед 1 404 000 төгрөг байсан. Дараа жил нь 2024 онд 1 544 000 төгрөг болж нэмэгдэж орж ирсэн. Бид нар төсвийн төсөлдөө өмнөх онд нь таамаглаж суулгадаг. Энэ цалин нэмэх асуудал 2023 оны 7 сард бид нарт тодорхой биш байсан. Нэгэнт батлагдсан төсвийг нэмээд өгөх гэхээр Улсын Их Хурлаар батлагддаг төсөв учраас бид нарт нэмэлтээр төсөв ирдэггүй. Р. дээр суулгасан төсөв бол 2023 онд батлагдаад, 2024 онд санхүүжилт болж орж ирсэн. Тэтгэмжтэй холбоотой тооцоолол бодолтыг өмнө жил нь төсвийн төсөлд тавихдаа бүх захирал, эрхлэгч нар, нягтлангуудад онлайнаар нээлттэй сургалт хийдэг. Засгийн газрын 07 дугаар тогтоолын дагуу ажилласан жилүүдийг тогтооно шүү, тооцоолллоо үнэн зөв хийж ирүүлээрэй, бид 700 хүний тэтгэмж, 80 гаруй хүний тэтгэврийг нэг бүрчлэн шалгах боломжгүй учраас төсвийн төслийн Edu.mn цахим программд бүрэн гүйцэт оруулах, 80 хүн байлаа гэхэд нэг хүний тэтгэмж дутуу хоцорчихвол эргээд тэр нь төсөв дээр өр болж орж ирдэг учраас бүрэн гүйцэт төсөвт суулгах ажлыг хариуцдаг. Тэгэхээр сайдын тушаал гэдэг зүйлийг Засгийн газрын тогтоолд заагаагүй учраас баримтлах боломжгүй. 2024 оны 11 дүгээр сараас өмнөх 2024 оны 4 дүгээр сар хүртэлх цалинг тухайн үед төсвийн төсөлд 2024 оны 4 дүгээр сараас өмнө буюу тэтгэвэр тогтоолгох хууль ёсны тэтгэврийн насанд гүйцсэн хугацаанаас өмнө суулгасан учраас тооцоололд ороогүй 7 000 000 төгрөгийн нэхэмжлэлд үндсэн цалинг 1 544 000 төгрөгөөр, 1 182 000 төгрөгөөр тооцоолох нь хууль бус гэж үзэж байна... Бид 2024 оны 4 дүгээр сар гэдэг хугацаагаар тасалбар болгосон учраас 2021 оны 5 сараас эхэлж сүүлийн 36 сарыг тооцсон. Р.д 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар дуусталх цалинг Сайдын тушаалаар 1 182 508 төгрөгөөр олгосон байсан. Журамд Засгийн газрын тогтоолоор тогтоосон гэж заасан байгаа учраас нэхэмжлэгчийн хүссэн 5 хувийн өссөн цалингаар биш, Засгийн газрын тогтоолоор тогтоосон 964 899 төгрөгийг үндсэн цалин гэж тооцно. Тэгээд 2023 оны 7 дугаар сард Засгийн газрын тогтоолоор цалин 1 404 000 төгрөг болж өссөн. Энэ өссөн цалингаар тооцоод энэ хүний тэтгэвэр тогтоолгох нас гүйцсэн гээд 2024 оны 4 дүгээр сар хүртэл 1 404 000 төгрөгөөр тооцож олгосон нь үндэслэлтэй... сумын цэцэрлэгийн нягтлан бодогч Р.г 2024 оны 1 сард тэтгэвэрт гарахаар тооцооллыг хийж, тэтгэмжийг 36 сая гээд бага тооцоолсон байсан. Тэгээд Р. надад алдаатай тооцоолол байна гэдгийг хэлээд 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоолол хийгээд чатаар явуулсан байсан. Тэрийг үзээд яамны төсвийн ажилтан Гансүмбэрэл гэдэг хүнтэй ярилцсан. Яагаад гэвэл тухайн суугдаад ирсэн тэтгэмжийг нэмж хасах эрх бидэнд байхгүй. Гансүмбэрэл мэргэжилтэнд учир байдлыг яриад, ийм алдаа гаргасан учраас тэтгэмж дээр ийм хэмжээний зөрүү гарч байна гэсэн. 68 хүн тэтгэвэрт гарах байснаас 1 хүний тэтгэмж буцахаар болсон. Яамны мэргэжилтэн ийм тооцооллын алдаа байгаа бол энэ хүнийг хохироохгүй боломжит 39 000 000 төгрөгийг олго гэсэн. Тэгээд нэг хүний тэтгэмж олгогдохгүй буцаж байгаа учраас тэр мөнгөнөөс Р.гийн мөнгийг нэмж олгосон... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг хариуцагчаас буруу тооцоолж, дутуу олгосон хэмээн үзэж, уг тусламжийн зөрүү 7 456 626 төгрөгийг олгохгүй байгаа Завхан аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 7 456 626 төгрөг олгохыг Завхан аймгийн Боловсролын газарт даалгуулахаар гаргасан нэхэмжлэгч Р.гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг дараах байдлаар үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байх ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаас харахад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн албан тушаал төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын ангиллын ТҮБД-5 зэрэглэлд хамаарч байна.
3. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “Багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана: …13.3.4.төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, …боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгох”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “…төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заажээ.
4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан.
5. Журмын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, …-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон… төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”, 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.”, 2.2-д “Энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн албан хаагчид 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна. 2.3-т “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ...төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална”, 5.4-т “Төрийн албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц, болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацаа, үндсэн цалинг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу захиргааны байгууллага төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг үнэн зөв тодорхойлох үүрэгтэй байна.
6. Нэхэмжлэгч Р. нь Завхан аймгийн Эрдэнхайрхан сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд буюу ТҮБД-5 албан тушаалын зэрэглэлээр 1 544 000 төгрөгийн үндсэн цалин авч ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн/-д заасан үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд төрийн албанд нийтдээ 36 жилээс дээш хугацаагаар ажилласан болох нь Завхан аймгийн боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/99 дүгээр тушаал, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн бичилт, цалингийн карт, гэрчийн мэдүүлэг, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 140/ШШ2024/ 00457 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 16, 17-58, 101, 106-108 дугаар хуудас)
7. Эдгээр үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй, хариуцагч захиргааны байгууллага нь дээрх хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “…тусламж авах…” нийтлэг баталгаагаар нэхэмжлэгчийг хангах үүрэгтэй бөгөөд Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.15-д зааснаар харьяа нутаг дэвсгэртээ боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;…28.2.15.хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.
8. Хариуцагч Завхан аймгийн Боловсролын газраас нэхэмжлэгч Р.д нэг удаагийн буцалтгүй тусламж 39 127 374 (гучин есөн сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун далан дөрөв) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон байх ба ийнхүү олгосон талаар хэргийн оролцогчид маргаагүй. (Хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд)
9. Харин өндөр насны тэтгэвэрт гарахад олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжийг хариуцагч захиргааны байгууллагаас тооцохдоо “үндсэн цалингийн дундаж” болон үндсэн цалингийн дунджийг тооцоолоход баримтлах “сүүлийн 3 жил”-ийг тус тус буруу тодорхойлж, дутуу олгосон хэмээн нэхэмжлэгч тайлбарлан маргасан.
10. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг хэрхэн тодорхойлох талаар:
10.1. Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг 5 хувиар нэмэгдүүлэн тогтоосон хэмжээг нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцох үндсэн цалингийн хэмжээ гэж ойлгоно гэх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар үндэсгүй байна.
10.2. Учир нь “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.3-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлохдоо Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ...төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримтална” гэж эргэлзээ утгагүйгээр тодорхой нарийвчлан заасан байх тул салбарын сайдын тушаалаар нэмэгдүүлэн тогтоосон цалингийн хэмжээг нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээ гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэстэй.
10.3. Тодруулбал, нэхэмжлэгч нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаал болон түүнийг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар нэмэгдүүлэн тогтоосон цалингийн хэмжээ буюу 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 7 дугаар сарыг хүртэлх нийт 15 сарын хугацаанд сар бүр 1 182 508 төгрөгөөр тооцон олгосон цалингийн хэмжээг үндсэн цалин гэж үзэж дээрх хэмжээгээр тодорхойлсон нь дээрх журамд нийцэхгүй байна.
10.4. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг тогтоосон байх ба уг тогтоолын 2 дахь заалтаар салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг тухайн жилийн батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд зохицуулж шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрснөөр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 дугаар тушаалаар /нэгдүгээр хавсралт/ сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-5 зэрэглэлийн цалинг 1 126 198 төгрөгөөр тогтоож, тушаалын 2 дахь заалтаар ...ТҮБД ангиллын 5 дугаар шатлалаар 2022 оны 1, 2 дугаар сард цалинжиж байсан багш, ажилтны цалингийн доод хэмжээг энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хэмжээнээс 5 хувиар нэмэгдүүлэн тогтоохыг холбогдох төсвийн шууд захирагч нарт даалгаж шийдвэрлэсэн байна.
10.5. Ингэснээр сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/04 дүгээр, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг 1 182 508 төгрөгөөр тогтоосон байх ба 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид дээрх хэмжээгээр үндсэн цалин олгосон нь цалингийн карт зэрэг баримтаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 11-12, 55-56 дугаар хуудас)
10.6. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар тогтоосон дээрх хэмжээгээр бус “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.3-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан ...төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээг баримталж нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тодорхойлсон нь зөв байна.
10.7. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 107 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-5 зэрэглэл /цэцэрлэгийн эрхлэгч/-ийн цалингийн доод хэмжээг 964 899 төгрөгөөр тогтоосон тул дээр дурдсан 15 сарын сар бүрийн үндсэн цалингийн хэмжээг “964 899 төгрөг” гэж тодорхойлохоор байна.
11.Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоох тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджийг хэрхэн тодорхойлох талаар:
11.1. “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно” гэж заасан.
11.2. Дээрх журмын зохицуулалт болон Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтаас харахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох урьдчилсан нөхцөл нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон байх явдал юм.
11.3. Нэхэмжлэгчийн тухайд Завхан аймгийн Боловсролын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/99 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх ба уг шийдвэрийг үндэслэн нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч Р.д өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоор 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 16, 101 дүгээр хуудсанд)
11.4. Энэ үйл явдлаар эцэслэн нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 жил /36 сар/-ийг тодорхойлох нь дээрх журамд нийцэхээр байх ба уг хугацааг тийнхүү тоолоход 2021 оны 12 сараас 2024 оны 12 сарыг хүртэлх нийт 36 сарыг нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцох тухайн албан тушаал /цэцэрлэгийн эрхлэгч/-ийн үндсэн цалингийн сүүлийн 3 жил /36 сар/ гэж үзэж, уг хугацааны үндсэн цалингийн дунджийг тодорхойлохоор байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй.
11.5. Харин уг нэг удаагийн буцалтгүй тусламжийг нэхэмжлэгчийн 55 нас хүрсэн 2024 оны 04 дүгээр сараар тасалбар болгон сүүлийн 3 жил /36 сар/-ийн албан тушаалын цалингийн дунджийг тодорхойлон тооцож, төсөвт батлагдсан хэмжээгээр олгосон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 11 сараар тасалбар болгон сүүлийн 3 жил /36 сар/-ийн албан тушаалын цалингийн дунджийг тодорхойлж нэг удаагийн буцалтгүй тусламжийг бүрэн олгоогүй нь хууль бус бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, Төрийн албаны тухай хуульд заасан тусламж авах төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг хөндсөн гэж үзэхээр байна.
11.6. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д “Төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө жил бүрийн 7 дугаар сарын 09-ний дотор харьяалах төсвийн төвлөрүүлэн захирагчид хүргүүлэх” журмын дагуу Р.гийн 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг сумын цэцэрлэгийн нягтлан бодогчийн хийсэн тооцооллоор 2023 онд төсвийн төсөөллийг хийж, 2024 оны төсөвт батлуулсан хэдий ч бодит байдалд нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөнийг хариуцагч захиргааны байгууллага нэг удаагийн тусламжийг олгохдоо харгалзан үзэхээр байжээ.
11.7. Нэхэмжлэгч Р.гаас “…2024 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох…” тухай хүсэлт гаргасныг үндэслэн сумын цэцэрлэгийн нягтлан бодогчоос нэг удаагийн буцалтгүй тусламжийн тооцооллыг 2023 онд хийхдээ тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тодорхойлон тухайн албан тушаалын сүүлийн 3 жил /36 сар/-ийн дундаж цалинг дээрх хугацаагаар тасалбар болгон тооцож, 38 284 956 төгрөгөөр төсөв батлуулсан, Р.гийн хүсэлтээр уг тусламжийн тооцооллыг Завхан аймгийн Боловсролын газраас дахин хийж, түүний ажил эрхэлсэн сүүлийн 3 жилийг 55 нас хүрсэн 2024 оны 04 дүгээр сараар тасалбар болгон өөрчлөн тооцож, нэг удаагийн буцалтгүй тусламжийг 39 127 392 төгрөгөөр 2024 оны 12 сард олгосон, буцалтгүй тусламжийг дутуу олгосон гэж үзэж зөрүүг гаргуулахаар нэхэмжлэгч хариуцагч байгууллагад хандаж хариу авч байсан нь нэхэмжлэгч Р.гийн 2023 оны 06 дугаар сарын 16, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өргөдөл, хүсэлт, гэрч Б.*******, Я.******* нарын мэдүүлэг, шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, тэтгэвэрт гарах албан хаагчийн мэдээлэл, төрд ажилласан байдлын мэдээлэл, үндсэн цалингийн тооцоолол, төлбөрийн хүсэлт, Завхан аймгийн Боловсролын газрын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/507 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн талаар тооцооллын алдаа гаргаж батлагдсан төсвийг хариуцагчаас нэмж олгосон нь баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 16, 85-87, 97-102, 109-116, 119-122, 125-132 дугаар хуудас)
12. Нэхэмжлэгчээс төрийн албанд ажилласан зарим саруудын албан тушаалын үндсэн цалинг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар нэмэгдүүлсэн хэмжээгээр тодорхойлж, нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг 7 456 626 төгрөг гэж тооцоолсныг шүүх дараах байдлаар зөвтгөж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 262 932 төгрөгийг хасч, 4 193 694 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
13. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ТҮБД-5 зэрэглэлийн 5 дугаар шатлалын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолоор 964 899 төгрөгөөр, 2022 оны 107 дугаар тогтоолоор ТҮБД-5 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 964 899 төгрөгөөр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор ТҮБД-5 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 404 000 төгрөгөөр, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолоор ТҮБД-5 зэрэглэлийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 544 000 төгрөгөөр тус тус тогтоожээ.
14. Дээрх тогтоолуудыг үндэслэн нэхэмжлэгчийн сүүлийн 3 жил /36 сар/-д эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын цалингийн доод хэмжээг дараах байдлаар тодорхойлон жагсааж, “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1, 2.2, 2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчид олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг тооцоолон, түүнээс олгогдоогүй зөрүү мөнгийг тогтоож хүснэгтээр харуулав.
| Он | Сар | Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ /төгрөгөөр/ | Монгол Улсын Засгийн газрын тогтоол |
| 2021 | 12 | 964 899 | 2019 оны 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт |
| 2022 | 1, 2, | ||
| 2022 | 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 | 964 899 | 2022 оны 107 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт |
| 2023 | 1, 2, 3, 4, 5, 6 | ||
| 2023 | 7, 8, 9, 10, 11, 12 | 1 404 000 | 2023 оны 241 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралт |
| 2024 | 1, 2, 3 | ||
| 2024 | 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 | 1 544 000 | 2024 оны 128 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт |
| Нийт 36 сар | |||
|
Сүүлийн 3 жил /36 сар/-ийн дундаж цалинг тооцоолбол | 964 899 төгрөг * 19 сар= 18 333 081 төгрөг 1 404 000 төгрөг * 9 сар =12 636 000 төгрөг 1 544 000 төгрөг * 8 сар =12 352 000 төгрөг 18 333 081 + 12 636 000 + 12 352 000 = 43 321 081 төгрөг 43 321 081 төгрөг : 36 сар = 1 203 363 төгрөг /нэг сая хоёр зуун гурван мянга гурван зуун жаран гурав/ | ||
|
Нэхэмжлэгчид олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламж | 1 203 363 төгрөг * 36 сар = 43 321 068 төгрөг /дөчин гурван сая гурван зуун хорин нэгэн мянга жаран найм/ | ||
| Дундаж цалинг нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан нийт жилийн тоо /дээд хэмжээ 36 жил/-той тэнцэх сараар үржүүлж тодорхойлов. | |||
| Үүнээс нэхэмжлэгчид олгосон | 39 127 374 төгрөг /гучин сая нэг зуун хорин долоон мянга гурван зуун далан дөрөв/ | ||
| Олгоогүй зөрүү | 4 193 694 төгрөг /дөрвөн сая нэг зуун ерэн гурван мянга зургаан зуун ерэн дөрөв/ | ||
15. Иймд нэхэмжлэгч Р.д өндөр насны тэтгэвэрт гарахад олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжаас 4 193 694 төгрөгийг олгохгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 4 193 694 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 3 262 932 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.4, 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.15, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр Завхан аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн Р.д олгох нэг удаагийн буцалтгүй тусламжаас 4 193 694 төгрөгийг олгохгүй байгаа Завхан аймгийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүү 4 193 694 төгрөгийг Р.д олгохыг Завхан аймгийн Боловсролын газарт даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 262 932 төгрөг гаргуулахтай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Боловсролын газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ