| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0123/З |
| Дугаар | 128/ШШ2025/0248 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0248
2025 04 08 128/ШШ2025/0248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З.М /РД:МД/,
Хариуцагч: Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ тоот тушаалыг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/ дугаар тушаалаар З.Мыг Төрийн захиргааны удирдлагын газрын Агентлагийн дотоод үйл ажиллагаа, гүйцэтгэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ.
2.2.Биеийн тамир, спортын улсын хорооноос дотоод хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар З.Мд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах саналыг ирүүлсэн байна.
2.3.Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/ дугаар тушаалаар З.Мд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
2.4.Энэ тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан байна. 2.5.Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 04/27 тоот албан бичгээр шүүхэд хандана уу гэх хариу өгсний дагуу нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч З.Маас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг удаа дараа үзүүлж байгаа талаар бичгээр, амаар, цахим хэлбэрээр илэрхийлснийг шийдвэрлэхгүйгээр төрд үнэнчээр ажиллаж байсан намайг хууль дүрэм, журам зөрчиж үндэслэлгүйгээр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч О.Б нь надад сахилгын шийтгэл ноогдуулж ажлаас халсанд харамсаж гомдолтой байна. Уг тушаалыг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдсөн надад холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүйгээр ажлаас үндэслэлгүй халсан. Тийм учраас дээд шатын байгууллага болон хууль хяналтын байгууллагуудад хэргийн материалд авагдсан гомдлыг гаргасан. Ажлаас субьектив байдлаар хандаж чөлөөлсөн гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд ирүүлсэн материалаас үзэхэд З.М гарын үсгийг аваагүй сонсон ажиллагаа хийсэн болох нь харагддаг. Ямар учраас сонсох ажиллагаа хийж байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Сонсох ажиллагааг 10 хэдхэн минутад хийж З.Мын эрхийг ингэж ноцтой зөрчиж болохгүй. Өөрөөр хэлбэл нөгөө хүн нь мэдсэн мэдээгүй гэдгийг тогтоолгүйгээр сонсох ажиллагааг явуулж болохгүй. Холбогдох лайвд дурдагдсан асуудлуудаа нэгэнт л ийм хор уршиг байгаа учраас холбогдох гомдлоо гаргасан. Яагаад гэдгийг нь шуурхай хурлын бичлэгээс харахад түүнчлэн хурлын дараа хэчнээн албан хаагч дайрч давшилж байгаа нь харагдаж байгаа. Хурлын бичлэгт харагдаагүй ямар хэмжээний дарамтыг ажлын байран дээр гаргасан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөнө. Авлига ашиг сонирхлоос ангид байна. Ч.******* гэдэг хүн гэрчээр орж ирээд миний асуултад тодорхой хариулсан. Хэн хөтөлж явж хэний өрөө рүү явуулсан бэ тэр машинд хэн хэн суусан бэ гэдгийг нотлох баримтаар гэрчээр оролцуулж шинжилж судалсан учраас энийг дүгнэлтдээ тусгах нь зөв. Амьд хүн гэрчлээд байхад З.М байсан гэж болохгүй. Д.М*******эс асуусан. Би З.М гэдэг хүнийг танихгүй гэж гэрчийн мэдүүлэг дээр тодорхой тусгасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Гол нь зүйл нь З.Мыг танихгүй гэдгэ, хоёр гэрч нь хөтөлж яваагүй, зохион байгуулаагүй гэдэг мэдүүлгээ нь хэргийн үйл явдлыг мэдэж байгаагийнхаа хувьд өгсөн байгаа. Мөн сонсох ажиллагааны тэмдэглэл хууль бус хүчин төгөлдөр бус байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээнэ. Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахин биелүүлнэ. Ямар хуулийг зөрчсөн бэ гэдгээ дотоод хянан шалгах ажиллагааны дүгнэлтэд тусгаагүй. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль зэргээр зааж боломжтой байсан. Нэхэмжлэгч нь төрийн албанд өргөсөн тангаргийнхаа дагуу үүргээ биелүүлсэн. Ажлын байран дээр дарамт шахалтыг дийлэхгүйн улмаас гомдол мэдээллийг гаргаад холбогдох байгууллагаар нотлуулаад явсан. Гэтэл нөгөө хүмүүс нь өрөөндөө оруулж ирээд шуурхай хурал хийгээд энэ хүнийг дарамтлаад арга буюу гэнэт лайв хийдэг хүн ороод ирэхээр үнэн зүйлээ илэрхийлсэн. Хувь хүний эрхийг зөрчсөн үү, байгууллагын эрхийг зөрчсөн үү, тэр хүмүүсийн сэтгэгдлийг нэг бүрчлэн үзсэн. Бүгд л төрийн албанд ийм юм байж болохгүй. Төрийн алба ариун цэвэр байх ёстой. Энэ дотоод зөрчлийг гаргаж ирсэнд баярлалаа гээд иргэдийнх зүгээс санал гомдлыг нь авсан байдаг. Төрийн алба гэдэг нь иргэдэд үйлчлэхийг ойлгоно. Мэдээж бусдыг гутаан доромжилсон эсхүл нэр хүнд, үнэт зүйлд халдсан бол дотоод хяналт шалгалтаараа үүнийг нотолж гаргаж өгөх хэрэгтэй. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэг жилийн дотор 17 албан хаагчийг албан тушаалаас нь халсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасан хориглолтыг хариуцагч өөрөө зөрччихөөд байгаа. Энэ хүн төрийн жинхэнэ албан хаагчийг халсан. Халахдаа яг ямар үндэслэлээр ямар хуулийн заалт, нотлох баримт дээр үндэслэж халж байгаа вэ гэдгийг тогтоогоогүй. Тийм учраас энэхүү Б/ тушаал нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д Албан тушаалд тавигдах шаардлага болон ажиллах нөхцөл, албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон албан тушаалын тодорхойлолттой тухайн албан тушаалд томилогдмогц албан ёсоор танилцах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах гэж заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Удаа дараа энэ эрхээ хангуулъя гэхэд энэ эрхийг зөрчсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т Энэ хуульд заасны дагуу үйл ажиллагааны үр дүнг үнэлэхийг харьяалах дээд шатны удирдах ажилтнаас шаардах, үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх гэж заасан. Өөрт байгаа эрхийнхээ талаар хандаад явсны төлөө ялгаварлан гадуурхагдаж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т Цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих гэж заасан. Үндсэн хуульд заасны дагуу бүх хүн хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т Хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, холбогдох баримт бичигтэй танилцах, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийх, мөн хуулийн 38.1.5-т Өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах гэж заасан. Холбогдох байгууллагуудаар эрхээ хамгаалуулахаар удаа дараа гомдол гаргах эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө албан хурлаар энэ хүнийг чичлээд нөгөө зүйл нь ам дамжаад буруутан болоод арга буюу өөрөө хурал дээрээ миний буруу гэж бүгдэд нь хэлсэн байдаг. Энэ хүнийг ийм гарцаагүй байдалд оруулах ямар шаардлагатай байгаа вэ. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6 дугаар зүйлийн 6.1-т заасныг Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасан. Хавтаст хэргийн материалаас авч үзвэл зөрчил болон шийтгэл хүлээлгэж байсан ямарваа нэгэн нотлох баримт байхгүй тул энэ бол үндэслэлгүй байна гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны А/******* дүгээр тушаалаар иргэн Д.М******* албан ёсны фейсбүүк хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ні Түгжрээнд, лайв бичлэг, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн агентлагийн байранд БТСХ-Төрийн албаны хувилдаан 52 минутын лайв бичлэгт оролцсон төрийн албан хаагч 3.Мын үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, оролцох гэсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалт, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэх, 3.Мын төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем буюу erp e-mongolia-д 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байршигдсан мэдээлэл болон бичвэр нь холбогдох хууль тогтоомж Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөрчсөн эсэхийг шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус дотоод хяналтын ажлын хэсэг нь дотоод хяналт шалгалтын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр томилох эрх бүхий этгээдэд 3.М нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй тухай тайлан, саналыг ирүүлсний дагуу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаар тушаалаар 3.Мд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу 48.1.1, 48.1.2-т заасан сахилгын шийтгэл оногдуулсан бол төрийн албаны зөвлөл 48.1.3, 48.1.4-т заасан сахилгын шийтгэл оногдуулсан бол шууд шүүхэд хандах эрхтэй гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Мөн энэ журмын 3 дугаар зүйлийн 3.6-т сахилгын шийтгэл оногдуулахдаа тушаал гаргана. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8-т төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, мөн хуулийн 39.1.7 заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэж байна. Заавал төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу дэс дараалан гаргахгүй. Мөн хуулийн 48.8-т төрийн албаны хориглолтыг зөрчсөн бол төрийн албанаас халах, сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь бичгээр гаргасан хүсэлтдээ хүсэл сонирхлын илэрхийллээ бүрэн дүүрэн тодорхойлоогүй. Нэхэмжлэлийн шаардлага тодруулаагүй учраас энийг шүүхэд анхаарч үзээсэй гэж хүсэж байна. З.М нь төрийн албанд үнэнч шударгаар ажилласан байхад О.Б гэдэг хүн чөлөөлсөн гэж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б******* 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаар тоот тушаалыг гаргасан урьдчилсан нөхцөл бүх зүйл тогтоогдсон. Төрийн жинхэнэ албан хаагч нь жирийн иргэн лайв хийж байгаа эрх чөлөөт иргэнээс нь зарим эрхээ хязгаарлуулсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл болон 39 дүгээр зүйлд нийтлэг байдлаар заагаад өгчихсөн. Төрийн жинхэнэ албан тушаал хашиж байгаа бол цахим хаяг дээрээ дотоод итгэл үнэмшлээрээ удирдах удирдуулах болон захирах захирагдах ёсыг умартаад эсрэг байр сууриа илэрхийлэх боломж байхгүй. Хэрвээ хууль бус гэж үзэж байгаа бол тухайн нөхцөл байдлыг хууль бус гэдгийг мэдээлэх чиг үүрэгтэй байна. Түүнээс өөр бусад тохиолдлуудад төрийн байгууллагын албан байранд гаднын хүн нэвтрээд цахим хэрэгслийг ашиглаад төрийн байгууллагын үйл ажиллагаа, бусдын албан үүргийн талаар ярьж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан хязгаарлалтыг зөрчиж байгаа. Тэгэхээр хүний өөрийн итгэл үнэмшил ямар байхаас үл хамаараад төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдаж байх ёстой. Гэтэл энэ үйл ажиллагааг алдагдуулж цахимаар мэдээ мэдээлэл тараах, дүрс бичлэг хийлгэсэн үйл ажиллагаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд байж болохгүй хориглосон хязгаарыг давж гарсан учраас энэ тушаал гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд О.Б түр орлон гүйцэтгэгчийг шаардлага хангаагүй гэж дурдсан байдаг. Түр орлон гүйцэтгэгчтэй байна уу, тэр нь шаардлага хангаж байна уу, хангахгүй байна уу, О.Б гэдэг хүний гаргасан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаар тоот тушаал нь түр орлон байна уу, хэн байхаас үл хамаараад даргын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бол тэр эрх мэдлийг хэрэгжүүлээд тасралтгүйгээр арга хэмжээгээ аваад явж байгаа. Энэ дээр О.Б гэдэг хүн надад сахилгын шийтгэл ногдууллаа гэдэг байдлаар хандах нь өөрөө зөрчилтэй явдал юм. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албыг түр орлон гүйцэтгэх бүлэг зохицуулалтаараа зохицуулагдаад явж байгаа. Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон Биеийн тамир, спортын улсын хорооны хөдөлмөрийн дотоод журамд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ байгаа. Эдгээр хэм хэмжээ хязгаарлалтыг илэрхий зөрччихөөд буцаад энэ ажилд томилогдъё гэж байгаа, энэ тушаалыг хүчингүй болгоё гэж нэхэмжлэлийг шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүх хангаж ажилд нь эгүүлэн томилогдох боломж бололцоо байхгүй. Хариуцагч байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргахтай холбоотойгоор хэргийн агуулгын шаардлага хангасан шийдвэрийг гаргасан гэж үзэж байгаа. Гаргасан зөрчилд холбогдох хуулиуд буюу Төрийн албаны тухай хуулийг хууль зүйн зөв томьёолол хийж мөн хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтыг зөрчсөн З.Мын асуудалтай холбогдуулаад тушаалынхаа үндэслэх хэсэгтээ оруулсан байгаа. Үүнтэй холбоотойгоор нотлох баримт шинжлэн судлах болон гэрчийн мэдүүлгүүдийн хувьд төрийн албан хаагчаар ажиллаж байсан З.М гэдэг хүн Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж байхдаа төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, байгууллагын үнэт зүйл, соёл, хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг болох нь гэрчийн мэдүүлэг, өөрөөс нь асуусан тайлбар, сүүлд өмгөөлөгчийн өөрийнх хэлсэн тайлбарт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаад Биеийн тамир, спортын улсын хороог хэчнээн мянган хүнд сурталчилсан үйл ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулиар захирах захирагдах ёсыг баримтлах, удирдах удирдуулах ёстой холбоотой төрийн албаны өөрийн хуулиар хүлээсэн үүргүүд байж байгаа. Энэ дүрэм журмыг давж үйл ажиллагаа явуулсны дараагаар буцаад энэ ажилдаа үргэлжлүүлж гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө логик агуулгын хувьд авцалдахгүй. Бид шийдвэр гаргахтай холбоотойгоор хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх учраас сонсох ажиллагааг зайлшгүй явуулах ёстой гэдэг үүднээс Б.Н*******ийн зүгээс сонсох ажиллаагааг явуулсан. Тийм учраас Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль эдгээрт заасан заалтуудыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга зөрчөөгүй. Иргэн З.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Б******* 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаар тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон цахим нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Маргаан бүхий Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ дугаар тушаалаар З.Мыг төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж, нийгмийн сүлжээний хэрэгслийг ашиглан төрийн албаны нэр хүнд, байгууллагын үнэт зүйл, соёл, хамт олны уур амьсгал, бусдын ажил хэргийн нэр хүнд, хувь хүний эрх, ажил хийх урам зориг, итгэл үнэмшлийг гутаан доромжилж, зан харилцаа, үг, үйлдлээрээ бусдад дарамт үзүүлэн ажлын байрны тэвчишгүй орчин үүсгэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.
3.Хариуцагчаас энэхүү тушаалын үндэслэлээ төрийн жинхэнэ албан тушаал хашиж байгаа иргэний хувьд цахим хаяг дээр дотоод итгэл үнэмшлээрээ захирах, захирагдах ёсыг умартаж эсрэг байр суурь илэрхийлэх боломжгүй, хэрэв удирдах албан тушаалтны шийдвэр, тавьсан шаардлага хууль бус гэж үзвэл холбогдох байгууллагад мэдээлэх чиг үүрэгтэй, төрийн байгууллагын байранд гадны хүнийг нэвтрэхийг урьж, түүнийг цахим хэрэгсэл ашиглан шууд бичлэг хийж байхад байгууллагын үйл ажиллагаа, бусдын албан үүргийн талаар ярьж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох заалтыг зөрчсөн гэж тайлбарлан маргаж байна.
4.Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/******* дүгээр тушаалаар нэхэмжлэгч З.М, албан хаагч Ч.*******, М.Г******* нарын иргэн Д.М******* албан ёсны фейсбүүк цахим сүлжээгээр хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Hi түгжрээнд шууд дамжуулалтын бичлэгт оролцсон үйлдэл,
2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны байранд хийсэн БТСХ-Төрийн хуйвалдаан шууд дамжуулалтын бичлэгт оролцсон үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, оролцох гэсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалт, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэхийг,
З.Мын байгууллагын ERP e-mongolia төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажилтан, албан хаагчидтай холбогдуулан оруулсан мэдээлэл болон дэлгэрэнгүй бичвэр нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөрчсөн эсэхийг шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, дотоод хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.
5.Ажлын хэсгээс удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар ...М.Г******* нь БТСХ-Төрийн албан хувилдаан бичлэгийг албан хаагч Ч.*******, З.М нартай хамтран ... оролцсон нь бичлэгээр тогтоогдсон, ...өөрсдийн зөрчигдсөн гэх эрхээ хамгаалж, үг, үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг буруутган, гутаан доромжилсон нөхцөл байдал үүсгэсэн, ... нийгмийн сүлжээний хэрэгслээр дамжуулан байгууллага, нэр бүхий албан хаагчдын нэр, нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүнд, хувь хүний эрхэд халдсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй талаар дүгнэж, З.М болон бусад 2 төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах саналыг гаргасан байна.
6.Тодруулбал, хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.3.6-д Хамтран ажиллагсадтайгаа соёлтой харилцаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, багаар ажиллах чадвараа тасралтгүй нэмэгдүүлэх, 4.3.22-т Албан хаагч нь хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлого, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхгүй байх, 4.3.24-т хууль тогтоомж, эрх зүйн бусад актад заасан үүрэг гэж заасан үүргийг нэхэмжлэгч З.М хүлээх бөгөөд энэхүү үүргээ зөрчсөн гэж үзжээ.
7.Хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Hi түгжрээнд, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БТСХ-Төрийн хувилдаан гэх шууд бичлэгт нэхэмжлэгчийг оролцож, байгууллага, нэр бүхий албан хаагчдын нэр, нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүнд, хувь хүний эрхэд халдсан, мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ERP e-mongolia төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд нэр бүхий албан хаагчдын талаарх мэдээлэл бүхий бичвэрийг оруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.18-д заасан хууль тогтоомжид заасан бусад үүргээ зөрчсөн, 39 дүгээр зүйлийн 39.1.7-д заасан ...төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ ..., тэдгээрт оролцох-ыг хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан ...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй бөгөөд холбогдох зөрчлийн шинж байдалд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж шүүх дүгнэв.
8.Учир нь иргэн Д.М******* өөрийн албан ёсны фейсбүүк цахим хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Hi түгжрээнд гэх нэр бүхий шууд дамжуулалтын бичлэг хийх явцад нэхэмжлэгч З.М оролцож Биеийн тамир, спортын улсын хороонд очооч 7 хүн тэнд мөнгө угааж байна гэх үгийг хэлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан мөн өдрийн бичлэгээр тогтоогдохгүй байх бөгөөд гэрч Д.М******* Танихгүй. ...Тэнд зөндөө хүн байсан, гэрч Ч.*******ын Би ганцаараа явж байсан гэх мэдүүлгээр няцаагдаж байна. Иймд нэхэмжлэгчийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Hi түгжрээнд шууд бичлэгт оролцсон гэж буруутгах үндэслэлгүй.
9.Харин иргэн Д.М******* 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Спортын төв ордонд байрлах Биеийн тамир, спортын улсын хорооны байранд байранд хийсэн БТСХ-Төрийн хувилдаан гэх бичлэгт нэхэмжлэгч З.М оролцож, ... төрийн гэдэг статусаа алдсан ямар ч үлгэрлэл, манлайлалгүй түр орлон гүйцэтгэгч энэ байгууллагын олон жил удирдаад явж байгаа, гэр бүлээрээ ажиллаж байгаа, төрийн албаны зарчим ил тод нээлттэй байх, үйл ялгаварлах, адил тэгш эрхийн зарчим энэ байгууллага дээр байхгүй..., ажлын байрны дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрсэн... гэх зэргээр байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, нэр бүхий албан хаагчидтай холбогдуулан өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн болох нь нотлогдож байх боловч үүний улмаас төрийн албаны үйл ажиллагааны хэвийн байдал алдагдаж, улмаар хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Дотоод хяналт шалгалтын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тайлангаар нэхэмжлэгч нь БТСХ-Төрийн албан хувилдаан бичлэгийг албан хаагч Ч.*******, З.М нартай хамтран зохион байгуулж, төлөвлөсөн гэх үндэслэл цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй... гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч нь уг бичлэгийг зохион байгуулж, төлөвлөсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
10.Нэхэмжлэгч З.М нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2. өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.6. харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.18. хууль тогтоомжид заасан бусад... үүргийн дагуу хууль бус, шударга бус явдлыг үл тэвчиж, дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх, тухайн шийдвэрийн талаарх өргөдөл, гомдлоо холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд гарган шийдвэрлүүлэхээр байна.
11.Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.4- заасан албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч ... хамгаалуулах нийтлэг баталгааны хүрээнд өөрийгөө хүчирхийлэл, заналхийлэлд өртсөн, мөн гүтгэн доромжилж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзвэл хуульд заасан зохих журмын дагуу эрх байгууллага, албан тушаалтанд гомдлоо гарган шийдвэрлүүлэх учиртай.
12.Гэтэл З.М нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Биеийн тамир, спортын улсын хорооны байранд иргэний олон нийтийн сүлжээний хэрэгслээр дамжуулан хийж буй шууд бичлэгт оролцох явцдаа төрийн байгууллага болон албан хаагчийн талаарх өөрийн байр суурийг илэрхийлсэн, мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ERP e-mongolia төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд нэр бүхий албан хаагчдын талаарх мэдээлэл бүхий бичвэрийг оруулсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан ...байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
13.Гэвч энэхүү үйлдэл нь түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах хангалттай үндэслэл гэж үзэхгүй. Учир нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн /32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6.1-д Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулна гэж заасны дагуу төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг удаа дараа зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэхээр ноцтой тохиолдолд оногдуулахаар байна.
14.Нэхэмжлэгч З.Мын хувьд иргэн Д.М******* өөрийн фейсбүүк цахим хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дамжуулсан Hi түгжрээнд шууд бичлэгт оролцсон гэх нөхцөл байдал, түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Биеийн тамир, спортын улсын хорооны байранд хийсэн БТСХ-Төрийн хувилдаан гэх бичлэгт оролцсоны улмаас төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдсан гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд мөн өдрийн бичлэгт оролцсон, 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ERP e-mongolia төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системд нэр бүхий албан хаагчдын талаарх мэдээлэл бүхий бичвэрийг оруулсан зэрэг зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж байдал, бодит нөхцөл байдалд тохирсон байх шаардлагыг хангаагүй гэж шүүх үзэв.
15.Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2. Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасан эрхийн хүрээнд захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчид хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс сонгон хэрэглэх бөгөөд оногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчил гаргасан албан хаагчийн үйлдэл, зөрчлийн шинж байдалтай нийцсэн байх зарчимтай, маргаан бүхий Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ тоот тушаал нь энэ зарчмыг хангаагүй, сонгох боломжийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
16.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна гээд мөн хэсэгт сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулах хэлбэрийг тусгайлан заасан.
17.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр агентлагийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н******* нэхэмжлэгчид төрийн цахим шуудангийн хаяг[1], төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системээр[2] дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, мөн өдрийн 12 цаг 19 минутаас эхлэн утсаар холбогдон сонсох ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, шүүхээс цахим системүүдэд хийсэн үзлэг, гэрч Б.Н******* болон З.М нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
18.Төрийн цахим шуудангийн хаягт ирсэн мэдэгдэх хуудастай нэхэмжлэгч танилцаагүй байсан нь тухайн сонсох ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй.
19.Учир нь сонсох ажиллагааны зорилго нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, түүнийг оролцоог хангахад чиглэх бөгөөд энэ маргааны хувьд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан байх тул нэхэмжлэгчийн сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
20.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу төрийн албан хаагч шүүхэд, эсхүл Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй, нэхэмжлэгч З.М нь Биеийн тамир, спортын улсын хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б/ дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлөөс 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 04/27 тоот албан бичгээр шүүхэд хандана уу гэх хариу өгсний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй юм.
21.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
22.Захиргааны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчилтэй холбогдуулаад дахин шийдвэр гаргах эрх хэмжээг энэхүү шүүхийн шийдвэрээр хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 37.1.18, 39 дүгээр зүйлийн 39.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/ тоот тушаалыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ