Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Б.Сайнаа,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн 1706 00244 0172 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, ажилгүй, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрын дугаар Т Б.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Бнь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25 дугаар байрны 39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харицаатай Б.Сайнаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бмэдүүлэхдээ: “Тухайн үед эхнэр Б.Сайнаатай таарамжгүй харьцаатай байсны улмаас энэ хэргийг үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...Яахав ганц нэг ойлгомжгүй зүйлээс болж гэр бүлийнхээ хүнд сэтгэлзүйн дарамт учруулж биемахбодид нь хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Шүүхэд оногдуулсан ялыг эдлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Сайнаа мэдүүлэхдээ: “Тухайн үед би дарамттай амьдардаг байсан болохоор Т.Бээс тусдаа өөр газар очиж амьдарсан. Тайван амьдарчих болов уу гэж бодтол үгүй байсан. Т.Б намайг байнга утга учиргүй дарамталдаг. Сэтгэлзүйгээрээ би маш их хохирсон. 2017 оны 7 дугаар сарын 6-ны орой хаалга тогшоод Т.Б орж ирсэн. Сэтгэлзүйгээр дарамталсан. Гар гэснээс болж маргаан болж Т.Бы түлхэлтийн улмаас буйданг мөргөсөн. Тэгээд нүүр рүү цохисон.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Сайнаагийн өгсөн мэдүүлэг /хх-17-19/, гэрч Ж.Баярбилэгийн өгсөн мэдүүлэг  /хх-21/, гэрч З.Энхзулын өгсөн мэдүүлэг /хх-68/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, шинжээчийн байцаасан тэмдэглэл /хх-ийн 32/, эрсдлийн үнэлгээ /хх-ийн 71/, гэрэл зургууд /хх-ийн 5/, шүүгдэгч Т.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45/, шүүгдэгч Т.Бий ял шалгах хуудас /хх-35/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Бнь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25 дугаар байрны 39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харицаатай Б.Сайнаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сайнаагийн өгсөн: " Би 2017 оны 7 дугаар сарын 6-ны шөнө 1 цагийн үед гэртээ байж байхад манай нөхөр Т.Б нь гэрийн хаалга тогшоод байхаар нь гэртээ оруултал ямар нэгэн шалтгаан хэлээгүй гэрт орж ирээд зогсоод байсан. Тэгэхээр нь би “яв” гэж хэлтэл “явахгүй” гээд байхаар нь “гар” гээд түлхэхээр намайг эргүүлээд түлхээд миний гарнаас хүчтэй татаад байсан. Мөн миний нүүр рүү алгадсан. Т.Б гараараа цохисны улмаас миний нүд хөхөрсөн. Мөн миний гарыг болон хуруунуудыг мушгиад байсан. Тэгэхээр нь би гарч зугтах гээд орцонд гартал хойноос гүйж ирээд гарнаас татаад чирээд буцаад оруулаад хаалга түгжчихсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудахад Т.Б гараад зугтсан.” /хх-17-19/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Батбилэгийн өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 7 цагт сэрээд утсаа харахад миний охин Б.Сайнаагаас шөнийн 2 цаг 30 минутын 6-аас 7 дуудлага, 1 мессэж ирсэн байсан. Мессэжийг уншихад “ааваа та намайг Т.Бд алчихвал баярлах гээд байна уу” гэж бичсэн байхаар нь Б.Сайнаа руу буцаагаад 2-оос 3 удаа залгатал утсаа автал уйлсан байдалтай “Т.Б шөнө гэрт ирээд зодчихоод явчлаа, та намайг ирээд аваатах гэсэн юм.” /хх-21/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч З.Энхзулын өгсөн: "Энэ 2 хоорондоо их  маргалддаг бөгөөд энэ асуудал хурмаа хийснээс нь хойш болж байгааг сүүлд хэлсэн. Бид нараас нуудаг байсан гэдгийг нь мэдсэн. Яагаад зодсон талаар нь асуухад Т.Б гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж зоддог гэсэн.” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Т.Бий яллагдагчаар өгсөн: “…Тэгээд би гэрт нь очоод хүүхдүүдийнхээ хувцсыг аваад маргааш хүүхдүүдээ салхинд гаргая гэж бодоод Б.Сайнаагийн машиных нь түлхүүрийг гуйгаад аваад гарах гэтэл түлхүүр чамд өгөхгүй гэхээр нь буцаагаад унтлагынх нь өрөөнд түлхүүрийг тавьчихаад гарах гэтэл миний энгэрээс заамдаад түлхүүр өг гээд над руу орилсон. Тэгэхээр нь би заамдсан байсан гарыг нь тавиулах гээд гарнаас нь жаахан хүчтэй татчихсан юм. Тэгээд надаас холдохоор нь би хувцсаа аваад гарах гэтэл Б.Сайнаа гал тогооны өрөөнд ус ууж байгаад асгасан усан дээрээ өөрөө халтирч унаад хан өнгийн савхин бүрээстэй шаргал порлонон буйданг толгойн тус газраа мөргөж унасан. Тэр үед би “чи наад уураа дар” гэж хэлээд гараад явсан.” /хх-24/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 8805 дугаартай дүгнэлтэд:

             1. Б.Сайнаагийн баруун зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” /хх-31/ гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Ц.Ганболдыг байцаасан тэмдэглэлд: “Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 8805 дугаартай дүгнэлтыг би гаргасан. Хохирогчид учирсан дээрхи гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой. Унах үед үүсэх магадлал бага бөгөөд 2 удаагийн үйлчлэлээр энэ гэмтэл үүснэ.” /хх-32/ гэх мэдүүлэг,

-Аюулын эрсдлийн үнэлгээ /хх-71/,

-Гэрэл зургууд /хх-5/,

-Шүүгдэгч Т.Бий ял шалгах хуудас /хх-35/.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Т.Бнь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25 дугаар байрны 39 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Сайнаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт хохирогч Б.Сайнаа хохирол нэхэмжилсэн зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Т Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.Бийг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                  ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС