Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00975

 

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00975

 

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182Ш2019/00751 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-, Б.Х-эд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 106 239 037 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Батбаяр, Б.Х- нар нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ/4123 тоот зээлийн гэрээ, БГ/4123 тоот барьцааны гэрээг Х банктай байгуулж, 75 сая төгрөгийг жилийн 20,4%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авсан. Мөн тухайн өдрөө ЗГ/4124 тоот зээлийн гэрээ байгуулан 25 сая төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээл авч нийт 100 сая төгрөгний зээл авсан. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан учраас зээлийн төлбөрийг бүхэлд нь болон барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шаардаж байна. Барьцаа хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамж, 841 тоот хаягт байрлалтай 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлалтай 108 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй барилга, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 33 дугаар гудамжны 663 тоот хаягт байрлалтай 313 м.кв талбайтай хувийн сууц юм. Нөгөө гэрээний барьцаа нь хаяг нэг 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамж, 841 тоот хаягт байрлалтай 92 м.кв талбайтай хувийн сууц, нийт 4 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Тухайн үед Сүхбаатар дүүргийн их тойруу салбарын захирал Н.Оюунболд байсан, энэ хүнийг томилсон эрх бүхий шийдвэр, их тойруу салбарыг төв болгон өөрчилсөн тушаал шийдвэрүүд хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас хариуцагч нар нь манай байгууллагын эрх бүхий этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэж байна. Энэ хэлцэл хийснээ дэмжиж Х банкнаас итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гарган зээлийн төлбөрийг шаардаж байгаа, хуульд заасны дагуу бид ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас зээл болон барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Нэхэмжлэлийн шаардлагаа задалбал зээлдэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123 тоот 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 26 205 009 төгрөг, хүүгийн төлбөрт 11 010 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 21 127 төгрөг, нийт 37 236 650 төгрөгийг төлсөн бол ЗГ/4124 тоот 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 9 420 287 төгрөг, хүүгийн төлбөрт 4 179 481 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28 674 төгрөг, нийт 13 628 443 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар 75 сая төгрөгийн зээлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 48 794 990 төгрөг, хүүгийн үлдэгдэл 27 707 420 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-ноос 2018 оны 11 дүгээр сарын 23-ныг хүртэл тооцсон, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4 519 008 төгрөг нийт 81 021 424 төгрөг бол, 25 сая төгрөгийн зээлийн хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 15 579 712 төгрөг, хүүгийн үлдэгдэл 8 256 150 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 23-ныг өдрийг тооцсон, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1 381 750 төгрөг, нийт 25 217 617 төгрөг үлдэж, нийт үлдэгдэл нь 106 239 037 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нараас 106 239 037 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Б-, Б.Х- нар нь Х банкны Их тойруу салбараас 2015.04.13-ны өдөр ЗГ/4123 тоот зээлийн гэрээ байгуулан 75 сая төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, мөн тухайн өдрөө ЗГ/4124 тоот зээлийн гэрээ байгуулан 25 сая төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн. Хариуцагч нар ЗГ/4123 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 37 236 950 төгрөг, ЗГ/4124 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 13 628 443 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг тодруулбал 75 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл нь 37 763 350 төгрөг, 25 сая төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл нь 11 371 557 төгрөг, нийт 49 134 907 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Яагаад ийм тооцоолол гаргасан бэ гэхээр нэгдүгээрт Х банк гэж ярьж байгаа ч уг зээлийн гэрээг Х банкны салбартай хийсэн нь зээлийн гэрээнд тодорхой харагддаг. Шүүх өмнө нь хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас Иргэний хуулийн 29.2, 29.3-т заасан баримт, бусад баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч итгэмжлэл нь ирээгүй, түүнийг төлөөлөгч нь байхгүй гэж тайлбарлаж байгаа. Мөн Х банкны дүрмээс салбар, төлөөлөгч нь ямар эрх, үүрэгтэй болох нь харагдахгүй. Тэгээд төлөөлөх эрхтэй холбоотой өөр бусад баримтуудаа өгчихсөн гээд тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, Х банк хуульд заасан журмын дагуу зээлийг гаргаж, салбар төлөөлөгчийн газар нь итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл тэр итгэмжлэл нь алга байна. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж зөвхөн өгсөн, авснаа буцаах үр дагавар үүснэ. Тийм учраас бид авсан зээлийнхээ үлдэгдэл зээлийг төлье, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж үзэж байна. Харин төлөхийг зөвшөөрсөн зээлийн хэмжээнд хэрэв зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Н.Б-, Б.Х- нараас 104 016 123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 222 914 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Б-, Б.Х- нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Х банк ХХК-ийн барьцаанд байгаа тэдний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202017949 дугаартай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжны 841 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай 50%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010734 дугаартай, 92 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202003694 дугаартай, 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Ү-2202018008 дугаартай, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 663 тоотод байрлах 313 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2202010771 дугаартай, 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 759 345 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-, Б.Х- нараас 748 231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Н.Б- болон Б.Х- нар нь 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123, ЗГ/4124 тоот зээлийн гэрээнүүдийг Х банк ХХК-тай бус Х банкны Их тойруу салбар буюу хуулийн этгээдийн салбартай байгуулсан. Х банкны Их тойруу салбарын захирал Н.Оюунболд нь дээрх гэрээнүүдийг байгуулахдаа Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5, 29.6 дахь хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөнийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох хуулийн этгээдийн дүрэмд салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тодорхойлоогүйн зэрэгцээ Х банкны Их тойруу салбар нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулаагүй байна. Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн зүгээс ч өнөөдрийг хүртэл хуулийн этгээдийн дээрх салбартаа итгэмжлэл олгоогүй гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийг хэрэглээгүйд мөн хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ эдлэн талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123, ЗГ/4124 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваагүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй үндэслэлээ тайлбарлахдаа нэгдүгээрт, сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргасан, хоёрдугаарт үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж ойлгомжгүй тайлбар өгсөн. Сөрөг нэхэмжлэл гаргах эрх нь хариуцагч талд хуулиар олгогдсон эрх бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ заавал шүүх хуралдааны өмнө гаргах хуулийн шаардлага байхгүй. Аливаа товлогдсон шүүх хуралдаан дээр талууд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, шаардлагаасаа татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхээ олонтоо хэрэгжүүлж байдаг. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулж талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/4123, ЗГ/4124 тоот зээлийн гэрээнүүдийг буюу маргаан бүхий нэг л гэрээний талаар тодорхой хуулийн үндэслэл заан хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2019/00751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Н.Б-, Б.Х- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 106 239 037 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 75 000 000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, №ЗГ/4123 тоот зээлийн гэрээ, мөн өдөр 25 000 000 төгрөгийг, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, №ЗГ/4124 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх-ийн 17-21 /

Мөн эдгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №БГҮ-/4123 тоот барьцааны гэрээг байгуулж, хариуцагч нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202017949 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжны 841 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн сууц, 35 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202003694 дугаарт бүртгэгдсэн, 462 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202018008 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 663 тоотод байрлах 313 м.кв талбайтай хувийн сууц, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №БГҮ-/4124 тоот барьцааны гэрээг байгуулж, Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010771 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 663 тоотод байрлах 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, хариуцагч нарын болон Б.Гэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202010734 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжны 841 тоотод байрлах, 92 м.кв талбайтай хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгө болон 7 669 040 төгрөгийг үнэ бүхий бараа материал, 400 000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил, 1 740 000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж зэрэг эд хөрөнгүүдийг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. / хх-ийн 23-38 /

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан, хариуцагч нар нь Х банкны Сүхбаатар дүүргийн их тойруу тооцооны төвийн эрх бүхий этгээдтэй зээл, барьцааны гэрээг байгуулсан болохыг үндэслэлтэй дүгнэсэн байна.

Талууд барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Н.Б-, Б.Х- нар нь №ЗГ/4123 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 26 205 009 төгрөг, хүү 11 010 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 277 төгрөг, нийт 37 227 800 төгрөг, №ЗГ/4124 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд 9 420 287 төгрөг, хүү 4 179 481 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 674 төгрөг, нийт 13 628 443 төгрөг, бүгд 50 856 243 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн тооцооллоор нотлогдож байна. / хх-ийн 12-16 /

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, зээлдэгч нар №ЗГ/4123 тоот зээлийн эргэн төлөлтийг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс, №ЗГ/4124 тоот зээлийн гэрээний төлөлтийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, №ЗГ/4123 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 48 794 990 төгрөг, зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 26 653 776 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 519 008 төгрөг, нийт 79 967 774 төгрөг, №ЗГ/4124 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 579 712 төгрөг, зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү 7 086 884 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 381 753 төгрөг, нийт 24 048 349 төгрөг, хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 104 016 123 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 222 914 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагдсан үл хөддлөх хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь зөв.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар хариуцагч Н.Б-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа шүүх хуралдааны үед сөрөг нэхэмжлэл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн байх бөгөөд түний цаашид сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч талаас ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. / хх-ийн 151, 2хх-ийн 4/

Хариуцагч тал Сүхбаатар дүүргийн Их тойруу тооцооны төв нь Х банкнаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулаагүй, эрх бүхий этгээд байгуулаагүй гэж тайлбарлаж, шүүх Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5, 29.6 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй гэж давж заалдах гомдол гаргажээ.

  Хариуцагч Н.Б-, Б.Х- нар нь Х банкны Сүхбаатар дүүргийн их тойруу тооцооны төвийн эрх бүхий этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан болох нь Х банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, дүрэм, ТУЗ-ын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай тогтоол, зээлийн болон барьцааны гэрээнүүд, барьцааны эд хөрөнгүүдтэй холбоотой хариуцагч нарын болон тэдний гэр бүлийн өмчлөлийн хувийн сууц, газрын гэрчилгээнүүд, Х банк ХХК-ийн дүрэм, Сүхбаатар дүүргийн их тойруу тооцооны төвийн захирал Н.Оюунболдтой хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай захирлын тушаал, ажилтныг жинхлэх тухай захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нэгжийг өөрчлөн зохион байгуулах тухай захирлын тушаал, тушаалын хавсралт, зээлийн бүтээгдэхүүний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай захирлын тушаал, зээлийн бүтээгдэхүүний журам болон бусад тушаал шийдвэрүүдээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Х банк ХХК-аас түүний салбар болох их тойруу тооцооны төвд бусадтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон гэж үзэх ба хуулийн этгээд болон түүний салбарын хооронд эрх хэтрүүлсэн эсэх, эрхгүй байсан эсэх талаар маргаан гаргаагүй байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж , анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 182Ш2019/00751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 625 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ