Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар  2024/ДШМ/39

 

 

 

 

 

 

  2024           01             03                                        2024/ДШМ/39

 

 

   Э.Б, Б.Д, Б.Н, Б.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Даваажаргал,

шүүгдэгч Б.Н, Б.Х тэдгээрийн өмгөөлөгч У.Хүрэлсүх,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  прокурор Г.Мөнхтүвшингийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн 62 дугаартай эсэргүүцлээр Э.Б, Б.Д, Б.Н, Э.Б.Х нарт холбогдох 2208 02916 0906 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.  

1. Б.Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “Кей грийн” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Олимп хотхоны 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:000000000/,

2. Э.Б, 00000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пүүл скейл” ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 000000  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

3. Б.Н, 1999 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мон эрч” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Олимп хотхоны 0 дугаар байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:0000000/,

4. Б.Д, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикийн инженер мэргэжилтэй, “МШТ” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо, Москва хороолол, 000 дугаар байр, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000000/;

- урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Х, Б.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Э.Б, Б.Х, Б.Н нар нь мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах,

шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Э.Б, Б.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Х, Б.Н нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 2,000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Х, Б.Н нарыг тус бүр 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч Б.Х, Б.Н нарт тус бүр оногдуулсан 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг тус бүр 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Э.Б, Б.Н, Б.Д нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 15,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Мөнхтүвшин эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. "Олон нийтийн амгалан тайван байдал " гэж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдал, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хуулиар хамгаалагдсан байдлыг ойлгоно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж” гэж заасан нь олон нийтийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хууль тогтоомжоор тогтоосон дэг журмыг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж зөрчиж, гэмт этгээд бусдын эсэргүүцлийг няцаах, гэмт зан үйлээ үргэлжлүүлэхийн тулд  биеийн хүч хэрэглэсэн /хохирогчийг цохих, өшиглөх, түлхэх, боох зэргээр хүч хэрэглэж бие махбодод нь хөнгөн гэмтэл учруулах/ шинжийг агуулсан байхыг ойлгоно. Хэрэв тухайн этгээдийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирсан бол эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох зүйл хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.Х, Э.Б, Б.Н нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Рич” баарны гадна хохирогч Э.Баярдалай, Б.Д нарын эрүүл мэндэд халдаж зодсон нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Х, Э.Б, Б.Н нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Мөн Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан. Тиймээс шүүгдэгч Б.Х, Э.Б, Б.Н нар дээрх идэвхтэй үйлдлийг олон нийтийн газар буюу “Рич” баарны гадна нийтийн эдэлбэр газар олон нийтийн дэргэд үйлдсэн. Харин “аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэж хуулиар хүлээсэн болон өөрийн дүрмээр тодорхойлсон чиг үүрэг, бүрэн эрхээ хэвийн гүйцэтгэхэд саад учруулсан, үйл ажиллагааг нь тасалдуулсан, албан хаагчдын эрх ашгийг хохироосон үйлдлийг ойлгоно. Гэвч шүүгдэгч Б.Х, Э.Б, Б.Н нар нь нийтийн хэв журам, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үедээ “Рич” баарны үйл ажиллагааг нь тасалдуулсан, саад учруулсан мөн албан хаагчдын эрх ашгийг хохироосон бусдын эзэмшлийн эд зүйлийг устгаж, гэмтээсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолд дурдаснаар “Рич” баарны үйл ажиллагаанд саад учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл прокуророос аж ахуй нэгжийн үйл ажиллагааг тасалдуулсан гэж биш харин хохирогч Э.Б, Б.Д нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж буруутган эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1216 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б.Х, Б.Н нарын өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, гэмт хэргийн санаа, сэдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдыг басамжлах, өөрийгөө хүчтэй чадалтай гэж илэрхийлэх нөхцөл байдлаар сэдэлтийг агуулж байгаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “энэ манай сандал, ширээ биш” гэсэн маргаанаас үүдэн хохирогч Баярдалай нь Б.Хг цохисон байдаг. Энэхүү үйлдлийг харсан тухайн баарны хамгаалагч, зөөгч хоёр нь бааран дотор зодоон үүсгэхгүй тул хохирогч болон шүүгдэгч нарыг баарнаас гаргасан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Улмаар баарны гадаа гарсны дараа миний үйлчлүүлэгч Б.Х нь хохирогчид цохиулсан гэх шалтгааны улмаас найз Б.Н-тайгаа нийлж хохирогчийг зодсон үйл баримт тогтоогддог. Энэхүү үйлдэл нь нийтийн хэв журмыг зөрчих санаа сэдэлт, зорилгогүй. Мөн прокурор тухайн үед баарны гадаа хүмүүс байсан гэж тайлбарладаг. Гэтэл тухайн үед баарны гадаа хүмүүс байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддоггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг маш тодорхой гаргах ёстой. Учир нь, улсын яллагч анхан шатны шүүх хуралдаанд “тухайн гэмт хэрэг олон нийтийн газар буюу гадаа үйлдэгдсэн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг” гэж тайлбарладаг. Танхайрах гэмт хэргийн үндсэн шинж нь өөрийнхөө бяр чадалд бардсан, бусдыг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байхыг ойлгоно. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Б нь дээрд дурдсан үйлдлүүдийг огт гаргаагүй. Түүнийг гадаа тамхи татаад зогсож байхад нь хохирогч Баярдалай баарнаас гарч ирчихээд танилцаад зогсож байсан охиныг нь түлхсэн. Энэ үед миний үйлчлүүлэгч Э.Б “чи эмэгтэй хүнийг яаж байна” гэж маргалдаж, улмаар зодоон болсон нь хэрэгт авагдсан гэрчүүдийн удаа дараагийн мэдүүлгүүдээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хохирол шаарддаггүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэргийн шинж, сэдэл, санаа зорилго тодорхойгүй, эргэлзээтэй байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх талаар тодорхой тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нотлогдоогүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч “камерын бичлэг шинжлэн судлуулах хүсэлт байна уу” гэхэд хэргийн оролцогч нараас бүгд “байхгүй” гэж хэлсэн байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн тухайн үед миний үйлчлүүлэгчтэй танилцаад юм ярьж байсан охиноос гэрчийн мэдүүлэг аваагүй. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгчийн зүгээс “гэрчээс мэдүүлэг аваагүй байж хоорондын хувийн харилцааг тогтоохгүй шүү дээ” гэж удаа дараа тайлбарласан. Танхайрах гэмт хэргийн гол шинж нь ямар ч хувийн сэдэл байхгүй байх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан  бодит байдлаар шалгаж, үнэлсэний  үндсэн дээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Х нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  дэх заалтад зааснаар, шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцсэн,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Э.Б Б.Х, Б.Н нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Э.Б-г зодож, түүний түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- дуудлага лавлагааны хуудас /1хх-06/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-19/,

- хохирогч Э.Б: “...Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед найз Б.Д, Н нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамба төвийн гадна уулзаж, 6 шил пиво уугаад, Pич бааранд орж, 0,75 л архи, мөн пиво уусан...Д бид хоёр гадаа гарч тамхи татчихаад орж ирээд “сууж байсан ширээн дээр суух гэтэл тэр хүмүүс сууна гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би нэг хар савхитай /Б.Хг/ залуугийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход хамгаалагч ирээд биднийг гадаа гаргасан...Тэгээд нөгөө маргалдсан хүмүүс намайг бас Дашкаг зодсон...Маргалдсан хүн намайг зодож байхад гэнэт өөр 2 залуу зодсон, нийлээд цохиж, өшиглөж зодсон...тухай мэдүүлэг /1хх-30-31/,

- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг: Э.Б-д дух, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, хамрын уг, эрүүний баруун хэсэгт зулгарал, баруун сарвуун эрхий хурууны хумс хөндийрсөн цус хуралт, хоёр өвдөгт зулгаралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх-84-85, 2хх-9-10/,

- шүүгдэгч Б.Хгийн: “...Тухайн үед Б бааран дотор миний уруулыг цохиж сэтэлсэн учраас би гараад түүнийг зодсон, түүний биед халдахад Н-тай хамт байсан...” гэх мэдүүлэг /1хх-55-56, 87-88, 2хх-160/,  

- шүүгдэгч Э.Бийн :“...тухайн үед баарны гадаа гарахдаа 2 охиноос тамхи гуйгаад татаад зогсож байтал бааран дотроос Б гэх хүн гарч ирээд 2 эмэгтэйн нэгнийх нь хөх рүү цохисон. Гэтэл нөгөө охин энэ хүн намайг цохичихлоо гээд орилсон тул Б-г цохисон...манай найз “андаа би цохиулчихлаа" гээд хамраас нь цус гарчихсан ирсэн...гэх мэдүүлэг /1хх-51-52, 97-98, 2хх-161/,

- шүүгдэгч Б.Ны: “...2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр найз Б.Х-тэй хамт “Рич” нэртэй бааранд ...ширээндээ суух гэтэл Б, Б.Д ах нар манай ширээн дээр суугаад ууж байсан. Б.Х тэр хоёрт хандаад “та хоёр ширээ андуурсан байна, өөрсдийнхөө ширээ рүү яв” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй цохисон. Хамгаалагч нар ирээд гар гэсэн...Гарахад Б.Х Баярдалай ахыг доороо оруулаад цохиж байсан, гэтэл Б.Х-гийн араас нэг хүн боож байгаа юм шиг харагдахлаар нь салгах гээд маргаанд оролцсон..." гэх мэдүүлэг /1хх-59-60, 107-108, 2хх-161-162/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны гадна таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Ц-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :   

- хохирогч С.Ц-ийн “...Тухайн үед зодуулж байгаа залуутай хамт явж байсан залуу хол зайнаас хараад зогсоод байхаар нь түүн дээр очоод “найзыгаа аваач ээ, аллаа шүү дээ” гэхэд тэр залуу миний нүүр лүү нэг удаа гараараа цохиж хамраас цус гарсан, хамрын зүүн талд урагдсан байсан....” гэх мэдүүлэг /1хх-37-38/,

- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг : С.Ц-ийн биед зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /1хх-82-83, 2хх-13-14/,

- гэрч Э.Бийн: “...Ц тэр үед хамраас нь цус гарсан зүүн талдаа шалбарсан байсан ба өөрөө хэлэхдээ зодуулсан залуугийн найз нь цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 51-52/,

- шүүгдэгч Э.Б: “...Манай найз Ц нь “андаа би цохиулчихлаа" гээд хамраас нь цус гарчихсан ирэхээр нь асуухад Б-ийн найз нь цохисон гэж хэлсэн учраас найзыгаа өмөөрөөд нэг удаа Д-ыг цохисон...” гэх мэдүүлэг /1хх-51-52, 97-98, 2хх-161/

- Б.Д-ын шүүгдэгчээр өгсөн: “...баарнаас гартал тэр хүмүүс манай найз Б дайрах гээд байхаар нь би зодолдож болохгүй, эвээр асуудлаа шийдье гэхэд над руу дайрахаар нь тэр залуусыг түлхэж холдуулсан, Ц  тэр дотор байсан, миний гарт өртсөн байх” гэх мэдүүлэг /1хх-44-45, 115-116, 2хх-162-163/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.Б 2022 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны гадна найзыг зодсон гэх шалтгаанаар хохирогч Б.Д-г зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:     

- Б.Д хохирогчоор: “...2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ...Б хэсэг бүлэг хүмүүс ширээн дээр сууснаас болж тэдэнтэй маргалдаад байсан, бид хэдийг баарнаас гаргатал...манай найз Б-г хүмүүс зодож байхаар би очсон чинь нэг залуу миний баруун хөмсөг шанаа хэсэг рүү цохиж унагаасан..” гэх мэдүүлэг /1хх-44-45/,

- шинжээчийн дүгнэлт : Б.Д-д баруун хөмсөг шарх, баруун дээд доод зовхи, зүүн шанаанд цус хуралт, дээд доод уруулын салстад цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /1хх-86-87, 2хх-170/,

- шүүгдэгч Э.Б: “...Манай найз Ц- нь “андаа би цохиулчихлаа" гээд хамраас нь цус гарчихсан ирэхээр нь асуухад Б-ийн найз нь цохисон гэж хэлсэн учраас найзыгаа өмөөрөөд Д-ыг цохисон...” гэх мэдүүлэг /1хх-51-52, 97-98, 2хх-161/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.    

ШТус шүүгдэгч нар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнийг  нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн “бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Х, Б.Н нарын үйлдсэн “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, шүүгдэгч Б.Д-ын үйлдсэн “хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Х нар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учрулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөөгүй” байх нь  өөрийн гэм бурууг нотлохгүй, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхэд нь хамаарахаас гадна энэ нь түүний гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй бусад үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүйг тэмдэглэж байна.

3. Харин эрүүгийн хэрэгт цугларсан яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтууд болох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-19/, хохирогч Э.Б-ийн мэдүүлэг /1хх-30-31/, шүүгдэгч Б.Х /1хх-55-56, 87-88, 2хх-160/,   Э.Б мэдүүлэг /1хх-51-52, 97-98, 2хх-161/, Б.Ны: /1хх-59-60, 107-108, 2хх-161-162/, Б.Д-ын /1хх-44-45, 115-116, 2хх-162-163/, тухайн зодоон болох үед ”Pич” баарны хамгаалагч, зөөгчөөр ажиллаж байсан гэх гэрч Т.М, О.О, А.Ү нарын мэдүүлэг /1хх-66-67, 70-71, 74-75, 76/ зэргийг бүхэлд нь харьцуулан шалгаж, дүгнэхэд шүүгдэгч Э.Б, Б.Х, Б.Н нар бүлэглэн “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал :          

3.1. Тухайн шүүгдэгч нарын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч, шүүгдэгч нар анх харилцан маргалдсан шалтгаан нь тухайн “Pич”  бааранд байхдаа “Ширээ андуурч суусан” гэх асуудлаар маргалдсанаас гадна хохирогч Э.Баярдалай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа анх Б.Х-гийн биед халдаж хүч хэрэглэсэн, тэр даруйд тус маргааныг баарны хамгаалагч, зөөгч нар таслан зогсоож, тэднийг баарнаас гаргасан болох нь тус тус тогтоогдсон.   

3.2. Өөр хооронд үүссэн таарамжгүй харилцаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч, хохирогч нар харилцан бие биедээ хүч хэрэглэж, зодолдсон үйл баримт нь баарны гадна болсон байх нь шүүгдэгч нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.       

Тухайн маргаан, зодоон үүссэн үндэслэл нь хохирогч Э.Баярдалайн зүй бус, хууль бус үйлдлээс шууд шалтгаант хамааралтай байх ба харин тухайн бааран дотор шүүгдэгч нараас хэн аль нь хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйлдлүүд хийгээгүй байна.   

Өөрөөр хэлбэл, бааранд болсон зүй бус, таарамжгүй харилцаа, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан баарны гадна гарч улмаар өөрсдийгөө болон найз нөхдөө өмөөрөх, маргааныг салгах явцдаа харилцан бие биедээ хүч хэрэглэсэн, зодолдсон, үүний үр дагаварт хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байх тул зөвхөн баарны гадна харилцан зодолдсон гэдгээр хийсвэрлэх замаар шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Х нарыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн өөр хоорондын таарамжгүй харилцаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс улбаатайгаар шүүгдэгч, хохирогч нар харилцан бие биедээ хүч хэрэглэж, зодолдсон тухайн агшинд тухайн баарны болон ойр орчим дахь ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдсан, эсхүл оршин суугч, иргэдийн амгалан тайван байдал алдагдсан гэж үзэх ямар нэгэн нотлох баримт тус хэрэгт цуглараагүй байна.      

Мөн шүүгдэгч нар бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэхээс өмнө эсхүл тухайн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдах, зодолдох явцдаа тийнхүү танхайрах сэдэлт, зорилгоор хүчээ нэгтгэж, үүргээ хуваарилах зэргээр санаатайгаар нэгдэж бүлэглэсэн гэдгийг бодитой нотолсон баримтгүй тухайн тохиолдолд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж таамаглах боломжгүй болно.          

Дээрх нөхцөл байдлуудыг үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Б, Б.Х, Б.Н нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөөх, элдвээр доромжлох, сүрдүүлэх, басамжлах зэргээр хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган түгшээж улмаар  өөрсдийн ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, догшин авирласан үйлдлээ бусдын анхаарлын төвд оруулж хийх, үргэлжлүүлэхийг эрмэлзсэн гэмт сэдэлт, зорилго бүхий үйлдлээр нийгмийн хэв журмыг бүлэглэн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд прокурорын бичсэн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамаарах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.    

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт 2.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Х, Б.Н нарт тус бүр 1.500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 800.000 төгрөгөөр  торгох ял тус тус оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих  шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.   

5. Яллах дүгнэлтийн “хэргийн товч утга” хэсэг бол “нотолбол зохих байдлын хүрээнд яллаж буй гэмт хэргийн шинж”-ийг хууль зүйн хувьд тодорхой, зөв, оновчтой дүгнэсний илэрхийлэл болох учраас гэмт хэргийн шинж бүрэн тусгагдсан эсэх, тухайн  бичвэр бүхэлдээ нотлогдсон эсэхийг хангалттай, ач холбогдолтой, хамааралтай эх сурвалжид үндэслэн дүгнэж байх шаардлагатайг тэмдэглэв. Тухайлбал, шүүгдэгч Э.Б, Б.Н, Б.Х нар хохирогч Э.Б-г зодсон нь ямар нэгэн шалтаг шалтгаангүй эсэх, зодохдоо бүгд цохих эсхүл өшиглөсөн үйлдлийг хийсэн эсэх, Э.Б нар яаж бүлэглэсэн эсэх, зарим оролцогч нэгэн зэрэг шүүгдэгч, хохирогч эсэх зэргийг ерөнхий байдлаар дүгнэх нь ойлгомжгүй, зөрүүтэй байдал үүсгэх тул цаашид анхаарах нь зүйтэй.                            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :  

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1216 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

 

                         ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                             Г.ГАНБААТАР