Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 446

 

Э.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр магадлалтай, Э.А-т холбогдох 1818007290018 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Э-ын А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завших” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нар хамтран гаргасан гомдолдоо “...Э.А нь “В” ХХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар 08-ны өдрийн 02/55 дугаар тушаалаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс орон нутгийн борлуулагчийн ажилд орсон нь хэрэгт авагдсан тушаалаар батлагддаг. А ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 7 дугаар сард Шарын гол сумын иргэн Энхболдод 3 удаа бараа нийлүүлсний үнэ болох 8,304,000 төгрөгийг авч чадалгүй алдсанаа мэдүүлдэг ба үүнийг гэрч Дархан салбарын менежер А гэрчилсээр байхад Э-оос мэдүүлэг аваагүй байж энэ мөнгийг А-ыг завшсан гэж үзэх эрх зүйн боломжгүй юм. Найз гэх Д-ууд виза картаа алдаж картан дахь данснаасаа 2,775,000 төгрөгийг алдсан гэдэг, мөн ажил хүлээлцэхэд “тооцооны зөрүүгээр” 197,000 төгрөгийн дутагдал гарсан зэрэг байдлуудыг ч анхаарах шаардлагатай юм. А дараах дэлгүүрүүдэд тухайн өдөр худалдагчаар ажиллаж байсан хүмүүст урамшууллын мөнгийг өгч баримт үйлдэн гарын үсэг зуруулж “В” ХХК-ийн Дархан салбарт өгсөн байтал “Буян” дэлгүүрийн урамшууллын 25,800 төгрөг, “Х” дэлгүүрийн урамшууллын 102,520 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримтыг нь нотлох баримтаар хэргийн материалд авалгүй тус дэлгүүрүүдийн эрхлэгчийн мэдүүлгээр хохиролд тооцсон нь хохирлын хэмжээг зориудаар нэмэгдүүлж А-ын эрх зүйн байдлыг дордуулж хүнд зүйл ангиар зүйлчилж хохироосон байна.

А-ын “В” ХХК-тай хийсэн хөдөлмөрийн гэрээний 3.4.4; 6.4; 7.4- 7.6 дугаар заалтуудад компанид учруулсан хохирлоо бүрэн хариуцан төлөхөөр заасан болохоор А нь эрх зүйн мэдлэггүй болохоор хохирлыг яаж учруулсанд ач холбогдол өгөлгүй, нэгэнт л төлөх ёстой гэж үзээд “би хариуцна, би төлж барагдуулна” гэж хэлсэн нь өгсөн мэдүүлгүүдэд тусгагдсан байдаг юм. А-ыг ажилд ороход ажил олгогч “В” ХХК нь Э.А-аас үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө барьцаанд тавих болзол шаардаж үүний дагуу эцэг Б.Э-ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн 5 дугаар гудамжны 11Б тоот дахь 56.2 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2003016637 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг 8,000,000 төгрөгөөр, дээрх хаяганд байрлалтай 478.0 м.кв талбайтай, Г-2003007772 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг 7,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, 10,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан нь нотлох баримтаар авагдсан. Ажилд орохдоо А-ын барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүдийг “В” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Г.Зориг нь охин компани болох “В Хэнтий” ХХК-даа “В” ББСБ-д 10,000,000  төгрөгийн барьцаанд тавиулж бэлэн мөнгө гаргаж авсан нотлох баримт хэргийн материалд авагдсан. Ажил олгогч өөртөө давуу байдал бий болгон барьцаалсан хөрөнгийг ББСБ-д барьцаанд тавьж 10,000,0000 төгрөгийн зээл авч 2018 оны 3 дугаар сараас өдий хүртэл ашигласан нь нотлох баримтуудаар батлагдаж байна. 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй хувийн хашаа, байшин, өмчлөлийн газар зэргээ барьцаалан 10,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “В” ХХК-д өгсөн нь тогтоогдож байхад компанид 9,403,320 төгрөгийг төлөх учиргүй гэж тухайн үед үзэж байсан хэдий ч шүүх хурлын явцад төлбөрийг төлж барагдуулсан.

Ажилчин, ажилтан нь байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний дагуу “хохирол учруулсан тохиолдолд” хөдөлмөрийн болон иргэний эрх зүйн харилцаагаар асуудлыг шийдвэрлэх боломжтой байхаар зохицуулсан холбогдох хуулийн хэм хэмжээнүүд байсаар байхад заавал эрүүгийн хэрэг болгон шийдвэрлэсэн нь шүүгдэгч Э.А-ын эрх зүйн байдлыг дордуулж, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 13, 19 дүгээр зүйлийн 1-д заасан зарчмуудыг ноцтой зөрчсөн. “В” ХХК-иас А-тай 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3.7-р зүйлд “Эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардана”, мөн гэрээний 3.4.17-р зүйл заалтаар А-т “Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлэн төлөх, хугацаанд нь тайлагнах үүрэг”-тэй гэжээ. Иймд хөдөлмөрийн гэрээний 6.4-т зааснаар ажилтны буруу үйл ажиллагаанаас байгууллагад учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан байна гэж үзэж байна. Ажилтай болохыг хүссэн иргэн А-ын хүсэл сонирхлыг нь ашиглан түүнд итгэмжлэлээр олгосон иргэн Б.Э-ын үл хөдлөх хөрөнгийг ББСБ-д барьцаанд тавьж, Зээлийн гэрээ хийлгэж “В” ХХК-д 10,000,000 төгрөг авчихаад Э.А-ыг зээл авсан компанийн батлан даагч болгосон үйл ажиллагааг ч дүгнэн үзэхэд дээрхи зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн шинжийг агуулж байна.

Өөрөөр нь зээл авахуулаад өөрөөр нь батлан даалгасан нь гэрээний эрх тэгш байдлыг алдагдуулж иргэний хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэгт “зээл төлөлтийн талаар” үл маргах замаар, шүүхийн журмаар гэх мэт зөрүүтэй заалтуудыг нэг төрлийн гэрээнүүдэд өөрөөр тусгасан байгаа нь гэрээг хуулийн хүрээнд хийгээгүйг харуулж байна. Тэгш бус хэлцлээс болж хохирч байгаа иргэн Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж улмаар шүүх ял оногдуулж шийдвэрлэлээ. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож Э.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. “В” ХХК нь Э.А-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.3.7-р заалт болон энэ эрх зүйн харилцаанаас үүсэлтэйгээр байгуулагдсан Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэг нотлох баримтууд нь ажилчин Э.А-ыг Иргэний эрх зүйн харилцаанд оролцсон болохыг нотолж байхад Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Мөн Э.А-аас “В” ББСБ-тай хийсэн гэрээ, “В” ХХК-ийн барьцаалж авсан зээлээс харахад цаг хугацааны хувьд тус компанид учирсан бодит хохирол байхгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2,  2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2, 39.7 дугаар зүйлүүдийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээнийхээ дагуу хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзэж Э.А-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат хэлсэн саналдаа “2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулаад тухайн компанид 50,000,000 төгрөгийг барьцаа өгч, тамхи борлуулагчийн ажилд орсон. Тамхи хурдан борлогддоггүй бөгөөд өдөрт 10,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн тээвэрлээд гардаг. Шарын голд гурван удаагийн нийлүүлэлтээр н.Э-од 8,304,000 төгрөгийг борлуулалт хийсэн боловч мөнгийг аваагүй. Гэтэл хэргийн материалд н.Э-ыг гэрчээр асуугаагүй. Э.А-ыг уг мөнгийг ашигласан, завшсан, үрэгдүүлсэн талаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Дэлгүүрүүдэд тамхи тараахдаа борлуулсан тамхины хэмжээнд өгдөг урамшууллын мөнгийг завшсан гэдэг. Дэлгүүрийн худалдагч нарт мөнгийг өгөөд баримтжуулсан баримтыг нотлох баримт гэж үзээгүй. н.Доржнямбуу гэдэг хүн Э.А-ын данснаас 2,770,000 төгрөгийг гаргаж авсан гэж хэлсэн боловч түүнийг гэрчээр асуугаагүй. Ийм байдлаар үлэмж хэмжээний хохирол ашигласан, үрэгдүүлсэн талаар бүрэн тогтоогоогүй. Дээрх байдлаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нийт хохирлоо шүүгдэгч бүрэн төлсөн тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх ёстой гэж бодож байна. Иймд Э.А-ын хууль ёсны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь тухайн компаний 11,450,000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Тус компани нь шүүгдэгчийн ашигласан гэх мөнгөний тооцоог гаргахдаа харилцагч компаниудад шалгалт хийсэн. Шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг юм.

Ийнхүү Э.А нь “В” ХХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 02/55 дугаартай тушаалаар борлуулагчийн ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар уг компанийн харилцагч байгууллагуудад борлуулах эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна. Тодруулвал, түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг Э.А нь ажил үүргийнхээ дагуу зарж борлуулсны мөнгийг “В” ХХК-ийн дансанд тушаалгүйгээр өөртөө завшжээ.

Энэ тохиолдолд хууль бус захиран зарцуулалт хийх буюу завших үедээ албан тушаалын байдлаа ямар нэгэн байдлаар дахин ашиглаагүй бол албан тушаалын байдлаа ашигласан гэх нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчлэхгүй.

Э.А-т холбогдох хэргийг дээрх байдлаар албан тушаалын байдлаа ашигласан хэмээн прокуророос хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр болсон байна. Гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд буй шинжийг дахин хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.    

Иймээс прокуророос Э.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Э.А нь “В” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагчаар 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллахдаа 11,403,320 төгрөгийг завшсан нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр магадлалд:

“Прокуророос Э.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Э.А-ыг гэм буруутайд тооцсон, торгох ял оногдуулсан болон ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон, цагдан хоригдсон хоногийг торгох ялаас хассан 1, 2, 3, 4 дэх заалтуудыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН