Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 736

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, иргэн Б.Б*******гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Б.Б******* миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие энэхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул татгалзсан хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 дугаар тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу иргэн Б.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Мөн нэхэмжлэгч иргэн Б.Б******* Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Б*******гийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь “Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэгдэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ