| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04366/И |
| Дугаар | 192/ШШ2025/02150 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/02150
2025 03 20 192/ШШ2025/02150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * хаягт оршин суух, Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Г.Х /РД:*/-д холбогдох,
690 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Ч хариуцагч Г.Х нар нь 2022 оны 04-р сарын 27-ны өдөр автомашины сэлбэг болох амаржиныг 700,000 төгрөгөөр дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдахаар харилцан тохиролцсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж 700,000 төгрөгийг төлөхийг удаа дараа сануулдаг байсан боловч хариуцагч нь төлөхгүй байсан тул 2023 оны 06-р сарын 19-ний өдөр 700,000 төгрөгийг хувааж төлөх нөхцөлтэйгөөр "Худалдах-Худалдан авах гэрээ"-г нөхөж бичгээр үйлдсэн. Гэсэн ч хариуцагч нь тус бичгэн гэрээнд харилцан тохиролцож оруулсан төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээний 1.3.1-д заасан 10,000 төгрөгийг 2023.06.19-ний өдөр шилжүүлснээс бусдаар үлдэгдэл болох 690,000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Уг эс үйлдэл нь 2023 оны 06 сарын 19-ний өдөр нөхөж байгуулсан "Худалдах-Худалдан авах гэрээ"-ний 1.2, Иргэний хуулийн 243.1-д тус тус заасныг зөрчиж байна. Иймд хариуцагч Г.Х-с 2023 оны 06 сарын 19-ний өдөр нөхөж байгуулсан "Худалдах-Худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 690,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Х миний бие Ж.Ч-д нэхэмжлэлийн дагуу 690 000 төгрөгийн 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 190 000 төгрөгийг төлж барагдуулахгүй гэжээ.
.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж, 2023.06.19-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа эдгээр баримтыг шүүхэд гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Г.Х-д холбогдуулан 690 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг гаргуулах...” гэж тайлбарласан байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргажээ.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь Б.Б, Г.Х нарын хооронд байгуулагдсан. Уг гэрээгээр худалдагч Б.Б нь машины амаржиныг 700 000 төгрөгөөр худалдан авагч Г.Х-д худалдах, худалдан авагч Г.Х нь төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон байна.
5. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
7. Өөрөөр хэлбэл, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гэрээний оролцогчид харилцан бие биедээ гаргах эрхтэй байдаг.
8. Нэхэмжлэгч Ж.Ч дээрх гэрээний оролцогч биш байх ба худалдагч Б.Б-с тухайн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлсэн авсан этгээд гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээний оролцогч этгээд биш тул хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхгүй болно.
9. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Ч-ийн хариуцагч Г.Х-д холбогдуулан гаргасан 690 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
10. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2025.03.13-ны өдөр хариуцагчийн * дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй байна.
11. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон хаягт мэдэгдэх хуудас хүргүүлсэн бөгөөд уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй талаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасны дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ч-ийн хариуцагч Г.Х-д холбогдуулан гаргасан 690 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 21 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ