| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0700/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч П.Хуягбаатар, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн 1706 02368 0132 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ” ресторанд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, , гавъяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 703 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ц Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” пабад хохирогч П.Хуягбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 3-ны орой “Гранат” ресторан буюу ажил дээрээ байж байсан. Тэр өдөр хохирогчтой өөртэй нь манай ээж утсаар ярьсан байсан. Ингэхдээ “маргааш ирээд аваарай" гэсэн байсан. Би удаасан нь бол үнэн. Орой нь П.Хуягбаатар над дээр ирэхэд нь би “надад байхгүй чадахгүй” гэж хэлэхэд намайг элэгдсэн. Элэгдэхээр нь би тоглоод гэж бодоод эргээд харахаар нь араас өшиглөхөөр нь би эргэж хараад цохисон. Хийсэн хэрэгтээ бол би гэмшиж байна….Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Хуягбаатар мэдүүлэхдээ: “Би Ц.Баярсайханы ажилд багажаа өгөөд өдөр болгон багажаа авъя гэж яриад сар гаран болсон. Одоо өгнө маргааш гэсээр байсан. Ингээд сүүлдээ “эгчид нь танай дүү миний багажийг өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд орой болоод би Ц.Баярсайханы ажил руу нь ороод Ц.Баярсайхантай уулзсан. Уулзаад “чи болилдоо гээд гэдэс рүү нь зөөлхөн цохисон түүнээс элэгдсэн юм байхгүй. Ингээд багажаа авъя гэхэд миний ажил дуусаагүй байна 2-3 хонгийн дараа ав гээд яваад өгөхөөр нь би араас нь нэг өшиглөсөн. Гэтэл эргэж хараад намайг цохисон.” гэв
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Хуягбаатарын мэдүүлэг /хх-8-10/, гэрч О.Зандансүхийн мэдүүлэг /хх-15/, шинжээчийн 12566 дугаартай дүгнэлт /хх-17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-22/, шүүгдэгч Ц.Баярсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх—28-29/, шинээр “Cool Dental” шүдний эмнэлгийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранат” пабад хохирогч П.Хуягбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруусан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч П.Хуягбаатарын өгсөн: “Би өөрийн найз Ц.Бд цахилгаан хөрөөгөө өгсөн юм. Тэгээд нэг сарын өмнөөс Ц.Бд хандаж “миний цахилгаан хөрөөг өгөөч” гэж хэлэхэд “за” гэж хэлсэн. Тэгээд сүүлийн долоо хоног залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 3-ны орой 19 цаг өнгөрч байхад Ц.Бы ажилдаг “Гранат” гэх нэртэй паб дээр очиж уулзаад багажаа авах гэтэл “ойрын өдрүүдэд ажилтай байна, хэд хоногоос аваарай” гэж хэлэхээр нь миний уур хүрээд Ц.Быг нэг удаа бөгсөн биеийг нь амбаардсан. Тэгсэн чинь Ц.Б эргэж хараад гараа атгаж байгаад миний уруул тус газар нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Тэгээд 102 дугаарт залгаж дуудлага өгсөн” /хх-8-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч О.Зандансүхийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим “Гранат” бааранд ажлаа хийгээд текэн дээр сууж байсан чинь арын хаалгаар сүүлд нэрийг нь мэдсэн П.Хуягбаатар гэх залуу орж ирээд Ц.Б ахтай хоорондоо юм ярьж байгаад Баярсайхан ахын нүүр хэсэг рүү цохих шиг болсон. Ингээд Ц.Б ах инээгээд цаашаа явсан чинь араас нь бөгс рүү өшиглөсөн чинь Ц.Б ах эргэж хараад барьцалдаад нүүр рүү цохиод байх шиг байхаар нь би гүйж очоод голоор нь орж салгасан” /хх-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №12566 тоот дүгнэлтэнд:
1. П.Хуягбаатарын биед тархи доргилт, доод уруулд няцарсан шарх, 1 шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид 1 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 5%-р алдагдуулна” /хх-20/ гэх дүгнэлт,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-20/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/ тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нь “Шүүгдэгчийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хэдий ч энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл П.Хуягбаатарын багаж хэрэгслийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах буюу өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болох зорилгоор иргэний эрх зүйн халдашгүй эрхэнд халдаж байна гэж үзэж байна. Үүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтай байна гэж харж байна.” гэж тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Баярсайхан дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй. Харин хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч П.Хуягбаатар нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болно.
Хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч П.Хуягбаатарын зүгээс нэхэмжилсэн 2.200.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг хуульд заасан нотлох баримтын хувьд үнэлэх боломжгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Бг 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Б нь шүүх оногдуулсан 460 /дөрвөн зуун жаран/ нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч П.Хуягбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС