| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0157/З |
| Дугаар | 128/ШШ2025/0281 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0281
2025 04 18 128/ШШ2025/0281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г /G******* *******/,
Хариуцагч: Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, тус газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагч,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г /G******* Lingzhong/, нэхэмжлэгчийн орчуулагч Б /B******* *******/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, Ч.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/ дугаартай дүгнэлтийг илт хууль болохыг тогтоолгох,
1.2.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалын Г /G******* *******/-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох,
1.3.Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/ дугаартай албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1.Нэхэмжлэгч Г /G******* *******/ нь 2012 оноос БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Ж ХХК /2012 онд байгуулагдсан/-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болж, Монгол Улсад хөрөнгө оруулагчийн В1 ангиллын визээр оршин сууж байгаа бөгөөд 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөлтэй ба 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогджээ. 2.2.2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ[1], мөн өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр[2] Ж ХХК Монгол Улсын иргэн Ч.Б Б************** ХХК-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авч, өөрийн охин компани болгож, тус компанийн гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс томилогдсоныг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
2.3.Нэхэмжлэгч нь Б*******гол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны тоот хаягтай Ворлд -ын 9, 10 давхарт байрлах тус бүр 867 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж 2023 оны 01 дүгээр сарын -ний өдөр Ү-, Ү- дугаартай гэрчилгээ авчээ.
2.4.Аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөр эрхэлж буй гадаадын мэргэжилтэн, ажиллах хүчний баримт бичиг, холбогдох материалыг хянан шалгаж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Хяналт шалгалтаар ажиллах тухай 1- дугаартай удирдамжийн дагуу Б*******гол дүүргийн 17 дугаар хороо, Дамдинбазарын гудамж тоот хаягт байрлалтай Ворлд -ийн 17 давхарт байрлах Ж ХХК-д хяналт шалгалтыг хийсэн байна.
2.5.Хяналт шалгалтаар Г /G******* *******/ нь тус барилгын 9, 10 дугаар давхарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй зочид буудал-ын үйл ажиллагаа нууцаар явуулж, орлогыг хувийн дансаар авч, татвараас зайлсхийж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах-ыг хориглосныг зөрчсөн зөрчилд холбогджээ.
2.6.Гадаадын иргэн, харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Ж.Зын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Г /G******* *******/-ийг Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг холбогдогчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан байна.
2.7.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ЗШ/ дүгээр шийтгэврээр зөрчилд холбогдогч Г /G******* *******/-д оногдуулсан дээрх шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээснийг өмгөөлөгчийн гомдлоор хянаад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ДШМЗ/ дүгээр магадлалаар ...тусгай зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулахдаа ямар байгууллагаас зөвшөөрөл авдаг эсэх, уг байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх, эсхүл авах хүсэлт гаргасан эсэх зэргийг тогтоосон баримт үгүй, ...шүүх зөрчлийн хэрэгт авагдсан зөрчлийн холбогдогч Г /G******* *******/-ийн зочид буудлын үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан эсэх талаарх нотлох баримт үгүй байхад холбогдогчийн дансны хуулгаар нотлогдсон гэж дүгнэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж дүгнэж, Гадаадын иргэн, харьяатын газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2025/ЗШ/ дүгээр шийтгэврийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэхүү магадлалд эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.8.Үүний дараа маргаан бүхий Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/ дугаартай Монгол Улсаас албадан гаргах тухай дүгнэлтийг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалаар Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан БНХАУ-ын нэр бүхий 5 иргэдийг 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор албан гаргахаар шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Г /G******* *******/-ы нэр багтсан байна.
2.9.Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: Нэхэмжлэгч Г /G******* *******/ шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нэг ч тохиолдол байхгүй байхад үндэслэлгүй, бодит нөхцөл байдлыг гуйвуулж тус газрын улсын байцаагч, агентлагийн дарга нь хууль зүйн болон орчуулгын туслалцаа авах боломжоор хангалгүй шийдвэр гаргасан. Хариуцагч тухайн захиргааны акт, дүгнэлтийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй. Түүнчлэн хариуцагчийн захиргааны акт илт хууль бус учир нь тушаал, дүгнэлтийн нэхэмжлэгчтэй холбогдох хэсэг нь утга агуулгын илэрхий алдаатай буюу хийгээгүй нөхцөл байдлыг хийсэн болгосон тул эрх зүйн үндэслэлгүй. Мөн тус газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулж торгосон бөгөөд үүнийг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн хангаж өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд бичгээр тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монгол Улсад 10 гаруй жил ажиллаж амьдарч байгаа. Монгол Улсад хөрөнгө оруулж зочид буудлын объект барьж монгол хүмүүсийг ажиллуулан амьдарч байгаа. Маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж байгаа. Тухайлбал нэхэмжлэгчид нотлох баримтын хэмжээнд хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний талаарх үр дүнгийн тэмдэглэл зэргийг ирүүлсэн боловч сонсох ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчид юу болоод байгааг огт тайлбарлаж ойлгуулаагүй. Орчуулагч оролцуулаагүй. Тайлбар гаргах, хууль зүйн туслалцаа авах боломжийг огт олгоогүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагддаг. Маргаан бүхий акт нь Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлтэй байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг бичгээр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байна. Бодит нөхцөл байдал дээр ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогддоггүй. Энийгээ хариуцагч нар бид нар очоод дүгнэлт гаргаад, шийтгэлийн хуудсаар тогтоогоод 100.000 төгрөгөөр торгосон гэж тайлбарладаг. Шийтгэлийн хуудас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ямар ч үндэслэлгүй байна гэдэг нь тогтоогдсон. Хариуцагч нар үйл ажиллагаа явуулахдаа нотлох баримт цуглуулаагүй. Ямар зөвшөөрлийн үндсэн дээр ямар бичиг баримт бүрдүүлж, ямар шат дараатайгаар энэ зочид буудал ажиллуулах ёстой юм гэдгийг огт нотлох баримтын хэмжээнд тогтоогоогүй байна. Зөвхөн энэ хүний дансны хуулгыг үндэслэж торгож дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус байна. Нотлох баримт нь хангалтгүй байна гэдэг үндэслэлээр байцаагчийн шийтгэх хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүчингүй болгочихсон. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулна гэдгийг юу гэж ойлгоод байгааг тайлбарлаагүй. Тухайн иргэн нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийгээд олон тэрбум төгрөг зараад үл хөдлөх хөрөнгө бий болгоод ажиллаж байгаа нь өөр үйл ажиллагаа юу гэдгийг тогтоож өгөөгүй. Нэхэмжлэгч тухайн үед удаа дараа хариуцагчид хүсэлт гаргасан. Манайд ажил явдалтай холбоотойгоор урдаас хүмүүс ирээд байршиж байгаа гээд хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч өөртэйгөө хамт ажиллаж байсан Монгол хүмүүст итгээд миний талаарх ойлголтыг төрийн байгууллагад өгөөд байна гэж ойлгосон боловч байдал өөрөөр эргэсэн. Ирсэн зорилгоосоо өөр ажиллагаа явуулж байгаа, албадан гаргаж байгаа үйл ажиллагаа болж хувираад энийг өмгөөлөгч авч байж ойлгосон. Тийм учраас хариуцагчийн энэ маргаан бүхий акт нь илт хууль бус юм. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-т заасан хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан бөгөөд мөн ийм захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй. Түүнийг бодит нөхцөл байдал дээр биелүүлэх боломжгүй тушаал болжээ гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Мөн байцаагчийн 589 дугаартай дүгнэлт яг адилхан. Акт гаргахдаа ямар нэгэн нотлох баримт цуглуулж байгаа ажиллагаа нь үндэслэлгүй байсан. Ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байна гэдгийг хариуцагч нар нотлох баримтын хэмжээнд тогтоож чадаагүй байна. Буудлын үйл ажиллагаа явуулах нь Зөвшөөрлийн тухай хууль дотор байхгүй. Зөвшөөрлийн тухай хуулиас арай өөр төрлийн харилцаа байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар бид нар зочид буудлаа бариад хуульд заасан бичиг баримтаа бүрдүүлэх гээд төрийн байгууллагаас зөвлөгөө аваад ажиллаж байсан. Хараахан материалуудаа өгч чадаагүй. Судалгаагаа хийгээд явж байсан. Мөн Ж.З байцаагч нэхэмжлэгчийн гадаад паспортыг хурааж авсан байдаг. Хурааж авахдаа акт үйлдсэн. Акт үйлдэхдээ зөрчлийн хэрэг шийдэгдтэл түр хугацаагаар хурааж авлаа гэсэн боловч одоо болтол паспортыг өгөөгүй. Паспорт оршин суух үнэмлэх нь байхгүй учраас энэ хүн компанийнхаа үйл ажиллагаа явуулж, банк санхүүгийн байгууллагатай харилцах, төрийн байгууллагатай харилцахад дандаа паспорт нэхдэг. Удаа дараа өмгөөлөгчөөрөө дамжуулаад хүсэлт гаргахад өгөөгүй. Сүүлд миний бие уг хүсэлтийг гаргахад мөн өгөөгүй. Энэ хүн ажил явдал гараад бичиг баримтыг нь авах гэхэд мөн л өгөөгүй. Өгөөгүй шалтгаан нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр албан бичгийг гаргаад захиргааны шүүхээр явж байгаа захиргааны акт түдгэлзсэн учраас өгөх боломжгүй гэдэг зүйлийг яриад байгаа. Энийг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Бид нар бичиг баримтаа буцааж авах ёстой гэж үзэж байна. Тийм учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнд байцаагчийн дүгнэлт гарах үндэслэл нь байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төрийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн ажиллагаа байгаа. Энэ хүрээндээ тус байгууллагад шалгалт хийхэд нэхэмжлэгч этгээд өөрийн өмчлөлийн байранд зочид буудлын үйл ажиллагааг нууцаар явуулсан гэдэг нөхцөл байдал тогтоогддог. Энэ утгаараа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зөрчил үйлдсэн учраас Ж.З байцаагч тэмдэглэл үйлдэж, паспорт бичиг баримтыг нь хурааж авсан. Төрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд хүлээсэн хяналтын улсын байцаагчийн хэрэгжүүлдэг өдөр тутмын ажиллагаа. Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах үед орчуулагч 2 удаа солигдсон. Тухайн шалгалтыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн байдаг. Маргааш нь буюу 11 дүгээр сарын 12-нд нь О.С гэх орчуулагч ирсэн, 11 дүгээр сарын 14-нд Э.Мгэдэг орчуулагч ирсэн. Э.Морчуулагч компанийнхаа талаар сайн мэддэг. Менежер нь мөн орчуулагчаар ажилладаг хүн байгаа. Нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байгаа шалтгаануудын нэг нь тухайн үед шалгалт явуулсан тэр даруйдаа хяналтын улсын байцаагч шалгалтын тэмдэглэл хөтөлж явдаг. Хөтөлж явсан тэмдэглэлээ орчуулагчаар нь дамжуулаад тухайн объектод нь тухайн гадаадын иргэнд нь юм уу эсвэл тэр байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтанд тэмдэглэлээ танилцуулж зөвшөөрч байгаа эсэхийг нь гарын үсэг зуруулж баталгаажуулж авдаг. Маргааш нь энэ хүнийг зөрчилтэй гэж үзээд зөрчлийг шийдвэрлэх хүртэл байцаагч хураах эрхтэй. Нэхэмжлэгч талын яриад байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу яваад байгаа зөрчил биш. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зөрчил тул энэ нь өөрөө эрх зүйн зөрчил юм. Байцаагчийн шийтгэлийн хуудас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр унасан шалтгаан нь бусад холбогдох байгууллагаас баримтууд аваагүй, дутуу дулимаг гэдэг үндэслэл байдаг. Түүнээс зөрчил мөн биш гэж шүүх дүгнээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн байцаагч шалгалтын ажлыг явуулаад Г оос тайлбар авсан. Мэдүүлэг тайлбар авах бүх ажиллагаануудыг хийсэн. Гэхдээ энэ нь өөрөө харьяаллынхаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явсан. Яагаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явж байна вэ гэхээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчих нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулбал 100.000 төгрөгөөр торгодог үйл ажиллагаа юм. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар албадан гаргах ажиллагаа нь захиргааны акт буюу энэ ажиллагаа нь захиргааны хэргийн шүүх рүү харьяалагдаж хянагдана. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дээр энэ нотолгоонуудыг бүгдийг нь авчихсан. Орчуулагчаар нь хангачихсан. Сонсох ажиллагаа, мэдэгдэх ажиллагаануудыг хийдэг. Өөрөөр хэлбэл байцаагчийн баримт хоёр хувь үйлдэгдэж явдаг. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд тухайд байгууллагын албан бичигтэй маргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш. Ар гэрийн гачигдал гэж тайлбарлаж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө нь хүсэлт гаргадаг. Нэгт энэ хүн өөрөө биечилж ирээгүй. Хоёрт ямар нэгэн байдлаар нотлох баримт байхгүй. Өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын шүүхэд нэхэмжлэл гаргаад холбогдох асуудлыг нь шийдье гээд шүүхээс актыг нь түдгэлзүүлсэн байхад гаргаад буцаагаад оруулна гэдэг ч юм уу Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт байхгүй учраас үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь бичгээр гаргасан тайлбар дээрээ зочид буудлынхаа үйл ажиллагааны талаар бичсэн. Хоёрдугаарт орчуулагч нь хоёр удаа солигдсон. О.С гэдэг орчуулагч тэр хүний ярьсан зүйлийг орчуулсан. Дараа нь дахиад компанийнх нь ажилтан орчуулагч ирэхэд би тэр асуултуудаа дахиад асууж ийм нөхцөл байдал тогтоогдлоо гэсэн. Э.Морчуулагч адилхан зүйлүүдийг орчуулсан. Энэ хоёр орчуулга хоорондоо зөрсөн зүйл байхгүй. О.С гэдэг орчуулагч буудлын талаар ярьсан. Э.Мгэдэг орчуулагч мөн тэр буудлын талаар ярьсан. Би өөрийнхөө зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дээр хоёр орчуулагчаас эхлээд бүх асуудлуудаа бүгдийг нь дахиад шинээр эхэлсэн. Баримт бичгийг буцааж өгөхгүй байна гэдэг асуудал нь албадан гаргах тушаал хууль зүйн үндэслэлтэй үндэслэлгүй гэдгийг хэлэлцэж шийдвэрлээгүй байгаа тохиолдолд манайх буцааж өгөх боломжгүй. Яагаад гэвэл албадан гаргах ажиллагааны журам байгаа. Засгийн газрын 2021 оны 123 дугаар тушаалын 3 дугаар зүйлийн 3.1.3-т Албадан гаргах шийдвэр гарсан тохиолдолд тухайн иргэний бичиг баримтыг Монгол Улсын хилээр гарах хүртэл хугацаанд хадгална гэж заасан. Энэ заалтын дагуу буцааж өгөөгүй. Хоёрт орчуулагч буруу орчуулсан гээд байна. Хоёр орчуулагч ирээд нэг зүйлийг л ярьсан гэдгийг дахин хэлье. Өмгөөлөгч оролцуулах боломжоор хангаагүй гэж байгаа. Миний санаж байгаагаар гурав нь өмгөөлөгч оролцсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/ дугаартай дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалын Г /G******* *******/-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
2.Нэхэмжлэгч талаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарсан шийтгэлийн хуудсыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон тул Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзэхгүй, улмаар албадан гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж тайлбарлан маргадаг.
3.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь маргаан бүхий гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны УБ05/ дугаартай дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалын Г /G******* *******/-д холбогдох хэсгийг хууль илэрхий зөрчсөн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй.
4.Учир нь Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасны дагуу гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол Улсаас албадан гаргах шийдвэр гаргах эрх хэмжээтэй, энэ шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт болохын хувьд мөн хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим, журам болон холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх шаардлага тавигдахаас бус, Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шийтгэл хүлээсэн байх шаардлага тавигдахгүй.
5.Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаан бүхий гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны УБ05/ дугаартай дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны А/5 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаад нэхэмжлэгчийн маргаж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад зааснаар илт хууль захиргааны актад тооцох үндэслэлгүй байна.
6.Тодруулбал, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны УБ05/ дугаартай дүгнэлтэд Г /G******* *******/-ыг хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр түүний В1 оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, 3 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах санал-ыг тусгасан,
уг саналыг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны А/5 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар албадан гаргах-аар шийдвэрлэсэн нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэх илт хууль бус актын алдаанд хамаарахгүй юм.
7.Түүнчлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг тусгайлан заасан бөгөөд тухайн үндэслэл тогтоогдсон тохиолдолд хэрэгжүүлэх албадан гаргах үйл ажиллагаа-г Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.
8.Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаар тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмын 3.1.1. Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг гадаадын иргэнд даруй танилцуулж, холбогдох зардлыг өөрөө, эсхүл уригч байгууллага, иргэн хариуцахыг мэдэгдэх, 3.1.2. гадаадын иргэний оршин суух хаяг тодорхойгүй, бүртгүүлсэн хаяг байршилдаа байхгүй, эсхүл тухайн гадаадын иргэн албадан гаргах ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал тогтоогдвол түүнийг эрэн сурвалжлах, хаяг байршлыг тогтоох ажиллагааг шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэх, 3.1.3. энэ журмын 1 дэх хэсэгт заасан гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох баримт бичгийг Монгол Улсаас гарах хүртэл хугацаанд түр хадгалах.., 3.1.5. албадан гаргах шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор тухайн гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл, фото зураг бүхий мэдээллийг гадаадын иргэний виз, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэн даруй оруулан, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хил хамгаалах байгууллагад мэдэгдэх гэж гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар маргаан бүхий Монгол Улсаас албадан гаргах тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.
9.Харин захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлийн тухайд шүүх дараах дүгнэлтийг хийж байна.
9.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.3-т зааснаар гадаадын хөрөнгө оруулагч гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/...-ийг ойлгох бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, үйлдвэрлэл, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж болно.
9.2.Ийнхүү гадаадын хөрөнгө оруулагч нь хуулиар хориглоогүй салбар, үйлдвэр, үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үндсэн үүрэг-ийн дагуу хуульд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийж, үйл ажиллагаа явуулах, олсон ашиг, ногдол ашгаасаа Монгол Улсын нутаг дэвсгэрт татвар төлөх үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр өөрт ногдох хөрөнгө, орлогыг гадаад улсад саадгүй гаргах эрхтэй байна.
9.3.Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалт хийж, ашиг олох үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, нөгөөтэйгүүр хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулахыг Гадаадын иргэний хэргийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад зааснаар гадаадын иргэнд хориглосон тул нэхэмжлэгч Г /G******* *******/ нь зочид буудлын үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх учиртай.
9.4.Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.16-д заасан худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам батлах бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 2.4.1-д заасан зочид буудал-ын үйлчилгээ эрхлэхэд хууль тогтоомж, стандартад зааснаас гадна мөн журмын 5.1-д заасан нийтлэг шаардлагыг хангасан байх нөхцөл тавигдах ба уг үйлчилгээг нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан газар хянан баталгаажуулах зохицуулалтыг журмын 6.3-т тусгайлан заажээ.
9.5.Энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Б*******гол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны тоот хаягт байршилтай Ворлд -ын 9, 10 давхарт байрлах тус бүр нь 867 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд дээрх журамд заасан зохих хянан баталгаажуулалтыг хийлгэлгүй/зөвшөөрөлгүйгээр/-ээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж байсан болох нь хяналт шалгалтын явцад түүний бичгээр гаргасан ...Одоогоор 9-р давхар, 10-р давхар, 11-р давхрын тусгай зөвшөөрөл/гэрчилгээг гарган авах шатандаа явж байна гэх тайлбар[3], 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шалгалтын тэмдэглэл[4], /G******* *******/-ы 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Ж.Зтай хийсэн ...Манай компани өөрсдөө 9, 10, 11 давхарт буудлын үйл ажиллагаа явуулдаг. Буудал нь оноосон нэр байхгүй, ...Зөвшөөрөл аваагүй байгаа. 1 ортой, 2 ортой өрөө ялгаагүй 100,000 төгрөг гэх ярилцлагын тэмдэглэл[5], 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Манай компани өөрсдөө 9, 10 давхарт буудлын үйл ажиллагаа явуулдаг, ...Миний хувийн Хаан банкны дугаарын данс мөн Голомт банкны дугаарын дансаар орлогоо авдаг. Өдрийн орлого 100-300 мянган төгрөгийн орлоготой гэх мэдүүлэг[6], түүний хаан банкны дугаартай дипозит дансанд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд .000-480.000 төгрөгийг buudal, 901, 908, 909, 911, 912, 913, 917, 917 room, 917 nomer, 1001, 1002, 1006, 1010, 1011 room, 1013, 2 udur 1017 гэх зэргээр өрөөний дугаарыг тэмдэглэн гүйлгээ хийсэн хуулга[7], хяналт шалгалтын явцад бэхжүүлсэн гэрэл зураг[8], 2021-2025 оны онлайн бизнес төвийн архивыг шүүж үзэхэд Ж ХХК, Б******* ******* ХХК байгууллагуудын нэр дээр ирүүлсэн хүсэлт болон бүртгэл үүсээгүй байна гэх Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичиг[9] зэргээр тус тус нотлогдож байна.
9.6.Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын виз олгох журмын 2.1-д Дипломат, албан ангиллын визийг дараахь гадаадын иргэнд олгоно: гээд 2.2.1-д B1 ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид гэж заажээ.
9.7.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д хувийн хэргээр оршин суугч гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар оршин суухаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг ойлгохоор, 27 дугаар зүйлийн 27.2.3-т хөдөлмөр эрхлэх, 27.2.4-т хөрөнгө оруулах гэж гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох хэлбэрийг, 37 дугаар зүйлийн 37.1.7-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болохоор тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, Монгол Улсад хувийн хэргээр оршин суугч БНХАУ-ын иргэн Г /G******* *******/-ы ирсэн зорилго нь түүнд олгосон В1 ангиллын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн визээр тодорхойлогдоно.
9.8.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 5.1.1-д заасан хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах хэлбэрээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай Ж ХХК байгуулж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд зохих журмын дагуу хянуулж бүртгүүлээгүй/зөвшөөрөлгүй/ зочид буудлын үйл ажиллагаа эрхэлснийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй бөгөөд харин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн гэх үндэслэлд хамааруулан ойлгохоор байна.
9.9.Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын алдааг илт хууль бус, хууль бус, хэлбэрийн төдий буюу засаж болох илэрхий алдаа гэж үр дагавраар нь ялгаатай зохицуулсан бөгөөд маргаан бүхий Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаал нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэнд хамаарахгүй, харин хариуцагч өөрт олгосон эрхийг буруу хэрэгжүүлсэн алдаатай акт гэж үзэх үндэслэлтэй.
9.10.Учир нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг заасан, дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан газрын хянан баталгаажуулсан шийдвэргүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулсан тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалыг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж илт хууль бус актад тооцох үндэслэлгүй байна.
9.11.Түүнчлэн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэрийг гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргах-аар, Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 193 дугаар тогтоолоор баталсан Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоох журмын 2.2-т Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1-д заасан үндэслэлээр хяналтын улсын байцаагч нь дүгнэлт үйлдэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулах-аар тус тус заасан байх тул хариуцагч Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/ дугаартай Монгол Улсаас албадан гаргах тухай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бусад тооцох үндэсгүй. 10.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй...
улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол ... орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхтэй.
11.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Ж.З 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчтэй ярилцлага хийх үед тэрээр өөрийн хүсэлтээр албан ёсны орчуулагчаар Монгол Улсын иргэн О.Сийг авч ярилцсан тэмдэглэлтэй танилцан гарын үсэг зурсан,
Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр түүнээс мэдүүлэг авах үед өөрийн хүсэлтээр Ж ХХК-ийн менежер, албан ёсны орчуулагч Монгол Улсын иргэн Э.М******* оролцуулж мэдүүлэг өгч, гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийн орчуулагчийн тусламж авах эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
12.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/185 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажиллах зааврын 4.2.2-т хяналт шалгалтын үйл ажиллагааны явц болон илэрсэн зөрчлийг баримтжуулах зорилгоор шаардлагатай тохиолдолд фото зураг, дуу, дуу-дүрсний бичлэг хийх, энэ талаар шалгуулагчид урьдчилан мэдэгдэх, 4.2.3-т ...бодит байдлыг тогтоох зорилгоор шалгуулагч болон бусад холбогдох этгээдтэй ярилцлага хийх, тайлбар, баримт гаргуулах, 4.2.4-т хяналт шалгалтын тогтоогдсон нөхцөл байдлын талаар тэмдэглэл үйлдэх байдлаар хяналт шалгалтын ажиллагааг хийж гүйцэтгэхээр,
6.6 дахь хэсэгт гадаадын иргэний Монгол Улсаас албадан гаргах тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд албадан гаргах дүгнэлт үйлдэх хууль зүйн үндэслэл, тухайн иргэний талаарх мэдээлэл, гаргасан зөрчил, түүнд оногдуулсан шийтгэлийн хууль зүйн үндэслэл, оногдуулсан шийтгэлийг бүрэн төлж барагдуулсан эсэх, ямар хуулийн зүйл, заалтын дагуу ямар хугацаагаар албадан гаргахаар шийдвэрлэсэн, сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, эрх бүхий байгууллагын шийдвэрийн хуулбар, тээврийн хэрэгслийн тийзний хуулбар зэргийг тусгасан байхыг заажээ.
13.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Г /G******* *******/-той 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гадаадын иргэний хяналтын улсын байцаагч ярилцлага хийж тэмдэглэл үйлдсэн, мөн түүнд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэл үйлдсэн, өөрийнх мэддэг хятад хэл дээр бичгээр тайлбар гаргуулж авсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх тайлбар няцаагдаж байна. Нөгөөтэйгүүр сонсох ажиллагааг явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй.
14.Иймд нэхэмжлэгчийн гаргасан Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны УБ05/ дугаартай дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалын Г /G******* *******/-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/ дугаартай албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах шаардлагын тухайд:
15.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/185 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажиллах зааврын 6.4-т Баримт бичиг түр хурааан, буцаан олгох хуудас нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн хэлбэрийн жагсаалт, загварт заасан Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэлээс өөр загвартай байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад ажиллагааны явцад гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хураан авсан болон буцаан олгосон үед хөтлөнө гэж заасан.
16.2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Ж.З нэхэмжлэгчийн дугаартай Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хураан авч Баримт бичиг түр хураасан, буцаан олгосон хуудас-ыг үйлджээ.
17.Г /G******* *******/-оос 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Гадаадын иргэн, харьяатын газарт хандан хадам аав нас барсан учраас харьж оршуулах ёслолд оролцох хүндэтгэн үзэх шалтгаанаар гадаад паспорт, оршин суух үнэмлэхийг буцаан авах тухай хүсэлт гаргасан байна.
18.Энэхүү хүсэлтэд хүсэлтийг хангах боломжгүй гэх хариу өгсөн Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/ тоот албан бичиг нь түүний гадаад паспорт, оршин суух үнэмлэхийг буцаан олохоос татгалзсаны улмаас нэхэмжлэгч нь тухайн баримт бичгийг үндэслэн БНХАУ-руу буцах зэрэг тодорхой эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.
19.Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийг Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/ тоот албан бичгийг хууль бус татгалзал гэж үзэх үндэслэлгүй байна.
20.Иймд нэхэмжлэгчийн Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/ дугаартай албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г /G******* *******/-оос Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, тус газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид тус тус холбогдуулан гаргасан Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ05/ дугаартай дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/5 дугаар тушаалын Г /G******* *******/-д холбогдох хэсгийг илт хууль болохыг тогтоолгох, Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05/ дугаартай албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] 2 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал
[2] 2 дугаар хавтаст хэргийн 65-67 дахь тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал дахь орчуулга
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дэх тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дахь тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 113-122 дахь тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 130-133 дахь тал
[9] 2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал