Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00981

 

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00981

 

 

 

ҮХОБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184Ш2021/00921 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ҮХОБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н-, И.Д- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 44 622 205,97 төгрөг, нотариатын зардал 20 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч ҮХОБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай банк нь зээлдэгч Х.Н-тэй 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээг байгуулж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбатай, үйлчилгээний зориулалттай хувийн орон сууц, /ГД 000433502, Ү-2202023648/, Чингэлтэй дүүргийн 16 дүгээр хороо, Шадивлан /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар /ГД 0267602, УБД 18643321087923/ хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Барьцааны хөрөнгүүдийн өмчлөгч И.Д- нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлдэгч Х.Н-д дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр олгосныг үндэслэн зээлдэгчтэй барьцааны гэрээг байгуулсан болно. Мөн зээлдэгч Х.Н- нь банктай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч картын зээлийн эрхийн дагуу зээл авч түүнийгээ буцаан төлөх замаар нийт 8 833 423,94 төгрөгийг ашигласан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний байдлаар зээлдэгч Х.Н- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 4 358 511.86 төгрөг, зээлийн хүүнд 157 562,85 төгрөг, нийт 4 516 074,71 төгрөг төлсөн, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 8 482 413,93 төгрөг, зээлийн хүүнд 4 698 945,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42 453,08 төгрөг, нийт 13 223 812,09 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч Х.Н- нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд банкны зүгээс зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлж байсан. Иймд зээлдэгч Х.Н-гээс банктай байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 4 474 912,08 төгрөг, зээлийн хүү 2 278 542,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 350 882,16 төгрөг, нийт 7 104 337,30 төгрөг гаргуулах, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүрэг болох зээлийн төлбөр 26 517 586,07 төгрөг, зээлийн хүү 9 993 936,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 006 346,26 төгрөг, нийт 37 517 868,67 төгрөг, нийт 44 622 205,97 төгрөгийг, нотариатын зардал 20 800 төгрөгийн хамт тус тус гаргуулж, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. И.Д- барьцааны хөрөнгийн өмчлөгч тул түүнийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтэй гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Н- нь нэхэмжлэгч ҮХОБ ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээг 12 сарын хугацаатай тус тус байгуулсан, мөн хариуцагч И.Д-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан, дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлийн төлбөрийг авсан асуудалд маргах зүйлгүй. Харин АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус дууссан тул хугацаа дууссанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээг бичгээр сунгаагүй байдаг. Иймд картын гэрээний үүрэгт төлбөл зохих дүн 4 576 425,16 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, үлдэх хугацаа хэтэрсэн хүү 2 527 912,14 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй учир төлөхгүй. Мөн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүрэгт 40 610 873.74 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, үлдэх хугацаа хэтэрсэн хүү 4 011 332 төгрөгийг мөн шаардах эрхгүй тул төлөхгүй. Хариуцагч Х.Н- нь 3 газарт хүнсний лангуу ажиллуулж байсан. Корона өвчний улмаас дээрх хүнсний лангууны түрээсийн гэрээнүүд цуцлагдаж, лангууг ажиллуулж чадахаа больсон тул эрхэлсэн ажилгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд байна. Хариуцагч И.Д-д холбогдох шаардлагын тухайд барьцааны гэрээний 5.3, 5.3.1 дэх заалт нь гэрээний гол нөхцөлийг тохирох ёстой, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, шүүхийн бус журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд уг барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 219.1-д заасан Х.Н-гээс 44 622 205,97 төгрөгийг ҮХОБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 20 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан Х.Н- нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч И.Д-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /ГД 000433502, Ү-2202023648/, мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивланд, 18643321087923 нэгж талбарын дугаар бүхий, 479 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газар эзэмших эрх /ГД 0267602, УБД 18643321087923/ зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Х.Н-гээс 381 165 төгрөг, хариуцагч И.Д-гээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ҮХОБ ХХК-д олгож.шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цолмон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн АС-ЭХ-18/006 тоот Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн КЗ-18/008 тоот Картын зээлийн эрхийн гэрээний хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус тус дуусгавар болсон байдаг ба ийнхүү эдгээр гэрээний хугацаа дуусгавар болох үед зээлдэгч нь АС-ЭХ-18/006 тоот Зээлийн гэрээний үүрэгт 36 034 448,58 төгрөг, КЗ-18/008 тоот Картын зээлийн эрхийн гэрээний үүрзгт 4 576 425,16 төгрөг, нийт 40 610 873,74 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгчээс эдгээр гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хугацаан дахь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 4 011 332,22 төгрөгийг (Үүнээс: 1 483 420,08 төгрөг нь АС-ЭХ-18/006 тоот Зээлийн гэрээнд, үлдэх 2 527 912,14 төгрөг нь КЗ-18/008 тоот Картын зээлд хамаарч байна.) тооцож нэхэмжилснийг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нар нь гагцхүү гэрээний хугацаанд л үүссэн зээлийн төлбөрийг шаардах буюу төлөх үүрэгтэй болно. Иргэний хуульд зээл болон банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг зохицуулахдаа хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаг ба энэ нь зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болон гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосонд тооцох үр дагаврыг бий болгохоор хуульчилсан байна. Талуудын хооронд байгуулагдсан 2 төрлийн зээлийн гэрээний алинд нь ч хугацаа дууссан тохиолдолд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон заалт ганц ч байхгүй болно. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний хугацаа дууссан болох нөхцөл байдлыг болон Иргэний хуулийг буруу тайлбарлаж, хариуцагч Х.Н-гээс гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 4 011 332,22 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл нь газар болон үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд гэрээнд тэдгээрийг шүүхээс гадуур худалдах тухай зохицуулалт оруулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг зөрчсөн тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд уг гэрээг үндэслэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Х.Н-тэй 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан АС-ЭХ-18/006 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг АС-ЭХ-18/006 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан хөрөнгөнөөс хангуулах тухай шаардлага гаргасан боловч шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн АС-КЗ-18/008 тоот Картын зээлийн эрхийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Картын зээлийн эрхийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/00921 дугаар бүхий шийдвэрийн хариуцагч Х.Н-гээс 44 622 205,97 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгээс 4 011 332,22 төгрөгийн шаардлага болон үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь хариуцагч Х.Н-, И.Д- нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 44 622 205,97 төгрөг, нотариатын зардал 20 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь хариуцагч Х.Н-д 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар ашиглуулах, зээлдэгч нь зээлийг 30 хоногийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус тус зээлдүүлсэн байна. /хх-ийн 9, 10, 19-21 /

Зээлдүүлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр АС-ЭХ-18/006 тоот барьцааны гэрээг байгуулж, хариуцагч И.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023648 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан /15020/ 6 хэсэг гудамж 621 тоот хаягт байрлах, 225,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай хувийн сууц, мөн хаягт байрлах, эзэмших эрх гэрчилгээтэй 0267602 дугаар бүхий, нэгж талбарын 18643321087923 дугаарт бүртгэгдсэн, 479 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан. / хх-ийн 26-30 /

Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааг бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангасан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хариуцагч АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нийт 4 516 074,71 төгрөг, АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 13 223 812,09 төгрөг тус тус төлсөн талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч Х.Н- АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээнд заасны дагуу ашигласан зээл, зээлийн хүүг төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, АС-ЭХ-18/006 тоот зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2018 оны 12 сарын 25-ны өдрөөс эргэн төлөлт хийгээгүй хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан болох нь зээлийн дансы хуулга, хүү тооцооллын хүснэгт зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. /хх-ийн 34-41/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, 2.1.7-д зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул ...зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй учир гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 26 517 586,07 төгрөг, зээлийн хүү 9 993 936,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 006 346,26 төгрөг, нийт 37 517 868,67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол хууль зүйн үндэслэлтэй. /хх-ийн 11-18, 22, 34-40, 41-44 /

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул хариуцагч нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс гадуур худалдах тухай зохицуулалт оруулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг зөрчсөн тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл... гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Барьцааны гэрээний талууд барьцааны зүйлийн зах зээлийн үнийг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, уг үнэлгээгээр худалдан борлуулах талаар гэрээний 5 дугаар зүйлд заасан нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд тус тус нийцээгүй боловч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн зарим хэсэг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзсэн ч уг хэлцлийг бүхэлд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээр дурдсан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Харин анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн АС-КЗ-18/008 тоот картын зээлийн эрхийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж залруулан шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 184Ш2021/00921 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын ...шүүхийн шийдвэрийг... гэснийг ...шүүхийн шийдвэрийн 37 517 868 төгрөгт холбогдох үүргийн гүйцэтгэлийг... гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 79 132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Н.БАТЗОРИГ