Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

     

 

 

 

 

  2023           12             28                                        2024/ДШМ/25

                       

                                                                                         

Ө.Бэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мөнхөө, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д,

шүүгдэгч Ө.Бийн өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Батмандах, М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1305 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дийн гаргасан давж заалдах гомдлоор Ө.Бэд холбогдох 2306000000904 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хатгин овгийн Ө.Б, 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймаг, Бүрэнцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................тоотод оршин суух хаягийн хаягийн бүртгэлтэй боловч одоо ........................ тоот нийтийн байранд түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20-315 тоотод Д.Э“цагаан сарын үеэр болсон маргааны улмаас таарамжгүй харьцаа үүсгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар амь хохирогч Д.Эзодож, толгойгоор нь ширмэн тогоо мөргүүлэн унагааж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Бийг “хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ө.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар  хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Бэд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бээс 13.918.148 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь даатгалтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ө.Бээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бийн цагдан хоригдсон 220 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг анхан шатны шүүхэд гаргасан боловч 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр бууруулан шийдвэрлэсэн гомдолтой байна. Ө.Бийн хувьд хохирогчийн ар гэрийнхэнтэй нэг ч удаа холбогдож уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлээгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг үл хэрэгсэн, худал мэдүүлгүүдийг удаа дараа өгч, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд огт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшээгүйгээс гадна оршуулгын зардал болох бодит хохирлыг төлж барагдуулаагүй болно. Мөн шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь амь хохирогчийн ар гэрт цаг хугацаа болон сэтгэл санаа, мөнгө санхүүгийн дарамт нэмсэн шийдвэр болсон тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг эрүүгийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Бийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд ялын санал гаргаж, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан хугацаанд, түүний үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байгаа тул хохирогч, хохирогчийн ар гэрээс биечлэн уучлалт үзүүлэх, хохирол төлбөр төлөх боломжгүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч талтай холбогдож байсан. Мөн Иргэний хуульд заасан сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудал болон Нийгмийн даатгалын зардалтай холбоотой асуудлыг шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Дээрх асуудлыг тухайн үед хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байсан учир хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 20-315 тоотод Д.Э“цагаан сарын үеэр болсон маргааны улмаас таарамжгүй харьцаа үүсгэсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар амь хохирогч Д.Эзодож, толгойгоор нь ширмэн тогоо мөргүүлэн унагааж санаатай алсан болох нь:

насанд хүрээгүй гэрч Б.Н“...Тэр хэд архиа ууж байгаад Батбүргэд ах дагуулж ирсэн худ гэх үл таних 50 орчим насны ахтай хамт манай гэрээс гарч хашаан дотор муудалцсан. Би тэр үед би гэрийн цонхоор хараад байж байсан. Гадаа хашаанд Ө.Б ах үл таних ахтай маргалдаж муудалцаж байгаад хөлөөрөө хавсарч унагаагаад байсан. Тэгж байгаад Батбүргэд ах буцаж орж ирээд том өрөөнд суусан, араас нь үл таних 50 орчим насны ах орж ирээд үүдний цагаан өнгийн сандал дээр сууж байхад нь манай хойд аав Б.Баттулга тэр ахыг дагуулаад гарсан. ...үл таних 50 орчим насны ах согтчихоод хүн болгон руу уурлаад Ө.Б ахад “тооцоо дуусаагүй байгаа шүү” гэх мэтээр маргалдаж байгаад Ө.Б ах үл таних ахын нүүр лүү гараараа цохиж байгаад үүдний хаалгаар гадаа үүдний таамбар хэсэг рүү түлхэж унагасан. Тэгэхэд тэр үл таних ах манай таамбарт байсан дотроо төмс хийсэн цагаан ширмэн тогоог толгойгоороо цохиж унасан. Тэр цагаас хойш тэр үл таних ах босож ирээгүй. ...” /1хх 32-34/,

гэрч О.Ц“...манай худ Энхболд согтчихоод манай нөхөр Ө.Бэд хандаж цагаан сараар маргалдсан тухайгаа яриад маргалдаад байх шиг байсан, би өмнөх өдөр нь буюу 2023 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Мартын 8-ны баяр тэмдэглэж архи уусан байсан. Маргааш өглөө нь худындаа очихоос эхлээд ахиж архи уусан болохоор согтсон байсан. Бид нар Б.Бгэрт очоод удаагүй 2-3 цаг болсон байх, манай худ Энхболд согтоод манай нөхөр болон гэрийн эзэгтэй Болормаа нартай маргалдаад байсан. Манай худ манай нөхөр Ө.Бтэй Б.Бгэрийн үүдний хэсэгт хэсэг маргалдаж байгаад чимээгүй болсон. ...” /1хх 38-39/,

гэрч Б.Б“...Манай гэрт ирсэн цагаасаа хойш л Ө.Б худ гэх үл таних 50 орчим насны ахтай маргалдаж зодолдож байсан. Маргалдсан шалтгаан нь цагаан сараар хоорондоо муудалцсан болон хүүхдүүдээ яриад маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд Батбүргэдийн худ гэх үл таних 50 орчим насны эрэгтэй согтоод үргэлжлүүлэн Батбүргэдтэй маргалдаж, манай гэрт агсрах маягтай, гуталтайгаа гэрийн хоймроор явах зэргээр их тавтиргүй аашлаад байхаар нь манай эхнэр Цэен-Ойдов уурлахад үл таних 50 орчим насны эрэгтэй манай эхнэрийг цохиод авсан. Тэгтэл манай эхнэр Цэен-Ойдов уурлаад Батбүргэдийн худыг 2-3 удаа алгадаад маргалдаж байгаад тайвшраад хэсэг сууцгаасан. ...гэрт ороход Батбүргэд ахиад Энхболд ахтай маргалдаж байгаад дээрээс нь өвдөглөж дарж байгаад зодоод байсан. Архинд явах үед Энхболд ах манай гэрийн үүдний таамбарын шалан дээр хэвтэж байсан. Би дэлгүүр орохдоо Энхболд ахыг унтаж байгаа л юм байна гэж бодсон. Орой босож ирэхэд Энхболд ах манай гэрийн үүдний таамбарын шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Манай эхнэр тухайн үед тэд нарыг гэрээсээ хөөгөөд явуулах гэхэд Энхболд ахын эхнэр Болормаа нь манай нөхрийн бие нь эвгүй байх шиг байна, согтуу унтлаа гэхэд ингэж унтмааргүй юм, түргэн дуудмаар байна, хаягаа зааж өг гээд манай эхнэртэй яриад байсан. ...” /1хх 42-43/,

гэрч Б.Б“...манай гэрт талийгаач нөхөр маань худ Батбүргэдтэй өмнө үүссэн маргаанаараа маргалдаж муудалцсан. Өдөр Баттулгын гэрт очоод бас Батбүргэдтэй маргалдаж муудалцсан. Мөн айлын эзэгтэй Цэен-Ойдовтой маргалдаж салаавч гаргаж байгаад хэд хэд алгадуулж байсан. Цэен-Ойдовтой маргалдсаны дараа Баттулгатай гэрээс гараад буцаад орж ирсэн. Өөрөөр хүнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй... Талийгаач нөхөр маань Б.Баттулгатай гэрээс гараад удалгүй буцаж орж ирсэн. Ойролцоогоор 5-10 минут л болсон байх. Тухайн үед талийгаач нөхөр маань буцаж гэрт орж ирэхэд биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Архи уусан байсан болохоор согтсон л байсан. ...” /1хх 55-56/,

гэрч Г.С“...дуудлагыг хүлээд аваад... хаягаар нь очиход Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны байрны ертөнцийн зүгээр зүүн талд байх 3 давхар хуучны байрны хойд талын гадна зогсоол дээр приус загварын автомашины сандал хоорондын зайнд доошоо харж хэвтсэн байрлалтай 50 насны эрэгтэй ухаангүй хэвтэж байсан. Тухайн хүн нь дуудахад сэрэхгүй байхаар нь амьсгалыг нь шалгахад амьсгаатай байсан. Тэгээд сандал дээр гаргаж хэвтүүлээд даралт болон пулсийг нь шалгахад даралт нь 100/70, зүрхний цохилт нь 76, хүчилтөрөгч нь 96 хувьтай, амьсгалын тоо 17, биеийн хэм +37, амин үзүүлэлт тогтвортой, өвдөлтийн цочрол / сэрээх оролдлого/-д хариу урвал үзүүлэхгүй, хүүхэн харааг шалгахад өргөссөн байдалтай, биед ил харагдах цус гарсан, зүсэгдсэн, язарсан шархгүй байсан. Тухайн үед өвчтөнтэй хамт байсан эхнэр нь гэх үл таних эмэгтэйгээс асуухад “хадмуудтайгаа Шархаданд архи ууж байгаад хадамтайгаа маргалдаж цохиулаад хойшоо унаад ухаангүй хэвтээд байхаар нь тасарчихлаа гэж ойлгоод босгоогүй хэсэг хэвтүүлсэн, удаан ухаангүй хэвтээд байхаар нь хүүхдээ дуудаад, машинд суулгаад гэрийнхээ гадаа ирэх замдаа дуудлага өгсөн” гэх яриа өгүүлэлтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд би уг өвчтөнийг эхнэр, охиных нь хамт түргэн тусламжийн машиндаа шилжүүлэн суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн өгсөн. ...” /1хх 153-154/,

шинжээч Б.Сэргэлэнгийн “...2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Гэмтлийн эмнэлэгийн эрчимт эмчилгээний тасагт очиход Д.Энь ухаангүй, амьсгал зүрх судсыг аппаратаар удирдаж байсан тул амны хөндий болон уруулын хэсгийг үзэж шинжлэх боломжгүй байдаг. ...” /1хх 67/,

шинжээч О.Нансалмаагийн “...Амь хохирогч Д.Энхболдын биед учирсан гэмтлүүд алгадах үед үүсэх боломж бага. Харин зүүн зовхинд хүч үйлчлэх, буюу цохих. цохигдох хүчний улмаас унах үед үүсэх боломжтой... амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт хавтгай, тэгш гадаргуутай, хурц үзүүргүй ирмэг, мохоо зүйл орсон ойлголтууд хамаарна... тархины гэмтэл нь ... мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн зовхинд хүч үйлчлэх, тархины баруун хэсгээр цохигдон унах үед үүсэх боломжтой. ..." /1хх 86-87/,

Шүүгдэгч Ө.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 09 цагийн орчим эхнэр О.Цхамт худ Д.Энхболдын гэрт очсон. Би эхнэр О.Цэцэгмаатай худын гэрт очихдоо замаараа дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн “Хараа” архи авч очсон. Эхнэр бид хоёр худынд очиход талийгаач Д.Энхболд, эхнэр Болормаа нарын хамт байсан. худынд очсон шалтгаан нь манай эхнэр О.Цэцэгмаа цагаан сараар очиж чадаагүй, мөн март өнгөрлөө, эхнэрт нь мэнд хүргэх гэж очсон. Тэгээд бид нар эхнэр бид 2-ын авч очсон архийг хувааж уугаад сууж байгаад би хамаатаны залуу болох Баттулга руу залгаж, “танайхаар хэн байна” гэж асуутал Баттулга “ манайд эхнэр бид 2 л байна” гэж хэлсэн. Би тухайн үед Баттулгайтай яриад гэрт нь очихоор болоод явах болсон талаараа худуудаа хэлэхэд манай худууд цуг явъя гэсээр талийгаач Энхболд, түүний эхнэр Болормаа болон манай эхнэр Цэцэгмаа бид 4 Шархадад байх Баттулгийн гэр лүү явсан. Тэгээд Баттулгийн гэрт очиход Баттулгийн эхнэр Цэен- Ойдов болон бага охин нар нь байсан. замаараа дэлгүүрээс би 1 шил 0,75 литрийн “Хараа” архи авсан. Манай худ Д.Эбас айлд яаж зүгээр орохов гээд 1 шил архи авсан. Бид нар авч очсон архиа уугаад сууж байхад манай худ Энхболдыг Цэен-Ойдов алгадаад авсан. Би юу болсон талаар Цэен-Ойдовоос асуухад Цэен- Ойдов “наадах чинь миний өөдөөс салаавч гаргаад" байна гэж байсан. бид нар үргэлжлүүлэн архиа ууж байхад гэрийн эзэн манай хамаатан Баттулга манай худ Д.Энхболдод хандаж “ хоёулаа нэг эр хүн шиг уулзъя” гэж хэлээд гэрээс дагуулаад гарсан. Удалгүй Баттулга болон Энхболд нар гаднаас орж ирсэн. Буцаж орж ирээд бид нар үлдсэн архиа уусан. Би том өрөөнд нь сууж байгаад гарч шээх гээд Баттулгын гэрээс гарахад үүдний таамбарын шалан дээр талийгаач Д.Эдоошоо хараад хэвтсэн, эхнэр Болормаа нь хажууд нь сууж байсан. би гарахдаа “ яагаад наанаа хэвтэж байгаа юм бэ” гэж асуухад Болормаа “ манай нөхөр унтаад байх шиг байна, жоохон унтаг унтаг” гэж байсан. Би гарч шээчихээд орж ирэх талийгаач Энхболд газар доошоо харж хэвтсэн хэвээрээ байсан. би буцаж орж ирээд согтсон байсан тул унтсан. Орой сэрэхэд манай эхнэр болон худууд байхгүй айлын эзэн Баттулга болон эхнэр Цэен-Ойдов, том охин Нандин-Эрдэнэ нар байсан. би сэрээд охин Баярцэцэгийг дуудаж гэрлүүгээ харьсан. ..." /1хх 105-106/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3567 дугаар “...Д.Энхболдын биед их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, аалзан хальсан доорх цус харвалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, зүүн зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 63-65/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 848 дугаар “...Д.Энь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Д.Энхболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун тал бөмбөлөгийн дух, зулай, чамархай дагзны дэлбэнг тархины оройгоос суурь хүртэл хамарсан, тархмал хатуу хальсан доорхи цусан хараа, духны баруун дэлбэн, баруун зулайн ар хэсгийн аалзан хальсан доорх цус хавралт, баруун зулайн ар хэсэгт тархины эдийн няцрал, зүүн дээд доод зовхи, доод уруулын дотор салст, их сэмжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. ...” /1хх 71-77/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 336 дугаар “...Ө.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт, шинж үгүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байна. Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Бэд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /1хх 98-99/ гэсэн дүгнэлтүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35-36/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 44-48, 108-111/,  Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн 3445 дугаартай өвчний түүхийн хуулбар болон амь хохирогчийн өвчний түүх /1хх 155-181/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйлд зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д “...шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь амь хохирогчийн ар гэрт цаг хугацаа болон сэтгэл санаа, мөнгө санхүүгийн дарамт нэмсэн шийдвэр болсон тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг эрүүгийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журамд” зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дийн учирсан гэм хорыг гаргахад зайлшгүй сэтгэцэд нь хэрхэн гэм хор учирсан, хэрхэн яаж хохирсон талаарх дүгнэлтийг гаргуулах шаардлагатай байсан. Гэвч мөрдөн байцаалтын шатанд уг шаардлагатай ажиллагааг хийж чадаагүй байх боловч дээрх шалгуур нөхцлийн хүрээнд гэм хорын хохирлыг давж заалдах шатны шүүхээс гаргах боломжтой байна гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Шүүгдэгч Ө.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Энь амь насаараа хохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүний төрсөн охин Э.Дийг /1хх 25/ тогтоожээ.

Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн 511 зүйлийн 511.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр амь хохирогч Д.Энь 54 настай байсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаагаар /1хх 19/ нотлогдож байна.

Монгол улсын хүн амын дундаж наслалт, хүйсээр “Статистикийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгүүлснээр 2022 оны Улсын дүнгээр эрэгтэй 67.3 үүнээс Улаанбаатар хотод эрэгтэй 67.1 гэсэн тоон мэдээлэл авагджээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дэх заалтад “Улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550.000 төгрөг байхаар шинчлэн тогтоосугай” гэжээ.

Амь хохирогчийн насны байдал, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн шаналал, учирсан хор уршиг зэргийг харгалзан, амь хохирогч Д.Энхболдын гэр бүлийн гишүүн болох төрсөн охин Э.Дийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нөхөн төлбөрийн хэмжээг Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтай байдлаар буюу нас барсан Д.Энхболдын нас, хүн амын дундаж наслалтын зөрүү болох 13 жил /Хүн амын дундаж нас/ 67-оос Д.Энхболдын нас 54-ийг хасч тооцсыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн 2.750.000 төгрөгөөр үржүүлэн /13*2.750.000/  35.750.000 төгрөгөөр тооцон  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дт шүүгдэгчээс гаргуулах нь  зүйтэй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1305 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

5 дахь заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол, мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь даатгалтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ө.Бээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэснийг “...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бээс 35.750.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Дт олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН

                    

                                ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

                                ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ