| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2025/00131/И |
| Дугаар | 192/ШШ2025/01511 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/01511
2025 02 20 192/ШШ2025/01511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Д.Л /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Ч.Т /РД:*/,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Ч.О /РД:*/ нарт холбогдох,
Орон байраар хангаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Ч.Т, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Л миний бие 1943 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Одоо * настай. Би нөхөр С.Ч-тайгаа ханилж суугаад 4 хүүхэд гаргасан. Том хүү Ч.Л 1964 онд, Ч.Т 1968 онд, Ч.О 1973 онд, Ч.Б 1976 онд төрсөн. Би залуу насандаа хүүхдүүдээ тэжээн тэтгэж амьдарч байсан ба хүүхдүүддээ чадлынхаа хирээр л тусалж дэмжиж байлаа. Амьдралын жамаар нөхөр С.Ч маань 2002 онд нас барсан, том хүү Ч.Л 2013 онд нас барсан. Бага хүү маань залуудаа алдаж шоронд ял эдэлж байгаад 2022 онд суллагдсан. Би нөхрийгөө нас барсны дараа жил өөрийн Дархан-Уул аймагт байдаг 2 өрөө орон сууцыг зарж бага охин Ч.О, хүргэн О нарт 2 800 000 төгрөгөөр портер машин авч өгч байсан. Миний бие том хүү Л-г нас барснаас хойш хоёр охиныдоо ээлжлэн амьдарч байгаа. Миний хувцас хунар эд хогшил гэх зүйл Ч.Т, Ч.О нарын болкон дээр хураалгаастай байдаг. Би өөрийнхөө хамаатан садан, найз нөхөдтэйгөө өөрийн хүссэн үед уулзаж чадахгүй байгаа. Учир нь би хүргэн хүүгийн гэрт амьдардаг учир өөрийн хувийн орон зай гэж юм огтоос байхгүй. Би залуу насандаа өөрийн хүч хөдөлмөрөөр олж авсан эд хөрөнгөө зарж үрээд үр хүүхдүүдээ зориулсан. Гэтэл миний нас хөгшрөх хэрээр намайг О-ынд очиж амьдар боломжгүй гэж бага охин маань хэлсэн. О өөрийн нөхрөөс намайг гэртээ байлгах эсэхээ асууна гэж хэлдэг. Би маш их гомдож байна. Охин Т уураа хүрэхээр дуугарахаа байчихдаг. Үр хүүхдээ шүүхэд өглөө гээд намайг загнаад байдаг. Би өөрийгөө асраад байж чадна. Би гагцхүү өндөр настай болчоод айл айлаар яваад байгаа тал дээр хоёр охин маань ээждээ анхаарахгүй байгаад гомдож байна. Би өөрийн гэсэн орчинд амьдарч хүүхдүүдийнхээ амьдралд оролцохгүй амьдармаар байна. Ч.Т, Ч.О нар хэцүү хүнд амьдарч байгаа юм алга, охид маань надад сэтгэл гаргаад нүд аньтал минь байр сууцаар хангаад өгөөсэй гэж боддог. Би өөрөө өндөр настны асрамжид очъё гэж хөөцөлдөж үзсэн. Гэвч таны төрсөн хоёр охин чинь байгаа гээд аваагүй. Би 2024 оноос 885 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Өөрийн тэтгэврээр байр түрээслээд амьдарч чадахгүй байна. түрээсийн байрны төлбөрийг 2 охиноороо төлүүлээд хэн хэнд нь төвөг болохгүй амьдармаар байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар өндөр настай аав, ээжийгээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг хоёр охинд маань ойлгуулж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэжээн тэтгэхтэй холбоотойгоор насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай үр хүүхдүүдээсээ үүнийг шаардах нь хөгшин настай Л-ийн хувьд бол хууль ёсны шаардлага болсон гэж миний хувьд үзэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөөч ээ. Хариуцагч нар бол шүүхэд өөр байр байдлыг үзүүлж байна гэтэл миний үйлчлүүлэгч надад ярьж байгаа юм нь бол аягүй харгис, хэрцгий хандаж байна. Т-ын хувьд бол гэрээсээ хөөгөөд, түлхүүрээ булааж аваад гэрээсээ хөөгөөд гаргачихсан, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүү дээ. О бол намайг шүүхэд өгсөн гэдэгт гомдоод ээжтэйгээ харилцах харилцаагаа бүрмөсөн тасалсан. Энэ хүн тусдаа амьдрахыг яагаад хүсээд байгаа юм. Зөрчил байгаа учраас тусдаа амьдрахыг хүсээд байгаа хайр, халамж бусад харилцаан дээрээ анхаармаар байна гэж хариуцагч нарт зөвлөмөөр байна. Нэхэмжлэгчийн орон байраар хангаж өгөхийг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь хариуцагч нараас сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах юм. Тухайн тэтгэлгээр нэхэмжлэгч Л нь байрны түрээсийн төлбөрөө төлж, бие даан амьдрах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч бие даан амьдрах чадвартай хүн юм...” гэв.
3. Хариуцагч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Урьд нь байр түрээсэлсэн боловч бие нь 2 удаа өвдсөн. Эхнийх дээр тэгээд дусал, эм өгөөд өнгөрсөн дараа нь дахиад бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлээд наана, цаана гэж байж гайгүй болгосон иймд ганцаараа амьдрах боломжгүй. Одоохондоо байрандаа засвар хийж байгаа болохоор хүлээж авах боломжгүй байна. Мөн манайх нярай хүүхэдтэй байгаа болохоор одоо гэртээ би 4 хүүхэдтэй 8-лаа амьдардаг. Манайд байх хугацаанд намайг бас нөхрийг маань цагдаад өгчихдөг. Эгчийнд очихоор эгч ээжийг байраа зарж дүүд байр авч өгчхөөд тэднийдээ оч гэдэг гэсэн. Тэтгэлэг өгөөд орон байраар хангахад татгалзах зүйл байхгүй. Гэвч ганцаараа байж чадахгүй. Би ээжтэй бол маргалддаггүй яг үнэндээ хэлэхэд би ээжийг бол дуугүй бай та надад тэгж тусалчхаад тэрнийхээ хариуд намайг шүүхэд өгөөд надаас бүх юмаа авчихсан би тэр байрыг нь өөрөө мэдэж зараагүй шүү дээ тэр хүн өөрөө л зарж байгаа би эхний удаа 2,000,000 төгрөг авсан нь үнэн дараагийн удаа 2,800,000 төгрөгөөр портер машин аваад тэгсэн портер машин авхуулчхаад байр авч өг гэдэг дөнгөж хашаа байшин барьж байгаа улсууд юу байр авах юм тийм биз дээ. Гол нь тэтгэлэг өгөхөд болохгүй зүйл байхгүй гэвч энэ хүн ганцаараа амьдарч чадахгүй хэцүү шүү дээ энийг л сайн мэдэж байна гэв.
4. Хариуцагч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хашаа авч өгөөд аав ээжийг оруулж байсан. Тэрийг зарсан байсан дүүгээ гэртэй байлгасан. 2022 онд ээжийг байр түрээслүүлж суулгаад түрээсийн төлбөрийг төлдөг байсан. Манайхан бүгд мөнгөө өгдөг О л өгдөггүй. Тусад нь байлгахаар бие нь өвдөөд байдаг би байнга хараад байж чадахгүй тусад нь байлгахад боломжгүй зүйл байхгүй гэхдээ О-ын охин төгсөх курс энэ охиноор харуулъя гэж зөндөө хэлсэн. Ганцаараа бол үнэхээр амьдарч чадахгүй бие нь өвдөөд байдаг би байнга эргэж тойроод байж чадахгүй. Хүүхдүүдтэйгээ ганц нэг муудах нь байдаг асуудал ээжид би хэлсэн шүүх цагдаа гээд байвал хол байгаарай гэж хэн хэнийд нь л байсан. Ээж өөрөө шүүх, цагдаа болоод асуудал үүсгээд байдаг. Би ээжийг 2022 оноос хойш гэртээ байлгасан ингэхдээ нөхөр хүүхдээсээ асууж шийддэггүй шууд л байлгадаг. Тэтгэвэр, тэтгэмж өгч болж байна гэхдээ ээж ганцаараа байж чадахгүй иймээ тиймээ асуудал үүсвэл яах вэ? хэцүү шүү дээ. Бага дүү бол юманд хайнга ээжийг хараад байж чадахгүй. Манай хүүхдүүд бол ээжээс хол өссөн. Ээж том ахын хүүхдүүдтэй л ойр өссөн эхэндээ ч үгэнд ордог байсан одоо бол маргаан үүсгэдэг гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нас барсны бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, эрүүл мэндийн хуудас эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Ч.О-аас фото зураг 2012.08.29-ны өдрийн 1453 дугаар шүүхийн шийдвэр, хорооны Засаг даргын тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч Ч.Т-аас нотлох баримтаар гаргаж өгсөн газрын гэрчилгээ, кадастрын зураг, Засаг даргын захирамж, тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Ч.Т, Ч.О нарт холбогдуулан Орон байраар хангаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлага үндэслэлээ хариуцагч нараас сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах гэж тодруулсан.
3. Хариуцагч Ч.Т, Ч.О нар нь нэхэмжлэгч Д.Л-ийн төрсөн хүүхдүүд болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.
5. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “...хоёр охиныдоо ээлжлэн амьдрахад тодорхой зөрчил үүсдэг. Хувийн орон зай огт байхгүй. Эхээ тэжээн тэтгэх үүргийн хүрээнд тэтгэлэг гаргуулж, орон байр түрээслэн бие даан амьдрах зорилготой...” гэж тайлбарласан.
6. Хариуцагч нар тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин нэхэмжлэгч буюу эх Д.Л-г эрүүл мэндийн хувьд бие даан амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.
7. Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн хариуцагч байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт ногдуулан тогтоож болно.
8. Хариуцагч нарын “...ээж эрүүл мэндийн хувьд бие даан амьдрах боломжгүй...” гэх тайлбар баримтаар тогтоогдоогүйн дээр хэн аль эх Д.Л-нг гэртээ байлгаж, хамт амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байх тул хариуцагч Ч.Т, Ч.О нараас тус бүр амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
9. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг зохицуулсан ба хариуцагч нараас мөнгөн хэлбэрээр, сар бүр тэтгэлэг гаргуулах эх Д.Л-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.2.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Т /РД:*/, Ч.О /РД:*/ нараас тус бүр, сар болгон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан, нэхэмжлэгч Д.Л /РД:*/-ийг тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.Т-с улсын тэмдэгтийн хураамж 110 066 төгрөг, хариуцагч Ч.О-с улсын тэмдэгтийн хураамж 110 066 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ