Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 184/2020/02317/И |
Дугаар | 210/МА2021/00982 |
Огноо | 2021-06-16 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2021/00982
2021 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 210/МА2021/00982 |
З.Ц- нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/00752 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Ц-ын нэхэмжлэлтэй, Ц.Ц-, Б.Б- нарт холбогдох
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууц чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Солонготуяа, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.Ц- нь нэхэмжлэгч 3.Цэрэннамжилын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот амины орон сууцыг эхнэр Б.Б-ын хамт утсаар холбогдон ирж үзэж хоорондоо ярилцаад 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, төлбөрийн нөхцөлийг зээлээр төлөхөөр тохиролцож, урьдчилгаа 5.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны 5739041373 тоот дансанд хийж, үлдэгдэл 245.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан. Гэтэл гэрээнд заасны дагуу урьдчилгаа 5.000.000 төгрөг төлөхөөс 4.000.000 төгрөгийг төлөн үлдэгдэл 246.000.000 төгрөгийг төлөлгүй байсаар улмаар 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн хийж үлдэгдэл төлбөрийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнд Б.Б-ын нөхөр Ц.Ц- гэрээ байгуулан гарын үсэг зурсан. Ц.Ц- нь үлдэгдэл 246.000.000 төгрөгөө гэрээнд заасан хугацаандаа мөн л төлж барагдуулаагүй. Дахин 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2017 оны 12 дугаар сарын 26-аас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Ц.Ц- нь нийт 48.000.000 төгрөг төлсөн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хийсэн гэрээний нэмэлт өөрчлөлтөд үлдэгдэл төлбөрөө 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Хэрэв төлбөрөө төлж дуусгахгүй тохиолдолд гэрээг цуцлан худалдагч талд орон сууцыг саадгүй хүлээлгэн өгөхөөр, мөн гэрээний 4 дүгээр зүйлд хоногийн 0,1 хувийн алданги өдөр бүрээр тооцох буюу 174 хоногийн алдангид 34.800.000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутган авч гэрээг цуцлан худалдан авагч нь уг орон сууцыг тухайн өдөр саадгүй чөлөөлж өгнө гэж гэрээнд тусгажээ. Гэтэл гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөлгүй хариуцагч Б.Б-, Ц.Ц- нар нь анх гэрээ байгуулснаас хойш 27 сар буюу 2 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймд хариуцагч Ц.Ц-, Б.Б- нартай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ц-, Б.Б- бид нэхэмжлэгч З.Ц-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцыг худалдан авахаар тохиролцож, худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт тавин дөрвөн сая төгрөг шилжүүлсэн байна. Бид орон сууцаа худалдаж авч байгаа учраас орон сууцыг засварлахад тавин сая орчим төгрөгийн урсгал болон их засварыг хийж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнийг банканд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авч зээл гаргуулж, зээлийн мөнгийг З.Ц-д төлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхээр аман тохиролцоотой байсан боловч банкнаас зээл судлагдаж зээлийн барьцаанд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл өгөхийг 3.Цэрэннамжилаас шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөөр худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн худалдан авагч бид үл хөдлөх эд хөрөнгийн үнээс 54 сая төгрөг төлсөн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авах эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүссэн боловч энэ худалдагч З.Ц- үүргээ биелүүлээгүй бидний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагч бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзолбоо нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 10 минутад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат н.Нарантуяагийн баталсан итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэл дээр Ц.Цэрэннамжилын нэхэмжлэлтэй Ц.Ц-т 46.810.000 төгрөг гаргуулах иргэний хэрэг нэхэмжлэгч талыг төлөөлөх гэж бичигдсэн байдаг. Тухайн итгэмжлэл дээр хариуцагч гэж ганц Ц.Ц-ыг бичсэн байхад С.Батзолбоо өөрт олгосон итгэмжлэлээсээ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрх хэмжээнээсээ давсан эрх эдэлж Ц.Цэрэннамжил Б.Б- нарт холбогдуулан гэж нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг 62.1.4-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд энэ нэхэмжлэлийг гаргаад явсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэл дээрээ 3 гэрээнээс татгалзаад, амины орон сууцаа чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад анх иргэний хэрэг үүсэхдээ нэг хариуцагчтай байсан юм. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэдэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангана гэжээ.
Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 10 дугаар байрны 03 тоот амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл нь Ц.Ц-, Б.Б- бид нэхэмжлэгч З.Ц-тай 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 50 гаруй сая төгрөгийг З.Ц-д шилжүүлсэн. Бид орон сууцаа худалдаж авч байгаа учраас орон сууцыг засварлахад урсгал болон их засварыг хийж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл үнийг банканд худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд зээл авч зээл гаргуулж, зээлийн мөнгийг З.Ц-д төлж худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхээр аман тохиролцоотой байсан боловч банкнаас зээл судлагдаж зээлийн барьцаанд худалдаалж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрөл өгөхийг З.Ц-аас шаардахад үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөөр худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн Ц.Ц-, Б.Б- бид Сонгиохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцанд амьдарсан хугацаанаас хойш охин Ц.Ариунхишиг/16 нас/, хүү Ц.Тэмүүлэн/14 нас/, хүү Ц.Тэнүүнбилэг/10 нас/, хүү Ц.Тэнүүнсайхан/8 нас/, охин Ц.Тэнүүхишиг/5 нас/ нар нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэгт явж байгаа. Нэхэмжлэгч З.Ц- Өнөр хороолол 103 дугаар байрны 03 тоот амины орон сууцны гэрээнээс татгалзах нь эрхгүй бөгөөд Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын гэрээ конвенцeд заасан хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчих, хүүхдийн ээнэгшиж дассан орчныг солих нь хүүхдийн эрхийг зөрчиж болзошгүй эрсдэлтэй. Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 250.000.000 төгрөгөөр худалдан авахдаа 50 гаруй сая төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, орон сууцаа худалдан авахад, засварлахад, урсгал зардалд, хэвийн амьдрахад шаардагдах бүх засварыг хийсэн учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасны дагуу хариуцагч нарыг тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Гэрээнд талууд төлбөр бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд түүнээс өмнө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар тохиролцсон зүйл байхгүй байхад амаар харилцан тохиролцсон гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн худалдан авсан эд хөрөнгөд урсгал болон их засвар хийж үнийг нэмэгдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд худалдагчийн худалдсан орон сууц нь анхнаасаа их засвар хийх шаардлагагүй, шинээр засвар хийсэн, тавилга эд хогшил нь ч шинээрээ байхад худалдан авагч нь дур мэдэн орон сууцны зохион байгуулалтыг өөрчлөн засвар хийж бидний тавилгыг гаражид хадгалан бороонд норгож гэмтээсэн билээ. Худалдан авагч нь анхнаасаа банкны зээлэнд уг орон сууцыг барьцаанд тавьж, зээл аван үнийг төлөх талаар харилцан тохиролцоогүй бөгөөд худалдагчийн хувьд орон сууцны үнийг бүрэн төлсөн нөхцөлд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой. Мөн банкнаас зээлийн хорооны шийдвэр гарсан нөхцөлд өмчлөх эрхээ шилжүүлэх боломжтой талаар удаа дараа мэдэгдсээр байхад хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ амаар харилцан тохиролцсон мэтээр үндэслэлгүй зүйл бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ түүний гэр бүлийн 5-16 насны 5 хүүхэд уг орон сууцны ойр сургууль, цэцэрлэгт явдаг учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй тухай дурджээ. Энэ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанд огт хамааралгүй тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч нарт орон сууцаа хүлээлгэж өгөхөөс яг нэг жилийн өмнө бүрэн засвар хийсэн байдаг. Хариуцагч нар ямар ч засвар хийх шаардлагагүй газар засвар хийсэн байж бид засвар хийсэн учир биднийг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Одоо хариуцагч нар нь ямар ч төлөх мөнгөгүй болчхоод хэргийг удаашруулж маргаан бүхий орон сууцанд байх сонирхолтой байгаа гэж харж байна. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1383 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ-нүүдийг тус тус цуцалж, З.Ц-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон 80 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч З.Ц-аас 50.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарт буцаан олгож, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан нэгэн зэрэг гүйцэтгэхийг зохигч талуудад даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.2-т заасан үнэ бүрэн төлөгдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч З.Ц-д холбогдох хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарын Сонгинохайрхан дүүрэгт 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийг шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-, Б.Б- нараас 210.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Ц-д олгож, хариуцагч Ц.Ц-, Б.Б- нараас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан тус тус төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Б-, Ц.Ц- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга би Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/00752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна. Иргэний хэргийн 1 дүгээр талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоо хариуцагч Б.Б-, Ц.Ц- нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгох, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн 5 талд нотлох баримтаар авагдсан итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн 5 талд авагдсан З.Ц-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоо "... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд З.Цэрэниамжилийн нэхэмжлэлтэй Ц.Ц-т холбогдох 46 810 00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх шатны шүүхэд намайг бүрэн төлөөлөн... итгэмжлэлээр анхан шатны шүүх Б.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоогийн итгэмжлэлд нэхэмжлэгч З.Ц- хариуцагч Б.Б- нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болгох, хариуцагч Б.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн итгэмжлэлийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсгийг зөрчин иргэний хэрэг үүсгэсэн байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоогийн нэхэмжлэлийн шаардлага талуудын хооронд байгуулсан ямар гэрээг хүчингүй болгох, хэний орон сууцнаас хэнийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан нөхцөл байдал үүсч, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт гаргалгүй хууль зөрчин шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч З.Ц-тай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Б.Б-ын итгэмжлэлгүйгээр Ц.Ц-ын 2017 оны 12 дугаар сарын 02-ны, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр З.Ц-тай байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэрээ юм. Хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, хүчин төгөлдөр бус гэрээнээс татгалзсан итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоогийн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэж талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийлгүй цуцалж шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр өөрөө хууль зөрчиж гарсан байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг үндэслэн, анхан шатны шүүхийн 184/ШШ2021/00752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Солонготуяа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг гаргуулан хариуцагч нарт буцаан олгож, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан нэгэн зэрэг гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн шийдвэрлэх эрх хэмжээтэй бөгөөд талуудын маргаагүй болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд орон сууцны үнэнд төлсөн 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах талаар шаардлага гаргаагүй байхад нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, уг шаардлагуудад хамааралгүй асуудал гэж үзэж байна. Хариуцагч нарын хувьд маргаж буй нэхэмжлэгчийн орон сууцанд 4 жил орчим үнэ төлбөргүй амьдарсан бөгөөд нэхэмжлэгчид төлсөн 50 000 000 төгрөгийг буцаан авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ийнхүү нэхэмжлэл гаргах эрх нь. нээлттэй бөгөөд уг асуудлыг энэхүү маргаан шийдвэрлэгдсэний дараа жич шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/00752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "нэхэмжлэгч З.Ц-аас 50.000.000 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Ц-, Б.Б- буцаан олгож, үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар харилцан нэгэн зэрэг гүйцэтгэхийг даалгаж" шийдвэрлэсэн хэсгийн хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч З.Ц- нь хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарт холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээнээс тус тус татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот амины орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн гаргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1683 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр З.Ц- нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016511 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 103 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай 192 м.кв талбайтай, орон сууцыг 250 000 000 төгрөгөөр Б.Б-д худалдаж, шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнийн урьдчилгаа 5 000 0000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, үлдэгдэл 245 000 000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийт төлбөрийг дуусгаж, орон сууцны өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн / хх-ийн 9/
Талууд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үлдэгдэл 246 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өмнө байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, худалдан авагч тал нь нийт 48 000 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэгдэл төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар, бүрэн төлөөгүй тохиолдолд алданги 34 800 000 төгрөгийг урьдчилгаа төлбөрөөс суутган авч гэрээг цуцлан худалдан авагч нь орон сууцыг чөлөөлж өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 10-14/
Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хорооллын 103 дугаар байрны 3 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, 192 м.кв талбайтай, Ү-2201016511 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр З.Ц- бүртгэгдэн 000244721 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон байна. /хх-ийн 15/
Хариуцагч Ц.Ц-, Б.Б- нар нь 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 4 000 000 төгрөг, 46 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг төлсөн, уг орон сууцыг З.Ц-аас хүлээн авч ашиглаж байгаа, гэрээнд заасан 200 000 000 төгрөг төлөгдөөгүй зэрэг үйл баримт, хэргийн дээрх баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.
Дээрх байдлаар талуудын хоорондын тохиролцож буй гэрээний зүйл нь орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд түүний өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг Иргэний хуульд заасан журам, хэлбэрээр байгуулах учиртай.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хэн аль нь гаргах эрхтэй бөгөөд 109.2 дахь хэсэгт тухайн хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх тухай зохицуулсан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагчид үүснэ.
Гэтэл талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлсэн байгаа боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир тэдний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй болно. Тодруулбал, зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай уг хэлцлийг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэхээс гадна улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй юм.
Зохигчдын хоорондын амины орон сууц худалдах худалдан авах тохиролцоо нь хуулиар тогтоосон дээрх хэлбэрийн шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хэдийгээр талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй ч талууд гэрээний дагуу үүсэх үр дагаврын талаар маргаж байгаа тул шүүх энэ талаар зайлшгүй дүгнэх учиртай болно.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтыг, ийнхүү хуульд заасан журмыг зөрчиж буюу нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 245 дугаар зүйлийн 245.2 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж хийсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ямар эрх зүйн үндэслэл байгаа талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлүүд нь хэлцэлд оролцогч талууд болон шүүхэд үүсгэгдсэн иргэний хэргийн оролцогчдын хүсэл зоригоос үл хамааран хуулийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг тул шүүх энэ талаар шаардлага гарсан эсэхийг харгалзахгүйгээр дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг шийдвэрлэх учиртай. Нэхэмжлэлийн шаардлагаас гадуур асуудал шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхад тухайн маргаанд хамааралгүй тохиолдолд буюу үнэ төлөгдсөнөөр өмчлөх эрх шилжих, хүчин төгөлдөр гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаварт хамаарах, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсгийг тус тус буруу хэрэглэж, нэхэмжлэгч үнэ бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна.
Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хариуцагч нар нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийг хариуцагч нарт буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.
Хүчин төгөлдөр бус хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг, тухайлбал, гэрээнээс татгалзах, гэрээний үүргийн биелэлтийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тус тус шаардах эрхийг үүсгэхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
Нэхэмжлэгч З.Ц- нь С.Батхолбоод 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр агуулгын хувьд зөрчилтэй итгэмжлэл олгосон боловч хожим Н.Солонготуяад 3 удаа итгэмжлэл олгож, хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийн агуулгыг залруулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай давж заалдах гомдол үндэслэлгүй юм.
Харин шүүх нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг урьдчилан төлсөн байхад 210 600 гэж улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан тул залруулах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/00752 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3.Цэрэннамжил, Б.Б- нарын хооронд хийгдсэн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1383 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг, 3.Цэрэннамжил, Ц. Цэрэнбалжир нарын хооронд хийгдсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг, 3.Цэрэннамжил, Ц.Ц- нарын хооронд хийгдсэн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, З.Ц-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө болон 80 м.кв талбай бүхий газрын хамт хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч З.Ц-аас 50 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарт буцаан олгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч З.Ц-д холбогдох Сонгинохайрхан дүүрэгт 12 дугаар хороо, Өнөр хороолол, 103 дугаар байрны 3 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Ц.Ц-, Б.Б- нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 210 600 гэснийг 140 400 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 407 950 төгрөг, хариуцагчаас 280 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Н.БАТЗОРИГ