Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Цагаан гэр овгийн Төрсайханы Бд холбогдох 1829000290021 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар агуулга /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Д.Оюунбилэгтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б: “Болсон явдлыг үнэнээр ярьсан” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Оюунбилэгийн өгсөн: “...Би 2018 оны 01 сарын 19-ний орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвөөс ажлаа дуусгаж гараад найз Янжмаатай ажил төрлийн уулзалт хийж Ханбогд сумын төвд Хурмаст төвийн бааранд орж 2, 2 лаазтай 0,5 литрийн сэнгүр нэртэй пиво уугаад харьж амрахаар Янжмаатай цугтаа очоод би нилээн ядарсан байсан болохоор шууд ороо засаад орондоо орсон. Тэгээд унтаж байхад намайг гэнэт хүн зодоод эхэлсэн. Би хөнжлөөсөө гарах гэж оролдож байгаад толгойгоо гаргахад Б зүүн мөрөн дээрээс хазаад авахаар нь зүүн гараараа цааш түлхэхэд миний зүүн гарын долоовор хурууны хоёр дахь үеэр нь хазаад авсан. Энэ үед найз Янжмаа салгах гэж оролдож байсан. Гаднаас Баттулгын ээж гэх хүн орж ирээд цуг салгасан. Баттулгыг цагдаа дуудаж өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 13-14-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №33 дугаартай шинжээчийн

  1. Д.Оюунбилэгийн биед тархины доргилт, зүүн долоовор хурууны няцарсан шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, эрүүний баруун доод хэсэг, уруул, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуяны цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/

- Шүүгдэгч Т.Баттулгын арилжааны банкуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 34-43-р хуудас/

- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/

- Шүүгдэгч Т.Баттулгын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 47-р хуудас/

- шүүгдэгч Т.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/

- Хохирогч Д.Оюунбилэгийн хүсэлт /хх-ийн 49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Т.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Цагаан гэр овогт Төрсайханы Б нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Д.Оюунбилэгийн      эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Оюунбилэгийн өгсөн: “...Тэгээд унтаж байхад намайг гэнэт хүн зодоод эхэлсэн. Би хөнжлөөсөө гарах гэж оролдож байгаад толгойгоо гаргахад Б зүүн мөрөн дээрээс хазаад авахаар нь зүүн гараараа цааш түлхэхэд миний зүүн гарын долоовор хурууны хоёр дахь үеэр нь хазаад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-р хуудас/,  

- Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №33 дугаартай шинжээчийн “Д.Оюунбилэгийн биед тархины доргилт, зүүн долоовор хурууны няцарсан шарх, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцралт, баруун, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, эрүүний баруун доод хэсэг, уруул, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуяны цус хуралт, зүүн мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Хохирогч Д.Оюунбилэг нь “...ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 49-р хуудас/ гэсэн тул шүүгдэгч Т.Баттулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Т.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдсэн зэргийг харгалзан үзээд улсын яллагчаас санал болгосон торгуулийн ял түүнд тохирч байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

  Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Оюунбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Т.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Цагаан гэр овгийн Төрсайханы Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баттулгыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 800 /найман зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА