Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/110

 

 

 

 

 

 

  2024            01            18                                       2024/ДШМ/110

 

 

        С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Б,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1069 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Б-д холбогдох ......................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ...... дүүргийн ........... дүгээр хороо, ............... яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим “............” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар С.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Э-т төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-аас 906.400 төгрөгийг гаргуулж хохирогч Д.С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч А.Э, Д.С нар цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн тал дээр маргаагүй. Миний асаргаанд эхнэр Г.З нь 2 нялх хүүхдийн хамт амьдардаг. Манай гэр бүл зөвхөн миний орлогоор амьдардаг. Одоо манай улсад өвлийн улирал эхэлж байна. Бид 4 айлын хашаа хөлслөн амьдардаг. Гэр бүл маань зөвхөн миний орлогоор амьжиргаагаа залгуулдаг тул энэ цаг мөчид 2 нялх хүүхэд, эхнэр минь хэрхэн амь зууж байгааг төсөөлөшгүй байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж бусад нөөц бололцоогоороо хохирлыг бүрэн арилгасан болно. Иймд миний гэмшиж байгаа болон анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролгүй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Гомдлоо дэмжиж байна. Гэм хорын гэм буруутайд маргаагүй. Хийсэн хэрэгтээ гүнээ гэмшиж байгаа. ...” гэв.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар” тодорхойлохдоо “...Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдал, хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, түүнийг тодорхой зүйлд бодитой, шударга байх зан байдал дутагдалтай байсан хувийн зан байдал зэргийг тус тус харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.” гэсэн юм. С.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ өгч байсан бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудалд маргалдаж мэтгэлцээгүй болно. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Мөн тэрээр бага насны хүүхэд болон эхнэрийн хамт ..... дүүрэгт түрээсийн байранд амьдардаг бөгөөд өөрөө ажил хөдөлмөр хийж гэр бүлээ тэжээдэг. Иймд түүний ар гэрийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж байдлыг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1069 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн зам тээврийн осол болгоомжгүй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гарцаар гарч байсан 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С-ийн эмчилгээний зардлыг төлөөгүй. Хохирол бүрэн төлөгдөөгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож явсан үйлдэл нь санаатай үйлдэл юм. Зам тээврийн осол гаргасан үйлдэл нь санаандгүй тохиолдлын шинжтэй боловч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд байгаа. Хэрэгт цугларсан баримтаас харахад Д.О нь тээврийн хэрэгсэл жолооддог. Д.О-ын регистрийн дугаарыг хэлээд олон удаа Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан. Хууль хяналтын байгууллагаар тоглоод сурсан байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Д.О руу ярьж байж биш гэдгийг нь мэдэж С.Б шүүх хуралдаанд орсон. Хувийн байдлыг нь харахаар өмнө нь 3 удаагийн ял шийтгэл эдэлсэн байгаа. Прокурорын шатанд яллах дүгнэлт гардуулах гээд олон удаа дуудаж байсан.  Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хорих ялын санал гаргасан. Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулсан. Хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ........... дүүргийн ........ дүгээр хороо, ...............яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим ................. маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь хэсэгт заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Э-ын “...1 дүгээр эгнээг өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү ороод дуусаж явтал ........ загварын тээврийн хэрэгсэл зогсолгүй орж ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд манараад явчихсан бөгөөд хүмүүс шуугилдаад явчихсан. ...Миний ард явж байсан эмэгтэй жолоочийг загнаад байхаар нь намайг өмөөрч байна гэж бодсон боловч тэр эмэгтэйг бас мөргөсөн байсан. ...надад ясны хугарал байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байна, хэвтрийн дэглэм бариад хүйтэн жин тавь гэж хэлсэн. ...Өвдөгний шөрмөс хэрэв сэмэрсэн бол зардлыг бүрэн даалгана гэж бодож байна. Цаашид ямар зардал гарахыг сайн мэдэхгүй байна. ...” /1хх 23/,

хохирогч Д.С-ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад ......... гараад төв номын сангийн автобусны буудал орох зорилгоор ганцаараа явган алхаж байсан. .............. яамны хойд талын явган хүний гарцаар гарахын өмнө урагшаа харахад урдаа нилээн холоос тээврийн хэрэгсэл ирж явсан бөгөөд миний урд талд байсан настай эрэгтэй хүн арай түрүүлээд явахаар нь би араас нь алхаад гарч явтал 1 дүгээр өнгөрөөд 2 дугаар эгнээ рүү орж явтал .................. загварын тээврийн хэрэгсэл маш хурдтай орж ирээд бид хоёрыг мөргөсөн. ...Эмчилгээний зардлын тооцоог дараа гаргаж өгнө. Эмнэлэгт сайн үзүүлмээр байна. ...” /1хх 31/,

иргэний нэхэмжлэгч Д.Ж-ны “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн .............. загварын тээврийн хэрэгсэлийн хойд гуферыг нь болон багажыг нь засуулахаар зурагтын эцэст байх ......... гэх нэртэй засварын газарт машинаа өгсөн. Шилийг нь хагалчихсан байсан. Гэхдээ засуулсан. Одоо ямар нэг асуудалгүй болсон. ...Тухайн үед автомашиныг унаж явсан хүмүүс нь хариуцна гэж бодож байна. ...” /1хх 38, 41/,

гэрч С.О-ын “...Тухайн осол гарах үед унаж явсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь засаж байсан машин юм. ...” /1хх 49/,

яллагдагч С.Б-ийн “...Би 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ..............орчхоод буцаад ............. орох зорилгоор манай засварын газарт засуулахаар өгсөн байсан автомашин болох ................ загварын ............... улсын дугаартай автомашиныг жолоодон ........... яамны баруун замаар урдаасаа хойш чиглэлд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал зүүнээс баруун тийш чиглэлд 2 явган зорчигч цувраад гараад ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч гулгаад мөн хэтэрхий тулчихсан байсан учир 2 явган хүнийг мөргөөд зогссон. Машины урд гуфер хэсгээр хүмүүсийг мөргөөд хоёулаа газарт унасан. Би зогсоод бууж очоод босгоход цагдаа ирсэн. ...Д.О хамт яваагүй. Би жолооны үнэмлэхгүй учир Д.О-ын нэр, регистрийн дугаарыг хэлсэн. Би машин байнга унадаггүй бөгөөд тэр өдөр яаралтай шаардлага гарсан учир машин унаж явсан. Д.О намайг өөрийнх нь регистрийн дугаарыг хэлээд машин унаж явж байсныг мэдэхгүй. Би ослын дараагаас цагдаагийн байгууллага буюу Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст ирж мэдүүлэг өгөхдөө Д.О гэж хэлээд мэдүүлэг өгөөд явж байсан. Лавлагаа авчирч өг гэхээр нь манай гэрт байсан иргэний үнэмлэхийн лавлагааг авчирч өгсөн. ...” /2хх 165/ гэх мэдүүлгүүд,

“...А.Э-ын биед зүүн өвдөгний чагтан холбоосны урагдал, ...... урагдал, зүүн гуянд цус хуралт, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5515 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 56-57/,

“...Д.С-ийн биед зүүн өвдөгний дотор коллатерал холбоос, тойгны дотор даруулган холбоосны хэсэгчилсэн урагдал, өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5128 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 60-61/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /1хх 66-75/,

“...С.Б...-ийн мэдээллийг жолоочийн бүртгэлийн нэгдсэн сан /dis.police.gov/-д шүүхэд жолоочийн бүртгэлгүй /тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгогдоогүй/ байна. ...” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 23/813 дугаар албан бичиг /2хх 61/,

“...Жолооч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” болон “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч, хохирогч А.Э, Д.С нар нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн 972 дугаар мөрдөгчийн магадлагаа /2хх 172/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-9, 12-13/, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-18/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 20/, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх шүүгдэгч С.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч С.Б “...миний гэмшиж байгаа, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролгүй зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Б.Э “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 910.000 төгрөгийг /2хх 227/ нөхөн төлсөн хэдий боловч урьд 3 удаа /2хх 64-76/ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн шударга байх зан байдал дутагдалтай байсан хувийн зан байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг хүссэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн хүнлэг ёсыг эрхэмлэж, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлэх бөгөөд иргэн С.Б нь бусадтай хүнлэг ёсоор харьцаж, өөрийн харилцаа хандлагаа цаашид анхаарах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч С.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 84 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1069 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Шүүгдэгч С.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 910.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.С-д нөхөн төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ