2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01978

 

 

 

 

2025 03 17 192/ШШ2025/01978

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч *** нь ***д холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** нь манай компанийн эзэмшлийн *** талбай бүхий 5 өрөө орон сууцанд 2022.05.05 -ны өдрөөс хойш "Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ" байгуулан амьдарч байгаа бөгөөд 2023.11.05-ны өдрийн №108/23-CS23 тоот гэрээний 1.5- д заасан түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд тус гэрээний хугацаа дууссан байх тул цаашид гэрээг зөрчсөнд тооцож дуусгавар болгон цуцалсан. Энэ талаар хариуцагч ***д удаа дараа мэдэгдэж утсаар ярьж мэдэгдэл хүргүүлсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй болно. Иймд ***өрөө орон сууцыг ***ын эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. гэв. 

Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээнд *** гарын үсэг зураагүй, өөр гарын үсэгтэй, *** талбай бүхий 5 өрөө орон сууцыг амьдарч байгаа үйл баримтад маргахгүй, байрны төлбөрт 115,000,000 төгрөгийг *** гэх хүнд өгч залилуулсан, эрүүгийн журмаар шалгуулаад явж байгаа, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, байрыг эзэмшиж байгаа нь хууль бус биш, нэхэмжлэл үндэслэлгүй... гэв.

Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 108/23-CS23 дугаар орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ, Ү-****дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хөлслөгчийн анкет, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, ***-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү-***эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, *** тоот депозит дансны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, ***тоот депозит дансны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, ****тоот депозит дансны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, *** тоот депозит дансны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, *** тоот депозит дансны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, *** тоот депозит дансны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг ирүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д холбогдуулан Монгол улс, Улаанбаатар хот, *** орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

 

2.    Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

3.    Иргэний хуулийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд нэхэмжлэгч нь хөрөнгийн өмчлөгч байх, хөрөнгө бусдын эзэмшилд байх, тухайн эзэмшил нь хууль бус байх шаардлага тавигддаг.

 

4.    Хэрэгт авагдсан 2021 оны 11 сарын 07-ны өдрийн Ү-***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ (шинэчилэгдсэн), 2025 оны 01 сарын 02-ны өдрийн Ү-****дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр *** нь *** талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байна (хэргийн 8, 24 дэхь тал).

 

5.    Хэрэгт авагдсан 2023 оны 11 сарын 05-ны өдрийн 108/23-CS23 дугаартай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр нэхэмжлэгч *** болон хариуцагч *** нар нь ***талбайтай 5 өрөөг 2023 оны 11 сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сарын 2,530,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон байх ба ийнхүү бичгээр гэрээ байгуулахаас өмнө буюу 2022 оны 05 сарын 05-ны өдрөөс хойш хариуцагч тухайн орон сууцыг хөлсөлж, ашиглажээ (хэргийн 6-7 дахь тал, нэхэмжлэгчийн тайлбар). Зохигч талууд анх орон сууцыг сууцны зориулалтаар тодорхой хариу төлбөртэйгээр хөлслүүлэхээр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан орон сууц хөлслөх гэрээний шинжийг хангана. Орон сууц хөлслөх гэрээнд хариуцагч *** гарын үсэг зураагүй, гарын үсэг нь биш гэж маргаж байх хэдий ч үүнийгээ нотолсон баримтыг гаргаж өгөөгүй, түүнчлэн хариуцагч орон сууцыг бодитоор ашиглаж байгаа нь хэлцэл бодит байдал дээр хэрэгжсэнийг илэрхийлэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

6.    Нэхэмжлэгч талаас 2024 оны 12 сарын 23-ны өдөр орон сууц хөлсөлсний төлбөрөө төлөөгүй, түүнчлэн Орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2024 оны 11 сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон үндэслэлээр байр суллаж өгөхийг хариуцагч талд мэдэгдсэн байх ба хариуцагч мэдэгдлийг ...хаалганд наасан байхад нь танилцсан.. гэж хүлээн авснаа зөвшөөрдөг (хэргийн 11 дэхь тал, шүүх хуралдааны тэмдэглэл). Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл бүрдсэнээр үүрэг дуусгавар болдог ба зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаар орон сууцыг ашиглуулах тохиролцоо дуусгавар болжээ.

 

7.    Маргаан бүхий орон сууц хариуцагчийн эзэмшилд байгаа дээр талууд маргаагүй, хариуцагч тал Орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш орон сууцыг чөлөөлж өгөлгүй, эзэмшиж ашиглаж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, гэрээний харилцаа дууссанаар хариуцагч тухайн орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр эзэмшилдээ байлгах эрхгүй юм.

 

8.    Хариуцагч тал нь орон сууцыг хөлсөлж байгаад худалдаж авах зорилготой байсан, ***д урьдчилгаа 110,000,000 төлж залилуулсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагч орон сууцыг худалдан авахтай холбоотой ямар нэгэн төлбөрийг *** гэдэг хүнээр дамжуулж аваагүй гэж эс зөвшөөрч тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан 2025 оны 01 сарын 03-ны өдрийн 251000210 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолд ...иргэн ***аас гаргасан 2022 оны 03 сарын 24-ний өдөр *** болон *** нарт орон сууц худалдан авахаар урьдчилгаа гэж 115,000,000 өгч залилуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй ... гэжээ. Уг мөрдөгчийн тогтоолд хариуцагч нь 115,000,000 төгрөгийг залилуулсан гэсэн нь мөнгө шилжүүлсэн нь буруу байжээ, мөнгө өгсөн асуудлаа эрүүгийн журмаар шалгуулья гэдэг хүсэл зориг харагдах ба харин орон сууцыг өмчлөх эрхтэй, эзэмшилдээ байлгах эрхтэй гэх эрх зүйн агуулгад хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүх эд хөрөнгийн өмчлөх эрх, эзэмшлийн асуудлыг хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарыг харгалзан шийдвэрлэнэ, эрүүгийн журмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа нь уг маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэв. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдоогүй тул шүүх шийдвэр гаргасан болно.

 

9.    Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч ***нь орон сууцны өмчлөгч мөн, хариуцагчийн орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль бус тул шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

10.  Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь заалтыг баримтлан ***-ийн хариуцагч ***д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Монгол улс, *** талбайтай 5 өрөө орон сууцыг хариуцагч ***ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ