| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0040/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 104
Шийтгэх цагаатгах тогтоол
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Г.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг,
иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир,
иргэний хариуцагч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн 1703 00001 0121 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, М овогт Б Б,.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө 00 цаг 05 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын уулзварт "Хаан банк" ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус маркийн 19-73 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж Г.Ганбатын жолоодон явсан "Үлэмж мэлмий" ХХК-ний эзэмшилийн “Nissan X-Trail” маркийн “27-08 УНЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас жолооч Г.Ганбатын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Өнөрцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Nissan X-Trail” маркийн “27-08 УНЛ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт дүнгээр 3.735.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би тэр өдөр таксинд явж байгаад нэг машины урдуур амжиж гарна гэж бодоод орсон. Тэгээд эргэх үйлдэл хийтэл амжаагүй машин мөргөсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ганбат мэдүүлэхдээ: “Миний бие гайгүй харин хөл орой болохоор өвддөг, хавддаг. Тухайн үед би гэрлэн дохиогоор чигээрээ гарч байхад приус маркийн машин гараад ирсэн. Тэгээд хөл хугарсан байсан. Би гомдолтой байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэг мэдүүлэхдээ: “Би энэ хүнд гомдолтой байна. Би тэр үед хүүхдээ тэврээд машины хойно нь сууж байсан. Энэ хүний царайг өнөөдөр харж байна. Тухайн үед миний нуруу их өвдсөн. Одоо хүртэл үзүүлж чадаагүй. Одоогоор хохирлын баримт байхгүй. Намайг яаралтай гэмтлийн зургийг нь авахуулаарай гэж байсан. Одоо хүртэл энэ хүн намайг тоохгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Батгэрэл мэдүүлэхдээ: “Надад гомдол байхгүй. Хохирогч нартай 2 удаа уулзсан. Энэ машиныг “ХААН” банкны лизингээр авсан. Би уг машинаар таксинд явдаг байсан. Би хохирогч нарт хохирлоо чадлаараа төлнө гэж хэлсэн дээрээс нь эмчилгээний зардалд 9 сая надаас төгрөг нэхсэн.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт хэмжилт хийсэн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-11/, хохирогч Г.Ганбатын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-31/, иргэний хариуцагч Б.Батгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-46/, гэрч Э.Дамдинсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-48/, гэрч Г.Алтан-Учралын өгсөн мэдүүлэг /хх-49/, гэрч Н.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-50/, ахлах зэргийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 11840 дугаартай дүгнэлт /хх-69/, техникийн шинжээчийн 551 дугаартай дүгнэлт /хх-83/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө 00 цаг 05 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цайз захын уулзварт "Хаан банк" ХХК-ний эзэмшилийн Тоёота Приус маркийн “19-73 УНР” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчиж Г.Ганбатын жолоодон явсан "Үлэмж мэлмий" ХХК-ний эзэмшилийн “Nissan X-Trai”l маркийн “27-08 УНЛ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас жолооч Г.Ганбатын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Өнөрцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Nissan X-Trail” маркийн “27-08 УНЛ” улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт дүнгээр 3.735.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ганбатын өгсөн: "Би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн "Цайз 16"-гийн замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 2 дугаар эгнээгээр 40 гаруй км цагийн хурдтай явж байгаад, уулзвараар нэвтрэх гэж ойртож ирэхэд гэрэл дохио ногоон асаж байхаар нь зогсолгүй хөдөлгөөнеө үргэлжлүүлээд ортол уулзварын гол хэсэгт явж байтал эсрэг урсгалд уулзварын голд явж байсан Тоёота Приус 20 маркийн автомашин үүн гар тийшээгээ дараад ороод ирэхээр нь би тормосоо гишгээд баруун дартал эргэтэл автомашинтай урд хэсгээрээ мөргөлдөөд зогссон. Тэгээд нэг хэсэг манараад ууж байтал нэг залуу зураг аваад яваад байсан. Тэгтэл тэр залуу мергөлдсөн
автомашины жолооч байсан. Тэр залуу бид нарын биеийн байдлыг асуухын оронд гар утсаараа зураг аваад яваад байсан. Би тухайн үед баруун хөлөө хартал миний хөл шилбэ хэсгээрээ эргээд илт хугарсан байсан. Мөн хэргийн газарт цагдаа удаагүй хүрээд ирсэн. Араас нь эмнэлгийн машин ирээд намайг гэмтэл эмнэлэг рүү аваад явсан. Би гэмтлийн эмнэлэгт 10 орчим хоног хэвтэж эмчлүүлсэн. Би ажил хийж гэрээ тэжээж явдаг эхнэр маань 9-н сартай хүүхдээ хараад гэртээ байдаг. Би осолд орсноос хойш манай амьдрал зогссон. Тэгтэл осол гаргасан, замын дүрмийн заалт илт зерчсөн жолооч залуу ухамсаргүй зан гаргаж одоо хирнээ ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй, манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Би уулзвараар орж явахад тэр автомашин эсрэг урсгалд бас л уулзвар нэвтэрч байсан. Тэгтэл ядаж эргэх дохиогоо ч өгөлгүй яг уулзварын гол хэсэгт ирж байхад гэнэт л зүүн гар тийшээгээ эргээд мөргөлдсөн. Би маш их гомдолтой байна. Эмчилгээний баримтаа бүрдүүлж байгаа.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэгийн өгсөн: "Тухайн үед оройн 23 цагийн үед “Шархад”-ны захаас “Биокомбинатад байх гэр рүүгээ өөрсдийн “Ниссан X-Трейл” маркийн автомашинаар явж байсан. Манай нөхөр Г.Ганбат машинаа бариад явж байсан, хажуу талд нь танил найз Алтан Учрал, жолоочийн ард талд Дамдинсүрэн хажуу талд нь би хүүхдээ тэврээд сууж явсан, би арын суудалд суугаад явж байсан болохоор яаж байгаад осол болсонг мэдэхгүй ямар ч байсан манай нөхөр удаан явж тогтмол хурдаар явж байтал гэнэт түс гээд хүчтэй хажуу талаас мөргөсөн. Машин эргэлдээд л зогссон хүү маань орилоод, миний нуруу хөдөлж чадахгүй ослын дараа их л хэцүү байсан. Тэгтэл ослын дараа нэг залуу гар утсаараа зураг аваад яваад байсан. Жолооч нь гэдгийг ч мэдээгүй, тэр залуу хүний оронд биеийн байдал асуугаагүй, зураг аваад яваад байсан, эхлээд цагдаа 10 минутын дараа ирсэн, дараа нь 10 минутын дараа түргэний машин ирээд, эмч осолд орсон хүмүүсийн биеийн байдал үзээд манай нөхөр Г.Ганбат, хүү Г.Ган-Эрдэнэ, намайг гэмтэл эмнэлэг аваад явсан. Хүүхдийн биеийн байдал зүгээр байгаа, харин миний толгой өвдөнө, бас бүсэлхий нуруу хэсгээр өвдөнө, гэмтэл эмч нуруугаа томографт үзүүл гэсэн боловч мөнгөний боломж байхгүй болоод үзүүлж чадаагүй байна. Манай гэр бүлийн зүгээс гомдолтой байна, Б гэж залуу осол гаргаж бидний амьдралд маш хохирол учруулж байна. Үүнд манай нөхөр хэрчсэн гурилын үйлдвэрт хэрчсэн гурил борлуулагч ажил хийдэг байсан, бас зав чөлөөгөөрөө хүний автомашиныг янзалж амьдралаа авч явдаг байсан, мөн манай 4 настай, хүү Г.Маргад Эрдэнэ, 3 настай хүү Г.Одбаяр нар нь цэцэрлэгт явдаг байсан аав нь цэцэрлэгт хүргэж өгдөг байсан. Тэгтэл ослоос болж машингүй, Ганбат гэмтэлтэй байх тул цэцэрлэгт хүргэж чадахгүй байна, нөхөр ажил хийхгүй болсноос амьдрал зогсож байна, жолооч Б гэж залуугийн царайг нөхөр бид 2 ерөөсөө олж хараагүй, бид нараас уучлалт ч гуйгаагүй, бид нартай гар утсаар ярьж байгаагүй, маш их гомдолтой байна, автомашины үнэлгээгээр гарсан хохирол тодорхой байгаа, харин одоо хохиролын тооцоог хийж гаргаж өгнө.” /хх-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.Батгэрэлийн өгсөн: "Тоёота Приус маркийн 19-73 УНР” улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн автомашин юм. Миний автомашинд ямар нэгэн явах эд анги болон тоормос зэрэг нь хэвийн ажиллаж байсан. Би тухайн үед хөдөө явсан байсан, манай хүү уг автомашиныг барьж явж байгаад осол гаргасан. Би уг хэрэгт нэхэмжлэл гаргахгүй, миний өөрийн хүү унаж явж байгаад осол гаргасан тул нэхэмжлэх зүйл байхгүй. Би иргэний хариуцагчийн үүргийг мэдэж авсан, би яаж ийж байгаад төлөхийг л бодно. Миний хүү Б нь 1998 онд Хэнтий аймагг төрсөн, хотод 44 дүгээр сургуулийг 2014 амжилттай өгсөөд, одоо МУИС-д эдийн засгийн чиглэлээр суралцдаг, эхээс хоёулаа, айлын том хүү юм. Миний хүү 2017 оны эхээр жолооч болсон уул нь автомашин сайн л барьдаг, зан төлөвийн хувьд ер нь их дуу муутай, эцэг эхийн үгээс гардаггүй, хичээл номондоо сайн, хорт муу зуршил хэрэглэдэггүй, хэрэгт холбогдож айгаагүй, ар гэрийн зүгээс уг хэрэгт анхаарч байна.” /хх-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Дамдинсүрэнгийн өгсөн: “Би 2017 оны 9 сарын 16-ны шөнө 23 цагаас 00 цагийн хооронд би найз Ганбатын машинд суугаад гэр рүүгээ хүргүүлэх гээд “Цайз” захын уулзвар орох гээд явж байсан тухайн үед манай найз Г.Ганбат машин бариад,
найз Алтан-Учрал хажууд суугаад, жолоочийн ард би, миний хажууд Г.Ганбатын эхнэр хүүхэд суугаад явж байсан. Тэр үед Г.Ганбат “Цайз”-ын уулзвараар ногоон гэрлээр зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлээд уулзварын гол хэсэгт явж байтал өөдөөс ирж байсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин огцом зүүн гар тийшээ ямар ч дохио өгөлгүй ороод ирэхээр нь баруун дараад л огцом тормос гишгэсэн боловч тэр автомашинтай зүүн урд талаараа тэр автомашины зүүн урд хэсгээр мөргөлдөөд л зогссон. Тэгээд л би ухаан алдсан байсан. Нэг сэргэсэн бид нар осолд орсон, ослоос болж гэмтэж орилдсон хүмүүс л байсан. Мөргөлдсөн автомашины жолооч өөрөөсөө гадна 3 эмэгтэй хүнтэй явсан бөгөөд жолоочийг “эмнэлэг цагдаа дуудсан уу” гэж асуухад дуудсан гэж хэлсэн боловч тэрээр цагдаад л зөвхөн эд материалын хохиролтой гэж дуудлага өгөөд 103-д дуудлага өгөөгүй байсан. Мөн осолд орсон машинуудын зургийг авч бичлэг хийгээд л явснаас бид нарт туслалцаа үзүүлээгүй. Тэгээд байж байтал цагдаа 15 минутын дараа ирээд араас нь 103 машин ирсэн. Автомашин уулзвараар нэвтрэхдээ ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай л явсан. Замын хедөлгөөний дүрэмд заасан хурд хэтрүүлээгүй явсан, мөн замын хөделгөөн сийрэг манай хажуу талд нэг суудлын автомашин уулзвараар зүүн гар тийшээ эргэсэн. Өөдөөс цөөхөн л машин явж байсан. Бид нар уулзвараар зогсолгүй зөвшөөрсөн ногоон гэрлээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд л уулзварын гол хэсэгт явж байтал өөдөөс ирж байсан автомашин гэнэт зүүн гар тийшээ дохиогоо өгөлгүй орж ирээд мөргөлдсөн. Би лав хамгаалах бүсгүй явж байсан. Бусад нь хамгаалах бүстэй явж байсан эсэхийг анзаарч хараагүй. Мөн би л найз Ганбаттай уулзахаасаа өмнө 1 лааз пиво уусан байсан. Би Баянзүрх дүүргийн Эрдэнэтолгойд машин үзэж явж байгаад, найз Ганбат руугаа гар утсаар залгаад “намайг ирээд авчих” гэхэд манай найз машинтайгаа намайг ирж аваад гэрт маань хүргэж өгөх гэж байгаад уг осол болсон.” /хх-48/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Алтан-Учралын өгсөн: "Би 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн үед би найз Ганбатын машинд суугаад гэр рүүгээ хүргүүлэх гээд явж байсан. “Цайз” захын уулзвараар ногоон гэрлээр зогсолгүй явж ороод уулзварын гол хэсэгт ирж чигээрээ гарах гэж байтал гэнэт өөдөөс ирж байсан автомашин зүүн гар тийшээ дарж орж ирээд л мөргөсөн. Ослын дараа бууж ирээд машинд цуг явсан Ганбатын 9-н сартай хүүхэд биеийн байдал үзэхэд гайгүй байсан боловч Ганбатын баруун хөл нь илт хугараад санжиганаад цус гарч байсан. Тэгээд л 103-т залгаж ослын талаар мэдэгдсэн. Тэгээд байж байтал цагдаа 15 минутын дараа ирээд араас нь 103 машин ирсэн. Миний суугаад явсан автомашин хэр зэрэг хурдтай явсанг бол анзаарч хараагүй. Гэхдээ л их хурдтай явж байгаагүй. Миний суугаад явж байсан автомашин уулзварт нэвтрэх үед цаанаас их л хурдтай гэрлэн дохиогоор амжих гээд л орж ирж байгаа юм шиг л хурдтай ороод ирээд л шууд зүүн гар тийшээгээ дарсан. Г.Ганбат бид 2 хамгаалах бүстэй явж байсан, бусад бүс хэрэглээд явсанг мэдэхгүй байна, би ерөөсөө согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм.” /хх-49/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Уянгын өгсөн: “Би 2017 оны 9 дүгэзр сзрын 16-ны орой 23 цаг 20 минутын үед Хүүхдийн парк дээр найз Лхагвасүрэн, Болорцэцэг нарын хамт тоглож дуусаад, найз Барсболд руу утсаар залгаад “ирээд хүргээд өгөөч” гэсний дагуу тэрээр бид нар дээр Тоёота Приус 20 маркийн автомашинтай ирсэн. Би жолоочийн хажуу талын суудал дээр, харин найз Лхагвасүрэн, Болорцэцэг нар рын суудал дээр суугаад явж байсан. Бид нар “Хүүхдийн парк”-аас эхлээд Баянзүрх үүргийн цайз руу явж байсан. Мөн замдаа цайз захын уулзвараар ороход гэрлэн охио ногоон асаж байсан. Өөдөөс нэлээн зайтай машин ирж байгаа харагдсан. Уулзвараар миний суугаад явсан машин эргээд ортол нөгөө ирж явсан автомашин мөргөсөн. Ослын дараа Лхагвасүрэн, Болорцэцэг бид 3 цочирдоод ерөөсөө машинаас эхлээд буугаагүй. Барсаа мөргөлдсөн автомашины хүмүүстэй уулзчихаад буцаж ирээд бид гурвыг “буугаарай” гэж хэлсний дагуу бид 3 машинаас буугаад замын хойд талд зогсож байтал түргэний машин ирсэн, эмч бид нарыг үзсэн. Би осол болохоос өмнө автомашины урд хянах самбар руу харахад 40 орчим км цагийн хурдтай явж байгаа харагдсан. Гэхдээ бол халт л харахад 40 орчим км цагийн явж байх шиг байсан. Барсаа бид 2 хамгаалалтын бүстэй явж байсан, харин хойно суугаад явсан Лхагвасүрэн, Болорцэцэг 2 хамгаалах бүстэй явсан эсэхийг мэдэхгүй байна. Ослын дараа би л ганцаараа гэмтэл эмнэлэгт үзүүлэхэд эмч нь бэртэл гайгүй
байна гэсэн. Харин Лхагвасүрэн, Болорцэцэг 2 гэмтээгүй байсан учир эмнэлэг ч яваагүй.” /хх-50/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11842 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Ганбатын биед баруун шилбэ ясны далд хугарал, өвдөгний үений шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. " /хх-70/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11840 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Өнөрцэцэгийн биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.” /хх-73/ гэх дүгнэлт,
Замын цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн техникийн шинжээчийн 551 дугаартай дүгнэлтэд:
1. "Тоуота рrius” маркийн “19-73 УНР” дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Барсболд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан "Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Nissan Х-Тгаil маркийн 27-08 УНЛ дугаартай автомашины жолоодон явсан Г.Ганбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. "/хх-83/ гэх дүгнэлт,
-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-6/,
-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдийвч /хх-7/,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11/,
-Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-12, 13/,
-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15/,
-Хохиролд 2.000.000 төгрөг төлсөн тухай тэмдэглэл /хх-
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-37-38, 40-44/,
-“Аривижих-эстимейт” ХХК-ны үнэлгээ 3.735.000 төгрөг /хх-53-54, 65/,
-“Хөрөнгө эстимейт” ХХК-ны үнэлгээ 4.447.000 төгрөг /хх-56-57/,
-“Нимонс” ХХК-ны /хх-62-63/,
-Цагдаагийн ерөнхий газрын замын цагдаагийн албаны Б.Доржийн гудамж, “Цайз” захын зүүн урд уулзварын гэрлэн дохионы горим /хх-117-118/,
-Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-124-126/,
-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Барсболдыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан, Г.Ганбатын эзэмшлийн “Ниссан хтрейл” маркийн автомашинд 3.735.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Барсболд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Барсболд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Батгэрэлээс 3.014.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганбат, иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэг нарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Г.Ганбат, иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹653229 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Тоёота приус” маркийн 19-73 УНР улсын дугаартай автомашины гэрчилгээг иргэний хариуцагч Б.Батгэрэлд буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Быг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Бын жолоочийн 122109 дугаартай түр үнэмлэхийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн “Тоёота приус” маркийн 19-73 УНР улсын дугаартай автомашины гэрчилгээг Б.Батгэрэлд шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Батгэрэлээс 3.014.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ганбат, иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэг нарт олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Хохирогч Г.Ганбат, иргэний нэхэмжлэгч Г.Өнөрцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн батлан даалтад өгөх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ