Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/117

 

 

 

 

 

 

 2024            01              18                                        2024/ДШМ/117

 

 

А.Гт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  2308 00000 1353 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Г, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, /РД:000000/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сар 05 хоногийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 20.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэн эдлэх ялыг 10 жил 01 хоногийн хорих ялаар тогтоон, тус хорих ял дээр өмнөх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 06 сар 05 хоногийн хорих ялын зарим болох 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, биечлэн эдлэх ялыг 10 жил 06 сар 01 хоногийн хорих ялаар тогтоосон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 242 дугаар захирамжаар 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялыг өршөөн хассан, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 7 сарын 3-ны өдрийн 273 дугаар захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл хэсэгт шилжүүлж, 2 жилийн хорих ялд дүйцүүлэн, үлдэх 5 жил 4 сар 8 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,    

- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,   

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1048 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жил 05 сар 16 хоногийн хорих ялаар тогтоосон, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 44 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 

Шүүгдэгч А.Г нь архидан согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны зүүн талд согтуу явсан Л.Б-тай тааралдаж улмаар хоолойг нь боон унагааж өмдний халааснаас нь “Iphone 7 plus” загварын гар утсыг авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 7 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчим мөн архидан согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны зүүн талд хохирогч Х.Ш-тэй тааралдаж улмаар араас нь толгой руу нь цохиж хоолойг нь боож, ухаан алдуулан “Samsung А-750” загварын гар утас болон бэлнээр 600.000 төгрөг, ядам хуруу болон баруун гарын дунд хуруунд зүүлттэй байсан монетон бөгж, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг дээрэмдэж, нийт 2.938.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч А.Гийн үйлдлийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Г-ийг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Гийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар А.Г-ийн цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар А.Гээс 450,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Б-д, 2,866,000 төгрөг гаргуулж Х.Ш-д тус тус олгож, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим дээр нийгмийн гарал байдлаар нь ялгавралан гадуурхахгүй гэж заасан байдаг. Анхан шатны шүүх  намайг удаа дараа ял эдэлж байсан, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирол төлбөр төлөөгүй гэж авч үзсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш цагдан хоригдож байгаа тул хохирлоо төлөх боломжгүй байсан. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хаалтай хорих ялыг нээлттэй болгож, хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч А.Гт оногдуулсан ял шийтгэл нь хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзаж эрүүгийн хариуцлага оногдуулна гэж хуульчилсан байдаг. Шүүгдэгч А.Гийн хувьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон байдаг. Түүний учруулсан хор уршгийн хэмжээ бол өндөр хэмжээтэй хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдээгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Эрүүгий хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял шийтгэхээр заагдсан байдаг. Тэгэхээр 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа нь учруулсан  хор уршигтай нь харьцуулахад хүндэдсэн байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн хаалттай дэглэмд хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд ажил хийгээд бага ч болов хохирлыг барагдуулах чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж байвал өөрийнх нь эрх зүйн байдал хохирогч нарын хохирол төлөх нөхцөл байдлууд нь бүрдэнэ гэж үзэж байна. Иймд нээлттэй дэглэмд хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Гт 5 жилийн хугацаагаар хорих  ялыг хаалттай эдлүүлэхээр шийдвэр гарсан. Шүүгдэгч А.Гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор хэмжээ, хохирол учруулсан нөхцөл байдал, гэмт хэргийг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хохирогчийн хохирол төлбөр төлөгдөөгүй болон бусад байдлыг харгалзан үзээд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,  

Шүүгдэгч А.Г нь архидан согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны зүүн талд Л.Баянбатын хоолойг боож унагаан түүний өмдний халааснаас нь 450.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 7 plus” загварын гар утсыг авсан болох нь:

- Л.Б-н цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-53-54/,   

- хохирогч Л.Б-н "... Би 2023 оны 7 дугаар сарын 14-ний шөнө 00 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байр болон түүний хажууд байрлах дэлгүүрийн голоор явж байтал өөдөөс нэг залуу гарч ирээд, “онгорхой дэлгүүр байна уу” гэж асуусан ба жаахан юм ярьж байгаад миний ард гарч хоолойноос боож унагаад  миний өмдний баруун талын халаасанд байсан “Iphone-7 plus” загварын гар утас аваад, зугтаасан...” тухай мэдүүлэг /хх-61-62/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-57-59/,

- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 557 дугаартай “... “Iphone-7 рlus” загварын гар утас 430,000 төгрөг, өнгөгүй резин кейс 10,000 төгрөг, шилэн наалт 10,000 төгрөг нийт дүн 450,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-68-69/,

- шүүгдэгчийн өгсөн: “. ...гэм буруугийн талаар маргахгүй. ...” гэх мэдүүлэг /хх-237-239/ зэрэг нотлох баримтуудаар,

Мөн шүүгдэгч А.Г нь архидан согтуурсан үедээ 2023 оны 7 дугаар сарын 20- ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны зүүн талд хохирогч Х.Ш-ийн толгой руу нь цохиж, хоолойг нь боож ухаан алдуулж, түүний “Samsung A-750” загварын гар утас болон бэлэн мөнгө 600.000 төгрөг, ядам хуруунд нь зүүлттэй байсан монетон бөгж, баруун гарын дунд хуруунд зүүлттэй байсан монетон бөгж, пүүзэн гутал зэрэг эд зүйлийг авч нийт 2.938.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :  

-  Х.Шижирхүүгийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-02/,  

- хохирогч Х.Ш-ийн:“... Би 2023 оны 7 дугаар сарын 20-ны оройн 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны автобусны буудал дээр автобуснаас буугаад, 26 дугаар байрны зүүн талд явж байтал Х гээд залуу миний араас толгой руу цохиж хоолойг бооход ухаан алдаад газарт унасан ба ухаан ороод хартал Х нь миний бэлнээр 600.000 төгрөг, зүүн гарын ядам хуруунд, баруун гарын дунд хуруунд зүүлттэй байсан монетон бөгж, Самсунг А-750 загварын гар утас, ногоон өнгийн цагаан канттай “reebok” нэртэй пүүз зэргийг авсан, би зугтаасан...” гэх мэдүүлэг /хх 14-15/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-05/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан: “...“samsung А-50” маркийн гар утсыг 250,000 төгрөг, монетон бөгж 2 ширхэг 2,016,000 төгрөг, “Reebok” нэртэй пүүз 72,000 төгрөг, биет 600,000 төгрөг нийт 2,938,000 төгрөг...” /хх-19-21/,

- А.Гээс хохирогч Л.Ш-ийн “Reebok” нэртэй пүүзийг хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 08-11/,

- шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн гэм буруугийн талаар маргахгүй тухай мэдүүлэг /хх-237-239/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Г нь хохирогч Л.Ш, Л.Б нарын эд хөрөнгийг тус тус хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан байх ба шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй. 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих  шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул түүнд  оногдуулсан хорих ял, түүний хэмжээ болон ял эдлүүлэх дэглэм нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн бусад байдал зэрэгт тохирсон гэж үзнэ.     

Иймд шүүгдэгч А.Г-ийн гаргасан “хаалттай хорих дэглэмийг нээлттэй болгож, оногдуулсан хорих ялыг багасгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүгдэгч А.Г 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр баривчлагдаж, улмаар яллагдагчаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон /хх-40-41, 74-81, 188-189, 217-218, 232/ нийт хоног нь 76 байхад 75 гэж 1 хоног дутуу тооцсон байгааг зөвтгөх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Гийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 /далан зургаа/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/1302 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :  

4 дэх заалтын : “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Гийн 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай” гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай” гэж өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан “...хаалттай хорих дэглэмийг нээлттэй болгож, оногдуулсан хорих ялыг багасгуулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 /далан зургаа/ хоногийг  хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.       

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ

                           ШҮҮГЧ                                                         Г.ГАНБААТАР