| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2025/00150/И |
| Дугаар | 192/ШШ2025/03122 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/03122
2025 04 21 192/ШШ2025/03122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч:*** холбогдох
хохирол 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд *** нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Энхболор хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... миний бие ***тай хорин хэдэн жил хамт ажилласан, эгч дүүс болох хэмжээний харилцаатай. 2022 оны 7 дугаар сард *** “манайх үхрийн ферм авсан, танд 7 500 000 төгрөг зээлэх боломж байна уу, 5 тугалтай үнээ өгье, үхэрнүүдийнхээ өвс тэжээлийг хадах зорилгоор трактор авах гэсэн юм аа гэж хэлээд надаас 7 500 000 төгрөг авсан. Би мал маллаж үзээгүй, 5 тугалтай үнээ тэжээж чадахгүй, яах вэ гэхэд *** манайд байлгаж байгаад олон болохоор нь авч болно гэхээр нь тухайн үед 5 тугалтай үнээгээ аваагүй. 2023 онд гэр бүлээрээ Хэнтий аймагт наадам үзэж яваад ***ын гэрт очиж амралтын байдалтай 1 хоноод буцаж ирсэн. 2023 онд үхэрнүүдээ авах уу гэхэд нь одоо авч чадахгүй, дүү маань Төв аймгийн Сэргэлэн суманд ирсэн, хашаа бууцыг нь янзалж өгчхөөд авъя гэж хэлсэн. 2024 оны өвөл үхэрнүүдээ авах гэсэн боловч *** ямар ч үхэр байхгүй, бүгд зуданд үхсэн гэж хэлсэн. Энэ талаар өмнө нь яагаад надад хэлээгүй юм бэ гэхэд юу яриад байгаа юм бэ, бүгд зуданд үхчихсэн гэсэн. 2023 оны намар *** манайх малдаа том саравч барьсан, өвч тэжээл татаж байгаа гэхээр нь би үхэрнүүдээ асуухад одоо зүгээр байгаа өвс тэжээл авах гэж байна. Өвс тэжээлийн мөнгө өгөхгүй юм уу гэхээр нь 11 дүгээр сарын 22-ны өдөр мөнгө шилжүүлсэн. Мөн 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхрийнхөө данснаас 500,000 төгрөг шилжүүлж байсан. Би өөрөө 7 500 000 төгрөгөөр мах аваад зарсан бол 12 000 000 төгрөгийн ашиг олох боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа махны дундаж ханшаар бодож мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн. Нэг үхрийг дундаар 150кг гэж бодоход нэг килограмм махыг 12 000 төгрөгөөр тооцоход нэг үхэр 1 800 000 төгрөгийн үнэтэй болж байна. 1 үхрийг 1 800 000 төгрөгөөр тооцоход 10 үхэр 18 000 000 төгрөг болж байгаа бөгөөд 10 үхрийн үнэ 18 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна …гэв.
3. Хариуцагч тал хариу тайлбартаа: ... нэхэмжлэгч 5 тугалтай үнээ, 5 бярууны үнэ 18 000 000 төгрөг нэхэмжилж байна. 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид 3 тугалтай үнээ, 5 бяруу, 2 суваа үнээ гээд нийт 13 тооны малыг зүсэлж өгсөн. 2023 оноос 2024 оны хооронд байгалийн гамшигт үзэгдэл болж зүсэлж өгсөн 13 тооны малнаас 1 үнээ амьд үлдэж, бусад нь хорогдсон байдаг. Нэхэмжлэгчийн ярьсан 5 тугалтай үнээнээс 1 үнээний махыг хариуцагч *** 2023 оны 12 дугаар сард нэхэмжлэгч ***т хүргэж өгсөн. Үлдсэн 4 тугалтай үнээ, 5 бяруу, 3 тугалаас тухайн онд ганцхан халтар үнээ амьд үлдсэн. Халтар үнээ нь одоо тугалтайгаа ***ын хотонд байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоо нэг тугалтай үнээг нь өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй… гэв.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3 дугаар тал/
Хаан банкны дансны хуулга /хэргийн 4-6 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 7, 31 дүгээр тал/
2025.04.18-ний өдрийн №05/338 тоот Үндэсний статистикийн хорооны тодорхойлолт, Хэнтий аймагт борлуулагдсан үхрийн махны дундаж үнэ /хэргийн 45-49 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн гадаад паспортны хуулбар /хэргийн 12 дугаар тал/
Хариу тайлбар / хэргийн 15 дугаар тал/
3 ширхэг фото зураг /хэргийн 16 дугаар тал/
2025.01.10-ний өдрийн №8, Хэнтий аймгийн Хэрлэн сумын тахилгат тосгоны захирагчийн ажлын албанаас шүүхэд гаргасан тодорхойлолт /хэргийн 17 дугаар тал/
Хаан банкны шилжүүлгийн баримт /хэргийн 18-23 дугаар тал/
Хариуцагчаас ***ад олгосон итгэмжлэл /хэргийн 24 дүгээр тал/
2025.02.11-ний өдрийн №25, Хэнтий аймгийн Хэрлэн сумын тахилгат тосгоны захирагчийн ажлын албанаас шүүхэд гаргасан тодорхойлолт /хэргийн 17 дугаар тал/ зэрэг баримтууд,
6.Шүүхээс бүрдүүлсэн
*** гэрчийн мэдүүлэг /хэргийн 32-36 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...худалдан авсан мал хөрөнгийг хүлээн өгөөгүй хохирол учруулсан... гэж тайлбарласныг,
Хариуцагч эс зөвшөөрч ...малаа зүсэлж өгсөн, мал хөрөнгө байгалийн зуданд үхэж үрэгдсэн миний буруутай үйлдэл байгаагүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч хадлан хадах трактор худалдан авах зорилгоор нэхэмжлэгчид 5 тугалтай үнээг нийт 7 500 000 төгрөгөөр худалдахаар тохирч, түүнээс 2022 оны 07 сарын 28-ны өдөр өөрийн ХААН банкны *** тоот дансаар 7 500 000 төгрөг шилжүүлэн авсан, тугалтай үнээг нэхэмжлэгч тавих маллах газаргүй учир хариуцагчийн талтай хамт маллуулж өсгөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны дансны хуулга, хариуцагчийн ...5 үнээ, 5 тугалын хамт ***т 7 500 000 төгрөгөөр худалдсан. Гэрээг амаар байгуулсан. Тухайн үед дээрх малыг нэхэмжлэгчид зүсэлж өгөөгүй... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 1, 6, 15 дугаар тал/
4. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Гэрээ амаар байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
6. Гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
7. Нэхэмжлэгч 5 тугалтай үнээний үнийг хариуцагчийн дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн нь дансны хуулга баримтаар тогтоогдож байна.
8. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно гэжээ.
9. Нэхэмжлэгч худалдан авч буй 5 тугалтай үнэ хөрөнгийг авч байрлуулах малын хашаа саравчгүй гэх шалтгаанаар 5 тугалтай үнээг хариуцагчийн малтай хамт маллуулж байхаар тохиролцож буй байдал, ...2023 онд үхэрнүүдээ авах уу гэхэд нь одоо авч чадахгүй, дүү маань Төв аймгийн Сэргэлэн суманд ирсэн, хашаа бууцыг нь янзалж өгчхөөд авъя гэж хэлсэн... зэрэг тайлбараас нэхэмжлэгчийн худалдан авч байгаа мал хөрөнгөө байршуулах газраа бэлдсэний дараа авах хэрэгцээ шаардлагын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөх, шилжүүлэх хариу үүргийг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.
10. Дээрх байдлаар худалдсан хөрөнгийг хүлээн авах нөхцлөө талууд тохирчээ.
11. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний үүргийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.
12. 2024 оны 11 сард нэхэмжлэгч 5 тугалтай үнээ хөрөнгөө авах хүсэлт гаргасан нь нэхэмжлэгчийн ...2024 оны өвөл үхэрнүүдээ авах гэсэн боловч *** ямар ч үхэр байхгүй, бүгд зуданд үхсэн гэж хэлсэн... гэх тайлбар, хариуцагчийн ...2024 оны 11 сард малаа авъя гэхэд нь зуданд хорогдсон гэж үнэнийг хэлэхэд маргалдсан... гэх тайлбар баримтуудаар тогтоогдож байна.
13. Хариуцагч 2023 оны 07 сарын 30-ны өдөр худгийн дэргэд ***ийн нөхөр, хүүхдэд 5 үнээг, 5 бяруу, 3 тугалын хамт зүсэлж өгсөн, мал зуданд хорогдсон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.
14. Гэрч Ө.Батбуянгийн мэдүүлгээр ...мал хөрөнгийг зүсэлж өгсөн байдлыг... нотолж байгаа боловч гэрээний зүйлийг 5 тугалтай үнээг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч аваад явсан үйл баримтыг нотлохгүй байгаа, нэхэмжлэгч мал хөрөнгөө өөртөө шилжүүлж авах талаар 2024 оны 11 сард хариуцагчид хэлсэн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа.
15. Хэрвээ хариуцагч 2023 оны 07 сард нэхэмжлэгчид 5 тугалтай үнээг зүсэлж хүлээлгэж өгсөн бол тухайн үед малын А дансанд хичнээн тооны мал хөрөнгө байж байгаад хичнээн тооны мал хөрөнгөтэй болсон байдлаа нотлох боломжтой атал нотлоогүй.
16. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэжээ.
17. Хэрэгт авагдсан баримтаар худалдсан 5 тугалтай үнээ хөрөнгө худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжээгүй, түүний устаж гэмтсний эрсдлийг хариуцагч хүлээнэ.
18. Нэхэмжлэгч худалдан авсан 5 тугалтай үнээ хөрөнгөө шилжүүлж аваагүй, хариуцагч мал хөрөнгө зуданд үхэж устсан гэж тайлбарлаж байгаа учир хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
19. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч худалдсан хөрөнгийг нэхэмжлэгчийн шаардснаар нэн даруй хүлээн өгөх гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хариуцагчаас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
20. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирол төлбөрөө Үндэсний статистикийн хорооны хорооны гаргасан махны дундаж үнэлгээний дунджаар тооцож ирүүлснийг хариуцагч үгүйсгэж маргаагүй, баримтаар няцаагаагүй болно.
Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээ түүнийг тооцоолол, аргачлалын талаар хариуцагч маргаагүй.
21. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ***аас хохирол 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ