2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/03123

 

 

 

 

   

     2025          04            21                                          192/ШШ2025/03123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** ***-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ***, ***-д холбогдох,

 

түрээсийн гэрээний үүрэгт нийт 23 113 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

нэхэмжлэгчийн төлөөлөгч *** оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жанар хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 23 113 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... хариуцагч ***-ны захирал *** нь 2023 оны 03-р сарын 06-ны өдөр ***-ны захирал болох наадтай *** талбайтай, бүрэн тавилгатай оффисыг 1мкв нь 40 000 төгрөг буюу сарын 4.080.000 төгрөгөөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан. ***-ыг түрээсээ хойшлуулж, түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй, удаа дараа түрээсийн төлбөр нэмэгдэж байгааг сануулж байсан боловч, хүүхдийн өдөр өнжүүлэх болон сургалтын үйл ажиллагаа байсны улмаас их хүндэтгэлтэй хандаж байсан. Улмаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр түрээсний гэрээг тасалбар болгож түрээсийг зогсоож, оффисынхоо түлхүүрийг сарын дараа сургуулийн хүүхдүүдийн хичээл дуусаж амралт эхлэхэд авсан. ***-ны түрээсийн төлбөр болох 2024 оны 04-р сарын 05-ны байдлаар, 17,250,000 төгрөг, алданги 5,863,050 төгрөгийг хариуцагч ***-иас гаргуулж өгнө үү...  гэв.

3.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

2024.10.31-ний 102/ШЗ2024/20411 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж /хэргийн 4 дүгээр тал/

2023.03.06, №23/03 Ажлын байрны түрээсийн гэрээ /хэргийн 13-16 дугаар тал/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 18-19 дүгээр тал/

2023.11.24, №23/28 дугаар ***-аас ***К-д явуулсан албан бичиг /хэргийн 19 дүгээр тал/

2024.04.12, №24/11 ***-аас ***К-д явуулсан албан бичиг /хэргийн 20 дугаар тал/

2024.04.18, 6/419 Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 21 дүгээр тал/

Тооцооны үлдэгдлийн баталгаа /хэргийн 22 дугаар тал/

***-аас ***К-д гаргасан нэхэмжлэх /хэргийн 23 дугаар тал/

Нэхэмжлэгчээс***д олгосон итгэмжлэл /хэргийн 25 дугаар тал/ зэрэг  баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.

2.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэхдээ түрээсийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 18 750 000 төгрөг, алданги 5 863 050 төгрөг нийт 24 613 050 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдааны үед хариуцагчийн төлсөн 1500 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж 17 250 000 төгрөг, алданги 5 863 050 төгрөг нийт 23 113 050 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан болно.

3.Нэхэмжлэгч ...23 113 050 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...түрээсийн гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө хугацаанд нь гүйцэтгээгүй... гэж тайлбарлав.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй.

5.Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

2023 оны 03 сарын 06-ны өдрийн дугаар 23/03 тоот Ажлын байрны түрээсийн гэрээг нэхэмжлэгч ***, хариуцагч *** нар бичгээр байгуулж, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, *** талбай бүхий хөрөнгийг 2023 оны 03 сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 сарын 06-ны өдөр хүртэд 1 жилийн хугацаатай, сарын 4 080 000 төгрөгийн төлбөртэй түрээслэхээр тохирчээ.

6. Талуудын тохиролцоо гэрээ баримтаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

7. Түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй гэж үзнэ.

8. Гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

9. Нэхэмжлэгч гэрээний дагуу түрээсийн зүйл буюу 102м кв талбай бүхий хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн байна.

10. Хариуцагч хариу үүрэг гэрээний 2.1, 2.5-д заасны дагуу сар бүрийн эхний 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны 5009219700 тоот дансанд шилжүүлж байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

11. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр буюу түрээсийн гэрээний хугацаа дуусаж нэхэмжлэгч түрээсийн зүйл хөрөнгөө хариуцагчаас буцаан авсан,  энэ талаар маргаагүй.

12. Хариуцагч түрээсийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүрэг 2023 оны 11 сараас доголдсон, 2023 оны 11 сард 2 430 000 төгрөг, 2023 оны 12 сар 4 080 000 төгрөг, 2024 оны 01 сар 4 080 000 төгрөг, 2024 оны 02 сар 4 080 000 төгрөг, 2024 оны 03 сар 4 080 000 төгрөг, нийт 18 750 000 төгрөг төлөгдөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, 2023.11.24-ний өдрийн 23/28 тоот *** ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2024 оны 04 сарын 18-ны өдрийн Б/149 тоот хариуцагчийн Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2024.04.22-ны өдрийн 24/11 тоот нэхэмжлэгчийн Хүсэлтийн хариу албан бичиг баримтуудаар тогтоогдож байна.

13. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй учир хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 23 113 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.

14. Хариуцагч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн буруутай учир нэхэмжлэгч талуудын тохиролцоо гэрээний 2.7-д заасан гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй.

15. Түрээсийн төлбөр, алдангийн хэмжээг нэхэмжлэгчийн шаардсанаар буюу үндсэн төлбөр 17 250 000 төгрөг, алданги 5 863 050 төгрөг нийт 23 113 050 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

16. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 273 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөрт нийт 23 113 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 273 515 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОЮУНТУУЛ