Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар  2024/ДШМ/99

 

 

 

 

 

 

 

 

 

2024            01             17                                          2024/ДШМ/99

 

 

Н.Бт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,   

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1353 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  2306 00000 2320 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н.Б, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Тоосгоны 00-0 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, /РД:00000000/,

- урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял, 181 дүгээр зүйлийн 181.2.1 -д зааснаар 3 жил 1 сар  хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх 3 жил 1 сар хорих ялаар тогтоож, тус ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны арын 0-00 тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар төмөр трубагаар хохирогч Д.Дийн нуруу, гар хэсэг рүү удаа дараа цохих, толгой руу цууны шил шидэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд духны язарсан шарх, зүүн атгаал ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-т 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б нь 3.000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000. 000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Д-д 421.200 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хуулийн дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, Н.Б миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн бодит нөхцөл байдлыг гуйвуулах нэг нөхцөл болсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Д, түүний эхнэр И.Оюун-Эрдэнэ нар өөрсдийн мэдүүлэг тайлбартаа тухайн үед болсон үйл баримтын талаар хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн байсан бөгөөд манай гэрт тэр 2 ирсэн гэж мэдүүлсэн. Тухайн хэрэг болсон өдөр манай гэрт бид 4-лээ байсан бөгөөд Д.Д-ын найз болох Б нь Д.Д болон О нарын хамт манайд ирсэн. Энэ талаар би өөрийн мэдүүлэгтээ тодорхой дурдаж хэлсэн бөгөөд Б гэх залуугаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй бөгөөд миний мэдүүлгийг шалгах ажиллагааг орхигдуулсан нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайн хэргийг сайн мэдэх хөндлөнгийн гэрч Б-с мэдүүлэг тайлбар авалгүйгээр зөвхөн Д.Д, түүний ойр дотны хүн болох эхнэрийнх нь мэдүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий гэрч О ярьсан СиДи бичлэгийг хэрэгт өгсөн боловч нотлох баримтыг бэхжүүлэх, үнэлэх, ажиллагааг хийгээгүй. Энэ бичлэгт хохирогчийн эхнэр О  "..манай нөхрийн гар хөл санжиганаад байна гэнээ...чи үүнд хамаагүй...” гэсэн зүйлийг ярьсан бөгөөд намайг буруугүй гэдгийг нотлох баримт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг зөрчиж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

2. Шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8033 дугаар дүгнэлтээр Д.Дид учирсан байсан гэмтлийг тогтоож байгаа болохоос биш намайг Д.Дид гэмтэл учруулсан гэдгийг тогтоож байгаа баримт биш. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч эмчээс “Энэ гэмтлийг учруулсан дүгнэлтийг та гаргасан байна. Гадна талдаа ямар байдалтай байсан юм бэ, энэ талаар дүгнэлтэд тэмдэглэсэн зүйл байхгүй байна” гэсэн асуултад “гаднаа ямар байсныг надад үзүүлээгүй” гэж хариулдаг. Шинжээчийн дүгнэлтийг гаргах ажиллагаа нь өөрөө дутуу дулимаг, хууль журамд заасны дагуу явагдаагүй байхад шүүх шинжээчийн дүгнэлтийг намайг буруутгах үндэслэлээ болгож байгаа нь илт хууль бус юм. Өөрөөр хэлбэл хохирогчийн худал мэдүүлэг, шинжээчийн дутуу дулимаг дүгнэлт, хохирогчийн хамаарал бүхий хүний мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнд гомдолтой. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023\ШЦТ\1353 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Х.Наранзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “. ... Шинжээчийн дүгнэлтэд “зүүн гарын атгаал ясны далд хугарал нь дарж унах үед үүсэх боломжтой” гэж дурдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр зөвхөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоож байгаа. Харин тухайн гэмтлүүдийг шүүгдэгч Н.Б учруулсан болохыг тогтоохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгч Н.Б “тухайн үед Б гэж хүн байсан, энэ хүнийг гэрчээр тогтоож мэдүүлэг авч өгнө үү” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтэд “хохирогчид учирсан гэмтэл нь олон удаагийн цохилтын улмаас бий болно” гэж дурдсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч “миний нуруу руу нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. Хохирогч үнэн, зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь тухайн үед 3 хүн байсан мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хохирогч “тухайн үед миний найз Б байсан” гэж мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс сиди бичлэгийг шинжлэн судлуулах, гэрчээр Б гэх хүнээс мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Прокурорын зүгээс “нэгэнт та нар мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт гаргаж өгөөгүй учраас энэ чинь нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэж тайлбарладаг. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэж, оролцогчдын гаргасан хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “. ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн гэрчээс мэдүүлэг аваагүй. Хэдийгээр миний үйлчлүүлэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өмгөөлөгчгүй байсан боловч анхан шатны шүүх хуралдаанд “Тухайн үед байсан Б гэх хүнээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү. Энэ нь хэрэгт маш ач холбогдолтой” гэж тайлбарлаж мэдүүлсэн. Гэмт хэрэг гарснаас хэд хоногийн дараа миний үйлчлүүлэгч Н.Б нь тухайн үед хамт байсан гэх Б-тай таарахад “чи нуруунд нь нэг л цохисон. Өөр байдлаар халдаагүй” гэж хэлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт явагдаагүй. Хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй атлаа хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байгаа тул үүнтэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.

Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “хэрэгт ач холбогдолтой сиди бичлэгийг гаргаж өгсөн” гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар ч сидиний талаар дурдагдаагүй. Шүүгдэгч нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүгдэгч Н.Бийн гаргаж өгсөн сиди бичлэгийг үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл байдаггүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлээр шүүгдэгч Н.Бийг цагаатгах байр суурьтай оролцсон. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Сэргэлэнг оролцуулсан бөгөөд түүнээс хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн талаар тодруулж тодорхой тайлбар, мэдүүлгүүдийг авсан. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчид учирсан гэмтлүүдийг шүүгдэгч учруулсан болох нь хангалттай тогтоогдсон. Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас завсарлага авсан. Эрүүгийн хариуцлагатай холбоотой асуудлаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан торгох ял оногдуулах саналын хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бт 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Харин давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй болох нь тогтоогдсон. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны талууд, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь харьцуулан  бодит байдлаар шалгаж, үнэлсэний  үндсэн дээр шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай  нийцсэн,  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,       

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөё 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны арын 0-00 тоот гэртээ өөр хоорондоо маргалдах явцдаа төмөр трубагаар хохирогч Д.Д-ийн нуруу, гар хэсэг рүү цохих, толгой руу цууны шил шидэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :     

- гэмт хэргийн талаарх 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гомдол мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4-5/,  

- хохирогч Д.Дийн:“...2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би эхнэр О, найз Н.Б-ийн гэрт очиж, хамт 2 шил архи уусан. Шөнийн 00 цагийн үед Н.Б бид 2 маргалдахад Н.Б труба төмөр аваад миний нуруу хэсэгт 3, зүүн гарын бугалга хэсэгт 1 удаа цохисон, би эхнэрийн хамт зугтаад, гэртээ ортол араас орж ирээд шилтэй цуу шидэж, миний толгойг хагалсан, гар гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-9-10, 12, 131-133/,

- гэрч И.О: “...Тухайн өдөр би нөхөр Д.Дийн хамт хойд талын хашаанд амьдардаг Н.Бийн гэрт очсон, архи хувааж уусан. Н.Б, Д.Д 2 юунаас болсныг мэдэхгүй маргалдсан, Н.Б нэг метр урттай төмөр авч ирээд Д.Дийн гар, нуруу хэсэгт 2-3 удаа цохиод, хутга авч дайрсан, бас ширээн дээр байсан цуу авч шидээд Д.Дийн дух хэсэгт оносон..." гэх мэдүүлэг /хх-15-16/,

- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг : Д.Дийн биед зүүн атгаал ясны далд хугарал, духанд язарсан шарх, бүсэлхийн нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духанд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой /хх-21-23, 134-135/

-  шүүгдэгч Н.Бийн”. ...би тухайн үед труба төмөр аваад зүүн талын мөр, нуруу хэсэгт цохисон, зугтааж явсан...Д.Д удалгүй миний гар хугарчихсан юм шиг байна, санжигнаад байна гэж Оюун-эрдэнэ эгч рүү утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33, 130/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”  гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Д.Дийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Н.Бийн гэмт үйлдэл, гэм буруугийн санаатай хэлбэртэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.   

Шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хууль, шүүх эмнэлгийн шинжилгээ хийх болон гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан үндэслэл, шалгуур шаардлагад нийцүүлж, шүүх эмнэлгийн оношилгоо, шинжилгээний баримтад тулгуурласан /хх-21-23/ байх тул шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үгүйсгэн няцаах  үндэслэл тогтоогдсонгүй.    

Хохирогч, гэрч нарт эрх, үүргийг нь сануулсан байх бөгөөд тэдний мэдүүлгийн эх сурвалж нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон “хохирогчийн биеийн хэсгүүдэд учирсан гэмтэл, шархууд” болон хамаарах бусад баримт, сэлт мэдээллээр нэгэн зэрэг нотлогдсон, зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хохирогч, гэрч нарыг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.   

Мөн дээрх нотлох баримтын эх сурвалжуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд тухайн гэмтлүүдийг шүүгдэгч Н.Б-аас өөр этгээд учруулаагүй, мөн хохирогч өөрөө өөрийгөө гэмтээгээгүй, өөр бусад шалтгаанаар тухайн гэмтэл үүссээгүй болох нь хангалттай нотлогдсон байх тул гэмт хэрэг үйлдэгдэх тухайн агшинд Б гэх хүн тэдний дэргэд нь байсан эсэх, түүнээс мэдүүлэг аваагүй зэрэг нь шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн тухайн гэмт хэргийн шинж, түүний нотлогдсон байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй буюу хэргийн бодит байдалд нөлөөлөх үндэслэлгүй байна.       

Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар“...анх Д.Д, О, Б 3 ирээд архи авч хамтдаа уусны дараа тэр 3 яваад өгсөн ба дараа нь буцаж ирээд Д.Д намайг эхнэртэйгээ хардаад, би трубагаар цохисон, тэд зугтаад явсан, гэм буруугаа зөвшөөрч байгаа...”талаар мэдүүлэг өгсөн /хх-32-33, 72/, улмаар шинжээчийн дүгнэлт, хэргийн материалтай танилцсан байх бөгөөд ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй /хх-24, 55/ байгааг тэмдэглэв.    

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд “гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш хохирогчийн эхнэрээс яриулж авсан гэх бичлэг буюу компакт диск”-ийг гаргасан байх боловч шүүхээс оролцогч, талуудын саналыг сонсож, харьцуулан шалгаснаар нотлох баримтаар тооцогдохгүй гэж  шийдвэрлэсэн болохыг /хх-72, 127-129/ дурдах нь зүйтэй.       

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах энэхүү шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.   

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000. 000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулахдаа дээр дурдсанаар харгалзвал зохих  шалгуур, шаардлагын талаар дүгнэсэн байх тул  оногдуулсан тухайн торгох ял,  түүний хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.     

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах” тухай давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/1353 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.      

2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                           ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                      Г.ГАНБААТАР