| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0497/З |
| Дугаар | 128/ШШ2025/0357 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2025/0357
2025 05 14 128/ШШ2025/0357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт Ц*******ын Б******* /РД:*******/,
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Маргааны төрөл: Тэтгэвэр тогтоолтыг зөвтгөх, олгогдоогүй зөрүүг нөхөн олгуулахтай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, М.Г******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн огноотой ******* дугаар “Хариу хүргүүлэх” тухай албан бичгээр Ц.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах.
1.2. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Ц.Б******* нь ******* ХК-д Ю-12 онгоцны даргаар ажиллаж байхдаа 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байхдаа онгоцны ослоор нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан байна.
2.2. 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослын актаар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоож, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон ба хариуцагч байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тооцож, түүний тэтгэврийг тогтоосон.
2.3. Нэхэмжлэгч нь хожим өөрийн тэтгэврийг буруу хууль ашиглан бодож байсныг ойлгож, энэ байдлыг эс зөвшөөрч харьяа дүүргийн Нийгмийн даатгалын ерөнхий газар хандаж татгалзсан хариу авсан нь шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөлийг бий болгосон гэж марган шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Ц.Б******* миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн хохирлыг гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0536 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2018/0583 дугаар магадлалаар "нэхэмжлэгч Ц.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б*******эд олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай" хэмээн өөрчилж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 0009 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн билээ.
Энэхүү тогтоолд үндэслэн "...шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх зорилгоор тэтгэврийн бодолтыг шинэчлэн тогтоож, зөрүүг тооцоод 1997 оноос хойших зөрүү болох 8,722,844 төгрөгийг Ц.Б*******ийн 2019 оны 04 дүгээр сарын тэтгэвэр дээр нөхөн олгож, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн" гэсэн мэдүүлгийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагч Н.У өгсөн байдаг.
Энэхүү нөхцөл байдлыг буюу тухайн үед шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт, тооцоолол нь аргачлалын хувьд алдаатай байсны улмаас Ц.Б******* миний тэтгэврийг 9-10 дахин бага хэмжээгээр тогтоож олгосон болохыг 1997 оны агаарын хөлгийн осолд хамт осолдож хөдөлмөрийн чадвараа алдсан, хоёрдугаар нисгэгч Б.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Б******* миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоны үндсэн дээр олж мэдэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1-д заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хандсан.
Хяналтын шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлаар хандахдаа дараах үндэслэлийг дэвшүүлсэн. Үүнд:
1/ Ц.Б******* миний нэхэмжлэлтэй, 128/ШШ2018/0536 дугаар шийдвэр, 221/MA2018/0583 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 0009 дүгээр тогтоолтой хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч тухайн үед хийгдсэн аудитын болон шинжээчийн дүгнэлтүүд нь аргачлал, тооцооллын хувьд буруу байсны улмаас Ц.Б******* миний тэтгэвэр, олгогдоогүй тэтгэврийн зөрүү зэрэг нь олгогдвол зохих дүнгээс илтэд багаар бодогдож, нийт 8,722,844 төгрөгөөр тооцогдон олгогдсон болох нь Ц.Б******* миний бие 1997 оны агаарын хөлгийн осолд хамт осолдож хөдөлмөрийн чадвараа алдсан, хоёрдугаар нисгэгч Б.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсоны үндсэн дээр олж мэдсэн.
2/ Б.Б нь Ц.Б******* миний адилаар захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж, "тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, дахин өөрчлөн тогтоох хүртэлх нийт хугацаанд дутуу олгогдсон зөрүү хохирлыг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитын дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шүүхээс шинжээч томилж, олгогдвол зохих тэтгэврийн хэмжээ болон олгогдоогүй тэтгэврийн зөрүү хохирлын тооцооллыг гаргуулснаар Б.Бт дутуу олгогдсон тэтгэврийн хохирол 103,200,639 төгрөг болох нь дүгнэгдсэн.
3/ Энэхүү Б.Бийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0338 дугаар шийдвэртэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 406 дугаар магадлалтай захиргааны хэргийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 327 дугаартай тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсанаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад, "Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэр болох 103,200,639 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт олгохыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан- Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгасугай" хэмээн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.
4/ Тухайн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас хэлэлцүүлэхээс татгалзах тухай Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 327 дугаартай тогтоол гарсныг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Б.Бт мэдэгдсэний дагуу гардан авсан ба улмаар тухайн хэрэгт баримталсан аудит, шинжээчийн аргачлал, тооцооллоор Ц.Б******* би өөрийн тэтгэврийн хэмжээг тооцоолуулан, зөрүү хохирлыг гаргуулсан тайланг А ХХК-иар шинэчлэн гаргуулсан.
Хариуцагчийн эс үйлдэхүйг хуульд заасан журмын дагуу шалгуулахаар хандахад прокурорын байгууллага "Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч нарт даалгасан байх боловч, дутуу олгогдсон тэтгэврийн хэмжээг нарийвчлан тогтоогоогүй байх тул гомдол гаргагч Ц.Б******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас тооцоолсон түүнд олгох тэтгэврийн зөрүүний тооцооллыг бодит бус гэж үзсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариуг өгсөн.
Уг хүсэлтийг хяналтын шатны шүүхийн хуралдаанаар хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай "Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай" тогтоол гарч, тус тогтоолоор иргэн Ц.Б******* намайг захиргааны байгууллагаас олгосон тэтгэврийн зөрүү хохирлыг бие даасан нэхэмжлэлээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Тодруулбал, тогтоолын хянавал хэсгийн 11 дүгээрт "...нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагчаас олгосон тэтгэврийн зөрүүний хэмжээг эс зөвшөөрч байгаа бол энэ асуудлаар маргах эрхтэй ба уг маргааныг шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй" хэмээн дүгнэсэн.
Тухайн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Б. нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс төлөөлөгч Б. нь ийм эрх эдлэхгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, ойлгохгүй байгаа бол хуулийн хэлтсийн төлөөлөл энэ асуудалд хуулийн дагуу хариу өгөх хэрэгтэй болохыг сануулсаар байсан. Тухайлбал, хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд "Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа: Өмнөх шүүхийн шийдвэр буруу тооцсон байгаа зөрүүг тооцож олгох буюу Ц.Б*******ийг хохироосон учраас хохирлыг тооцож олгохоор шийдвэрлэсэн. Төрийн байгууллага тооцооллыг зөв тооцож олгох ёстой. Адил хэрэгт жил бүрийн өсөлтүүдийг нэмж хохирлыг тооцож олгосон байна. Яагаад Ц. Б*******эд тооцож олгоогүй байна вэ?
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.: Миний бие Ц.Б*******ийн 3 шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа тооцооллын дагуу олгох газрын даргаас өгсөн чиглэлийн дагуу би тооцооллыг хийсэн. Уг тооцооллыг хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын индексээр цалинг өөрчилдөг арга, мөн тэтгэврийг 15. 20 хувь, эсхүл мөнгөн дүнгээр нэмсэн дүнг тооцсон. Анх тэтгэврийг 5 жилийн дунджаар тогтоосон байсныг 5 сар болгож өөрчилж, тухайн үед мөрдөгдөж байсан заалтуудыг нэмж 8,722,844 төгрөгийг гаргасан. Б.Бийн хэргийн анхан шатны шүүх хуралд миний бие оролцсон. Анхан шатны шүүхээс хуулийн 1 сарын дунджаас дундаж цалинг өөрчилж тооцооллыг бидэнд нээлттэй орхисон. Тооцооллыг нийгмийн даатгалын байгууллага өгөх болохоос нэхэмжилсэн А ХХК-ийн 103,200,639 төгрөгийг олгох анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй. Миний бие Багануур дүүрэгт бослого гарах үед томилолтоор явсан тул давж заалдах шатны шүүх хуралд оролцоогүй. Давж заалдах шатны шүүхээс 103,200,639 төгрөгийг олгох шийдвэр гарсан. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан.
Танхимын тэргүүн Д. Мөнхтуяа: Ц.Б*******, Б.Б нар нэг онгоцонд хамт явж байхдаа осолд орсон. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ийм аргачлалаар тооцно гэж шийдвэрлэсэн. Иймд та нар уг аргачлалаар бодож хохирлыг олгоход ямар хууль зөрчигдөнө гэж үзэж шүүхэд маргаж байна вэ? Төрийн байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ийм аргачлалаар бодох нь зөв гэж шийдвэрлэхэд түүнийг хэрэглэж болохгүй юм уу?
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.: Давж заалдах шатны шүүхээс 103,200,639 төгрөгийг олгож шийдвэрлэсэн болохоос аргачлал зөв, буруу эсэхийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. /Б. нь "би хүлээн зөвшөөрөхгүй байгаа" гэж хэлсэн/
Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа: Хүлээн зөвшөөрөх эсэх хамаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлнэ. Ц.Б*******, Б.Б нар нэг онгоцонд хамт явж байхдаа осолд орсон. Гэтэл хохирол зөрүүтэй тогтоогдсон учраас гомдол гаргасан. Нийгмийн даатгалын ерөнхий газар анхнаасаа зөв тогтоосон бол маргаан гарахгүй..." гэсэн байдаг.
Үүний дагуу Ц.Б******* миний тэтгэврийг өөрчлөн тогтоогоогүй хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг хариуцагч талаас шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтын дагуу бүрэн олгож өгөх, хөдөлмөрийн чадвар алдалт бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол, хууль дээдлэх ёсонд хэвийн хүндэтгэлтэй хандаж заавал маргаан үүсгэж чирэгдэл үүсгэхгүйгээр хохирлыг бүрэн олгоно гэсэн хүлээлт бий болсон боловч хохирлыг одоог болтол олгоогүй. Энэ нь захиргааны байгууллага хууль ёсны дагуу шийдвэр гаргахад зарим нэр бүхий албан хаагчдын хувийн "би" үзэл, ёс зүйгүй дур зоргын шинжтэй ааш авир, албаны бүрэн эрхдээ хэт эрдэж бардамнасан байр суурь, тахир дутуу хүмүүсийг дорд үзэж илтэд алагчлан дээрэлхдэг байдал нь сөргөөр нөлөөлж байна гэж үзэхэд хүргэж байна. Хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүний хувьд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр зохих журмын дагуу захиргааны байгууллагад хандсаны минь төлөө зарим төрийн албан хаагчид намайг залхаан цээрлүүлэх, зэмлэн буруушаах байдлаар хандаж байгаад харамсаж байна.
Ц.Б******* миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоогоогүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож, тэтгэврийн дахин өөрчлөн тогтоохыг даалгаж, өөрчлөн тогтоогоогүй хугацаанд дутуу олгогдсон хохирлыг гаргуулах шаардлагыг тус тус хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт хангаж шийдвэрлэсэн боловч хохирлын хэмжээг тооцохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газар нь буруу тооцоолол хийж, олговол зохих дүнгээс 9.12 дахин хэмжээгээр илтэд багаар тооцон олгосон, улмаар зөвтгөж бүрэн олгохгүй байгаа нь буруу, хуульд нийцэхгүй, Ц.Б******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасны дагуу, мөн Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай "Ц.Б*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай" тогтоолыг удирдлага болгон, хохирлын хэмжээ буруу тооцон олгогдсоныг зөвтгөн өөрчилж Ц.Б******* миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2022 оныг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 79,563,304 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мд хандан 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бичгээр хүргүүлсэн.
Ц.Б******* миний тэтгэврийг дахин өөрчлөн тогтоогоогүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдож, тэтгэврийн дахин өөрчлөн тогтоохыг даалгаж, өөрчлөн тогтоогоогүй хугацаанд дутуу олгогдсон хохирлыг гаргуулах шаардлагыг тус тус хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт хангаж шийдвэрлэсэн боловч хохирлын хэмжээг тооцохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газар нь буруу тооцоолол хийж, олговол зохих дүнгээс 9.12 дахин хэмжээгээр илтэд багаар тооцон олгосон, улмаар зөвтгөж бүрэн олгохгүй байгаа нь буруу, хуульд нийцэхгүй, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасны дагуу хохирлын хэмжээ буруу тооцон олгогдсоныг зөвтгөн өөрчилж Ц.Б******* миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2022 оныг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 79,563,304 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мд ийнхүү 2024 оны 001 дүгээр сарын 31-ний өдөр бичгээр хандсан байтал тухайн үед Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд уг (гомдол хянан шийдвэрлэх) хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ" гэж зааснаар Ц.Б******* миний гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгах болсон талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй атлаа 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр буюу намайг анхан шатны шүүхэд нэгэнт нэхэмжлэл гаргасны дараагаар, тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсны дараагаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас шуудангаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн огноотой ******* тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг Ц.Б******* надад илгээсэн байдаг.
Тухайн ******* тоот хариу нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн огноотой боловч М ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тоот "Тодорхойлолт"-од бичсэнээр, шуудангийн илгээмжийг "Нийгмийн даатгалын ерөнхий газрын өөрийн байр хаягаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр анх шууданд илгээхээр өгсөн байдаг нь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсны дараа таарч байгаа, харин захирамж гарахаас өмнө тухайн албан тоотыг шууданд өгөхгүй хүлээлгэсэн нөхцөл байдал үүссэн байсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарсны дараагаар хариуцагчаар нэр заагдсан байгууллагаас хариу ирсэнтэй танилцаж үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай болсны дагуу бүрдүүлбэр хангуулахаар шүүхээс шийдвэрлэсэн билээ.
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн огноотой ******* тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр Ц.Б******* миний тэтгэврийн хэмжээг бодит бусаар тооцоолсныг зөвтгөн өөрчлөхөөс татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах, Ц.Б******* миний хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулах шаардлагыг гаргаж байна.
Энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл /Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрх, тэтгэврийн хэмжээ/-ийн 5.1 дэх хэсэгт "Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэж заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг бодит тооцооллын дагуу бүрэн гүйцэд хэмжээгээр авах эрх, хууль ёсны ашиг сонирхол маань сэргээгдэж хохиролгүй болохоор байна.
Монгол Улсын нэгдэн орсон "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц"-ийн 3 дугаар зүйлд "алагчлахгүй байх, тэгш боломж олгох" зарчим, 13 дугаар зүйлд "хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусадтай адил тэгш байх үндсэн дээр шүүхийн шатны бүх үйл ажиллагаа"-нд оролцох, Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж, үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэн, нийгмийн баялгаас адил хүртэх эрхтэй. Хүнийг хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно", 6.2 дахь хэсэгт “...нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ” гэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Монгол Улсын хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт "Хуулийн этгээд нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр дараахь нийтлэг эрх, үүрэгтэй, 43.1.7. хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй зүй бусаар харилцах, эрх, эрх чөлөөг нь аливаа хэлбэрээр зөрчихийг үл тэвчих; 43.1.10. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг” гэж заасны хувьд энэхүү нэхэмжлэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье...” гэв.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “Анх тахир дутуугийн тэтгэвэр бодохдоо 5 жилийн дундаж цалингаас тооцсоныг сүүлд мэдээд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байх явцад үйлдвэрлэлийн осол гарсан бол авч байсан цалингаас хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр тэтгэвэр олгохоор зохицуулсан байдаг. Гэтэл 5 жилийн цалингийн дунджаар, 45 хувиар тогтоосон байна. Тухайн үед Сүхбаатар дүүргийн тэтгэврийн байцаагч н.У гэдэг хүн байсан. Улсын дээд шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байхдаа хэлсэн байдаг. Үүнийг нотлох баримт шинжлэн судлуулах шатанд шинжлэн судлуулна. 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн магадлалаар 5 сарын дунджаар тооцож, хохирлыг олгохоор шийдвэр гарсан. 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Дээд шүүхийн 09 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Тэрнээс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өмнөх тэтгэврээрээ явж байгаа...” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ц.Б******* нь 2017 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын хариуцагчаар тодорхойлон өөрийн үйлдвэрийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийг тогтоохдоо энгийн өндөр насны тэтгэвэртэй адил аргаар буюу 5 жилийн дунджаар тооцсон нь буруу гэж маргасан ба шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган 5 жилийн цалингийн дунджаар бус сүүлийн 5 сарын цалингийн дунджаар буюу 1997 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны 5 сарын дундаж буюу 1997 оны 1-5 дугаар сарын цалингийн дундаж цалин хөлснөөс тооцох, тэтгэврийг өөрчлөн тогтоох, дутуу авсан тэтгэврийн зөрүүг олгохыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (хуучин нэрээр)-т даалган шийдвэрлэсэн.
Ингээд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (хуучин нэрээр) нь шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэрийг дараах байдлаар биелүүлсэн.
1/ Дундаж цалинг 5 сарын дунджаар тооцох тухайд иргэн Ц.Б*******ийн тэтгэвэр тогтоолгох дундаж цалинг шүүхийн магадлалд заасны дагуу 1997 оны 1-5 дугаар сарын цалингийн дунджаар тооцож 45,595 төгрөгөөр тогтоогдсон байсан дундаж цалин 78,218 төгрөг болсон.
2/ Тэтгэврийг өөрчлөн тогтоох тухайд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсны дараа буюу 2019 оны 04 дүгээр сараас эхлэн тэтгэврийг өөрчлөн тогтоож тухайн үед 901,636 төгрөгийн тэтгэвэр нь 988,472 төгрөг болж өөрчлөгдсөн.
3/ Дутуу олгосон тэтгэврийн зөрүүг тооцон олгох тухайд Ц.Б*******ийн тэтгэврийг анх 1997 оны 09 дүгээр сард тэтгэвэр тогтоолгосноос тэтгэврийг өөрчлөн тогтоосон хугацаа буюу 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүүг он оны итгэлцүүр, тэтгэврийн нэмэгдлийг сар бүр тооцон тооцоолол хийж Ц.Б*******эд 8,722,844 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард олгосон.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс (хуучин нэрээр) нь шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нэгэнт тогтоосон үйл баримтыг өөрт ашигтай байдлаар буюу дундаж цалинг 1997 оны 1-5 дугаар сарын дунджаар тооцоолохоор шүүхийн магадлалд тусгасан байтал 1997 оны 01 дүгээр сар, 1998 оны 02 дугаар сар, 1999 оны 02 дугаар сарын цалингаар гуйвуулан тооцоо гаргаж түүнийгээ хувийн аудитын байгууллагаар хийлгэн албан ёсны мэт харагдуулан нэхэмжилсэн байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасан "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг зөрчсөн дүгнэлт байна.
Нэхэмжлэгч нь дутуу олгосон тэтгэврийн зөрүүг буруу тооцсон гэж маргахдаа шүүхийн магадлалаар тогтоосон дундаж цалингийн хэмжээг өөрчилсөн нь ойлгомжгүй байх ба нэхэмжлэгч нь тэтгэврийн зөрүүтэй холбоотой Улсын дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай гомдол гаргасан боловч Улсын дээд шүүх гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба харин тэтгэврийн зөрүүний хэмжээг эс зөвшөөрвөл маргах эрхийг нээлттэй үлдээсэн ба тэтгэврийн зөрүү гэдэг нь 1997 оны 09 дүгээр сараас тэтгэврийг өөрчлөн тогтоосон хугацааны буюу 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү мөнгө байна. Гэтэл нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сар хүртэл нэхэмжлэх үндэслэлгүй байна.
2019 онд Ц.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа талаар Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасан байдаг.
Энэ заалтад хохирол учирсан бол гэж тодорхойлсон нь дутуу олгосон тэтгэврийн зөрүү юм, уг зөрүү нь 2018-2019 онд мөн хэлэлцэгдэж байсан боловч дундаж цалинг өөрчлөн тогтоогоогүй байсан буюу энэ талаар тухай үеийн хэргийн материалын шинжээч нарын дүгнэлт дээр дурдсан байдаг ба хохирол дундаж хөлсийг тогтоосноос үндэслэн иргэнд ямар хэмжээний хохирол учирсныг тооцох боломжтой байсан тул хохирлын асуудлыг тэр үеийн захиргааны хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх боломжгүй байсан учир нь ба шүүх мөн үүнийг тэмдэглэн дундаж цалинг тооцох сарыг тодорхой болгон дутуу олгосон тэтгэврийг хууль журмын дагуу тооцоолон олгохыг Нийгмийн даатгалын байгууллагад даалган шийдвэрлэснээс хохирлыг хамтад нь шийдэх боломжгүй байсныг харуулж байна.
Иймд дээрх нөхцөл байдал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт "Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэснийг хангасан буюу энэ хэрэг нь 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэхээр байх тул хэргийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломжтой байх тул хэргийн харьяаллын шүүх шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: “...2017 оны Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 5 сарын дунджаар тооцоолж, тооцооллыг нийгмийн даатгалын байгууллага хийх нь зүйтэй гэж үзсэн. Нийгмийн даатгалын байгууллага буюу Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хамтран тооцооллыг хийж, өмнө олгож байсан 45,295 төгрөг байсныг өөрчилж 78,218 төгрөг болгосон байгаа.
Энэ өөрчлөлтийг 2019 оны 04 сард хийсэн. Үүнээс хойш 901,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол 988,000 төгрөгийн тэтгэврийг олгож эхэлсэн. Хариуцагчийн зүгээс дээрх тооцоолол зөв гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2023 онд олгогдоогүй тэтгэврийн зөрүү болох 7,480,478 төгрөг, инфляцын уналтаас үүдэлтэй 3,000,000 төгрөг, 2023 оны энэ саруудад үүссэн зөрүү 10,000,000 төгрөг, инфляцын орлогын нийлүүлэлтээс үүдэлтэй 2,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг тооцоолсон байгаа. Тэтгэврийн зөрүү гэдэгт 1997-2019 хүртэлх хугацааг хамруулж ойлгоно.
Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэвэр тогтоолгохтой холбоотой харилцаа зөвхөн Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулахгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3.1-д заасан байгаа. Тухайн үед инфляцыг харгалзах он бүрд нь тооцоод, итгэлцүүрийг өсгөж байсан. Энэ нь инфляцаас үүдэлтэй алдагдсан боломж гээд тооцоолоод байна. Ямар эрх зүйн үндэслэлээр тооцоолоод байгаа нь тодорхойгүй.” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1997 онд 5 жилийн дундаж цалингаар тогтоосон байсан. Шүүхийн шийдвэрээр 1997 оны 5 сарын дунджаар бодоход 76,219 төгрөг болж байна. Үүнд Засгийн газрын тогтоосон 2,000 төгрөгийг нэмж, нийт 78,219 төгрөгөөр тодорхойлсон.
Гэтэл Аын ХХК-иас 83,000 төгрөгөөр тооцоод байгаа үндэслэлгүй байна. Уг тооцооллыг хийхдээ 1998 оны 03 дугаар сарын цалин 105,405 төгрөгөөр тооцсон байна. Тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баримталж тооцоолох ёстой. 1995 оноос хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, дээд хэмжээг тогтоож байсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаанд хамаарах үйл баримтын хувьд.
1.1. Нэхэмжлэгч Ц.Б******* нь ******* ХК-д Ю-12 онгоцны даргаар ажиллаж байхдаа 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар-Дундговь-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байхдаа онгоцны осолд орж нуруу нугасны хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Үйлдвэрлэлийн ослын актаар үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон.
1.2. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1-д зааснаар даатгуулагчийн 5 жилийн цалингийн дунджаас тооцож түүнд тахир дутуугийн тэтгэвэр тогтоосон.
1.3. Нэхэмжлэгч 1997 онд тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосныг эс зөвшөөрч Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тахир дутуугийн тэтгэврийн харилцааг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тэтгэвэр тогтоогдох ёстой гэж марган, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 583 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Ц.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б*******эд олгохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн.
1.4. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дутуу олгосон тэтгэврийн зөрүүг тооцон 1997 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүүнд 8,722,844 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сард олгосноор шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарладаг.
1.5. Нэхэмжлэгч Ц.Б******* нь тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсан хариуцагчийн татгалзалтай маргаж, тэтгэврийг өөрчлөн тогтоохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хоёр. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар, аудитын болон шинжээчийн дүгнэлтийг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн өөрчлөхийг даалгаж, 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу олгосны хохирол 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөг иргэн баталгаатай эдлэх эрхтэй бөгөөд мөн зүйлийн 5-д зааснаар “Монгол Улсын иргэн ... хөдөлмөрийн чадвар алдах ... тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”.
Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгал нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, ажилгүйдлийн гэсэн 5 төрөлтэй байхаар зааж, ийнхүү тухайлсан харилцааг тус бүр бие даасан хуулиар зохицуулсан тул тухайн даатгалд хамрагдаж буй даатгуулагчийн эрх зүйн байдлыг даатгалын төрөл тус бүрээр ялгаатай тогтоохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвар алдах ... тохиолдолд эд, мөнгөний тусламж авах үндсэн эрхийг эдлэх баталгаа нь нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомжоор зохицуулагдсанаар хангагдах учиртай.
Нөгөөтээгүүр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар шүүхийн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангахад орших бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
2.2. Нэхэмжлэгч Ц.Б******* 1997 онд тэтгэврийг тогтоохдоо буруу хууль хэрэглэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоосныг эс зөвшөөрч Үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох тахир дутуугийн тэтгэврийн харилцааг нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар тэтгэвэр тогтоогдох ёстой гэж маргаснаар дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр “Ц.Б*******ийн тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ц.Б*******ийн тэтгэврийг дахин өөрчлөн тогтоож, ийнхүү өөрчлөн тогтоож олгох хүртэлх хугацааны дутуу олгогдсон тэтгэврийн зөрүүг нэхэмжлэгч Ц.Б*******эд олгохыг даалгаж” шийдвэрлэхдээ шүүх дараах дүгнэлтийг хийсэн,
Шүүхийн шийдвэрт ... Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоох, олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2-т “Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно”, 1-д “ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад” үйлдвэрлэлийн осолд өртсөн бол дээрх хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ...хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно” гэж зааснаар үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийг тогтоохдоо даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлснөөс буюу даатгуулагч үйлдвэрлэлийн осолд орох үед түүний эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох хуулийн зохицуулалттай байна.
Гэтэл нийгмийн даатгалын байгууллага өндөр насны болон ахуйн осолд орсны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн даатгуулагчийн тэтгэврийг тогтоох, тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах зохицуулалтыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчийн тэтгэврийг тогтоох харилцаанд хэрэглэсэн нь үндэслэлгүй, даатгуулагчийн эрхийн байдлыг дордуулсан. Энэ маргаанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг хэрэглэх нь буруу, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг хэрэглэнэ, улмаар Ц.Б*******ийн үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэврийг тогтоохдоо тэтгэвэр тооцох хөдөлмөрийн хөлсний хэмжээг буруу хууль хэрэглэснээс буруу тооцсон, нэхэмжлэгчийн осолд орохын өмнө авч байсан 1997 оны 1-6 дугаар сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлснөөс тооцох ... талаар дүгнэжээ.
2.3. Нэхэмжлэгч Ц.Батхуягийн гэмтсэн 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн онгоцны ослоор туслах нисгэгч Б.Б мөн гэмтэж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, тэрээр мөн тахир дутуугийн тэтгэврийг буруу хууль хэрэглэн буруу тооцсон хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан маргаж, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0406 дугаар магадлалаар “даатгуулагчийн үйлдвэрлэлийн осолд орох үед эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох нь зөв бөгөөд харин тэтгэвэр буруу тогтоосны улмаас учирсан хохирлыг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А ХХК-ийн “тэтгэврийн зөрүүнээс үүссэн ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг гаргасан” шинжээчийн дүгнэлт болон түүнийг хянасан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцнэ, нэгэнт хариуцагчийн татгалзал хууль бус болохыг шүүх тогтоосон тул учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу олгогдсон тэтгэвэрт 103,200,639 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд Б.Бийн тэтгэврийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэрт 103,200,639 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн.
2.4. Нэхэмжлэгч Ц.Б******* нь Б.Бийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд, аудитын тайлан, шинжээчийн дүгнэлтийн тооцооллыг үндэслэлээ болгон өөрийнх нь нэхэмжлэлтэй хэргийг өмнө шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулахаар хүсэлт гаргаж, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 3 дугаар тогтоолоор шийдвэрлэхдээ “2019 онд хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт, тооцоолол аргачлалын хувьд алдаатай байсны улмаас тэтгэврийг 9-10 дахин бага дүнгээр тогтоосон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэрэгт тооцоолсноос өөр аргачлалаар тооцоолсон нь үл алагчлах, эрх тэгш байх зарчимд нийцэхгүй хэмээн аудитын тайлан, шинжээчийн дүгнэлтийг хавсарган ирүүлсэн нь шүүх хэргийг дахин хянан шийдвэрлэх үндэслэл болохгүй, өмнөх шийдвэрээр олгох ёстой байсан тэтгэврийн зөрүү, хохирлын асуудлыг шийдвэрлээгүй тул Ц.Б******* нь хариуцагчаас тооцож олгосон тэтгэврийн зөрүүний хэмжээг эс зөвшөөрч байгаа бол маргах эрхтэй, ийнхүү маргахад энэ тогтоол саад болохгүй” хэмээн дүгнэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл үгүйсгэгдсэн болно.
2.5. Нэхэмжлэгч Ц.Б*******ийн 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарын хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү, дутуу олгосноос үүдэлтэй учирсан хохирлыг тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцийн өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг гаргасан А ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЕГ- дүгээр дүгнэлтээр тогтоосон, тодруулбал,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЕГ- дүгээр дүгнэлтээр,
а/ А ХХК-ийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн аудиторын дүгнэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн баримтаар үндэслэлтэй байна.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар дээрх 2 дүгнэлтэд Ц.Б*******эд олговол зохих тэтгэврийн зөрүүг 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаагаар тооцож, иргэн Ц.Б*******ийн осолд орохоос өмнө авч байсан 5 сарын цалингаас дундаж цалинг тооцоход 54,195.00 төгрөг, үүнийг үндэслэн 1997 оны 9 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны ҮОМШ тэтгэврийг шинэчлэн тооцоход нийт дүнгээр 229,948,640.00 төгрөг гарсан, дээрх хугацаанд Ц.Б******* 171,090,463.00 төгрөгийн тэтгэвэр авсан, зөрүү 58,858,177.00 төгрөг (229,948,640.00- 171,090,463.00=58,858,177.00) гэсэн нь үндэслэлтэй байна.
Олгогдоогүй тэтгэврийн 58,858,177.00 төгрөгийн зөрүүнд Монгол Улсын Статистикийн ерөнхий газраас гаргасан жил бүрийн инфляцын нөлөөг тооцоолоход 45,157,817.22 төгрөг гарч байна.
| № | 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №01 дугаартай “А” ХХК-ийн дүгнэлт | Шинжилгээгээр | |
| Хүсэлт | Хариулт | ||
| 1 | 1997 оны 09 дүгээр сараас 2022 хугацаанд дунджаар оныг дуусталх 5 жилийн тогтоосон тэтгэврийн хэмжээг 5 сарын дунджаар шинэчлэн тогтоож, зөрүүг гаргаж өгөх | Бид Ц.Б*******ын 1997 оны 06 дугаар сараас өмнөх буюу осолд орохоос өмнө авч байсан 5 сарын цалингаас дундаж цалинг төгрөг гарсан ба тооцоход 81,292 төгр үүнийг үлдсэн 20 хоногт ногдох ашиг бодоход 54,195 төгрөг гарсан. Дээрх дундаж цалинг үндэслэн 1997 оны 09 дүгээр сараас 2022 оныг дуусталх хугацаанд тэтгэврийг шинэчлэн тооцоход нийт дүнгээр 183,779,372 төгрөг гарсан. дээрх хугацаанд Ц.Б******* 142,969,103 төгрөгийн тэтгэвэр авсан байна. Зөрүү нь 40,810,269 төгрөг | Үндэслэлтэй Шинжилгээнд баримтаар иргэн байна: ирүүлсэн Ц.Б*******ийн осолд орохоос өмнө авч байсан 5 сарын цалингаас дундаж цалинг тооцоход 81,292 төгрөг үүнээс 20 хоногийг бодоход 54,195 төгрөг байна. Дээрх цалинг үндэслэн 1997 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд тэтгэврийг шинэчлэн тооцоход 183,779,369 төгрөr, дээрх хугацаанд Ц.Б******* нь 142,969,103 төгрөгийн тэтгэвэр авч Зөрүү 40,810,266 төгрөг байна. |
| 2 | Тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөний инфляцын түвшнийг тооцож, инфляцын өөрчлөлтөөс үүссэн алдагдлыг тооцож өгөх | Бид инфляцын уналттай холбоотой алдагдлыг зөвхөн тэтгэврийн зөрүүнд тооцоход 38,753,035 төгрөг гарсан | Үндэслэлтэй Шинжилгээнд баримтаар тэтгэврийн байна: ирүүлсэн зөрүү 40,810,266 төгрөгийн инфляцыг тооцоход 38,753,067 төгрөг болж байна. |
| № | 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаартай “А” ХХК-ийн дүгнэлт | Шинжилгээгээр | |
| Хүсэлт | Хариулт | ||
| 1 | 2023 оноос 2024 оны 09 сарын тооцоонд мэдээллийг оруулж тэтгэврийн зөрүүг гаргах | 2023 оноос 2024 оны 09 сарын тэтгэврийн шинэчлэн тооцоход нийт дүнгээр 46,169,266 төгрөг гарсан. Дээрх хугацаанд Ц.Б******* 28,121,360 төгрөгийн тэтгэвэр авсан байна. Зөрүү нь 18,047,906 төгрөг. | Үндэслэлтэй байна: Шинжилгээнд ирүүлсэн баримтаар иргэн Ц.Б*******ийн 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 09 сарын тэтгэврийг шинэчлэн тооцоход 46,169,271 төгрөг, Дээрх хугацаанд Ц.Б******* 28,121,360 төгрөгийн тэтгэвэр авч Зөрүү нь 18,047,911 төгрөг байна. |
| 2 | Дээрх хугацааны зөрүүнээс үүссэн мөнгөнд инфляцын 2 түвшнийг инфляцын тооцож, өөрчлөлтөөс үүссэн алдагдлыг тооцож өrөx | Бид инфляцын уналттай холбоотой алдагдлыг зөвхөн дээрх тэтгэврийн зөрүүнд тооцоход 6,404,750 төгрөг гарсан байна. | Үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар тэтгэврийн зөрүү 18,047,911 төгрөгийн инфляцыг тооцоход 6,404,750 төгрөг болж байна |
б/ “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтийн аргачлал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын эдийн засгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай дүгнэлтийн аргачлал нь адилхан байна. Өөрөөр хэлбэл дундаж цалинг тооцоолоод, дундаж цалинд үндэслэн тэтгэврийг тооцоолж, тооцоолсон тэтгэврийг тухай бүрд нь итгэлцүүрээр нэмэгдүүлж, олгох ёстой тэтгэврийг тогтоож, олгосон тэтгэврийг хасч, олгогдоогүй тэтгэврийн зөрүүг тооцоолсон. Тооцоолсон олгогдоогүй тэтгэвэрт инфляцийн нөлөөг оруулж тооцсон байна.
в/ “А” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр Ц.Б*******ийн тэтгэврийн зөрүүг 1997 оны 9 дүгээр сараас 2024 оны 9 дүгээр сар хүртэл хугацаагаар тооцоолохдоо итгэлцүүрийг зөв ашигласан, тэтгэврийн дээд хязгаарт Ц.Б*******ийн тэтгэвэр нь хүрээгүй, инфляцийн нөлөөг давхардуулж тооцоогүй байна.
г/ Шинжилгээнд ирүүлсэн баримтаар ХХ-3-ийн (7 хуудас)-нд авагдсан 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ц.Б*******ийн тэтгэврийг Тэтгэвэр тогтоолтын хуудсаар тооцоолохдоо буруу тооцоолсноос олгогдсон тэтгэвэр олгох ёстой тэтгэврээс 58,858,177.00 төгрөгөөр бага байна. Өөрөөр хэлбэл анх тэтгэврийг тогтоохдоо өндөр насны тэтгэвэр тооцоолдог шиг 5 жилийн дундаж цалингаас тооцоолсон байна. Харин Ц.Б*******ийн тэтгэврийг Үйлдвэрлэлийн осол мэргэшлээс шалтгаалах өвчний тэтгэврээр буюу 5 сарын дундаж цалингаар тооцоолоогүйгээс олгогдсон тэтгэвэр байна гэжээ.
2.6. Ийнхүү аудитын болон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Б*******ийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг буруу хуулиар, буруу аргачлалаар тооцоолон дутуу олгосон нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн олгохыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.7. Дээрх үндэслэлүүдээр Ц.Б*******ийн тэтгэврийг хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсаны тэтгэврийг хуульд заасан журмаар зөв тогтоолгох, ийнхүү буруу хуулиар, буруу аргачлалаар дутуу тогтоож олгосноос өөрт учирсан хохирлыг тэтгэврийн зөрүүнээс үүссэн мөнгөнд ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцийн өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг тооцуулан гаргуулахаар нийгмийн даатгалын байгууллагаас шаардах эрхтэй байна.
2.8. Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр тэтгэврийн зөрүүг тооцоолсон аудитын дүгнэлт Монгол Улсын Засгийн газрын тогтоолын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн, тэтгэврийг тогтоох итгэлцүүрийг зөв ашигласан, тэтгэвэр нь тэтгэврийн дээд хязгаарт Ц.Б*******ийн тэтгэвэр нь хүрээгүй байгааг, инфляцийн нөлөөг давхардуулж тооцоогүйг дүгнэсэн байх тул “тухайн үед инфляцыг харгалзан жил бүр итгэлцүүрийг өсгөж байсан. Энэ нь инфляцаас үүдэлтэй алдагдсан боломж гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
2.9. Нэхэмжлэгч Ц.Б*******эд 2019 онд олгогдсон тэтгэврийн зөрүү болох 8,722,844 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй хохиролд багтаагүй буюу ороогүй гэдэгт талууд маргаагүй.
Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу олгосны хохиролд 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тэтгэврийг дахин өөрчлөн тогтоохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн хэмжээг тооцооллын хувьд зөвтгөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж, 1997 оны 09 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийг дутуу олгосны хохиролд 104,015,960 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******эд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*******эд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

2.3. Нэхэмжлэгч Ц.Батхуягийн гэмтсэн 1997 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн онгоцны ослоор туслах нисгэгч Б.Б мөн гэмтэж, хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдсан, тэрээр мөн тахир дутуугийн тэтгэврийг буруу хууль хэрэглэн буруу тооцсон хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан маргаж, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 338 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2023/0406 дугаар магадлалаар “даатгуулагчийн үйлдвэрлэлийн осолд орох үед эрхэлж байсан албан тушаалын сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцож, тэтгэвэр тогтоох нь зөв бөгөөд харин тэтгэвэр буруу тогтоосны улмаас учирсан хохирлыг тооцохдоо 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Акпар аудит ХХК-ийн “тэтгэврийн зөрүүнээс үүссэн ханшийн уналт-инфляцын түвшинг тооцож, инфляцын өөрчлөлтөөс хүлээсэн эдийн засгийн алдагдлын өртгийг гаргасан” шинжээчийн дүгнэлт болон түүнийг хянасан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн дүгнэлтийг харгалзан үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцнэ, нэгэнт хариуцагчийн татгалзал хууль бус болохыг шүүх тогтоосон тул учирсан хохирол болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу олгогдсон тэтгэвэрт 103,200,639 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд Б.Бийн тэтгэврийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоон, хуульд нийцүүлэн өөрчлөн тогтоохыг даалгаж, энэ хугацаанд учирсан хохиролд дутуу олгогдсон тэтгэвэрт 103,200,639 төгрөгийг олгохыг даалгаж шийдвэрлэсэн.