| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 192/2025/00237/И |
| Дугаар | 192/ШШ2025/03197 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/03197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: *** нэхэмжлэлтэй,
хариуцагч: *** холбогдох,
үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** оролцож,
шүүх хуралдааныг тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцож, *** талбай бүхий 2 өрөө амины орон сууцыг ***ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг ***т 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгсөн. *** нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 50,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан ч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 50,000,000 төгрөгийг өгсөн. Худалдах худалдан авах гэрээний 3.1-т үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ, 3.2-т төлбөр төлөх хуваарийг тусгаж өгсөн. Тухайлбал 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үлдэгдэл 54,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэтэл худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаар үл барам мөнгө өгнө гэж удаа дараа худлаа хэлдэг. Гэвч төлөөгүй өдийг хүрсэн. Өмнө ***аас төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, урьдчилан сануулж нэмэлт хугацаа тогтоосон ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Өмнө нь шүүхэд хандсан ч тэрээр нэхэмжлэлийг хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс эрэн сурвалжлуулж, дахин нэхэмжлэл гаргасан. Орон сууцны төлбөрийг төлөхөөр тохиролцсон хугацаанаас хойш 2 жил 8 сарын хугацаа өнгөрсөн. 2 жилийн өмнө мөнгө төлсөн байсан бол эргэлтэд орж өөр бусад зээлийн хүү төлж алдагдалд орохгүй байсан. Мөн мөнгөө төлж чадахгүй гэдгээ хэлж, эзэмшлийг нь буцаан өгсөн байсан бол орон сууцаа хөлсөлж орлого олох байсан. Өндөр настай хүнийг элэг барьж яасан ч яах вэ гэдэг байдлаар хандсан бололтой... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие 2021.10.18нд Өнө мөнх хөгжил констракшн ХХК-аас оны шилдэг ажилтнаар шалгаран хоёр өрөө байраар шагнуулсан. Энэхүү байр нь *** тоот хаягт байршилтай *** дугаартай *** сургуулийн ард 3 давхар 18 айлын орон сууц юм. Байрны төлбөрийг ***-ийн захирал ***төлсөн буюу *** миний бие нь гэр бүлийн хамт 2021.12.20-2024.1 сар хүртэл амьдарсан. Энэ хугацаанд орон сууц нь газрын гэрчилгээ байхгүй, үл хөдлөхийн гэрчилгээ нь хувийн орон сууцаар, цахилгаан инженерчлэл нь норм хангахгүй аюултай хэмжээнд, ус нь эрүүл ахуйн шаардлага хангахгүйн улмаас нялх хүүхэдтэй учир нүүсэн. ***-ийн захирал *** нь байрны төлбөрийг 100 хувь төлсөн буюу 50 хувийг *** Хаан банкны дансанд шилжүүлж 50 хувийг Centery 21 pro realty салбар *** нарын хооронд хийсэн гэрээний дагуу Centery 21 pro realty-н дансаар дамжуулан төлсөн гэдэг мэдээлэлтэй байна. *** захирал энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. ...гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
2021.12.25, бд4997, худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 4-5 дугаар тал/
2024.02.06, нэхэмжлэгчээс ***олгосон итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/
Капитрон банкны дансны хуулга /хэргийн 7 дугаар тал/
2024.06.11-ний өдрийн *** Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 8-11 дүгээр тал/
2024.10.31, ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хэргийн 12 дугаар тал/
өмгөөлөгч авах хүсэлт /хэргийн 29 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 18 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 30 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч ...орон сууц үл хөдлөх хөрөнгөө албадан чөлөөлүүлэх... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн... гэж тайлбарласныг,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...***-ийн шилдэг ажилтнаар шалгарч 2021 онд 2 өрөө байраар шагнуулсан, ус нь эрүүл ахуйн шаардлага хангахгүйн улмаас байрнаас нүүсэн, ***-аас нэхэмжлэгчийн хүүгийн дансанд мөнгийг 100 хувь шилжүүлсэн... гэж тайлбарлажээ.
3. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2021 оны 12 сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн *** хаягт байршилтай, 52 м кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчид худалдах, хариуцагч орон сууцны үнэ 104 000 000 төгрөгийг 2021 оны 12 сарын 27-ны өдөр 50 000 000 төгрөг, үлдэгдэл 54 000 000 төгрөгийг 2022 оны 04 сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн Капитрон банкны 3030011286 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.
4. Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь хариуцагчийн ...миний бие гэр бүлийн хамт 2021.12.20-оос 2024.01 сар хүртэл амьдарсан... гэх баримтаар тогтоогдож байна.
7. Хариуцагч орон сууцны үнэ 104 000 000 төгрөгөөс 50 000 000 төгрөгийг 2022 оны 01 сарын 04-ний өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн Капитрон банкны дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн байна.
8. Харин үлдэх үүрэг буюу гэрээний төлбөр 54 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.
9. Хариуцагч ...***-аас байрны төлбөрийг 100 хувь төлсөн буюу 50 хувийг ***Хаан банкны дансанд, 50 хувийг * салбар *** нарын хооронд хийсэн гэрээний дагуу * –н дансаар дамжуулан төлсөн гэх мэдээлэлтэй байна... гэх хариу тайлбар гаргажээ.
10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ баримтаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдсан, хариуцагч орон сууцыг худалдан авч байгаа, орон сууцны үнийг хариуцагч төлөхөөр тохиролцсон ба гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх, үүргийг хүлээлгэн өгөх талаар талууд тохиролцоогүй байна.
11. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгнө, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгэгч ашиг олсон нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ.
12. Нэхэмжлэгч 2022 оны 01 сарын 04-ний өдөр 50 000 000 төгрөг төлснийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагч орон сууцны үнийн үлдэгдэл 54 000 000 төгрөг *** төлсөн гэж тайлбараа хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар нотлоогүй, өөр этгээдэд үүргийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч тохирсон хугацаанд төлөөгүй үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон атал үр дүнд хүрээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу орон сууц хөрөнгөө буцаан авах шаардлага гаргасан гэж үзнэ.
14. Хариуцагч ...2024 оны 01 сар хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаад гарсан... гэх өөрийн тайлбараа нотлоогүй, орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй байна.
15. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй учир хариуцагчаас *** талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
16. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 355 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 1 285 750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор тогтоов.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийхэд татгалзахгүй, дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаагүй болно.
18. Учир нь хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч энэ хугацаанд өмгөөлөгч аваагүй хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй учир Хан-Уул дүүрэг, ***хаягт байршилтай, 52 м кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *** буцаан шилжүүлэхийг хариуцагч ***т даалгасугай.
2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 355 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 1 285 750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ