| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00099/И |
| Дугаар | 150/шш2025/00140 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 150/шш2025/00140
| 2025 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 150/ШШ2025/00140 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын, 0 дүгээр баг, 0-10 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* РД:/*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 0 дүгээр баг, 0-0 оршин суух хаягтай, Заан овогт ******* ******* /РД: *******/-д холбогдох
Гэм хорын хохирол 584,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* /цахим/, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Д.******* нь ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг, 12-12 тоотод оршин суудаг. Би хөдөө мал маллаж амьдардаг ба уг байранд миний төрсөн хүү нь эхнэрийн хамт амьдардаг. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нь эхнэр хамт хөдөө гэртээ өглөө ирсэн. Тэгээд 2025 оны 03 дугаар сарын 06-ны орой гэртээ очиход дээд айлаас гал тогооны бохирын хоолойноос ус алдсан байсан. Тэгээд 15 тоотын айл болох эхнэр нь “” ХХК-руу дуудлага өгсөн. “” ХХК-иас ирээд бөглөрөл гаргаж өгсөн. Дээд айл болох 15 тоотоос шалтгаалан манайх руу ус алдсан ба паркетан шал хөөсөн, зарим доогуураа салсан, бохирын үнэр үнэртэж байгаа тул хариуцагч Б.*******эс паркетан шалны мөнгө 404,000 төгрөг, Улаанбаатар хотоос ачиж ирэх зардал 60,000 төгрөг, ажлын хөлс 100,000 төгрөг, “” ХХК-ийн засварын төлбөр 20,000 нийт 584,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие овогтой ******* ******* аймаг ******* сумын 0-р багийн 0 байрны 0 тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 0 байрны 0 тоотод ус алдсан гэх нэхэмжлэх ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Шалтгаан:
1.Тухайн айл цагаан сарын баярын өдрүүдээр гэртэй байгаагүй гэх бөгөөд манайх тухайн айлд ус алдаж байгаа болон хүнгүй гэдгийг мэдэж чадахгүй.
2.2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл манайх гэртээ байгаагүй бөгөөд баяр ёслолын өдрүүдээр цагаан сарын баяраар ахмад настай айлуудаар золголт хийгээд гэртээ байгаагүй.
3.03 дугаар сарын 06 өдөр ус алдаж байна гэх 12 байрны 12 тоотын айл хэлсний дагуу “-Ус суваг руу дуудлага өгч шалгуулсан бөгөөд уг бөглөрөл нь 3 болон 4 давхрын дундын шугам бөглөрч бохир хальсан гэх дүгнэлт гарсан. Иймд манайх тухайн нөхцөлд доод айл руу ус алдаж байгааг мэдэх боломжгүй тул хэрэглээний усаа хэрэглэж байсан.
4.Тухайн айлд хохирол учрахад манайд ус алдаж доод айл руу ороогүй
5.Хот суурины ус хангаж ариутгах татуургын тухай хуулийн 15 дугаар зүйлийн. Хэрэглэгчийн эрх үүрэг. 15.1.8 өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг байдлыг хангах, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэх Жич: Уг заалтыг өөрийн харьяанд байгаа шугам сүлжээг уг айл нь хариуцна гэж ойлгосон болно гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохирол 584,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь “...3 болон 4 давхрын дундын шугам бөглөрч бохир ус хальсан тул манайх хариуцахгүй...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын 1-р багийн 0 дугаар байрын 0 тоотын өмчлөгч бөгөөд өөрийн үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нэхэмжилж, хариуцагчаар дээд давхарын 15 тоотын өмчлөгч тодорхойлсон байна.
Шүүх нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч паркетэн шалны үнэ 404,000 төгрөг, тээврийн зардал 60,000 төгрөг, ажлын хөлс 100,000 төгрөг, “” ОНӨААТҮГазрын ажилчны ажлын хөлс 20,000 төгрөг, нийт 584,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд зохигч нэхэмжилсэн үнийн дүнд маргаагүй болно.
Иймд нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Талууд 12 болон 15 тоот айлуудын шал болон тааз хооронд байрлах бохир усны босоо далд шугам бөглөрснөөс ус алдсан үйл баримтын талаар маргаагүй ба шүүх хуралдаанд оролцсон гэрч мэдүүлгээр тухайн үйл баримт давхар нотлогдож байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна. 15.1.1.орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.3-т дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах үүднээс сууц өмчлөгчдийн холбоотой хамтран жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг явуулж, дүгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажил зохион байгуулах үүргийг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т заасан “мэргэжлийн байгууллага” хүлээхээр зохицуулжээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь мэргэжлийн байгууллага болох “ Ус” ОНӨААТҮГазартай хамтран дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд хамтран хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний гэм хорын хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Б.*******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь харьяалах Сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах мэргэжлийн байгууллагад холбогдуулан нэхэмжлэлээ гаргаж, маргаанаа шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******эс гэм хорын хохиролд 584,000 төгрөг гаргуулах Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА