Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00840

 

 

*******л нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00909 дугаар шийдвэртэй, *******л, ******* нарын нэхэмжлэлтэй *******-д холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Нэхэмжлэгч *******лийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарын бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч *******л, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******л, ******* нар 2006 онд гэрлэж, 2003 онд охин *******, 2005 онд охин *******, 2014 онд хүү ******* төрсөн. Ам бүл тавуулаа , , хаягт байрших 4 өрөө орон сууцад амьдарч байгаа.

Уг орон сууцны өмчлөгчөөр *******л дангаар бүртгүүлсэн бөгөөд улмаар гэр бүлийн бусад гишүүдийг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж байхад найз гуйж, гэр бүлийн дундын хөрөнгийг бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр *******-д 2 сарын хугацаатай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01917 тоот шийдвэрээр уг орон сууцыг гэр бүлийн гишүүд болох *******л, *******, *******, *******, ******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоосон.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, мөн зүйлийн 128.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

******* барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг хуульд зааснаар урьдчилан аваагүй, гэрээнд барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацааг тусгаагүй, хэдэн төгрөгийн зээлийн барьцаанд хэдэн сар, жилээр барьцаалсныг барьцаалуулагчид мэдэгдээгүй, мөн зээлийн гэрээг сунгах болсон талаараа барьцаалуулагчид огт мэдэгдээгүй, зээлийн гэрээ, барьцааны гэрээний илүү хувийг *******лд өгөөгүй.

Түүнчлэн уг барьцааны гэрээ нь анх 8 сарын хугацаатай байгуулагдсан, зээлийн гэрээг удаа дараа сунгаж байсан зэргийг барьцаалуулагч мэдээгүйн улмаас энэхүү гэрээ нь хууль зөрчсөн, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг ноцтой хөндөж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Иймд барьцаа гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. *******-аас , нар зээл гаргуулах хүсэлт гаргасны дагуу зээл олгосон ба барьцааны гэрээ байгуулах үед *******л өөрөө ирж гэрээнд гарын үсэг зурсан.

Уг орон сууцыг *******л худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд худалдаж авсан үйл баримтыг үндэслэн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээ байгуулагдах үед ямар нэг байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй. *******лээс өөрөөс нь зөвшөөрөл аваад өөрөө гарын үсэг зурсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон тохиолдолд барьцааны эрх давхар шийдэгдэх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Аааааа ХХК-д холбогдох 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №БГ2016/29 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******л, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 150 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 462 750 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******, *******л нарт олгож шийдвэрлэжээ

 

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Барьцааны гэрээ байгуулагдах үед *******азгул болон ******* бид гэр бүлийн хамтын амьдралтай, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, 3 хүүхдийнхээ хамт тухайн маргаан бүхий орон сууцанд амьдарч байсан. Тиймээс орон сууц нь эхнэр *******лийн нэр дээр бүртгэгдсэн байгаагаас үл хамаарч бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл миний бие ******* болон миний хүүхдүүд улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч тухайн орон сууцны хамтран өмчлөгч байна гэдэг үндсэн агуулгатай зохицуулалт гэж ойлгодог. Иймд шүүхийн шийдвэрт дурдсан Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг байгуулахдаа зөвшөөрөл авч хэлцэл хийх этгээдэд ******* болон хүүхдүүдэд хамаарах боломжтой нөхцөл байдлыг шүүх анхаараагүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...улсын бүртгэгч нь барьцааны гэрээг хуульд заасан шаардлагад нийцсэн, бүртгүүлэх журмыг зөрчөөгүй байх тул ...барьцааны эрхийн бүртгэл үнэн зөв, хүчин төгөлдөр гэж тооцно, ...барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

Шүүх уг дүгнэлтийг хийхдээ үндэслэсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг зөрчигдсөн болох нь нэхэмжлэгч бид нараас улсын бүртгэлд хүсэлт гаргаж авсан, барьцааны гэрээг бүртгэсэн материалд гэрээний нэг тал болох барьцаалагч *******-аас ирүүлсэн албан хүсэлт эсвэл түүнтэй адилтгах “ямар ч баримт байхгүй”-ээр шууд нотлогддог. Мөн барьцааны гэрээг бүртгүүлэхэд үйлдсэн барьцаалбар дээр барьцаалагч талын гарын үсэг байхгүй хоосон байдаг.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн материал нь нэхэмжлэгч бидний гаргаж өгсөн баримтаас “зөрүүгүй”, яг ижил баримтууд байхад шүүхээс “улсын бүртгэгч”

бүртгэсэн тул үндэслэлтэй гэх байдлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм.

Өмчлөгч *******л би улсын бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлгийг өөрөө гаргаагүй байхад бүртгэл хийгдсэн байгаа нь мөн хуулийн заалтыг зөрсөн гэж үзэж байна. Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа *******л нь д итгэмжлэл олгосон учраас улсын бүртгэлд өөрөө очоогүй байх гэсэн нь *******л миний бие улсын бүртгэлд өөрийн биеээр очоогүй гэдгийг, мөн *******лийн гарын үсэг барьцаалбарт хуурамчаар үйлдэгдсэнийг нотолж байна гэж үзэж байна.

Түүнчлэн тухайн үед иргэн нь итгэмжлэлээр олгосон эрхийг хууль ёсоор хэрэгжүүлээгүй, хуульд заасны дагуу мэдүүлэг гаргаагүй, *******л намайг төлөөлж мэдүүлэгт гарын үсэг зураагүй нь улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг дэх гарын үсгийн эрс зөрүүтэй байгаа байдлаар мөн нотлогддог.

Мөн барьцаалбарын 5 дугаарт тусгагдсан мэдээлэлд барьцааны зүйлийн зориулалтыг авто зогсоолоор тусгасан байдаг. Барьцааны гэрээг бүртгүүлэхэд хуулийн дагуу шаардлага хангасан эрх бүхий этгээд мэдүүлээгүй, гарын үсгүүд зөрүүтэй, гарын үсэг дутуу, барьцаалбарын мэдээллийг зөрүүтэй бүртгүүлсэн нь хууль, журмыг илт зөрчсөн, улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл нь үнэн, зөв байна гэдэг зарчмыг хангахгүй байгаа ба Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч *******л, ******* нар хариуцагч *******-д холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцааны эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

******* болон *******л нар 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, *******л нь өөрийн өмчлөлийн, , , мммммйр, хаягт байрших 54 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг ******* болон , нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, уг барьцааны гэрээг улсын бүртгэлд мөн оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлжээ. /хх63-65, 96/

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар  бичгээр байгуулагдсан боловч мөн зүйлийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацааны талаар гэрээнд заагаагүй тул мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байна.

Гэтэл анхан шатны шүүх барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага түүний хэмжээг агуулгаар нь хуульд зааснаар тодорхойлж болно гэж алдаатай дүгнэжээ. Учир нь барьцаагаар хангагдах үүргийг тодорхойлсон зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас ******* болон зээлдэгч талаас , нар байгуулсан байна. Иймд *******л нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан барьцаалагч-гуравдагч этгээдийн хувьд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг барьцааны гэрээнд заагаагүй тохиолдолд мэдэх боломжгүй юм.

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйл болон Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дах хэсэгт барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг барьцааны гэрээнд заах талаар зохицуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дах хэсэгт ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнд үндсэн үүрэг, хүү, анз, хохирол болон шүүхийн зардал, барьцааны зүйлийг худалдахад гарсан зардлыг оруулан тооцохыг тодорхойлжээ. Иймд дээрх зохицуулалтыг барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг заасан гэж тайлбарлахгүй юм.

Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус тул *******лийн нэхэмжлэлийг хангаж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар барьцаагаар шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүргийн хүрээнд барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг  хүчингүй болгож, эрхийг сэргээх нь зүйтэй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг *******азгулын нэр дээр бүртгэсэн тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэл гуравдагч этгээдийн өмнө үнэн зөв болно. Иймд барьцааны гэрээг байгуулахад  Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт  зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах байсан, барьцааны гэрээг байгуулсны дараа шүүхийн шийдвэрээр барьцааны зүйл болох орон сууцны өмчлөгч нарыг нэмж тогтоосон нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаарх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00909 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ******* болон *******л нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, *******ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтыг “олгосугай” гэснийг “олгож, *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******л, ******* нарт олгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476 321 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА