| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2309008512042 |
| Дугаар | 2024/ДШМ/48 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ДШМ/48
М.Тд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1079 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нар давж заалдах гомдол гаргасныг үндэслэн М.Тд холбогдох 2309008512042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан;
Шүүгдэгч М.Т нь Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод байх хохирогч Ж.Тг “...нэг жилийн хугацаанд бакалаврын диплом гаргаж өгч, төгсгөнө...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд өөрийн Хаан банкны 5302........... тоот дансаар нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч М.Тн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч М.Т-г бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 466 цагийн 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 58 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар 58 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тгээс 11,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Тд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнө шүүхээс гэм буруутайд тооцогдож, нийтэд тустай ажил хийлгэх ял авсан хэрэг болон энэхүү хэрэг нь нэг цаг хугацаанд болж өнгөрсөн тул эрх зүйн байдлаа дээрдүүлнэ хэмээн төсөөлсөн боловч миний бие нь эрх зүйн мэдлэг дутмагаас болж хохирол төлөх хугацааг буруу тооцоолсон, өмгөөлөгч аваагүй зэрэг шалтгаантай. Би Үндэсний техникийн их сургуульд багшилж байсан. Хохирогч Ж.Тгийн хичээлийг дүйцүүлж сургуульд бүртгүүлэх, нэмэлтээр хичээл заах, мөнгөн зээл авсан зэрэг шалтгаануудаар иргэний хэрэг үүсгэн явах боломж байсан ч миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, цаашид бусдад эд мөнгөний болон сэтгэл санааны хохирол учруулахгүйг гүнээ ухамсарласан бөгөөд өөр хохирогч байхгүй. Мөн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хохирогч Ж.Тд учруулсан 11,000,000 төгрөгийг хохирлыг бүрэн төлж барагдуулж байна. Цаашид бусдад хохирол учруулахгүй байх болно. Үндэсний техникийн сургуулиас тушаал дэвшин ажиллах санал тавьсан нь надад илтгэл хүлээлгэж, мэдлэг боловсрол, ёс суртахууныг маань үнэлсэн хэрэг болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Тн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 жил 6 сар 58 хоногийн хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх М.Тд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв...” гэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч М.Т нь хэрэг давж заалдах шатны шүүхэд хэрэг шилжиж ирэхийн өмнө хохирогч Ж.Тд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан болон “Жангар трейд” ХХК-нд борлуулалтын менежер ажилтай нь түүний хувийн байдал эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дугээр зуйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан шүүгдэгч М.Тн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, хохирол төлбөрөө төлсөн хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан хорих ял хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүгдэгч М.Тд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч М.Тд холбогдох 2309008512042 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Т нь хохирогч Ж.Тг “...нэг жилийн хугацаанд бакалаврын диплом гаргаж өгч, төгсгөнө...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, түүнээс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд өөрийн Хаан банкны 5302........... тоот дансаар нийт 6 удаагийн гүйлгээгээр 11,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
хохирогч Ж.Тгийн: “...Миний бие танил Г.Ш-ээр дамжуулан М.Т гэх хүнтэй танилцаж Үндэсний техникийн их сургуулийн бизнес удирдлагын бакалаврын диплом гаргуулахаар болсон. ...Би 2021 оны 12 дугаар сард Үндэсний техникийн их сургууль дээр очиж Ттэй уулзсан, намайг очиход Т нь мэдээлэл зүйн танхимд хичээл орж байсан бөгөөд уулзахад “...2022 оны 6 сард диплом гаргаж өгч болно, тэрнээс өмнө 13,500,000 төгрөг өгөөрэй...” гэж хэлсэн. Т нь Үндэсний техникийн их сургуулийн Бизнесийн удирдлагын диплом гаргаж өгнө гэж хэлэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нөхөр Д-ын Хаан банкны 5045.......... тоот данснаас Тн хаан банкны 5302........... тоот данс руу 1,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4750......... тоот данснаас Тн Хаан банкны 5302........... тоот данс руу 1,500,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Голомт банкны 1905........... тоот данснаас Тн Хаан банкны 5302........... тоот данс руу 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өөрийн Голомт банкны 1905........... тоот данснаас Тн Хаан банкны 5302........... тоот данс руу 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 475018580 тоот данснаас Тн Хаан банкны 5302........... тоот данс руу 2,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 4750.......... тоот данснаас Тн Хаан банкны 5302........... тоот данс руу 2,500,000 төгрөг, үлдсэн 2,500,000 төгрөгийг ямар данснаас хэзээ хийсэн гэдгээ санахгүй байна, Т рүү шилжүүлсэн...” /хх-ийн 15-17, 25/,
гэрч Г.Ш-ийн: “...М.Тг тухайн үед хаана, ямар ажил хийж байгаа вэ гэж асуухад Үндэсний техникийн их сургуульд багшилж байгаа талаараа хэлсэн ба бакалаврын диплом гаргаж байгаа, гэхдээ тухайн нь хүн нь өөрөө кредитээ нөхөж сурах ёстой зэрэг зүйл ярьж байсан. ...Би С эгчид “ер нь гадагшаа явах гэж байгаа бол магистраар явах зүгээр, судалгааны ажилтай байвал давуу тал болдог талаар хэлэхэд “Тэгвэл одоо гялс зохицуулж, бакалаврын диплом гаргах арга байгаа болов уу” гэж асуусан. Энэ үед М.Тн хэлсэн санаанд орж, Үндэсний техникийн их сургуульд бакалавраа хамгаалж, диплом гаргуулж болох талаар С эгчид хэлсэн. Дараа нь Тд М.Тн дугаарыг өгсөн эсэхээ санахгүй байна, ямар ч байсан Т сүүлд нь надад утсаар “эгчээ танд баярлалаа, би М.Ттэй уулзаад мөнгөө өгчихсөн” гэж хэлж байсан...” /хх-ийн 28/ гэх мэдүүлгүүд,
Үндэсний техникийн их сургуулийн “...М.Т нь тус сургуульд 2022 оны 01 сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал мэдээлэл зүйн цагийн багшаар ажиллаж байсан болно. М.Т нь тухайн үед 903.......... дугаартай байсан...” гэх албан бичиг /хх-ийн 51/,
шүүгдэгч М.Тн Хаан банк дахь 5302........... тоот дансны хуулга /хх-ийн 67-83/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч М.Тн хохирогч Ж.Тг “...нэг жилийн хугацаанд бакалаврын диплом гаргаж өгч, төгсгөнө...” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Тгаас 11,000,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн М.Тн үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...”-уудаас М.Тн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд хорих ялыг сонгож, нэг жил зургаан сарын хугацаагаар оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн “Залилах” гэмт хэргийн арга, учруулсан хохирол, урд нь ял шийтгэл эдэлж байсан атлаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирсон байна.
М.Тд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 466 цагийн 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 58 хоногийн хорих ялуудыг нэмж нэгтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор л оногдуулах” заалтыг зөв хэрэглэсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
Иймд шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Харин анхан шатны шүүх, М.Тн урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 466 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 58 хоногийн хорих ялаар тооцож энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сар 58 хоног гэж 58 хоногийг сард шилжүүлээгүй заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж заасанд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тус заалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.
2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11,000,000 төгрөгийг хохирогч Ж.Тд төлсөн, хохирогч Ж.Тгаас шүүгдэгч М.Тд гомдолгүй тухайгаа илэрхийлсэн баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн тул хохирогч Ж.Тд учирсан хохирлыг бүрэн төлөгдсөн гэж үзлээ.
Шүүгдэгч М.Т нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс магадлал гарсан 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 69 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1079 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...1 /нэг/ жил 6 /зургаа/ сар 58 /тавин найм/ хоногоор тогтоосугай...” гэснийг “...1 жил 7 сар 28 хоног /нэг жил долоон сар хорин найм хоног/-ийн хорих ялаар тогтоосугай...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч М.Т нь хохирогч Ж.Тд нийт 11,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тн цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ