Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0308

 

 

 

 

 

 

 

 

  2025          05            02                                      128/ШШ2025/0308    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ха даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар байгуулагдсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны 21, 22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Хяналтын хороо,

Гуравдагч этгээд: дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугчид, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Э ГҮТББ /РД:/,

Гуравдагч этгээд: Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ /РД:/,

Гуравдагч этгээд: төв барилгын өмчлөгч иргэн /РД:/,

Маргааны төрөл: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг буулгаж дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх, барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцалсан шийдвэртэй төсөл хэрэгжүүлэгч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М /цахим/, Ж.Б /цахим/, гуравдагч этгээд Хяналтын хорооны дарга, гуравдагч этгээд Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ГҮТББ-ын төлөөлөгч С.С /22 дугаар байрны 51 тоотын өмчлөгч/, гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүд Л.И /22 дугаар байрны 33 тоотын өмчлөгч/, Б.Ч /22 дугаар байрны 45 тоотын өмчлөгч/, Г.Т /22 дугаар байрны 42 тоотын өмчлөгч/, О.М /22 дугаар байрны 36б тоотын өмчлөгч/, С.Г /22 дугаар байрны 3б тоотын өмчлөгч/, Хяналтын хорооны гишүүн, 6 дугаар хорооны ажилтан Б.С, гуравдагч этгээд дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугчид, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Э ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугчид, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Э ГҮТББ-ын өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд / төвийн барилгын өмчлөгч/-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:  

1.1. Нэхэмжлэгч У******* ХХК Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн”, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон” тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаснаар хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 21, 22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК шалгарсныг батламжилсан.

2.2. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар төсөл хэрэгжүүлж байгаа байршил дахь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар У******* ХХК-д олгосон БАЗГ дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн.

2.3. Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажил гүйцэтгээгүй үндэслэлээр Хяналтын хорооны саналаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

2.4. Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамжийг үндэслэн Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тушаалаар 2022 оны МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг, 2023 оны БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.1. Нэхэмжлэгч Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ:

У******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тоот захирамжаар дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны барилгыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг авсан.

Хот байгуулалт, хөгжлийн газраас /хуучин нэрээр/ 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус төслийн С болон Н блок барилга байгууламжийг шинээр барих , БАЗГ тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" тушаалаар "төсөл хэрэгжүүлж байгаа байршил дахь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар” барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн.

Төсөл хэрэгжүүлэх явцад хөрш залгаа "" төвийн захирал ы охин болох С.Б нь өөрийн гадна бохирын шугамын хэвийн ашиглалтгүй болсон талаар бус эвдрэл, гэмтэл, бөглөрөл гарахад засвар үйлчилгээ, шугам солих ажил хийх ямар ч боломжгүй гэх асуудлаар Хот байгуулалт, хотын стандартын газарт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан ба уг гомдлыг Хот байгуулалт, хотын стандартын газраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр харьяаллын дагуу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо руу шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тус хорооны эрх бүхий албан тушаалтны Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргасны дагуу тоот зөрчлийн хэргийг Барилга, хот байгуулалтын яамны салбарын хяналтын газарт шилжүүлэн шалгасан байдаг. Тус газрын барилга байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.М нь зөрчлийн хэргийг шалгаад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" эрх бүхий албан тушаалтны тогтоол гаргасан.

Барилга байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.М нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолд "... У******* ХХК нь төвийн гадна бохир усны шугам хоолойн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэх хэргийг шалгахад хэрэгт цугларсан Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн баримтаар " төв"-ийн гадна ариутгах татуургын шугам сүлжээ хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас газар тогтоолгоогүй, тус ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг ашиглалтын шаардлага хангахгүй буулгагдсан 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ баримтлалгүйгээр гүйцэтгэж, ашиглаж байсан зэрэг нь тогтоогдож байна. Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг нээж шалгасан У******* ХХК-д холбогдох дугаартай хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан /зөрчлийн шинжгүй/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...." гэж зөрчлийн хэргийг хаасан. Өөрөөр хэлбэл манай компанийг зай хэмжээг баримтлаагүй биш төвийг зай хэмжээг баримтлаагүй, зөвшөөрөлгүй шугам татаж ашиглаж байсныг тогтоосон. Дээрх эрх бүхий албан тушаалтны тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

Гэтэл Хотын стандарт, хяналтын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/1591 дугаар албан бичгээр "... тогтоогдсон зөрчилгүй, харин гомдлыг шилжүүлсэн" утга агуулгатай бүхий албан бичгийг хүргүүлсэн байтал Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр "...У******* ХХК-ийн шинээр барьж буй үйлчилгээтэй, орон сууцны барилга болон төвийн барилгын бохир усны шугам хоорондын зай нь шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн гэж тогтоосон" гэж тогтоогдоогүй зөрчлийг тогтоогдсон мэтээр Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт хүргүүлжээ.

Дээрх албан бичгийг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар "... төвийн барилгын бохир усны шугам хоорондын зайг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн тул холбогдох зөрчлийг арилгуулах” тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны дугаартай албан бичиг хүргүүлсэн. “Танай байгууллага боловсруулан 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр батлуулсан төслийн барилгын загвар зургаа Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 38.1.2, 38.1.3-д тус тус заалтуудын дагуу холбогдох хууль, журам, норм дүрмийг хангуулан боловсруулж дахин барилгын зургийг зөвшилцөнө үү" гэсэн утгатай албан бичгийг манай компанид ирүүлсэн. Энэхүү албан бичиг нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" тушаалын үндэслэл болсонд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичигт дурдагдсан "...У******* ХХК-ийн шинээр барьж буй үйлчилгээтэй, орон сууцны барилга болон төвийн барилгын бохир усны шугам хоорондын зай нь шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн гэж тогтоосон” гэж буруу бичигдсэн албан бичигт манай компанийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст гомдлыг гаргасан болно. Үүний хариуг аваагүй талаар сонсох ажиллагааны журмаар тайлбар гаргаад байхад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" тушаал гаргасанд гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргад манай компанийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37/24 дугаар албан бичгээр дээрх тушаалыг эс зөвшөөрч гомдлыг гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06/2526 дугаар албан бичгээр "... Хот байгуулалт, хөгжлийн газраас тайлбар авч үүгээр хүргүүлэв" гэжээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01-1087 дугаар албан бичигт "...хөрш залгаа төвийн бохирын шугамыг зөвшөөрөлгүй зөөж гэмтэл учруулсан бөгөөд байнга бөглөрч, ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан тухай төвөөс гомдол удаа дараа ирүүлсэн. Уг гомдолд дурдсан асуудлаар талуудыг зөвшилцөлд хүрч ажлаа үргэлжлүүлэхийг төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ авч, хариу ирүүлээгүй...." гэжээ.

Манай компанийн зүгээс ямар ч зөрчлийг гаргаагүй бөгөөд харин ч "" төв нь гадна ариутгах татуургын шугам сүлжээ хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас газар тогтоолгоогүй байгаа талаар Барилга байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Мгийн хүчин төгөлдөр тогтоол байхад " төв"-ийн зүгээс зөрчлийг арилгуулах нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна. Асуудлыг судлалгүй, эрх бүхий албан тушаалтны тогтоол гарсан, уг тогтоол нь хүчин төгөлдөр байхад шат, шатны буруу үндэслэлгүй албан бичиг ирүүлснээс болж барилгын ажил хийхэд тохиромжтой дулааны улирал эхэлж байхад манай компанийн барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа нь хоёр болон гурван талт гэрээ байгуулсан оршин суугч иргэдийг улам бухимдуулж тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

3.1.2. Нэхэмжлэгч Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр “архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан” шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлдээ:

21, 22 дугаар байрууд нь нийт 90 айл өрхтэй бөгөөд 76 өмчлөгч айлууд буюу 84.5 хувь нь төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хоёр болон гурван талт гэрээг байгуулсан. Дээрх хоёр болон гурван талт гэрээнүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраар хянан батлуулсан.

Төслийг хэрэгжүүлж эхэлсэн цагаас эхлэн төсөл хэрэгжүүлэгч нь "шинэчилсэн төлөвлөгөө батлуулах” талаар Хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа албан бичгүүдийг хүргүүлсэн. Дулаан хангамжийн техникийн нөхцөлийн хүсэлтийг 3 удаа хүсэлт өгснөөр 2023 оны 08 дугаар сард буулгасан 22 дугаар байрны халаалтын дулааны ачааллаар, цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн хүсэлтийг 5 удаа цахимаар явуулснаар мөн буулгасан 22 дугаар байрны цахилгааны хүчин чадлаар /төслийн дулаан, цахилгааны шаардлагатай ачааллаас багасгасан/ хэт удаашралтай техникийн нөхцөлүүдийг олгосон. Техникийн нөхцөлүүдээс үүдэн төслийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах, магадлалаар хянан батлуулахад хугацаа алдах, цаашлаад төслийн барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаанд маш ихээр нөлөөлсөн.

Төслийн барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүсэлт удаашралтай гарсан ба Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус төслийн С болон Н блок барилга байгууламжийг шинээр барих БАЗГ, тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон даруйд барилгын суурь суултын төвшнөөс хамаарч хотын А бүс дэх төв автозамаас 9.0 метр, төслийн эргэн тойрны түр болон бүр барилга байгууламжаас 5-6 метрийн зайд төлөвлөгдсөн нь хөрсний нуралт үүсэж авто зам, барилга байгууламжийн суурь суултаас сэргийлэн хөрсний бэхэлгээний нэмэлт ажил хийгдэх шаардлага бий болсон. Хөрсний бэхэлгээний нэмэлт ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 1 метр тутамд Ф700мм-ийн голчтой 8,6 метрийн гүнтэй нийт 146 ширхэг цооног төслийн талбайг тойруулан хийж 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан. Тус хөрсний бэхэлгээний бетон бэхжих хугацаа 14 хоног бөгөөд үүний дараа барилгын суурийн газар шорооны ажил эхлэх боломжтой бөгөөд бэхэлгээний бетон бэхжиж дуусах үед барилгын суурийн ажил хийгдэхэд гадна агаарын хэм 15 хэмээс доош болон хүйтэрсэн тул технологи зөрчигдөх учир барилгын суурийн ажил 2023 оны 12 дугаар сард цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, дулааны улирал эхлэхээр хийх боломжтой болсон.

Хөрсний бэхэлгээний ажил хийгдэж байх явцад хөрш залгаа "" төвийн өмчлөгч ы охин болох С.Б нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд манай барилгын талбайд хөлсний хамгаалагчид дагуулан орж ирж танхайрч, компанийн эд зүйлийг эвдэлж, мөн бетон зуурмагийн ажил  хийгдэхээр бетон зуурмагийг захиалсан байсан боловч барилгын талбайд оруулахгүй байсны улмаас хатсан зэргээр манай компанийг хохироож, байнга танхайрч барилгын ажилд саад учруулсан.

Гэвч ийнхүү саадтай байсан ч барилгын ажил эхлэх тусгай зөвшөөрөл гарсан 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн манай компани 8,4 метр гүнтэй 70 см өргөнтэй, хоорондын зай 30 см зайтай төв зам тал руу 48, "" төв тал руу 34ш, зүүг тал руу 28ш нийт 110 ш нуралтаас хамгаалсан хөрсний бэхэлгээний ажлыг нийт 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулж хийж дуусгасан.

Асуудлыг судлалгүй, эрх бүхий албан тушаалтны тогтоол гарсан уг тогтоол нь хүчин төгөлдөр байхад шат, шатны буруу үндэслэлгүй албан бичиг ирүүлснээс болж барилгын ажил хийхэд тохиромжтой дулааны улирал эхэлж байхад манай компанийн барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа нь хоёр болон гурван талт гэрээ байгуулсан оршин суугч иргэдийг улам бухимдуулж тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс төслийн ажлаа төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилгын суурийн ажлаа 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэх гэж байтал С.Бийн үндэслэлгүй гаргасан гомдлын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тушаалыг гаргаж үйл ажиллагааг явуулах боломжгүй болгосон. Уг тушаал болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч төсөл хэрэгжүүлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг асуудлууд нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байтал архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот захиргааны акт цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

3.1.3 Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нийслэлийн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тоот захирамжаар дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны барилгыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг авсан. дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 21, 22 дугаар байрууд нь нийт 90 айл өрхтэй. 

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.5-т "тухайн орон сууц өмчлөгчийн 80-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж зохион байгуулах”-аар заасны дагуу нийт 76 өмчлөгч айлууд буюу 84.5 хувь нь төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хоёр болон гурван талт гэрээг байгуулсан. Дээрх хоёр болон гурван талт гэрээнүүдийг нийслэлийн Засаг даргын тамгын газраар хянан батлуулсан.

Манай компанийн зүгээс 2022 оны 04 дүгээр сард Хот байгуулалт, хөгжлийн газарт "Барилга буулгах зөвшөөрөл хүсэх тухай" хүсэлтийг гаргасны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барилга буулгалтын ******* тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Дээрх буулгалтын зөвшөөрлийн хүрээнд дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 22 дугаар барилгыг буулгах ажлыг гүйцэтгэж дууссан.

Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжид “...Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажлаа гүйцэтгээгүй У******* ХХК-ийн шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай..." гэжээ. Төслийг хэрэгжүүлэх явцад багагүй хүндрэл, бэрхшээлүүд гарсан ба үүнийг тухайлан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

У******* ХХК нь "шинэчилсэн төлөвлөгөө батлуулах" талаар Хот байгуулалт, хөгжлийн газар луу удаа дараа албан бичгүүдийг хүргүүлсэн. Нийслэлийн инженерийн дэд бүтцээр хангагч байгууллагуудад 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “техникийн нөхцөл авах тухай" хүсэлтийг явуулсан боловч, техникийн нөхцөл олгох боломжгүй талаар татгалзсан хариуг ирүүлж байсан.

Манай компанийн зүгээс дулаан хангамжийн техникийн нөхцөлийн хүсэлтийг 3 удаа хүсэлт өгснөөр 2023 оны 08 дугаар сард буулгасан барилгын 22 дугаар байрны халаалтын дулааны ачааллаар, цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн хүсэлтийг 5-н удаа цахимаар явуулснаар мөн буулгасан 22 дугаар байрны цахилгааны хүчин чадлаар /төслийн дулаан, цахилгааны шаардлагатай ачааллаас багасгасан/ техникийн нөхцөлүүдийг олгосон нь хэт удаашралтай буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр сүүлийн техникийн нөхцөлүүдийг тус тус олгосон болно.

Хот байгуулалт, хөгжлийн газар болон дэд бүтцээр хангагч байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо маш муу байгаа нь төсөл хэрэгжүүлэгчийн ажилд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна.

Дээрх техникийн нөхцөлүүдээс үүдэн төслийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах, магадлалаар хянан батлуулахад хугацаа алдах, цаашлаад төслийн барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаанд маш ихээр нөлөөлсөн. Төслийн барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хүсэлт удаашралтай гарсан ба Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус төслийн С болон Н блок барилга байгууламжийг шинээр барих тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.

Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан даруйдаа барилгын суурь суултын төвшнөөс хамаарч хотын А бүс дэх төв автозамаас 9,0 м, төслийн эргэн тойрны түр болон бүр барилга байгууламжаас 5-6 метрийн зайд төлөвлөгдсөн нь хөрсний нуралт үүсэж авто зам, барилга байгууламжийн суурь суултаас сэргийлэн хөрсний бэхэлгээний нэмэлт ажил хийгдэх шаардлагатай болсон. Хөрсний бэхэлгээний нэмэлт ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 1 метр тутамд Ф700мм-ийн голчтой 8.6 метрийн гүнтэй нийт 146 ширхэг цооног төслийн талбайг тойруулан хийн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дууссан болно. Тус хөрсний бэхэлгээний бетон бэхжих хугацаа 14 хоног бөгөөд үүний дараа барилгын суурийн газар шорооны ажил эхлэх боломжтой бөгөөд бэхэлгээний бетон бэхжиж дуусах үед барилгын суурийн ажил хийгдэхэд гадна агаарын хэм 15 хэмээс доош болон хүйтэрсэн тул технологи зөрчигдөх учир барилгын суурийн ажил 2023 ондоо багтаж эхлээгүй болно.

"" төвийн бохирын гадна шугам хоолой нь хуучин 21, 22 дугаар байрны хамгаалалтын бүсийн зурвасыг зөрчиж, зөвшөөрөлгүй татагдсан байсан ба 22 дугаар байрыг нураах үед "" төвийн бохирын шугам задрах эрсдэлтэй байхад нь манай компанийн зүгээс "" төв болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн. Гэтэл "" төв болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь тохиролцож шилжүүлсэн атлаа гадна хөрсний бэхэлгээний ажил эхэлж байх үед төслийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж танхайрч, мөн холбогдох газруудад шугамын асуудлаар дээд шатны байгууллагуудад гомдлуудыг гаргаж, түүний гомдлуудыг шийдвэрлэсэн билээ.

Гэвч ийнхүү саадтай байсан ч ажил эхлэх тусгай зөвшөөрөл гарсан 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн манай компани 8.4 метр гүнтэй 70 см өргөнтэй, хоорондын зай 30 см зайтай төв зам тал руу 48, төв тал руу 34ш, зүүг тал руу 28ш нийт 110 ш нуралтаас хамгаалсан хөрсний бэхэлгээний ажлыг нийт 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулж хийж дуусгасан.

Дээрх танхайрсан асуудлаар С.Бт холбогдуулан удаа дараа дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гомдолд зөрчлийн хэрэг нээн шалгаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар шийтгэврээр С.Бийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, учруулсан хохирол 1,950,000 төгрөгийг С.Бээс гаргуулж У******* ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Зарим зөрчлийн шинжтэй гомдлууд нь одоогийн байдлаар шалгах ажиллагаа хийгдэж байна.

Гэтэл шат, шатны төрийн байгууллагуудын шалган тогтоогоогүй, уялдаагүй буруу мэдээлснээс болж манай компанийг батлагдсан барилгын загвар зургаа дахин батлуулах, боловсруулах талаар албан бичиг ирүүлсэн бөгөөд үүнийг тухай бүрд нь зөвшөөрөх боломжгүй талаараа гомдол, тайлбараа бичгээр өгч байсан.

"" төвийн асуудлаар эрх бүхий албан тушаалтны тогтоол гарсан, уг тогтоол нь хүчин төгөлдөр байхад шат, шатны буруу үндэслэлгүй албан бичиг хүрүүлснээс болж барилгын ажил хийхэд тохиромжтой дулааны улирал эхэлж байхад манай компанийн төслийн барилгын үйл ажиллагааг зогсоож байгаа нь хоёр болон гурван талт гэрээ байгуулсан оршин суугч иргэдийн эрхэд ноцтой халдаж тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа юм.

Манай компанийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс барилгын суурийн ажлаа эхлэхээр төлөвлөж байтал дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны оршин суугчид "төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцална" гэж гомдол гарсан тул барилгын ажлаа эхэлж чадаагүй.

Ингээд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд Нийслэлийн Засаг даргын орлогч П.С болон албаны бусад хүмүүс мөн дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны оршин суугчид нартай гурван талт уулзалтыг хийсэн. Уулзалтаар иргэддээ төслийн талаар тайлбар гаргах, эвлэрэх 2 хоногийн хугацаа өгсөн. Үүний дагуу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дүүрэг, 6 хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны оршин суугчидтай хоёр талт уулзалтыг мөн хийсэн.

Уг уулзалтаар иргэд, оршин суугчдаас төслийн үйл ажиллагааг дэмжиж дараах 5 саналыг гаргасан. Үүнд: Төслийн ажлыг хурдан эхлүүлэх, /24-30 сар/ хугацаанд амжилттай хэрэгжүүлж дуусгах, Төслийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөт шинэчлэн батлуулж, гэрээний сунгалтыг хурдан хийх шаардлагатай, сунгагдах гэрээнд иргэдийн орон сууцны түрээсийн төлбөрийг нэмэгдүүлэх, Нийт оршин суугч, өмчлөгч иргэдийг үнэн зөв мэдээллээр цаг тухай бүрд хурдан шуурхай байнга хангаж байх, Төслийн төлөвлөлтөд тусгагдсан 21 дүгээр байрны гэрээ хийгээгүй үлдсэн иргэдтэй яаралтай тохирч гэрээ хийж, тус барилгыг буулгах, Хөрөнгө санхүүгийн тайлан үзүүлж, тайлбар хийх зэрэг саналуудыг тус тус гаргасан.

Дээрх гаргасан саналыг компанийн зүгээс хүлээн авч, төслийг яаралтай хэрэгжүүлэхээр амлалт авч 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс барилгын суурийн ажлыг эхлүүлж барилгын ажил явагдаж байсан. Энэ хугацаанд Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газраас "" төвийн С.Бийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан гомдлын асуудлаар манай компанийн "барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх" сонсох ажиллагааг хийж, манай компаниас "2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагааны тайлбараа ирүүлнэ үү" гэсний дагуу сонсох ажиллагаанд уг өдөр тайлбараа бичгээр өгсөн.

Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар "Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай" тушаалыг гаргаж манай төслийн барилгын үйл ажиллагааг зогсоож түдгэлзүүлж барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж лацадсан. Энэ байдлаас болж барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон байтал оршин суугчдад буруу ташаа мэдээлэл өгч, зөвхөн төсөл хэрэгжүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. Учир нь “” төвийн асуудлаар зөвшилцөлд хүрэх, эвлэрэн хэлэлцэх бүхий л арга хэмжээг авч удаа дараа утсаар болон очиж уулзаж зохих арга хэмжээнүүдийг авсан боловч “” төвийн өмчлөгч , итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар нь санаатай төслийг ажлыг хойш татан удаашруулж, суугчдыг өдөөн турхирч төслийг хэрэгжүүлэхэд саад учруулсан.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах асуудлыг шийдэх тул сонсох ажиллагааны тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлнэ үү гэсний дагуу уг сонсох ажиллагаанд манай компанийн зүгээс хэрэгжүүлэх явцын талаар тайлбараа өгсөн.

Дээрх шийдвэрүүдээс үзэхэд бодит нөхцөл байдлыг судлаагүй, тайлбар баримт өгөх хангалттай хугацаа олгоогүй, асуудлыг бүрэн шийдвэрлээгүй нь хоёр болон гурван талт гэрээ байгуулсан оршин суугчдын эрх ашгийг төрийн байгууллага нь өөрөө ноцтой зөрчиж байгаа ба зөвхөн төсөл хэрэгжүүлэгч компанийн буруу мэтээр тайлбарлаж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж байгаад гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар "Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх газраас Force Majeure гэрчилгээ авдаг. Энэхүү гэрчилгээг төлбөр төлж авдаг. Тухайн үед У******* ХХК нь эдийн засгийн боломжгүй байсан тул авч чадаагүй. Маргаан юунаас болж үүссэн гэдгийг ойлгох нь зөв байх. Гуравдагч этгээд ы итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа У******* ХХК болон “ төв”-ийн хоёрын хоорондох маргааныг шугам сүлжээ, эсвэл байрыг буулгах явцад манай барилгын хийцэд гэмтэл учруулсан гэх хоёр зүйлээр тайлбарладаг. Өнөөдөр захиргааны шүүхэд барилгын хийцэд нөлөөлсөн гэдгээр тайлбарлаж байна. Гэтэл энэ асуудал иргэний журмаар шийдвэрлэгдсэн. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэл нь цэвэр, бохирын шугамтай холбоотой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад У******* ХХК нь тухайн барилгын ажлыг эхлүүлэхийн тулд эхлээд шугам сүлжээний асуудлыг шийдэж явсан. Уг асуудлыг шийдэх явцад “ төв”-тэй холбоотой асуудал гарч ирсэн. Гэтэл эрх бүхий албан тушаалтны дүгнэлтээр “ төв”-ийн шугам сүлжээ анхнаасаа хууль бусаар тавигдсан гэдэг нь тогтоогдсон. Манай зүгээс гуравдагч этгээд Хяналтын хороог буруутгахгүй. “ төв” болон төрийн байгууллагын буруугаас болж энэ асуудал үүссэн. 2023 оны 09 дүгээр сард албан ёсоор барилга барих зөвшөөрлөө авсан. Барилга барих үйл явц эхлэх гэхээр 11 дүгээр сард байгалийн нөхцөл байдлаас болж зогссон байдаг. 2024 оны 03 дугаар сард барилгын ажлаа үргэлжлүүлэх гэхээр “ төв”-тэй холбоотой асуудлаар эрхийг нь түдгэлзүүлчихсэн. Дараа нь Хяналтын хороо байгуулагдаж, Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэгчийг солих тухай санал ирүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны актын шинжийг хангасан байх ёстой. Захиргааны акт гаргах үе шатыг хангах ёстой. Гэтэл энэ үе шат дарааллаар гаргасан уу?. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй байдаг. Тиймээс захиргааны байгууллагаас гаргасан актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны , , Нийслэлийн Засаг даргын 2024 оны дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байгаа.

Дээрх төсөл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж удаашраагүй. Маш олон хүчин зүйлийн улмаас барилгын ажил зогссон гэдгийг хэргийн оролцогч нарт тайлбарлан хэлмээр байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан байдаг. Улмаар C, H блок барилгын ажлын зөвшөөрлийг хоёр жилийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон байдаг. Барилгын ажил улирлын чанартай явагддаг. Дээрх барилгын ажлын зөвшөөрөл авсан хугацаанд дэлхийн хэмжээнд Ковид-19 цар тахал гарсан байдаг. Энэ 2021-2022 оны үйл ажиллагаанд хамаарч байгаа. Хоёрдугаарт, энэ хэргийн оролцогчид болон 21-р байрны дийлэнх хэсэг болох 583 м.кв талбайг эзэмшигч Б.Т, барилгын чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллагууд тэдгээрийн буруутай, уялдаа холбоогүй, хууль зөрчсөн үйлдэл, хүнд суртал, холбогдох зөвшөөрлийг цаг тухайд олгоогүйгээс болж 21, 22 дугаар байрны оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн. Энэхүү маргаан үүнээс болж үүссэн. Үүнтэй холбоотойгоор У******* ХХК төрийн захиргааны байгууллага, албан тушаалтныг шалгуулахаар гомдол гаргаж байсан, гомдлууд нь хэрэгт авагдсан байгаа. 2024 оны 03 дугаар сараас барилгын ажил явагдахаар болсон. Иргэдтэй уулзсан уулзалтад нэхэмжлэгч тал барилгын ажлын төлөвлөгөөг танилцуулж, барилгын ажлаа 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж хийхээ  хэлж байсан. Гэтэл гурван талт уулзалт болоод 3 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас маргаан бүхий  дугаар тушаал гаргасан. Энэ тушаалын үндэслэлгүйгээр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Үүнээс болоод барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Хяналтын хорооны хуралдаанаар У******* ХХК-аар төслийг гүйцэтгүүлэхгүй гэсэн тухай асуудал огт яригдаагүй байна лээ.  

Маргаан бүхий дугаар тушаалын үндэслэл нь “ төв”-тэй зөвшилцөөд шийдвэр гарга гэсэн байдаг. Тухайн үед “ төв”-тэй зөвшилцөөд газар шорооны ажлаа эхэлсэн байдаг. “ төв”-ийн шугамыг гэмтээсэн гэдэг  боловч тухайн шугам нь анхнаасаа зөвшөөрөлгүй хийгдсэн байсан. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байдаг. “ төв”-ийн өмчлөгч тай У******* ХХК-ийн удирдлагууд хоорондоо зөвшилцөөд 18 сая төгрөг өгсөн байдаг.  тушаал нь холбогдох байгууллагуудаас шалгаж, тогтоогоогүй байхад гарсан. Уг тушаалыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь хяналтын хорооноос гомдол гаргаагүй байхад зөвхөн “ төв”-ийн гомдлыг үндэслэж байж гаргасан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй.  Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамны хяналтын газрын барилга, байгууламжийн техникийн улсын байцаагч Д.Мөий 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай эрх бүхий албан тушаалтны 01 дүгээр тогтоол хэрэгт авагдсан байгаа. Уг тогтоол “ төв”-ийн ариутгах татуургын шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас тогтоолгоогүй, угсралтын ажил нь шаардлага хангахгүй, 21, 22 дугаартай барилгаас холбогдох норм, зайн хэмжээг баримтлаагүйгээр гүйцэтгэж, ашигласан нь тогтоогдсон байх тул зөрчлийн шинжгүй гэсэн үндэслэлээр “У*******” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан байгаа. Үүнтэй холбоотойгоор “ төв”-өөс эрх бүхий албан тушаалтны тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байдаг. Гэвч эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдэж шийдвэрлэсэн байдаг.

Мөн  дүүргийн, 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* захирамжаар Хяналтын хороог н.Э даргатай 9 гишүүнтэй байгуулсан байдаг. Гэтэл 6 дугаар хорооны Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яг үүнтэй ижил агуулга, дугаар бүхий захирамжаар хяналтын хороог С.С даргатай, 11 гишүүнтэйгээр байгуулсан байдаг. Оршин суугчдын 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад Хяналтын хорооны даргаар С.Сг сонгосон талаар дурдагдаагүй байдаг.  Мөн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “өмнөх Хяналтын хороог шаардлага хангахгүй байна гэж үзэж, хуульд заасан ирц хүрээгүй учраас 24-ний өдөр хуралдсан” гэж хэлсэн байдаг. 3 дугаар сарын 13, 23, 24-ний өдрүүдэд хуралдсан гэж байна. Мөн тэмдэглэлүүд нь зөрөөд байна. Тиймээс Хяналтын хороог хууль бус байгуулагдсан юм биш үү гэж үзэж байна. Шүүхэд ирүүлсэн дүрс бичлэгийн огноо нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэсэн бичигтэйгээр харагдаж байна лээ.

Маргаан бүхий акт нь Хяналтын хорооны саналыг үндэслэж гарсан гэж байгаа. Хяналтын хороо хууль бусаар байгуулагдсан гэж үзэж байгаа. Тиймээс Хяналтын хорооны дарга болон гишүүд эрх зүйн чадамжгүй байна.” гэв.

3.4. Хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус газраас У******* ХХК-д 2022 оны МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг баталж, 2023 онд БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.

У******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сард барилгын суурийн бэхэлгээний ажлыг гүйцэтгэх явцдаа төвийн бохирын шугамын хэвийн ашиглалтыг алдагдуулсан талаар төвийн төлөөлөл иргэн н.Бээс удаа дараа гомдол ирэх болсон. Тус газраас төв болон У******* ХХК-ийг зөвшилцүүлэх арга хэмжээг авч ажилласан бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж ирэхээр болсон боловч зөвшилцөлд хүрсэн баримтыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тус газарт ирүүлээгүй.

Иймд төвийн бохирын шугамыг У******* ХХК зөвшөөрөлгүй зөөж хэвийн ашиглалтын байдлыг алдагдуулсан тухай иргэн С.Бээс ирүүлсэн гомдлын дагуу Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно." зохицуулалтын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар У******* ХХК-д олгосон БАЗГ******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн "Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай" дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 49.3.1 дэх заалтыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн М3Х дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг, 2023 оны БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгохоор 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай бичгээр 14 хоногийн хугацаатай, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасан хэлбэрээр сонсох ажиллагаа явуулсан.

Тус газраас төв болон У******* ХХК-ийг зөвшилцүүлэхээр удаа дараа уулзалт товлосон боловч аль нэг талын төлөөлөл ирдэггүй, утсаар хооронд нь яриулж зөвшилцүүлэхэд талууд харилцан тохиролцож гэрээ байгуулж ирэхээр болсон боловч тохиролцоонд хүрээгүй. Мөн талуудтай удаа дараа уулзаж яаралтай зөвшилцөх шаардлагатай бөгөөд дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй иргэн, хуулийн этгээд хохирч байх тул зөвшилцөлд хүрч, төслийн ажлаа эрчимжүүлэх тухай мэдэгдлийг У******* ХХК-д өгч байсан ч төсөл хэрэгжүүлэгч компани зөвшилцөлд хүрэх талаар тодорхой арга хэмжээ аваагүй.

Газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар захиргааны актыг цуцалсан нь хуульд нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

3.4.1. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс “ төв”-д ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаартай албан бичгээр ариутгах татуургын худаг, шугам сүлжээнд үзлэг хийж, “ төв”-ийн ариутгах татуургын шугам сүлжээг гэмтээсэн нь нотлогдож байгаа. Мөн “ төв”-өөс бохирын шугам сүлжээгээ засварлах гэхээр барилгажих талбайдаа оруулж хашаалчхаад хашаа руугаа оруулахгүй байна гэх мэтээр гомдлууд удаа дараа ирж байсан. Хот байгуулалт, хотын стандартын газраас У******* ХХК-д төвийн ариутгах татуурга, шугам сүлжээг хэвийн нөхцөл байдалд оруулах боломж нөхцөлөөр хангах тухай албан бичгийг явуулж байсан. Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлагдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 49.1, 49.3.1 дэх заалтуудыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн МЗХ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2023 оны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус газрын даргын дүгээр тушаалаар цуцалсан байдаг.

У******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төсөл хэрэгжүүлэхээр батламжаа авсан байдаг. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч 45 хоногийн дотор календарьчилсан график төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах үүрэгтэй. Энэ үүргээ тухайн хугацаандаа биелүүлээгүй буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлт өгөхөд Хот байгуулалт, хотын стандартын газраас  2022 оны 09 дүгээр сарын 22-ны буюу нэг сарын дотор архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгсөн байдаг. Мөн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргахад 15 хоногт багтааж гаргаж өгсөн байдаг. Дээрх байдлаар захиргааны байгууллагаас барилгын ажлын холбогдох зөвшөөрлүүдийг цаг тухайд нь, шуурхай гаргаж өгч байсан.” гэв.

3.5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар У******* ХХК-д дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах, гэрээ байгуулах эрх олгосон.

Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас /Хот байгуулалт, хөгжлийн газар/ 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0010783, дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 22 дугаар барилгыг буулгах, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0013749, БАЗГ дүгээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр тус дүүргийн 6 дугаар хороонд үйлчилгээтэй орон сууцны барилга барих зөвшөөрөл тус тус олгосон.

У******* ХХК нь барилгын ажил хийх явцдаа хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулсан тул Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар У******* ХХК-д олгосон БАЗГ дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн.

Хяналтын хорооны саналын тухайд:

дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар 21, 22 дугаар байрны Хяналтын хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус 21, 22 дугаар байрны Хяналтын хорооноос дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаар албан бичгээр төсөл хэрэгжүүлэгч төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу төслийн ажлыг гүйцэтгээгүй тул У******* ХХК-тай хийсэн төслийн гэрээ, холбогдох захирамжийг цуцлуулах тухай санал уламжилсан. Мөн 21, 22 дугаар байрны Хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 16- өдрийн 24/13 дугаар албан бичгээр У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналаа дэмжээд хавсралтаар У******* ХХК-ийг солиулах хүсэлтэй 21, 22 дугаар байрны 60 оршин суугчдын /22 дугаар байрны 41 иргэн, 21 дүгээр байрны 19 иргэн/ гарын үсгийг ирүүлсэн. дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байр 27 өмчлөгч иргэнтэй үүнээс 11 иргэнтэй, 22 дугаар байр 63 өмчлөгч иргэнтэй үүнээс 63 иргэнтэй тус тус гурван талт гэрээ байгуулсан.

Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас /Хот байгуулалт, хөгжлийн газар/ 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0010783, дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 22 дугаар барилгыг буулгах зөвшөөрлийн дагуу 22 дугаар барилгыг бүрэн нураасан.

У******* ХХК нь барилга угсралтын суурийн бэхэлгээ гүйцэтгэх явцад Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлгүй төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулсан тул Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар барилгын ажлын зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн.

Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 11.1.1-т "хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;", Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7.4-т "Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.", 7.7-т "Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй." гэж тус тус заасан.

Мөн Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-т "төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах;", 23.1.5-т "төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх;", 23.1.8-т "төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчны, эрүүл ахуйн, аюулгүй байдлын болон бусад холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартын шаардлагыг мөрдөх;" гэж төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг зохицуулсан.

Нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар байрны Хяналтын хорооны саналын дагуу дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан У******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар цуцалсан.

Нийслэлийн Засаг дарга хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийг гаргасан, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм.

дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар 21, 22 дугаар байрны Хяналтын хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан тус хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаар албан бичгээр төслийн хүрээнд байгуулсан 2 болон 3 талт гэрээгээр үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу төслийн ажлыг гүйцэтгээгүй тул У******* ХХК-тай хийсэн төслийн гэрээ, холбогдох захирамжийг цуцлуулах тухай саналыг уламжилсан.

дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байр 27 өмчлөгч иргэнтэйгээс 11 иргэнтэй, 22 дугаар байрны 64 өмчлөгч иргэнтэй үүнээс 64 иргэнтэй тус тус 3 талт гэрээг байгуулсан. 21, 22 дугаар байрны Хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 24/13 дугаар албан бичгээр У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналаа дэмжээд 21, 22 дугаар байрны 60 оршин суугчдын /22 дугаар байрны 41 иргэн, 21 дүгээр байрны 19 иргэн/ гарын үсэг зуран албажуулан ирүүлсэн.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг У******* ХХК-д 01/485 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгийг дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргад хүргүүлж, хариу тайлбаруудыг авсан.

Иймд Нийслэлийн Засаг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 хэсэг, 49.3.1, 49.3.2 дахь заалт, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны дугаар тушаалаар баталсан журам-ын 7.4-д заасныг баримтлан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан У******* ХХК-ийн 2021 оны дугаар захирамжийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.  

3.5.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжаар У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан журмын 7.4, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.1-д заасныг баримталж цуцалсан. Захирамжийн үндэслэх хэсэгт Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасныг баримталсан, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн шатны Засаг дарга байгуулна” гэж заасны дагуу 6 дугаар хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Хяналтын хороог байгуулсан байдаг. Хяналтын хорооноос Барилга, хот байгуулалтын яамны 126 дугаар журмын 7.4-д заасан үндэслэл байгаа тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг ирүүлсэн байдаг. Иймээс Хяналтын хорооноос ирүүлсэн саналыг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэгчийг “гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23.1.5-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж үзэж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Нийслэлийн Засаг даргаас гаргасан захирамж нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй гаргасан.” гэв.

3.6. Гуравдагч этгээд дүүргийн 6 дугаар хорооны 21, 22 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн Хяналтын хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай" захирамжийг үндэслэн олгосон ба тус дугаар захирамжаар ажиллах хүчний нөөцгүй, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй, хөрөнгө санхүүгийн чадамжгүй У******* ХХК-ийг шалгаруулж, төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байдаг.

Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан У******* ХХК-ийн барилгыг буулган дахин барилгажуулах төсөл нь график төлөвлөгөөний дагуу 2023 оны 08 дугаар сард эхний блокийн барилга ашиглалтад орох ёстой байсан боловч өнөөдөр барилгын суурь ч тавигдаагүй байдалтай, дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21, 22 дугаар байрны оршин суугч, өмчлөгч бидний эрүүл, аюулгүй орчинд аж төрөн амьдрах, өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах зэрэг үндсэн эрх ашиг зөрчигдөж, оршин суугч, өмчлөгчдийн эрх ашиг, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, харьяа цэцэрлэг, сургуульд хамрагдах боломжгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, төр засгийн халамж үйлчилгээг цаг тухай бүрд авч чадалгүй 3 жилийн хугацаа өнгөрч, энэ хугацаанд 6 оршин суугч шинэ орон сууцаа хүлээж авч чадалгүй нас барсан байдаг. Мөн У******* ХХК нь гурван талт гэрээний үүргээ биелүүлэхгүй, түрээсийн зардлыг өгдөггүйн улмаас оршин суугчид хамаатан садныхаа гэрт хоноглож, орон гэргүй, амьдрах байргүй явж байна.

Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хот байгуулалт хөгжлийн газарт, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон хэдий ч дээрх газруудаас У******* ХХК-ийн гүйцэтгэж буй төслийн ажилд огт хяналт тавьж ажиллаагүй, график төлөвлөгөөний дагуу ажил явагдахгүй байсан тул оршин суугч бидний зүгээс холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага, санал, хүсэлт, гомдол гаргаж ирсэн.

Улмаар Хяналтын хороо Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасны дагуу хуралдаж У******* ХХК нь "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 болон 7.4 хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК-ийг батламжилсан дугаар захирамжийг хүчингүй болгож төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан ба энэхүү захирамжийг үндэслэн олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг мөн хүчингүй болгосон.

Цаашлаад Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг Н******* ХК-д үүрэг болгосон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.7. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Оршин суугчид байраа чөлөөлж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл 3 жил гаруй болж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Сг хяналтын хорооны эрх зүйн байдлыг тодорхойлох асуудлаар гэрчээр оролцуулах шаардлагагүй гэсэн боловч Хяналтын хорооны эрх зүйн байдлын талаар тухайн асуудлаар маргаан үүсгэж байна. Б.С нь Хяналтын хорооны гишүүн, мөн хурлын тэмдэглэл хөтөлсөн төрийн захиргааны байгууллагын ажилтан.

21 дүгээр байр 28 өмчлөгчтэй, 22 дугаар байр 64 өмчлөгчтэй байдаг. 21 дүгээр байрны 17 орон сууцны өмчлөл нь н.Т гэдэг хүний нэр дээр байдаг. У******* ХХК-тай 22 дугаар байрнаас 64 айл, 21 дүгээр байрнаас цөөхөн хэдэн иргэн гэрээ хийсэн байдаг.  Гэрээ хийсэн иргэдийн хувьд авч үзэх юм бол хуралд оролцсон 49 айл нь 80 гаруй хувь нь болж байна. Тиймээс Хяналтын хороо байгуулсан оршин суугчдын хурлын ирц хүрээгүй гэдэг нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт оршин суугчдын хурлын 3 цагийн бичлэг байгаа. Уг бичлэгээс У******* ХХК-ийн захирал Т.О Хяналтын хороог байгуулах үед хуралд оролцож байлцсаныг үзэж болно. Оршин суугч өмчлөгчдийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралд нийт 59 өмчлөгч иргэн оролцсон байгаа. Тухайн хурлын үеэр У******* ХХК-ийн захирал Т.О “Лондонгийн хөрөнгийн биржид хөрөнгө босгох гэж байгаа” гээд бас л худал мэдүүлж байсан. Хяналтын хороо байгуулах хүсэлтээ 6 дугаар хорооны Засаг даргад гаргаад, дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд төслийн Хяналтын хороо байгуулах захирамж гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 2022 оны 05 дугаар сард байраа чөлөөлж өгөхдөө төсөл эхэлж байна гэж ойлгосон. Харин өнөөдөр буюу 2025 оны 05 дугаар сар хүртэл барилгын суурь ч тавигдаагүй байна.” гэв.

3.8. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гурван талт гэрээний календарьчилсан төлөвлөгөөний дагуу үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр Хяналтын хорооноос төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах санал гаргасан. Хяналтын хорооны санал нийт оршин суугчдын хүсэл зориг байсан. Байр оронгүй зовж байгаа иргэд бид болохоос нэхэмжлэгчийн төлөөлөгч та биш шүү дээ. Нийслэлийн Засаг дарга болон У******* ХХК, иргэдийн хооронд байгуулсан гурван талт гэрээний календарьчилсан төлөвлөгөөний дагуу барилгын ажил явагдаагүй учир Хяналтын хороог хуулийн дагуу байгуулж, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах саналаа гаргасан байдаг. 

Мөн Б.С нь өөрийн эрх ашгийн төлөө биш төрийн байгууллагын төлөөллийн хувиар Хяналтын хорооны гишүүн болсон. 2 жил барилгын ажлаа графикийн дагуу явуулахгүй байгаа учир оршин суугчид Засаг даргын тамгын газрын байранд хурал хийсэн. Хурлын үед У******* ХХК-ийн н.О захирлаас яагаад барилгын ажил явагдахгүй талаар асуухад “манайх зураг төслийн компани, анх удаа барилгын угсралтын ажил хийх гэж байгаа учир мэдэхгүйгээс барилгын зураг төсөл батлуулах зөвшөөрөл авах ажилд хугацаа их алдсан” гэх тайлбарыг хэлдэг.  Санхүүгийн чадамжгүй, барилга угсралтын туршлагагүй, хөрөнгө оруулалт тодорхойгүй компанид төсөл хэрэгжүүлэх эрхийг өгч, зөвхөн цаг хугацаа хожихын тулд, өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд, өөр бусад маргаантай байгаа тул иргэд эвлэлдэн нэгдэж албан ёсоор Хяналтын хороог байгуулж, төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах хүсэлтийг захиргааны байгууллагад тавьсан. Хэрэгт хамааралтай бүх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэдийн зүгээс гэрээнд заасан, график төлөвлөгөөнд заасан хугацаа буюу төсөл хэрэгжиж дуусахаар заасан хугацаа хүртэл нэг ч гомдол гаргаагүй. Гэтэл нэг ч ажил хийгдээгүй учир хорооны Засаг даргатай хамтарч хүчин төгөлдөр Хяналтын хороог байгуулж, дээд шатны байгууллагуудад саналаа хүргүүлсэн байдаг. 21 дүгээр байрны өмчлөгч н.Т гэдэг хүнтэй тохиролцоогүй байж өмчлөгч, оршин суугчдын хууран мэхэлж гарын үсэг зуруулж, барилга угсралтын зөвшөөрөл аваагүй байж орон сууцыг нураасан нь баримтаар нотлогдоно.” гэв.

3.8. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн, 22 дугаар байрны 45 тоотын өмчлөгч Б.Ч шүүх хуралдаанд бичгээр өгсөн тайлбартаа: “Бид байраа өгч, буулгуулчхаад хохирогч болж явж байгаад хэн буруутай вэ?, оршин суугчид бид нарыг өрөвдөх болоогүй уу?. Төр засаг минь бидэнд бодит тусламжаа үзүүлнэ үү” гэв.

3.9. Гуравдагч этгээд Хяналтын хорооны гишүүн, 6 дугаар хорооны нийгмийн ажилтан Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “6 дугаар хорооны Засаг дарга н.Тгээс 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2 хоногийн өмнө У******* ХХК-иас барилга барихгүйтэй холбоотой оршин суугчдын хурал хийх талаар хэлсэн. Хорооны Засаг даргаас надад хурал зохион байгуулахыг  чиглэлийн дагуу үүрэг даалгавар болгож өгсөн. Оршин суугчдын хурлын тэмдэглэлд Шийдвэрлэсэн нь гэсэн хэсэг байхгүй талаар ярьж байна. Тухайн 3 дугаар сарын 23-ны өдрийн хурлын сүүлээр хуралд оролцогчид хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, нэг эрэгтэй оршин суугч босоод гэрээ байгуулсан иргэд үлдэж, хамааралгүй хүмүүс гарах талаар санал гаргасан. Тэгээд хурлын бичлэгийг дуусгасан байдаг. Тэрний дараагаас Хяналтын хороо байгуулах процесс эхэлсэн байдаг. Тэр сүүлийн хурлын бичлэг байхгүй. Энд байгаа хүмүүс яагаад хоёр өөр тэмдэглэл гаргасан талаар гайхаж байх шиг байна. Хоёр дахь хурлаар Хяналтын хороог байгуулсан байгаа. Хоёр дахь хурал нь 03 дугаар сарын 23-ны  өдрийн 15 цаг 15 минутад эхэлж байгаа. Хурлаар шийдвэрлэсэн нь Хяналтын хороог 11 гишүүнтэй байгуулж, миний бие төрийн байгууллагыг төлөөлж гишүүнээр орсон байгаа. Хяналтын хорооны 11 гишүүдийн дундаас С.Сг Хяналтын хорооны даргаар сонгосон байдаг. Дараагаар нь Хяналтын хорооны үйл ажиллагаанд зарцуулах төсөв, санхүүгийн талаар шийдвэрлэсэн байгаа. Тухайн өдөр өөрийнхөө утсаар дүрс бичлэг хийсэн. Тухайн үед миний утасны багтаамж дүүрсэн байсан учир С.Сгийн утас руу бичлэгийг шилжүүлж, өөрийнхөө утсанд байсан бичлэгийг устгачихсан. Харин тухайн 3 дугаар сарын 23-ны өдөр хурал болж байгаа талаарх фото зургууд байгаа. Эдгээрийг шүүхэд гаргаж өгч байна. Тухайн бичлэгийг бичгийн хэлбэрээр буулгаж би гарын үсгээ зурсан.” гэв.

3.10. Гуравдагч этгээд дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугчид, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Э ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Э ГҮТББ-ын зүгээс нэхэмжлэгчийн маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК-ийг батламжилсан дугаар захирамжийг цуцалсан шийдвэр болон тус дугаар захирамжийг үндэслэн гарсан Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар түдгэлзүүлсэн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар цуцалсан шийдвэрийг үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна. 

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3/хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй гэж заасан билээ. Иргэдийн өмчлөх эрх, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, дахин төлөвлөн барилгажуулах зорилгоор Улсын Их Хурлаас 2015 онд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталсан. Энэхүү Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын дагуу дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21, 22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах учиртай байсан.

Гэтэл, 2021 онд Нийслэлийн Засаг дарга, түүний хэрэгжүүлэгч агентлаг, Үнэлгээний хорооноос зохион байгуулсан сонгон шалгаруулалтын үр дүнд барилгын үйл ажиллагаа явуулж байсан туршлагагүй, санхүүгийн болон ажиллах хүчний нөөцгүй У******* ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулан батламжилсан. Үүнээс болж 2023 оны 08 дугаар сард ашиглалтад орох ёстой орон сууц өнөөдөр суурь ч тавигдаагүй байдалтай, дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21, 22 дугаар байрны оршин суугч, өмчлөгч бидний эрүүл аюулгүй орчинд аж төрөн амьдрах, өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах зэрэг үндсэн эрх ашиг зөрчигдсөөр байгаа билээ.

У******* ХХК нь дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21, 22 дугаар барилгыг буулган шинээр барих төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулахдаа 120 айлын орон сууцны 12 давхар А, В блокийн барилгын ажлыг 2021-2023 онд хийж дуусгахаар буюу 2023 оны 08 дугаар сард оршин суугчид шинэ байрандаа орох учиртай байсан. Гэвч, У******* ХХК анх сонгон шалгаруулалтад орохдоо ажиллах хүчний нөөцгүй, барилга угсралтын тусгай зөвшөөрөлгүй этгээд байсан бөгөөд төсөлд шалгарснаасаа хойш тусгай зөвшөөрлийг хөөцөлдөж эхэлсэн, хөрөнгө санхүүгийн чадамжгүйгээс өнөөдрийг хүртэл барилгын ажлыг эхлүүлээгүй, барилгын дулаан болон цахилгааны техникийн нөхцөл авах шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байсан зэрэг нь оршин суугч бидний эрх ашгийг ноцтой хохироож байгаа юм. Төлөвлөгөөний дагуу 2021 оны 07-12 дугаар сард барилгын эскиз зураг, барилгын ажлын зургийг тус тус батлуулж, барилга буулгах, ажил эхлэх зөвшөөрөл авах; 2022 оны 04-12 дугаар сарын хооронд барилгын суурь болон 1-12 дугаар давхрын төмөр бетон каркас угсралт болон гадна дэд бүтцийн ажил, барилгын дулааны үзелийн ажлыг эхлүүлж дуусгах; 1-12 давхрын өрлөгийн ажлыг эхлүүлж дуусган 2023 оны 8 дугаар сард барилгыг ашиглалтад оруулах үүргээ төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК ноцтой зөрчсөн.

Ийнхүү Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу байгуулагдсан дүүргийн 6 дугаар хороонд байрлах 21, 22 дугаар байрны оршин суугчдын Хяналтын хорооноос тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасны дагуу У******* ХХК нь “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 болон 7.4 хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж Нийслэлийн Засаг дарга дүгээр захирамжаараа У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлаад байгаа билээ. 21 дүгээр байрны өмчлөгч, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах манай төрийн бус байгууллага нийт 11 гишүүнтэй.  Хяналтын хороог байгуулах үед манай байгууллагын захирал н.Баясгалан төлөөлөл болж оролцож  байсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.5-д "Тухайн шатны Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд энэ журмын 4 дүгээр зүйлийг баримтлан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дахин зохион байгуулна" гэж заасан ба У******* ХХК нь энэхүү процессын үйл ажиллагаанд саад учруулж, үндэслэлгүй гомдол, нэхэмжлэл гарган шинэ төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд саад учруулж оршин суугч бидний эрх, ашигт халдсаар байгаад бид гомдолтой байна.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамж хүчингүй болох шууд үр дагаврыг өөр дээрээ агуулсан буюу уг захирамжийн 3 дахь заалтаар "Нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төсөл хэрэгжүүлэгч тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү захирамжийг хүчингүй болгосугай" гэж заасан байдаг. Үүнийг, уг төсөл хэрэгжих хугацааг сунгахгүй, хойшлуулахгүйгээр тохирсон хугацаандаа барилгыг барьж ашиглалтад оруулах зорилготой байсан гэж харж байгаа бөгөөд нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэх эрх авсан цагаас хойш 3 жил гарангын хугацаанд барилгын суурийг ч тавиагүй байгаа өөрсдийн хариуцлагагүй, чадваргүй байдлаа бусдын буруу мэтээр үндэслэлгүй тайлбар гаргаж зөвхөн өөрийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьсаар байгаа нь нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс тодорхой харагдаж байна.  

Иймд У******* ХХК-иас гаргаж буй Нийслэлийн засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамж болон тус захирамжийг үндэслэн гарсан Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар түдгэлзүүлсэн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцлах тухай 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.11. Гуравдагч этгээд дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугчид, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Э ГҮТББ-ын өмгөөлөгч тайлбартаа:Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай Засаг даргын захирамжийн үндэслэлд “ төв”-тэй холбоотой маргааныг огт дурдаагүй байдаг. Захирамжид 2 үндэслэл байгаа. Үүнд, Захиргааны ерөнхий хуулийн 49.3, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4, 7.7 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгосон байдаг. Гуравдагч этгээд Хяналтын хороо төсөл хэрэгжүүлэгч нь санхүүгийн болон мэргэжлийн чадваргүй гэдэг үндэслэлээр цуцлуулах санал хүргүүлсэн.  Иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний хугацаа дуусчихсан. Хэрэв төслийг У******* ХХК-аар үргэлжлүүлэхээр шийдвэр гарахаар бол иргэдийн зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна. Иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан хувийн өмчийн эрхэд халдчихаад байна. Төслийг цааш үргэлжлүүлэх бодит нөхцөл байдал байхгүй учир эрхийг цуцалсан захиргааны акт бодитой хэрэгжих боломжтой. Хариуцагч захиргааны байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг хугацаандаа шийдэж, гаргаж өгч байсан.  Хүчин төгөлдөр хяналтын хорооны саналыг үндэслэж гаргасан Нийслэлийн Засаг даргын захирамж үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.12. Гуравдагч этгээд Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ын төлөөлөгч тайлбартаа: “У******* ХХК нь биднийг 4 гаруй жил хохироож, өмчлөгч бидний эрүүл, аюулгүй орчинд аж төрөн амьдрах, өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгөө эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах зэрэг үндсэн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, оршин суугч, өмчлөгчдийн эрх ашиг, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, харьяа цэцэрлэг сургуульдаа хамрагдах боломжгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ, төр засгийн халамж үйлчилгээг цаг тухай бүрд нь авч чадаагүйн улмаас өнгөрсөн 4 жил гаруй хугацаа өнгөрч, энэ хугацаанд 5 оршин суугч шинэ орон сууцаа хүлээж авч чадалгүй нас барсан. Мөн тухайн компани гурван талт гэрээний үүргээ биелүүлэхгүй, түрээсийн зардлыг хангаж өгөөгүйн улмаас оршин суугчид хамаатан садныхаа гэрт хонож өнжиж, орон байргүй явж ирсэн. Иймд тус 21, 22 дугаар байрны 54 өрх айл өөрт тулгарсан бодит хохирол, хэрхэн хохироод байгаа талаар өргөдөл гаргасныг хавсарган хүргүүлж байна.” гэжээ.

3.13. Гуравдагч этгээд ы итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “ төвийн урд байрлаж байсан орон сууцны 22 дугаар байрыг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр У******* ХХК нь буулгахдаа тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус, 32-ийн тойргоос хөлсний эксковатор хөлсөлж аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас бүхэл хананы хэсэг байсан том бетон манай барилга уруу унагаж барилгын үндсэн хийцлэлд өөрчлөлт оруулж эвдсэн. Эвдсэн хохирлыг холбогдох байгууллагуудаар тогтоолгож, үнэлгээ хийлгэсэн боловч одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй. Барилга хоорондын зайн стандарт баримтлаагүй, зайгаа барь гэхэд хөлсний том биетэй залуучууд авч ирж хүч түрэмгийлж манай барилгаас 2 метрийн зайтай манайхыг шахаж хашаа барьсан. Манайх барилгаа засварлах гэтэл манай барилга болон хашаа хооронд ямар ч машин механизм орох зайгүй хашсан тул одоог хүртэл засварлах боломжгүй болоод байна.

Орон сууцны 22 дугаар байрыг 2022 оны 05 дугаар сард буулгасан. Түүнээс хойш 2023 оны 10 дугаар сард манай төвийн 00-ийн бохир ус хальж удаа дараа ОСНААУГ-д дуудлага өгснөөр бохир усны гадна шугамд үзлэг хийлгэж бөглөрөл гаргуулах явцад далд ажлын актгүй, холбогдох эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлгүй манай байгууллагын зөвшөөрөлгүй хулгайгаар төвийн бохир усны шугамын трассыг нүүлгэн шилжүүлсэн байсан талаар бид мэдсэн. У******* ХХК нь шунахай сэдэлтэйгээр хулгайгаар, холбогдох мэргэжлийн байгууллагаас барилгын ажил, газар шорооны ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж манай бохир усны шугамыг нүүлгэн шилжүүлж 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шинээр баригдах барилгын зургийг батлуулж 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа барилга байгууламж шинээр барих БАЗГ тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан байдаг. төвийн бохир усны шугамыг хулгайгаар нүүлгэн шилжүүлж манай шугам байсан зайнд шинээр баригдах барилгын суурийн талбайг оруулж зурж батлуулсан байдаг.

төвийг хангагч байгууллага болох ОСНААУГ-ын ХҮТ-5 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаартай албан бичигт “Манай байгууллагын инженер техникийн ажилчид танай эзэмшлийн ариутгах татуургын худаг, шугамд үзлэг хийж шугам нь тунаатай/ бөглөрөлттэй/ худаг хооронд стандартын дагуу уналт гаргаагүйн улмаас ашиглалтын үед бөглөрч байна. Иймд ариутгах татуургын шугамыг шинээр сольж, угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар манай хяналтын инженерийн хяналт дор угсрахыг анхаарна уу” гэсэн байна. Бохир усны шугам засварлах шаардлагатай байна гэж хэлсээр байтал 2023 оны 10 дугаар сарын 29-ны өдөр амралтын өдөр ням гарагт үүрээр 05:20 минутад нийтийн эзэмшлийн талбай дээр манай барилгын гадна бохир усны шугамыг шахаж стандарт манай бохир усны шугам болон цэвэр усны шугам, улааны шугам дээр бетон цутгасан. У******* ХХК нь 2023 оны 10 дугаар сард манай дулааны шугам, цэвэр усны шугам, бохир усны шугам дээр шугам хоорондын зайн стандарт зөрчиж бетон цутгаснаас болж манай цэвэр усны шугам хагарч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд гадаа -25С-30С-д идэр хүйтэнд 2 удаа хөлдүү газар ухаж, яаралтай цэвэр усны шугам солих ажлыг өндөр үнээр хийлгэж бас дахин хохирсон. Манай төв нь хэвийн ажиллагаатай бохир усны шугамгүй болсноор 00-ийн бохир ус хальж, бохир усны үнэр гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж мөнгө санхүү болон эцэс сүүлдээ хортой бохир усны үнэрт ажиллаж байх нь эрүүл мэндээрээ хохирох хэмжээнд хүрээд байна.

Иймээс бид Хот байгуулалт хөгжлийн газарт /хуучнаар/, төсөл хэрэгжүүлэх эрхтэй У******* ХХК-д хууль зөрчиж, стандарт норм зөрчиж байгаа үйлдэлд хяналт тавьж, гаргаад байгаа зөрчлүүдийг арилгуулахаар арга хэмжээ авч өгөхийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу мэргэжлийн байгууллагуудын үзлэг шалгалтаар манай барилгын бохир усны шугам хуучин байсан байрнаасаа шинэ байршилд шилжигдсэн байгаа ба налуу нь таараагүйгээс болж бөглөрөл үүсэж байгаа нь тогтоогдсон. Иймд манай гаргасан гомдлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, хянаж үзээд У******* ХХК-д төвд учруулаад байгаа зөрчлөө арилгахыг даалгасан. Гэвч манай бохир усны шугамыг засварлах боломжгүй нөхцөл байдалтай бетон цутгасан байсан тул У******* ХХК нь өөрөө зөрчлөө арилгалгүй өнөөдрийг хүрч байна.

У******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 18:20 минутад 22 дугаар байрны хана нурааж байх явцдаа “ төв”-ийн барилгын бүтээцэд их хэмжээний хохирол учруулсан байдаг. Хавтаст хэрэгт баримтууд нь авагдсан байгаа. Үүнтэй холбогдуулж манай барилгын хийцлэлд өөрчлөлт орсон. Манай зүгээс мэргэжлийн байгууллагыг хөлсөлж дүгнэлт гаргуулсан байдаг. Дүгнэлтээр хохирлын хэмжээ 25 сая төгрөгөөр тогтоогдсон байдаг. У******* ХХК-ийн захирал Т.О гэдэг хүнтэй зөвшилцсөний үндсэн дээр барилгын хийцлэлд орсон гэмтлийг засварлахаар 18 сая төгрөг авсан байдаг. Үлдэгдэл 7 сая төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Энэ асуудлаар 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ хохирлын мөнгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шугам сүлжээ янзлах мөнгө 18 сая төгрөг өгсөн” гэж гуйвуулж худал мэдүүлж байна. 18 сая төгрөг нь бохирын шугам сүлжээний гэмтэл, засвартай огт холбоогүй хохирол. Өнөөдрийг хүртэл манай бохирын шугам сүлжээ гэмтэлтэй хэвээр байна.

Тиймээс төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Үйл баримтын хувьд,

1.1. Ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон дүүргийн 6 дугаар хорооны 21, 22 дугаар нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөж, барилгажуулахаар шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчээр У******* ХХК шалгарч, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх олгосон.

1.2. дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар байгуулагдсан 21, 22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Хяналтын хороо төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-ийг “хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажил гүйцэтгээгүй” гэж үзээд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах саналыг хорооны Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 42 тоот албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн орон сууцны бодлогын газарт оршин суугчдын хүсэлтийг хүргүүлж[1],

1.3. Уг саналын дагуу Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

1.4. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар “хөрш зэргэлдээ барилгын ашиглалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан зөрчлийг арилгуулахаар” барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж, улмаар “төсөл хэрэгжүүлэх эрх нь цуцлагдсан” үндэслэлээр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар У******* ХХК-ийн 2022 оны МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2023 оны БАЗГ дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Хоёр. Нэхэмжлэгч У******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар “барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн” тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар “барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон” тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд маргаан бүхий акт бүрийн хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэвэл,

2.1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд.

Энэ захирамжаар У******* ХХК-ийн 21, 22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг “төслийн хүрээнд байгуулсан хоёр, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй” үндэслэлээр, төслийн Хяналтын хорооны энэ талаарх саналаар Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.3.1, 49.3.2, 49.5, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4, 7.7 дахь хэсэгт заасныг баримтлан цуцалсан.

2.1.1. Төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК орон сууцны 21, 22 дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах “төслийн хүрээнд байгуулсан 2, 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй” болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулахтай холбоотой эрх зүйн харилцаа нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилготой, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, ... дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцаа бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон сууцны барилгыг  буулган шинээр барих үйл ажиллагааны журмаар зохицуулагддаг.  

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах энэ харилцааны гол нөхцөлүүд, төслийн хэрэгжих хугацааг уг харилцаанд оролцогч сууц өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч, захиргааны байгууллага тохиролцож, гурван талт гэрээ болон төслийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах ба, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч 45 хоногийн дотор үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах үүрэгтэй.

Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгч, Нийслэлийн Засаг даргын эрх олгогч хооронд 2021 онд байгуулсан 3 талт гэрээнд[2] сууц өмчлөгчдийг 2023 оны 3 дугаар улиралд багтаан шинэ орон сууцаар хангах үүргийг төсөл хэрэгжүүлэгч тал хүлээсэн.

Улмаар Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга бөгөөд ерөнхий архитектораар 2021 онд батлуулсан 21, 22 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөгөөр[3] төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК 1 дэх ээлжийн 120 айлын 2 блок барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг, ажлын зургийг батлуулж, техникийн нөхцөлүүд, барилга буулгах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2021 оны 6-12 дугаар сард авахаар, 2022 оны 03 дугаар сард иргэдийг түр суурьших байраар хангаж, барилгыг чөлөөлж, буулгахаар, 04 дүгээр сард барилгын суурийн ажлыг гүйцэтгэхээр, 5-7 дугаар сард 2 блок барилгын 1-12 давхрын угсралтын ажлыг гүйцэтгэхээр, 7-12 дугаар сард барилгын гадна дэд бүтцийн ажил, барилгын дулааны үзель, өрлөгийн ажлыг гүйцэтгэхээр, 2023 оны 08 дугаар сард барилгыг ашиглалтад оруулахаар, 2 дахь ээлжийн 60 айлын 1 блок, оффис үйлчилгээний 12 давхар барилгыг 2023-2024 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч,

Төслийн талбайд баригдах эхний ээлжийн 2 блок барилгын архитектур төлөвлөлтийн МЗХ дугаартай даалгаврыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр батлуулж[4], холбогдох техникийн нөхцөлүүдийг[5] 2022 оны 5-11 дүгээр сард авч, барилгын УП-01/21 шифртэй загвар зургийг 2022 оны 03 дугаар сарын 28-нд, УП-01/22 шифртэй загвар зургийг 2022 оны 09 дүгээр сарын 16-нд батлуулж[6], барилгын ажлын зураг төсөлд 2023 оны 09 дүгээр сарын 14-нд магадлал[7] хийлгэж, 1 блок барилга буулгах дугаартай зөвшөөрлийг[8] 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2 блок барилга барих Барилгын ажлын зөвшөөрлийн БАЗГ дугаартай гэрчилгээг[9] 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус авсан байдаг. 

Төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авсан буулгах зөвшөөрлөөр 2022 оны 06 дугаар сараас төслийн орон сууцны 21, 22 дугаартай 2 барилгын 64 айлын 22 дугаартай барилгыг буулгасан, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр авсан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, уг барилгын талбайд хөрсний хамгаалалтын ажлын зургаар[10] суурийн бэхэлгээ хийсэн, өөрөөр барилга угсралтын ямарваа ажил төслийн хүрээнд огт хийгээгүй[11] нь тогтоогдсон.

Ийнхүү төсөл хэрэгжүүлэгч нь 3 талт гэрээгээр хүлээсэн 2023 оны 03 дугаар улиралд багтаан шинэ орон сууцаар хангах үүргээ тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй, батлагдсан график төлөвлөгөөгөөр 2021 оны 6-12 дугаар сард авахаар төлөвлөсөн барилгын зөвшөөрлийн баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сард хангуулж, 2022 оны 3 дугаар сард хийхээр төлөвлөсөн барилга буулгах, 2 блок барилгын суурийн ажил хийхээс 1 блок барилга буулгаж, уг талбайд суурийн бэхэлгээний ажлыг 2023 оны 10 дугаар сараас хийсэн, 2023 оны 08 дугаар сард барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч 2024 оны 06 дугаар сар хүртэл барилгын угсралтын ажил огт хийгээгүй байх тул “төслийн хүрээнд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй” гэж үзэж төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр үндэслэлтэй байна.  

2.1.2. Төсөл хэрэгжүүлэх талбай дахь сууц өмчлөгч, эзэмшигч нь хуулийн 22 дугаар зүйлд зааснаар төсөл хэрэгжүүлэх талаар санал өгөх, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох бусад баримт бичигтэй танилцах, танилцуулахыг шаардах, төслийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл авах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, төслийн хугацаанд түр суурьших газар, байр, сууцаар хангагдах, хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах, иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулах замаар эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах, төслийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийн төлөөллийн байгууллагаар дамжуулан оролцох, хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах эрхтэй, хуулийн 22.2, 22.3-т зааснаар байгуулагдсан иргэдийн төлөөллийн байгууллага нь гишүүдийн буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж, төслийн хэрэгжилтэд хяналт тавих замаар оролцоно.

Тухайн төслийн хувьд сууц өмчлөгч нар сайн дураар байгуулсан төлөөллийн 2 байгууллага “ дүүргийн 6 дугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугчид, үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах Э” ГҮТББ, “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” ГҮТББ байгуулагдсан, тэдгээрийг шүүх гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан, “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” ГҮТББ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 24/02 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “төслийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн болон мэргэжлийн чадавхыг тодорхойлж, холбогдох шийдвэр гаргуулах”-аар шаардлага, Нийслэлийн Засаг даргад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 24/04 тоот албан бичгээр “төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах”-аар хүсэлт, мөн өдөр 24/05 тоот албан бичгээр “дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах, барилгын зөвшөөрлийн баримт бичгийг цаг алдахгүй батлах” дэмжлэг хүсэж[12], хүсэлтдээ 21, 22 дугаар байрны өмчлөгч, оршин суугчид, төсөл хэрэгжүүлэгч, Хот байгуулалт хөгжлийн газрын төлөөлөл оролцсон хурлын тэмдэглэлийг хавсаргаж өгсөн байдаг.

Гуравдагч этгээд “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” ГҮТББ-аас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/02 тоотоор 21, 22 дугаар байрны 54 өрх айл өөрт тулгарсан бодит хохирол, иргэдийн үндсэн суурь эрхүүд хэрхэн зөрчигдөж байгаа талаарх өргөдлүүдийг шүүхэд ирүүлсэн, тодруулбал төсөл хэрэгжүүлэгч нь орон сууцыг чөлөөлж барилгыг буулгасан ч байраа чөлөөлсөн айл өрхүүдийн нүүлгэн шилжүүлэх зардал, түр суурьших байр түрээслэх зардлыг төлөөгүй, төлөвлөгөөнд зааснаар барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс сууц өмчлөгч, оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн суурь эрх, цаашлаад харьяа эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өндөр настнуудын нийгмийн үйлчилгээ авах, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн баталгаа, нөхцөл хангагдахгүйд хүрч зөрчигдсөөр байгаа, төсөл хэрэгжих байрыг чөлөөлсөн энэ хугацаанд гурван талт гэрээнд зааснаар орон байраар хангагдаагүй оршин суугч иргэдээс нэр бүхий иргэд нас барсан нөхцөл байдал ч байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

2.1.3. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр барилгыг чөлөөлж, орон сууцанд оруулах хүртэл хугацааны нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах зардал, түрээсийн төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн ч нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зардлын тооцооллоор[13] 203,427,250 төгрөгийн түрээсийн төлбөрийг сууц өмчлөгч, оршин суугчдад төлсөн, 899,665,000 төгрөгийг төлөөгүй өглөгтэй байна.

2.1.4. Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна.” гэж зааснаар төсөл хэрэгжүүлэгч компани, төслийн орон сууцны өмчлөгч, оршин суугчид, захиргааны байгууллагын төлөөлөл оролцсон 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хорооны иргэний танхимд зохион байгуулсан хурлаар  төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төлөөлөл, сууц өмчлөгч, оршин суугчдын төлөөллийг оролцуулан /Хяналтын хорооны даргаар С.С, гишүүдэд 9 оршин суугч, 6 дугаар хорооны нийгмийн ажилтан/ шинэчлэн байгуулсныг дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар захирамжаар албажуулсан[14].

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай ­­орон сууцны барилгыг  буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.1-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээд, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнах үүрэгтэй бөгөөд, 7.4-т зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны  Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар журамласан.

Төсөл хэрэгжүүлэгч компани, төслийн орон сууцны өмчлөгч, оршин суугчид, захиргааны байгууллагын төлөөлөл оролцсон 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хорооны иргэний танхимд зохион байгуулсан хурлаас гарсан сууц өмчлөгчид, оршин суугчдын санал, хүсэл зоригийг тусгасан Хяналтын хорооны “төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажил гүйцэтгээгүй” үндэслэлээр У******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах саналыг 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 42 тоот албан бичгээр Хот байгуулалт хөгжлийн газарт, “төсөл хэрэгжүүлэгчийг солих” тухай оршин суугчдын гарын үсэг бүхий хүсэлтийг хорооны Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 59 тоот албан бичгээр Нийслэлийн орон сууцны бодлогын газарт тус тус уламжлуулсан[15].

Сууц өмчлөгч, оршин суугчдын хурлаар төсөл хэрэгжүүлэгчийг төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй болохыг, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар, хэлэлцэж, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 7.4-т зааснаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулахаар санал хүргүүлэхээр тогтсон байдаг.

2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсанаар төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлага “ ... төслийн сонгон шалгаруулалтад 3 талын түншлэлээр оролцсон, У******* ХХК нь зураг төсөл, зөвлөх үйлчилгээний чиглэлээр, барилга угсралтын чиглэлээр Х******* ХХК, хөрөнгө оруулалтын чиглэлээр уул уурхайн компани орохоор болсон, барилга угсралтын чиглэлээр анх удаа төсөл авсан болохоор туршлагагүйгээс техникийн нөхцөл барилгын зөвшөөрлийн баримт бичгийг бүрдүүлэхэд хугацаа алдсан” тухайгаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн төслийн хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч тодорхой болоогүй, 17 сууцыг өмчлөгч 1 иргэнтэй тохиролцоонд хүрээгүй буюу гэрээ байгуулаагүй, иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний хугацаа дууссанаас дахин гэрээ байгуулах шаардлага үүссэн, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг тодорхой болгох, иргэдтэй гэрээ шинэчлэн байгуулж төслийг хэрэгжүүлж эхлэхэд дахин 30 сар шаардлагатай талаар төсөл хэрэгжүүлэгч мэдэгдсэн, улмаар иргэд төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн болон барилга угсралтын мэргэжлийн чадавхыг тодорхойлж, төсөл хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхийг захиргааны байгууллагаас шаардсан байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдал тогтоогдсоноор Хяналтын хорооны саналыг үндэслэн У******* ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамж нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх “... төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11.1.4 дэх “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах”, 11.1.5 дахь “... санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах” бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах” зарчимд болон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай ­­орон сууцны барилгыг  буулган шинээр барих үйл ажиллагааны журмын дээрх 7.4-т заасанд нийцжээ.

2.1.5. Төсөл хэрэгжүүлэгч компани, Хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөл, засаг захиргааны нэгжийн удирдлагыг  оролцуулан 21, 22 дугаар байрны өмчлөгч, оршин суугчдын хурлыг хорооны иргэний танхимд 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хийж, уг хурлаас Хяналтын хороог шинэчлэн байгуулсан нь хэрэгт авагдсан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн захирамж[16], 6 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, хавсаргаж ирүүлсэн Хяналтын хороог байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн сууц өмчлөгч, оршин суугчдыг оролцуулсан хурлын бичлэг, хурлын тэмдэглэл[17], 03 дугаар сарын 23-ны өдөр хорооны иргэний танхимд зохион байгуулсан сууц өмчлөгчдийн хуралдааны явцын фото зургуудаар тогтоогдож байх тул “эрх зүйн чадамжгүй Хяналтын хорооны саналыг үндэслэн шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

2.1.6. Хариуцагч шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх тайлбар, санал, баримт гаргах боломжийг олгосон болох нь хэрэгт хариуцагчаас ирүүлсэн шийдвэрийн хувийн хэргээс[18] тогтоогдож байна.

2.1.7. Төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажил гүйцэтгээгүй нь Ковид-19 цар тахлын үеийн хөл хорио тогтоосон нөхцөл байдлаас шалтгаалсан хэмээн нэхэмжлэгч тайлбарлах ч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсныг тодорхойлох “Force majeure”  гэрчилгээ ирүүлээгүй, энэ талаарх үндэслэл бүхий баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

2020 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл Ковид-19 цар тахлын улмаас нийслэл, бусад орон нутгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын тогтоолоор шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал нийтэд илэрхий үйл баримт бөгөөд нэхэмжлэгч У******* ХХК-ийн хувьд 2021 оны 6-12 дугаар сард авахаар төлөвлөсөн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг, ажлын зургийг батлуулж, техникийн нөхцөлүүд, барилга буулгах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах ажлын хувьд саатсан нөхцөл байдал байж болохоор байна. Харин 2022 оны 03 дугаар сараас эхлэхээр төлөвлөсөн барилгын ажилд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл өөрөөр тогтоогдоогүй болно.   

Нэхэмжлэгч төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажил гүйцэтгээгүйг төвийн барилгын өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж, захиргааны байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх замаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан хэмээн тайлбарлах ч төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК нь барилга буулгах, суурийн бэхэлгээ хийх явцад “хөрш зэргэлдээ барилгын бүтээцэд хохирол учруулсан, гадна бохирын шугам сүлжээнд гэмтэл учруулсан, шугам сүлжээг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй шилжүүлснээс шугам сүлжээний хэвийн ашиглалтыг алдагдуулсан, засвар үйлчилгээ хийхэд нь саад учруулсан” нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд /У******* ХХК 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ослын хохиролд 18 сая төгрөгийг төвд төлөхөөр 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тохиролцсоноор[19], 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирлыг төлснөөр, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 тоот шугам сүлжээний хэвийн ашиглалт алдагдсан талаарх тодорхойлолтоор, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 321 дүгээр тогтоолоор томилогдсон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт/-аар тогтоогдсон, энэ нь У******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан, гуравдагч этгээдийн гомдлоор захиргааны байгууллагууд шалгах, зөрчлийг арилгахыг шаардах, тэр хүртэл барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гаргах нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.5-д заасан захиргааны байгууллагын хүлээх чиг үүрэгт хамаарах, хууль ёсны дагуух ажиллагаа байна.

Түүнчлэн барилгын ажлыг ийнхүү түдгэлзүүлсэн хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын дугаартай шийдвэрийн үйлчлэл нь төслийн нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацааны зөвхөн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдөр эрх цуцлагдах хүртэл 2 сар гаруй хугацаанд л үргэлжилсэн, өөрөөр хэлбэл төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд ажил гүйцэтгээгүйн үндсэн шалтгаан биш байна.  

2.1.8. Түүнчлэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг 2, түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зөвшөөрөл хүчингүй болох үндэслэл болохыг заасан[20] байдаг.

2.1.9. У******* ХХК-ийг ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан боловч байгуулсан гэрээ, батлуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан хугацаандаа үүргээ хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд ийнхүү нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан төслийн үе шатны ажлуудыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлээгүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар эрх олгосон 2021 оны дугаар захирамжид тодорхой заасан байна.

2.1.10. Төсөл хэрэгжүүлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 151/22 тоотоор архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэнд Хот байгуулалт, хотын стандартын газар 09 дүгээр сарын 12-ны өдөр МЗХ дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан, барилгын ажлын зөвшөөрлийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 123/23 тоотоор хүссэнийг 09 дүгээр сарын 26-ны өдөр олгосон байх тул төслийн үйл ажиллагаа график төлөвлөгөөнд заасан хугацаанд хэрэгжүүлээгүйд захиргааны байгууллагын зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн гэх байдал тогтоогдсонгүй.

2.1.11. Нэхэмжлэгч У******* ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг буулган дахин барилгажуулах ажлын сонгон шалгаруулалтад орж төсөл хэрэгжүүлэх эрхийг авахдаа барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан байх бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗТ-3.3, ЗТ-3.4, ЗТ-4.1, ЗТ-6.1, ЗТ-6.2, ЗТ-10.2 буюу барилга байгууламжийн зураг төслийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан, хэдийгээр нэхэмжлэгч 3 компанийн түншлэлээр уг төслийн эрхийг авсан гэх боловч төсөл хэрэгжүүлэх эрхийг түншлэлд биш, У******* ХХК-т өгсөн байдаг.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.2. БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалын хууль зүйн үндэслэл.

2.2.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаал нь “төслийн талбайн хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” агуулгатай бөгөөд уг тушаал нь үндэслэсэн Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т “... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ.” гэж заасантай нийцжээ.

Учир нь дахин барилгажуулалтын энэ төслийн 22 дугаар байрыг буулгах явцдаа У******* ХХК барилгажих талбайн хойд тал хил залгаа байрших төвийн барилгын  бүтээцэд гэмтэл учруулсан, түүнчлэн 22 дугаар байрны суурин дээр баригдах барилгын суурийн хүчитгэлийн ажил хийхдээ төвийн барилгын гадна бохир ус татан зайлуулах шугам сүлжээг гэмтээсэн, улмаар уг шугам сүлжээг хэрэглэгчийн болон холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр, зураг төсөлгүйгээр шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 тоотод дурдсанаар  “шугам нь тунаатай, худаг хоорондын стандартын дагуу уналт гаргаагүйн улмаас ашиглалтын үед бөглөрч, шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагааг алдагдуулсан, ариутгах татуургын шугамыг шинээр сольж угсралтын ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зураг төсөл батлуулан зөвшөөрөл авч хийлгэх шаардлагатай болсон”[21], шугам сүлжээ бүхий талбайг барилгын талбайд оруулж хашаалснаас шугам сүлжээнд засвар хийх боломжгүйд хүргэсэн байх бөгөөд энэ талаарх төвийн барилгын өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн С.Бийн удаа дараагийн гомдол холбогдох байгууллагуудад ирж, тухай бүр нь төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК-д хариуцагч байгууллагаас зөрчлийг арилгахыг шаардсан ч зөрчлийг арилгаагүйгээс Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлах гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн” нөхцөл үүссэн, тиймээс 7.5-д заасан барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргээ барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлсэн байна.

2.2.2. Дахин барилгажуулалтын энэ төслийн 22 дугаар байрыг буулгах явцдаа У******* ХХК барилгажих талбайн хойд тал хил залгаа байрших төвийн барилгын  бүтээцэд гэмтэл учруулсан, түүнчлэн 22 дугаар байрны суурин дээр баригдах барилгын суурийн хүчитгэлийн ажил хийхдээ төвийн барилгын гадна бохир ус татан зайлуулах шугам сүлжээг гэмтээсэн, улмаар уг шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр зөөвөрлөсөн, шугам сүлжээний ашиглалтын хэвийн ажиллагааг алдагдуулсан, шугам сүлжээ бүхий талбайг барилгын талбайд оруулж хашаалснаас шугам сүлжээнд засвар хийх боломжгүйд хүргэсэн гэх төвийн барилгын өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн С.Бийн удаа дараагийн гомдлоор[22] холбогдох байгууллагууд шалгасан, тухайлбал,

- “шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн” гэх үйлдэлд зөрчлийн дугаартай хэрэг нээж шалгаад Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга байгууламжийн техникийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэрэгсэхгүй болгосон.

- 22 дугаар байрыг буулгах явцдаа төвийн барилгын бүтээцэд гэмтэл учруулсан гомдлоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэж, зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж, улмаар  барилгын бүтээцэд учруулсан хохиролд 18 сая төгрөгийг У******* ХХК төлөхөөр тохиролцож төлсөн.  

- түүнчлэн “гадна бохир усны шугам сүлжээг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй шилжүүлсэн, шугам сүлжээний хэвийн ашиглалт алдагдсан, шугам сүлжээг оруулан барилгын талбайг хашаалснаар шугам сүлжээг засварлах боломж олгохгүй байгаа зөрчлийг арилгаагүй” талаарх гомдлыг удаа дараа гаргасан.

Төсөл хэрэгжүүлэгч У******* ХХК төслийн талбайд барилга буулгах, суурийн бэхэлгээний ажил гүйцэтгэхдээ хөрш зэргэлдээ байрших төвийн барилгын “гадна бохир усны шугам сүлжээг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй шилжүүлсэн, шугам сүлжээний хэвийн ашиглалт алдагдуулсан” нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс ариутгах татуургын худаг, шугам сүлжээнд үзлэг хийж “ төв”-д ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаартай албан бичиг, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор томилогдсон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд “бохир усны шугам нь анхны байрлалаас зүүн тийш БУХ-3-г 10 м газарт, хуучин диаметр 150 мм-ийг шугамыг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байна. Шугам сүлжээг зөөж угсрахдаа батлагдсан ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй, мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгээгүй, актаар баталгаажуулаагүй байгаа нь шугам угсралтын ажил стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. БУХ-4, БУХ-5 хооронд шугамын уналтын зөрүү нь эсрэг 25 см-ийн чиглэлтэй байгаа нь 2 бохир усны худгийн хооронд бохир ус туналттай, өрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж тухайн 2 бохир усны худаг бөглөрч хөлдөлт үүссэн байна” гэж дүгнэснээр тогтоогдож байна.

2.2.3. Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргээ хэрэгжүүлэх хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 8/3314 тоот албан бичгээр “ төвийн гадна бохир усны шугамын хэвийн найдвартай ажиллагааг хангаж, шугам сүлжээг зөөж шилжүүлэх ажлыг хэрэглэгчтэй зөвшилцөн холбогдох норм дүрмийг баримтлан шугам сүлжээний шилжүүлгийн ажлын зураг төслийг боловсруулан ирүүлэхийг” У******* ХХК-д мэдэгдэж зөрчлийг арилгуулахаар удаа дараа хандсан байдаг. 

Улмаар Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2-т зааснаар түдгэлзүүлж[23], 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 10/784 тоотоор зөрчлөө арилгахыг, шугам сүлжээгээ засварлах нөхцөлөөр хангахыг мэдэгдсэн байдаг.

Ийнхүү “шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн” гэх үйлдэлд зөрчлийн хэрэг нээж шалгаад “ төвийн барилгын ариутгах татуургын гадна шугам сүлжээ хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдээгүй байснаас хамгаалалтын зурвасыг тогтоон мөрдүүлэх боломжгүй” гэх агуулгаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн 22 дугаар байрыг буулгах явцдаа төвийн барилгын бүтээцэд гэмтэл учруулсан хохирлын асуудал шийдвэрлэгдсэн ч, “гадна бохир усны шугам сүлжээг зөвшөөрөлгүй, зураг төсөлгүй шилжүүлсэн, улмаар шугам сүлжээний стандарт зөрчигдөж ашиглалтын хэвийн ажиллагаа алдагдсан, шугам сүлжээг оруулан барилгын талбайг хашаалснаар шугам сүлжээг засварлах боломж олгохгүй байгаа” зөрчил арилаагүй байна.

Тиймээс Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар тушаалаар БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелэлтийг түдгэлзүүлж, зөрчлөө арилгахыг мэдэгдсэн нь дээрх зохицуулалтуудад нийцсэн байх тул энэ тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.3. Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тушаалын хувьд.

Энэ тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсныг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, 49.3.1 дэх заалт, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтаар У******* ХХК-д олгосон 2022 оны МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зураг, 2023 оны БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон.

Нэгэнт төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тул төсөл хэрэгжүүлэх эрхийн хүрээнд олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний эрх зүйн үйлчлэл дуусгавар болох бөгөөд ийнхүү хүчингүй болгосон нь баримталсан хуулийн зохицуулалтад нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэл үгүй байна.

3. Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө тухайн шийдвэрийн талаар тайлбар гаргах, нотлох баримт ирүүлэх боломж олгох сонсох ажиллагаа хийх Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан журмыг хангасан, тодруулбал,

Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10/506 дугаар албан бичгээр зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэр гаргахад ач холбогдох бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал ирүүлэх боломж олгож 03 дугаар сарын 25-ны өдрөөр хугацаа тогтоон сонсох ажиллагааны мэдэгдлийг[24] хүргүүлсэн, мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* тоотоор Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсантай холбоотой архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл үүссэн талаар тайлбар, санал, баримт ирүүлэх хугацааг 06 дугаар сарын 28-ны өдрөөр тогтоосон сонсох ажиллагааны мэдэгдэл У******* ХХК-т хүргүүлсэн байдаг.

4. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.1, 111.2, 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шийдвэрлэсэн үндэслэлийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4, 11.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.10, 22.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар “барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон” тушаалыг тус тус хүчингүй болгуулах” тухай У******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 212-221 дүгээр хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 69-75, 117-122 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 197 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 97-99 дүгээр хуудас

[5] хэргийн 1 дүгээр хавтсын 102-113 дүгээр хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 141-156, 2 дугаар хавтсын 89-99 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 114-132, 159 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 204-205 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 9 дүгээр хуудас

[10] Хэргийн 5 дугаар хавтсын 38-44 дүгээр хуудас

[11] Хэргийн 3 дугаар хавтсын 145-161 дүгээр хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтсын 25-27, 40-43, 56-60 дугаар хуудас

[13] Хэргийн 5 дугаар хавтсын 172 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 1, 45-55 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 61-68 дугаар хуудас

[16] Хэргийн 2 дугаар хавтсын 1 дэх хуудас

[17] Хэргийн 5дугаар хавтсын 183-185 дугаар хуудас

[18] Хэргийн 1 дүгээр хавтсын 194-243 дугаар хуудас

[19] Хэргийн 5 дугаар хавтсын 16-17 дугаар хуудас

[20] Хэргийн 1 дүгээр хавтсын 9 дүгээр хуудас

[21] Хэргийн 1 дүгээр хавтсын 168 дугаар хуудас

[22] Хэргийн 1 дүгээр хавтсын 163-173 дугаар хуудас

[23] Хэргийн 1 дүгээр хавтсын 10 дугаар хуудас

[24] Хэргийн 1 дүгээр хавтсын 162 дугаар хуудас