Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00839

 

 

 

 

 

 

 

 

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00774 дугаар шийдвэртэй, “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдуулан эрх эзэмшигчийн бүтээлийг нийтэд түгээх эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 13 118 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Х.Наранзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Саадыг давсан нь /Over The Hedge/, Робингүүд /Robin Hood/, Урсгасан нь /Flushed Away/ зэрэг кинонуудыг Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Блүмсбюри медиа” ХХК-тай видео түрээслэх гэрээ байгуулж, Монгол Улсад тус кинонуудыг гаргах албан ёсны эрх авч, видео сандаа төлбөртэй үйлчилгээ болгон байршуулж, үзэгчдэд хүргэсэн.

Гэтэл хариуцагч “М” ХХК-ийн Х суваг нь өөрийн эфирээр Саадыг давсан нь /Over The Hedge/ киног 2019 оны 02 дугаар сарын 02, 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд, Робингүүд /Robin Hood/ киног 2019 оны 01 дүгээр сарын 14, 02 дугаар сарын 22, 03 дугаар сарын 04, 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд, Урсгасан нь /Flushed Away/ киног 2019 оны 02 дугаар сарын 15, 03 дугаар сарын 21, 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй гаргасан.

Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус компанийг 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

“М” ХХК-ийн дээрх суваг нь өөрийн эфирээр Саадыг давсан нь /Over The Hedge/, Робингүүд /Robin Hood/, Урсгасан нь /Flushed Away/ зэрэг кинонуудыг зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээсний улмаас манай компанд хохирол учраад байна. /Саадыг давсан нь /Over The Hedge/ киноноос 1 860 000 төгрөг, Робингүүд /Robin Hood/ киноноос 5 834 400 төгрөг, Урсгасан нь /Flushed Away/ киноноос 5 424 000 төгрөг/нийт 13 118 400 төгрөгийн орлогыг алдагдуулсан.

Иймд “М” ХХК-аас 13 118 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүтээлүүдийг нийтэд түгээсэн зөрчил гаргасан үйлдэлд маргахгүй. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь хохирлыг тооцохдоо ижил төрлийн, тухайн цаг хугацаанд нээлт хийсэн кинонуудтай жиших замаар тодорхойлсон нь үндэслэлгүй. Олох байсан орлогыг өөрсдөө тодорхойлсон нь зохимжгүй. Хөндлөнгийн байгууллага тодорхойлсон бол үндэслэлтэй байх байсан. Мөн тухайн киноны өмнөх сарын үзэлт, орлогыг харьцуулж хохирлыг тодорхойлсон бол үндэслэл бүхий хэмжээ гарах байсан. Тооцооллыг нь сайн ойлгохгүй бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Урсгасан нь, Саадыг давсан нь, Робингүүд зэрэг 3 киног М ХХК зөвшөөрөлгүй гаргасан. 2000 төгрөгийн төлбөрийг төлөөд түрээсэлж үзүүлдэг байсан.

“Ю” ХХК нь цэвэр ашгаасаа зардлаа хасаагүй нэхэмжилж байгаа нь буруу гэж бодож байна. Зардлаа хасаад бодит хохирлыг тодорхойлбол зохих байх. “М” ХХК гэм буруутай гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг үндэслэн “М” ХХК-аас эрх эзэмшигчийн бүтээлийг нийтэд түгээх эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 13 118 400 төгрөгийг гаргуулж “Ю” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 223 542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар тогтоогдоогүй, хууль буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 13 118 400 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэр бүхий кинонуудыг хариуцагч байгууллага нь өөрийн эфирээр гаргаснаар нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогоо алдсан гэдэг нь баримтаар нотлогддоггүй.

Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч байгууллагын тооцоололд үндэслэн, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал нэр бүхий 3 киног нэхэмжлэгч байгууллага өөрсдөдөө ашигтай байдлаар буюу өөрсдийн сонгож авсан 1 кинонд үндэслэж харьцуулалт хийсэн, тухайн нэр бүхий 3 киноны өмнөх болон эфирээр цацагдсанаас хойших саруудад хэдэн хүний хандалт авч байсан гэсэн тоон баримт байхгүй, бодит хохирлыг тооцоолсон хөндлөнгийн эрх бүхий байгууллага, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжилтний дүгнэлтгүй, хариуцагч “М” ХХК нь 3 киног гаргаснаас болж нэхэмжлэгчид ямар хохирол, хэр хэмжээтэй учирсан гэдгийг тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан эрх эзэмшигчийн бүтээлийг нийтэд түгээх эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 13 118 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “М” ХХК-ийн Х суваг нь өөрийн эфирээр Саадыг давсан нь /Over The Hedge/, Робингүүд /Robin Hood/, Урсгасан нь /Flushed Away/ кинонуудыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй нийтэд үзүүлснээс 13 118 400 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлан, орлогын алдагдал гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгчээ.

Хариуцагч “М” ХХК нь эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй бүтээлүүдийг нийтэд түгээж зөрчил гаргасан үйлдэлд маргаагүй боловч уг баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй, нэхэмжлэгч хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй гэж маргаж байгаа нөхцөлд хохирлыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор өгсөн баримтыг өөрөө үйлдсэн буюу тооцооллыг нэхэмжлэгч компанийн КБТА-ны мэргэжилтэн Н.Батбаяр, Э.Мөнхбат нар хийсэн байна. Иймд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байх тохиолдолд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангуулж, талуудын мэтгэлцүүлэх байжээ.

 

Үүнээс гадна иргэдийн төлөөлөгч хохирол бодитой тогтоогдоогүй байна гэсэн байдлаар дүгнэлт гаргасан байхад шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлэх боломжтой эсэхийг тодруулаагүй байна.

 

Нэхэмжлэгч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эдлэх эрх, хүлээх үүргийн талаар шүүх 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан байх ба Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон хугацааг харгалзан үзэж, хэргийн оролцогчдод эрх, үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа олгох байжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримтыг бүрэн тодруулаагүй, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00774 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 542 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА