Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

 

 

 

 

      2023           12            28                                          2024/ДШМ/29

 

Г.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

хохирогч Э.П , түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн,

яллагдагч Г.О-ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2541 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2108015072042 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.О , ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 5... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

           

Яллагдагч Г.О нь ...нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд хохирогч Э.П гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга нийт 49 тооны малыг завшиж ...төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Уг хэргийг хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 119 дугаартай тогтоолд хэргээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, завшсан хөрөнгийн хэмжээг хохирогчийн мэдүүлгээр тогтоосон нь нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхээс хохирогчийн хүлээлгэн өгсөн болон дутсан хонины тоо толгой болон бусад гэрч нарын мэдүүлгүүдийн эх сурвалжийг нягтлан тогтоох шаардлагатай нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ. Мөн түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тул нэмж гэрч асуулгах, бичгийн баримт бүрдүүлэх ажиллагаа нь анхан шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болох төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцэх бөгөөд дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлд хамаарах тул яллагдагч Г.О-д холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 2023/ДШМ/580 дугаартай магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Хохирогч Э.П , хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд, Ц.Мягмарсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1, 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэх заалтыг зөрчсөн байна. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаан. хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2541 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Уг хэргийн яллагдагчийг 2023 оны 3 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийг гаргаж байсан. Тэр захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж прокурорын зүгээс харж байна. Харин хяналтын шатны шүүхээс тухайн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хүчингүй болгосон болохоос биш яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгоогүй байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалт нь өнөөдрийн байдлаар гаргасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл уг хуулийн заалттай зөрчигдөж байгаа гэж үзэж байна. Хэрэг шүүхийн шатанд байгаа тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд буцаах үндэслэл байхгүй гэж харж байна. Харин нэгэнт шүүхийн шатанд байгаа уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шүүх хуралдааныг зарласны дараа 60 хүртэлх хоногоор хойшлуулж хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийлгэсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.” гэв.

 

Хохирогч Э.П  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.” гэв.

 

Хохирогч Э.П гийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгэнт Улсын Дээд шүүхийн тогтоолд нотлох баримт хангагдаагүй, гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийх боломжгүй гэж дүгнэсэн тул анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаасан захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн зүгээс бичлэг гаргаж өгөх хүсэлтэй байдаг. Тухайн үед малын вакцин хийсэн эмчээс мэдүүлэг авах шаардлагатай байгаа. Тухайн үед хэдэн тооны мал байсан гэдгийг нотолно гэж үзэж байна. Мөн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө гэдэг дээр шатахууны мөнгө, төгрөг өгсөн талаарх баримтуудыг гаргаж өгье, мөрдөн шалгах ажиллагаа дутуу байна, мэдүүлгийн зөрүүг арилгуулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас прокурорт хэргийг буцааж өгнө үү гэдэг саналыг илэрхийлсэн. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг зарлаад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байгаа боловч Улсын Дээд шүүхээс “нотлох баримт хангалттай хэрэгт цуглараагүй. Мөн мэдүүлгийн зөрүүтэй байдал байна. Зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай” гэж үзсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Г.О-ыг...нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 06-ны өдрүүдийн хооронд хохирогч Э.П гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга нийт 49 тооны малыг завшиж ...төгрөгийн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанчлан хохирогчийн бусдад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, завшсан хөрөнгийн хэмжээг хохирогчийн мэдүүлгээр тогтоосон нь нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдаагүй гэж дүгнэсэн. Иймд хохирогчийн хүлээлгэн өгсөн болон дутсан хонины тоо толгой, бусад гэрч нарын мэдүүлгүүдийн эх сурвалжийг нягтлан тогтоох” зэрэг тодруулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

 

Хууль тогтоогч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

 

Давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан, эсхүл давж заалдах шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

          Хэрэгт яллагдагч Г.О-н гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт авагдаагүй байхаас гадна хохирогчийн бусдад итгэмжлэн хариуцуулсан гэх эд хөрөнгийн хэмжээг тогтоож, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгаж эх сурвалжийг дахин шалгасны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/2541 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН