| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ганцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/05806/И |
| Дугаар | 192/ШШ2025/02047 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02047
2025 03 18 192/ШШ2025/02047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах. Нэхэмжлэлийн үндэслэл: *** миний бие 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "***-ийн гүйцэтгэх захирлын 417/17 дугаар тушаалаар оператораар томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон билээ. Манай ажлын ажилтнууд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж ***ийг байгуулан 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулан ажиллаж байтал ***-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар намайг болон нэр бүхий нийт 5 ажилтныг хууль зөрчсөн, үйлдвэрчний эвлэл байгуулж, уг үйлдвэрчний эвлэлээр дамжуулж фэйсбүүк групп нээж улс төржсөн, компанийн үйл ажиллагаar тасалдуулахад чиглэсэн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах үйлдэл хийсэн гэх мэт ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн юм. Бид шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн тогтоолоор намайг болон бусад нэр бүхий ажилтнуудыг ***-ийн албан тушаалд эгүүлэн тогтоосон билээ. Улмаар ***-иас намайг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр операторын албан тушаалд эргүүлэн авсан юм. Ингээд ажиллаж байтал ***-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 086/23 дугаартай тушаалаар "2023 оны 01 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд байгууллагын дотоод журамд заасны дагуу урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр дур мэдэн 3 өдөр ажил тасалсан, мөн ажил олгогч болон түүний удирдлага, ажилтнуудын талаар тэдний эрх ашиг, нэр хүндэд ноцтой нөлөөлөх худал хуурмаг болон буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан, хэвлэн нийтэлсэн зэрэг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" гэсэн үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон билээ. Миний бие энэхүү ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ***-ийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, улмаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр гарч бид эвлэрч чадаагүй юм. Миний бие ***ийн дэд дарга бөгөөд намайг ажлаас чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд би ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.
2. Хариуцагч талаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ****ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хэргийг тус шүүхийн шүүгчийн 2023.11.07-ны өдрийн 20426 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа билээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байх тул ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.11-т заасны дагуу дараах үндэслэл бүхий хариу тайлбарыг гаргаж байна. НЭГ. Нэхэмжлэгч нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, 3 хоног ажил тасалсан зөрчил гаргасан талаар: 1. *** нь 2022.09.01-ний өдрийн "Хөдөлмөрийн гэрээ"-ний дагуу ***-ийн "****"-д "***"-ын албан тушаалд ажиллаж байсан. 2. *** нь 2023.01 26-ны өдөр ****д уртын ээлжтэй байх үеэрээ компанийн удирдлагуудтай Улаанбаатарт очиж уулзах нэрийдлээр Уулын хэлтэст хандан бичгээр чөлөө хүсэх өргөдөл гаргасан. Уг хүсэлтийг компанийн *** ***аас Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.2-т заасныг баримтлан тэр дор нь биечлэн болон тухайн өдөр нь и мэйлээр шийдвэрлэж, уурхайд ажиллах хүчний дутагдалтай байгаа учир оронд ажиллах ээлжийн ажилтныг хотоос татахад хугацаа шаардлагатай учир чөлөө олгох боломжгүй талаар ***д мэдэгдсэн боловч түүний хувьд "чөлөө өгнө үү байна уу, та бүгдийн асуудал" гэж хэлээд тухайн өдрөө Улаанбаатар хот руу ажлаа хаяж явсан. 3. ***ийн хувьд ажил олгогчтой 2022.09.01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон компанийн Хөдөлмөрийн дотоод журмаар дараах үүргүүдийг тус тус хүлээсэн байна. Үүнд: 3.1 Хөдөлмөрийн дотоод журмын 10.2.1-т "Ажилтан Монгол Улсын хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, заавар болон компанийн үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журам, бодлого, заавар чиглэл, тушаал, шийдвэр, болон төслийн талбай болон кемпэд зайлшгүй дагаж мөрдөгдөх ёстой дүрэм, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа чанд мөрдөж, биелүүлэх үүрэгтэй; 3.2 Хөдөлмөрийн дотоод журмын 10.3.10-т "Ажилтан ажлын цагаар хариуцсан удирдлага, менежерийн зөвшөөрөлгүйгээр... ажил таслахыг хориглоно"; 3.3 Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.8 болон Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.8-т "Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон Хүний нөөцийн хэлтэст урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 3 өдөр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална"; 3.4 Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.7 болон Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.26-т "Компани болон ... тэдгээрийн удирдлага, ажилчдын талаар худал, хуурмаг, бусдад буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл, болон тэдгээрийн ашиг сонирхол, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрээр тараасан, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад цахим хэрэгсэлд байршуулсан, хэвлэн нийтэлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална"; 3.5 Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.2-т "Ажилтан нь чөлөө авах хүсэлтээ өөрийн удирдах албан тушаалтанд 5-с доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх ба тухайн удирдлага нь 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийсэн байна"; 3.6 Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.5-т "Ажилтан нь ажилдаа ирээгүй тасалсан хугацаанд цалин хөлс тооцогдохгүй бөгөөд энэ нь ажилтанд энэхүү дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно"; 3.7 Хөдөлмөрийн гэрээний 7.3-т "Ажилтан нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан журмын дагуу албан ёсны чөлөө аваагүй, харьяа удирдлагадаа энэ талаар урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд түүнийг ажил тасалсанд тооцох бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын дагуу холбогдох сахилгын шийтгэл ногдуулна"; 3.8 Хөдөлмөрийн гэрээний 9.2.5-т "Ажилтан ажил олгогчоос урьдчилан зөвшөөрөл авахгүйгээр ажлаас хоцрохгүй, таслахгүй байх үүрэгтэй" гэж тус тус заасан. 4. Компанийн зүгээс ажилтныг чөлөө авах хүсэлт гаргасан даруй оронд ажиллуулах ажилтныг Улаанбаатар хотоос татан авчирч, маргааш нь ажиллуулах зохицуулалт хийх цаг хугацааны боломжгүй байдаг тул Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.2-т өөрийн удирдах албан тушаалтанд 5-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, тухайн удирдлага нь 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийхээр журамласан. 5. Түүнчлэн, ***ийн хувьд байгууллагын маргаан таслах хуралдааны үеэр зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрдөг боловч тухайн зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл нь хүндэдсэн, хэт хатуу, эцсийн шийтгэл ногдуулсан талаар дурдсан. Байгууллагаас сахилгын шийтгэлийг шат дараатайгаар ногдуулах шаардлагагүй бөгөөд гаргасан зөрчилд тохируулан сонгож хэрэглэнэ. Ялангуяа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд оператор 3 хоног зохих журмаар чөлөө авалгүйгээр ажлаа таслах нь компанийн хувьд томоохон гарз хохиролтой учир үүнийг ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд хамааруулсан байдаг. 6. Түүний энэхүү үйлдлийн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 26-28-ны шөнийн В ээлжийн ***ийн ажиллуулах ёстой байсан NHL NTE240 #1006 техник бүрэн зогсолтод орж, компанид нийт 4160м уулын цулын бүтээлийн алдагдал бий болж, хохирол учирсан. Иймд Л.Ган-Эрдэнийн хувьд хуваарьт ээлжгүй байх үедээ Компанийн удирдлагуудтай уулзах бүрэн боломжтой байсан тул 2023.01.26-ны өдрөөс 2023.01.28-ны шөнийн ээлжид ажиллах хуваарьтай өдрүүдэд ажил олгогчоос чөлөө олгогдоогүй байхад ажлаа санаатайгаар орхин явсныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр зохих журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан юм. ХОЁР. Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр компанийн нэр хүндэд нөлөөлөхүйц худал, хуурмаг, буруу ташаа мэдээлэл тараасан талаар: 7. *** нь 2023.01.06-ний өдөр хийсэн компанийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр "*** нь ажилчдаа өттэй махаар хооллож байгаа гэх худал хуурмаг, ташаа мэдээллийг өгснөөр **** зэрэг сайтуудаар уг мэдээлэл олон нийтэд хүрч, компанийн нэр хүндэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Ажилчдаас тухайн үед гаргасан өттэй махны гомдлын дагуу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дотоодын хяналтын *** лабораториас MNS 5686 2008, MNS5132 2002, MNS6308 2012 стандартын дагуу хийсэн эрүүл мэндийн нян судлалын шинжилгээгээр хоолонд хүнсний шавж, түүний авгалдай, өндөг, эмгэг төрүүлэгч нян, цус задлагч, сийвэн бүлэгнүүлэгч, хоолны хорлогот халдвар үүсгэгчид илрээгүй болохыг тогтоосон байдаг. 8.****нэртэй 700 гаруй гишүүнтэй групп, ***-ийн ***" нэртэй 2000 гаруй гишүүнтэй, бусад дурын хүнд харагдах боломжтой группт өөрийн ***гэх админаар бүртгэлтэй хаягаар дамжуулан компанийг гадаадын хөрөнгө оруулалттай тул компанийн ажилчид, удирдлага Монгол ажилчдын эсрэг санаа зорилготой үйл ажиллагаа явуулдаг, өс хонзонтой гэсэн агуулга бүхий ойлголтыг удаа дараа олон нийтэд түгээсэн болно. 9. Түүнчлэн, ***нь *** нэртэй 700 гаруй гишүүнтэй групп, ***-ийн "***нэртэй 2000 гаруй гишүүнтэй олон нийтийн сүлжээн дэх нээлттэй фэйсбүүк группт компанийн ****руу шууд чиглэсэн, түүний нэр төрийг гутаасан шинжтэй постуудыг удаа дараа оруулсан байдаг тул компанийн зүгээс Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.26-т заасны дагуу компаниас гадна компанийн удирдлага, ажилчдын талаар худал, хуурмаг, бусдад буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл тараасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан болно. 10. Аливаа байгууллагаас ажилтны хийсэн үйлдлийг шүүхээр тогтоолгосны дараа ажилтандаа сахилгын шийтгэл ногдуулах талаар хөдөлмөрийн хууль тогтоомжид тусгагдаагүй, харин сахилгын шийтгэл ногдуулсны дараа талууд маргавал шүүхээс үндэслэлийг шалгадаг бөгөөд ***ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн болон Зөрчлийн хэрэгт хамаарахгүй, иргэний хэрэг тул энэхүү асуудлыг эрх бүхий хууль хяналтын байгууллагаас тогтоолгосны дараа ***д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, шаардлагагүй юм. Иймд ***йн хувьд хэвлэлийн бага хурал болон олон нийтэд хандсан постуудаар дамжуулан компани руу шууд чиглэсэн, бизнесийн нэр хүндийг гутаах санаа зорилго, агуулга бүхий шинжтэй постууд удаа дараа оруулж, тараасан учир компанийн зүгээс Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.26-т заасан зөрчил гаргасан үндэслэлээр, сахилгын шийтгэл ногдуулсан. ГУРАВ. ***ийн эрх зүйн байдлын талаар: 11. *** нь өөрийгөө 2020.03.24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн "***" үйлдвэрчний эвлэлийн дэд дарга гэж ярьдаг боловч, бодит байдал дээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020.04.14-ний өдрийн 1945 дугаартай дүгнэлтээр тус үйлдвэрчний эвлэлийг бүртгэсэн 2020.03.24-ний өдрийн бүртгэл, 2020.03.17-ны өдрийн улсын бүртгэлийн ****дугаартай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. 12. Дээрх шийдвэрт аливаа этгээдээс гомдол гаргалгүй хүчин төгөлдөр болсон байдаг боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч ***ийн 2022.04.22-ны өдрийн 2706 дугаар дүгнэлтээр өмнөх шш2020.04.14-ний өдрийн 1945 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд компаниас 2023.01.27-ны өдөр 054/23 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Ерөнхий байцаагчид гомдол гаргаснаар 2023.03.14-ний өдрийн 1705 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан "утга, агуулгын илэрхий алдаатай", 47.1.6- т заасан "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх үндэслэлээр хяналтын улсын ахлах байцаагчийн 2022.04 22-ны өдрийн 2706 дугаарын дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэж, ийнхүү шийдвэрлэсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023.03. 14-ний өдрийн 1/2231 тоот албан бичгээр компанид мэдэгдсэн байдаг. 13. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.03.14-ний өдрийн дээрх шийдвэрт "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс гомдол гаргаагүй, захиргааны хэрэг үүсээгүй тул шийдвэр хүчин төгөлдөр болж, "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн бүртгэл Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хасагдсан төлөвтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар "илт хууль бус захиргааны акт" нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэл гэх байгууллага нь үүсгэн байгуулагдаагүй бөгөөд явуулсан гэх үйл ажиллагаа нь аливаа хэлбэрээр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. 14. Түүнчлэн, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 3.1-т заасны дагуу иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулдаг атал компанид үндсэн болон гэрээтээр ажилладаггүй, компанийн үйл ажиллагаатай ямар ч холбоо хамааралгүй, *** гэх хүн ***ийг удирдаж, дарга хийж байсан нь тус үйлдвэрчний эвлэл нь хуульд заасны дагуу зохих ёсоор байгуулагдаагүй болохыг харуулна. 15. *** нь компанийн ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан байгууллагын албан ёсны баримт бичиг болох Хөдөлмөрийн дотоод журамд захирагдах үүрэгтэй бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн дэд дарга гэдэг үндэслэлээр ямар ч зөрчилд хариуцлага хүлээхгүй байх туйлын давуу байдал, эрх олон улсын гэрээ, хууль, дүрэм, журмаар огтоос олгогдоогүй, бусад ажилчдын нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх билээ. 16. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т "Хамтын хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж .... хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно" гэж заасан тул Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ- ын хууль 6 дугаар зүйлийн 6.2-т заасан Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны нийгмийн баталгаа бүхий заалт нь түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулахад хамаарахгүй юм.17. Компанийн зүгээс ***ийг үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй, гагцхүү гаргасан зөрчилтэй нь холбогдуулан хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд дээр дурдсан үндэслэл, хавсралтад тусгасан нотлох баримтаар компанийн зүгээс хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулсан нь батлагдаж байгаа учир нэхэмжлэгч ***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолын хуулбар, ***нийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 086/23 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын хуулбар, итгэмжлэл, ***-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ,***-ийн эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дүрмийн хуулбар, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн №2 дугаартай үнэмлэх, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 111 дугаар хуралдааны шийдвэр, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ***ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/17503 дугаар хүсэлт хянан шийдвэрлэж, хугацаа сэргээх тухай шүүгчийн захирамж, фото зураг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00810 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/00396 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/00899 дүгээр шүүхийн шийдвэрийн хуулбар, ***ийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, ***-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтэст гаргасан өргөдөл, ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг, ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичиг, ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичиг, *** 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичиг, ***ийн 2022 оны Б/13 дугаар албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгөв.
Хариуцагч талаас***-ийн хуулийн этгээдийн улсыгн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хариу тайлбар, ***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,***ийн Өмнөговь ***т гаргасан өргөдлийн хуулбар, ***-ийн зааварчилгаа өгсөн тухай баримтын хуулбар, ***ийн 2023 оны 1 дүгээр сарын цагийн бүртгэл, ***ийн сахилгын шийтгэлийн маягтын хуулбар, сахилгын шийтгэл танилцуулах уулзалтын баримтын хуулбар, ***-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, ***-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05/23 дугаар хуралдааны тэмдэглэлийн хуулбар, ***-ийн маргаан таслах комисст ***ийн гаргасан өргөдлийн хуулбар, ***-ийн ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр албан бичгийн хуулбар, ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 010/23 дугаар албан бичгийн хуулбар, ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 042/023 дугаар албан бичгийн хуулбар, ***ийн алдагдлын баримтын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1945 дугаар дүгнэлтийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 онны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2706 дугаар дүгнэлтийн хуулбар, ***ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 054/23 дүгээр албан бичгийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/2231 дүгээр албан бичгийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1705 дугаар дүгнэлтийн хуулбар, Дотоодын хяналтын ***ийн баримтын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ***дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан ***ийн өргөдөл, фото зураг, ***ийн шаардлага хүргүүлэх тухай бичиг, ***ийн гүйцэтгэх захирал ***д 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл, ***ийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, итгэмжлэл, ***йн захиргаа болон ***-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээний хуулбар, ***т гаргасан мэдэгдэл, ажилчдын гарын үсэг, ***-ийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтээр /KPI/ урамшуулал олгох журмын хуулбар, хавсралтын хуулбарын хамт, ***-ийн ***ны урамшуулал олгох журмын хуулбар, ****-ийн Миний ажил-Аюулгүй Орчин ХАБЭАБО-ны урамшууллын хөтөлбөрийн хуулбар, хавсралтын хуулбарын хамт, ***ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 155/22 дугаар ажилд эгүүлэн томилох тухай тушаалын хуулбар, Шүүхийн шийдвэрийн дагуу ***төлөх цалин хөлсийг түүний дансанд шилжүүлэх хуваарийн хуулбар, *** гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, ***-ийн бүтээлийн алдагдлын тооцоо, итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгөв.
Шүүгчийн захирамжаар 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрч асуусан тэмдэглэл зэрэг баримтыг бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 92,972,584 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч **болон хариуцагч ***-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ***д уулын дампын оператор ажлын байранд 2,220,000 төгрөгийн үндсэн цалинтай уртын ээлжинд ажиллахаар тохиролцсон (зохигчдын тайлбар, 1-р хавтас 15-19 дэхь тал). Хариуцагч ***-ийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 086/23 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар нэхэмжлэгч ***ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна ( 1-р хавтас 13 дахь).
4. Нэхэмжлэгч *** нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны 2023 оны 10 сарын 26-ны өдрийн 111 дугаартай хуралдааны шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй шалтгаанаар урьдчилан шийдвэрлэх журмаар хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулж чадаагүй байна (хэргийн 25 дахь тал). Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангаж шүүхэд 2023 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.8-д нийцсэн байна.
5. Хариуцагч тал хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар цуцлахдаа нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 26-28-ны өдрүүдэд ажил тасалсан, ажил олгогч болон түүний удирдлагуудын талаар тэдний эрх ашиг, нэр хүндэд ноцтой нөлөөлөх худал хуурмаг, буруу ташаа ойлголт өгөхүйц мэдээ мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан, хэвлэн нийтэлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг. Энд дурдаж буй ажил олгогчийн эрх, ашиг нэр хүндэд халдах мэдээлэлд *** гэх фэйсбүүк хаягаас нийтэлсэн 2023 оны 01 сарын 06-ны өдөр *** вебсайтад байршсан ***компани ажилчиддаа өттэй махаар хооллож байгаа талаар мэдээлэл хийж байна гарчигтай бичлэг хамаарах бол компанийн удирдлагуудын талаар мэдээлэл тараасан, хэвлэн нийтэлсэн гэдэгт компанийн хүний нөөцийн хэлтсийн дарга ***йн талаарх 2022 оны 12 сарын 16-ны өдөр, 2022 оны 12 сарын 24-ний өдрүүдэд ***ийн фэйсбүүк группт нэхэмжлэгч өөрийн бүртгэлтэй хаяг *** хаягаас нийтэлсэн нийтлэлүүд хамаарна (1-р хавтас 13 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 24-26 дахь тал).
6. Нэхэмжлэгч тал 2023 оны 01 сарын 26-28-ны өдрүүдэд ажлын байран дээрээ байгаагүй гэдэг дээр маргаан байхгүй ч хүндэтгэн үзэх шалтгаантай буюу ***ийн үйл ажиллагааны хүрээнд ажилтнуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор чөлөө авах хүсэлтээ бичиж өгөн Улаанбаатар хот руу очиж компанийн удирдлагуудтай уулзахаар явсан гэж тайлбарладаг. *** вебсайтад нийтлэгдсэн хэвлэлийн хурлын үеэр өттэй махаар хоол хийж өгсөн мэдээллийг нэхэмжлэгч хэлээгүй, нэхэмжлэгчийн зүүн гар талд сууж байсан хүн хэлсэн, хүний нөөцийн хэлтсийн дарга ***ийн хувьд хувьд худал, ташаа мэдээлэл нийтлээгүй гэж маргадаг (шүүх хуралдааны тэмдэглэлийн 28-29 дэхь тал).
7. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгийг баримтлан шүүх зохигчдын маргаж буй үйл баримт, үндэслэлд дүгнэлт өгөх ба нэхэмжлэгч*** хөдөлмөрийн харилцааг цуцлах хэмжээний ноцтой зөрчил гаргасан эсэх, тогтоогдсон эсэхийг агуулга болон процессын талаас нь шалгана.
8. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ... хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан.
9. Зохигчдын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.8-т "Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шууд удирдлага болон Хүний нөөцийн хэлтэст урьдчилан мэдэгдэж чөлөө авалгүйгээр 3 өдөр ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална" гэж заасан байна (1-р хавтас 18 дахь тал).
10. Нэхэмжлэгч *** нь 2023 оны 01 сарын 26-ны өдөр ...2023 оны 01 сарын 26-ны өдөр Улаанбаатар дахь оффист яаралтай очиж уулзахаар миний бие явах тул ээлжийн ажлыг ажилласнаар бодож чөлөө олгоно уу гэж чөлөө авах хүсэлтээ гаргасан байх ба уг хүсэлтийн хариуд чөлөө олгох боломжгүй агуулгаар цохолт хийжээ (1-р хавтас 56 дахь тал, зохигчдын тайлбар). Хариуцагч ***-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.2-т чөлөө авах хүсэлтийг 5 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, тухайн удирдлага 3 хоногийн өмнө чөлөөний өргөдөлд цохолт хийх журамтай байна (1-р хавтас 74 дэхь тал). Нэхэмжлэгч уг журмын дагуу чөлөө олгох хүсэлтээ гаргаагүй болох нь 2023 оны 01 сарын 26-ны өдөр хүсэлтээ бичиж өгснөөр, түүнчлэн уулын хэлтсийн менежер ***аас чөлөө олгох боломжгүй гэсэн цохолт хийснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч чөлөө авахгүйгээр 3 хоног ажил тасалсан нь тогтоогдож байна.
11. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн дотоод журмын 16.7.3-т Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас урьдчилан мэдэгдэж, чөлөөний өргөдөлд цохолт хийх боломжгүй байсан бол өөрийн хэлтсийн бичиг хэргийн ажилтан, удирдлага, менежер, хүний нөөцийн ажилтанд мэдэгдэж, албан ёсоор нэн даруй мэдэгдэж, зөвшөөрөл авна. Ажилтан чөлөө авах хэрэгцээ, шаардлага, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримт бичгийг чөлөөний хугацаа дуусмагц компанид гаргаж өгнө (1-р хавтас 74х ар тал) гэх зохицуулалтыг иш татаж маргаж байх хэдий ч нэхэмжлэгч тухайн өдөр ажлын байран дээрээ буюу *** байсан, тэнд урьдчилан мэдэгдэн, цохолт хийлгэх боломжтой байсан тул нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй.
12. Түүнчлэн нэхэмжлэгч Э***ийг төлөөлөн ажилтнуудын эрх ашгийн төлөө Улаанбаатар хот дахь оффист очиж уулзахаар явсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Т****-аас ажилтан ***йн ээлжийн хуваарьт тааруулан уулзалтын газар, цагийг урьдчилан тооцоолсон болох нь 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 042/023 дугаартай Уулзалтын газрыг өөрчлөх тухай хариуцагчийн албан бичигт ...уг уулзалтад оролцохоор хүсэлт гаргасан үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ***ийн уртын ээлжийн ажлын өдөр нь уулзалт болох өдөртэй давхцаж байгаа тул ажилтны биечлэн уулзах хүсэлтийг харгалзан уулзалт болох газрыг *** хурлын өрөөнд хийхээр өөрчилсөн болохыг мэдэгдэж байна. Уулзах өдөр болон цаг нь хэвээрээ бөгөөд 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 10 цагт болно гэж дурдсанаар тогтоогдож байна (хэргийн 89 дэхь тал). Ийнхүү уулзалт болох газар, цагийг хариуцагч байгууллагаас урьдчилан төлөвлөсөн байхад нэхэмжлэгч *** ажлын байраа орхин явсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
13. Нэхэмжлэгчийн дараагийн маргаан бол *** нь үйлдвэрчний эвлэлийн дэд дарга, гишүүний хувиар ажлаас халж болохгүй субъектэд хамаарна гэх үндэслэл юм.
14. Нэхэмжлэгч *** нь ***-ийн ***ийн удирдах зөвлөлийн гишүүн, дэд даргаар 2022 оны 12 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 24-ний өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна (1-р хавтас 20 дахь, 24 дэхь тал). Хариуцагч ***ийг хууль бусаар улсын бүртгэлд бүртгэгдсэн, ***-ийн гомдлоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус захиргааны акт тул бүртгэсэн цагаасаа эхлэн үйлчлэлгүй гэж маргасан.
15. Хэрэгт авагдсан 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 1945 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр ***-ийн гомдлоор ***ийн бүртгэлийг хянаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.4, 16.1.7 дахь заалт улсын бүртгэл үнэн зөв бодитой байх, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах гэснийг баримтлан 2020 оны 03 сарын 24-ний өдрийн бүртгэл, 2020 оны 03 сарын 17-ны өдрийг нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн (1-р хавтас 93 дахь тал). Уг 1945 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 2706 дугаартай Шүүхийн шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлийн зөрчлийг арилгах талаар дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн (1-р хавтас 94-95 дахь тал). Эцэст нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч нарын 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 1405 дугаартай 2022 оны 2706 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох тухай Дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх, 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 22.1-д улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх ... гэж заасныг үндэслэн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 2706 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн (1-р хавтас 114-117 дахь тал).
16. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч, ерөнхий байцаагч нар дүгнэлт гаргахдаа шийдлийн хувьд хүчингүй болгосон, агуулгын хувьд Улсын бүртгэлийн хуулийг баримтлан хууль бус гэж дүгнэснийг харгалзан үзвэл 2020 оны 03 сарын 24-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн бүртгэсэн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй. Харин бүртгэлийг улсын байцаагч хүчингүй болгож дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох шийдэлд хамаарна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т заасан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх үр дагавар үүсэхгүй.
17. ***-ийн ***ийг улсын бүртгэлд 2020 оны 03 сарын 14-ний өдөр бүртгэсэн бүртгэлийн маргааныг 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 1405 дугаартай дүгнэлт гарснаар эцэслэн шийдвэрлэсэн байх тул энэ хүртэл хугацаанд ***ийг хууль бусаар байгуулагдсан гэж үзэхгүй.
18. Мөн Т*** холбооны 2023 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 дугаартай албан бичгээр хариуцагч компанид уулзалт хийх санал хүргүүлэхэд хариуд нь ***-аас 2023 оны 01 сарын 05-ны өдөр 010/23 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ... томоохон ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан удирдлагуудын зүгээс ойрын өдрүүдэд уулзах боломжгүй байгаа тул 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 10 цагт тус компанийн хурлын өрөөнд уулзах саналтай байна гэж, 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 042/023 дугаартай Уулзалтын газрыг өөрчлөх тухай хариуцагчийн албан бичгээр ...уг уулзалтад оролцохоор хүсэлт гаргасан үйлдвэрчний эвлэлийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн ***ийн уртын ээлжийн ажлын өдөр нь уулзалт болох өдөртэй давхцаж байгаа тул ажилтны биечлэн уулзах хүсэлтийг харгалзан уулзалт болох газрыг *** хурлын өрөөнд хийхээр өөрчилсөн болохыг мэдэгдэж байна.. гэж тус тус харилцаж байснаар хариуцагч компани ***ийг үйлдвэрчний эвлэлийн гишүүний хувиар хүлээн зөвшөөрч байсан, ажил олгогч ийм ойлголтыг нэхэмжлэгч талд төрүүлж байсныг илэрхийлнэ (хэргийн 87, 88, 89 дэхь тал).
19. Ингээд нэхэмжлэгч *** нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хариуцагч цуцлах үед буюу 2023 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар үйлдвэрчний эвлэлийн гишүүн, дэд дарга байсан байна.
20. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж, Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Хамтын хэлэлцээнд оролцож байгаа үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультан, ажилтны төлөөлөгчид хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, цалин хөлсийг нь бууруулах, хэлэлцээний явцад болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар татан буугдсан болон энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглоно гэж тус тус заасан. Хуулийн зохицуулалтын хүрээнд үйлдвэрчний эвлэлийн гишүүн нь сонгуульт үүрэгтэй нь холбогдуулж, хамтын хэлэлцээнд оролцсонтой нь холбогдуулж гэсэн 2 тохиолдолд сахилгын шийтгэл хүлээхээс чөлөөлөгдөхөөр байна. Харин нэхэмжлэгч ***ийн ажлаа 3 хоног чөлөө авалгүй тасалсан нөхцөл нь үйлдвэрчний эвлэлийн гишүүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохгүй тохиолдлуудад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээнд тухайлан ажил таслах нь ноцтой зөрчил байхаар тусгагдсан тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн гишүүний үүрэгт ажлыг хийх зорилготойгоор ажил үүргээ хийгээгүй нь зөвтгөх үндэслэл болохгүй.
21. Иймд нэхэмжлэгч *** нь ажлаа 3 хоног тасалснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хариуцагчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүрджээ.
22. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 123.1, 123.3-т зааснаар сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч тогтоох, хөдөлмөрийн гэрээ, дотоод хэм хэмжээ, хууль тогтоомж зөрчсөн ажилтнаас тайлбар авах ажиллагааг хийх ёстой.
23. Хэрэгт авагдсан 2023 оны 01 сарын 29-ний өдрийн Сахилгын шийтгэлийн маягтаар ажил тасалсан зөрчилд ажилтнаас мэдүүлэг авахад тайлбаргүй, гарын үсэг зурахгүй гэж нэхэмжлэгч*** бичсэн байх (1-р хавтас 60 дахь тал) ба үүгээр хариуцагч ажил тасалсан зөрчлийг тогтоож, ажилтнаас тайлбар авсан болох нь тогтоогдож байна. Тиймээс ажил тасалсан ноцтой зөрчлийн хувьд хариуцагч хуульд нийцүүлэн ажиллагааг хийжээ.
24. Харин хариуцагч талаас нэхэмжлэгч ***ийг Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.26-т "Компани болон ... тэдгээрийн удирдлага, ажилчдын талаар худал, хуурмаг, бусдад буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл, болон тэдгээрийн ашиг сонирхол, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа мэдээ, мэдээллийг аливаа хэлбэрээр тараасан, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад цахим хэрэгсэлд байршуулсан, хэвлэн нийтэлсэн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална" гэх заалтын дагуу компанийн хүний нөөцийн хэлтсийн дарга ***ийн нэрийг дурдан фэйсбүүк группт нийтэлсэн нийтлэлтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болсон.
25. Тодруулбал, хариуцагч 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 086/23 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд компанийн удирдлага ***тай холбоотой гэж бичээгүй, ***ийн нийтэлсэн ямар мэдээлэл зөрчил болсон, тэрхүү мэдээлэл нь хэрхэн худал, ташаа болох нь нотлогдож байгаа талаар тогтоосон, тодорхой болгосон зүйл байхгүй байна. Ажилтныг ноцтой зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа бол үүнийгээ нотлох, өөрөөс нь тайлбар авахыг өмнө нь дурдсан Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 123.1, 123.3-т ажил олгогчид үүрэг болгосон. Гэтэл хариуцагч шүүхэд маргаан эхэлсэн хойно буюу шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулснаар (хэргийн 158-159, 163-164-р тал) 2022 оны 12 сарын 16-ны өдөр, 2022 оны 12 сарын 24-ний өдрүүдэд ***-ийн *** фэйсбүүк группт ***дарга хэмээн нэр заасан агуулга бүхий нийтлэлтэй холбогдуулан ноцтой зөрчлөөр шийтгэсэн гэж тодруулж байгаа нь хуульд нийцэхгүй. Хариуцагч 2023 оны 03 сарын 23-ны өдрийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлд ***ийн нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан асуудлаар тайлбар авсан гэх боловч энэ нь хожимдсон, зөрчлийн агуулга бүрэн бус хангалтгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь маргааныг шийдвэрлэдэг чиг үүрэгтэй болохоос хөдөлмөрийн ноцтой зөрчлийг нөхөн тогтоох статусгүй юм.
26. Түүнчлэн өттэй махаар хоол хийсэн асуудлаар***вебсайтад мэдээлэл өгсөн нь Хөдөлмөрийн гэрээний 12.3.3.26-т "Компанийн талаар худал, хуурмаг мэдээлэл хийсэн, буруу ташаа ойлголт өгөх мэдээлэл, ашиг сонирхол, нэр хүндэд сөрөг нөлөөтэй мэдээлэл тараасан сахилгын ноцтой зөрчилд хамаарна гэж хариуцагч тайлбарлаж байх хэдий ч уг мэдээллийг нэхэмжлэгч *** хэвлэлийн хурлын үеэр хэлээгүй, нэхэмжлэгчийн зүүн гар талд сууж байсан эрэгтэй хүн хэлсэн болох нь шүүхээс *** нэртэй фэйсбүүкийн хаягаас нийтэлсэн 2023 оны 01 сарын 06-ны өдөр *** вебсайтын фэйсбүүк хуудаст ***компанийн туслан гүйцэтгэгч БНХАУ-ын ** компани ажилчиддаа өттэй махаар хооллож байгаа талаар мэдээлэл хийж байна гарчигтай дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна (1-р хавтас 158-159 дэхь тал, 165 дахь тал). Иймд уг үйлдэлд нэхэмжлэгч ***хамааралгүй, тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй.
27. Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч *** нь ажлаа 3 хоног тасалснаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, харин мэдээлэл тарааж, хэвлэн нийтэлсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ***ийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 086/23 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын эхний үндэслэл батлагдсан, удаах үндэслэл батлагдаагүй.
28. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах эрхтэй байхаар, мөн хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, 123 дугаар зүйлийн 123.2-т ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Хуулийн зохицуулалтын дагуу ажил олгогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхийг олгосон байна. Нэхэмжлэгч *** нь 3 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тул ажил олгогч хуульд заасан эрхийн хүрээнд уг шийдвэрийг гаргаж болно. Үлдсэн зөрчил тогтоогдоогүй нь өөр зөрчлийг, ажил олгогч ажил тасалсан зөрчилд арга хэмжээ авах эрхийг эрхийг үгүйсгэхгүй.
29. Иймд шүүх нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 92,972,584 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
30. Нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ***ийн хариуцагч ***-д холбогдуулан гаргасан уулын оператор ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 92,972,584 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ