| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/07781/И |
| Дугаар | 192/ШШ2025/03458 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/03458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ***-д холбогдох,
тус компанийн өмч болох 5700 тн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхиийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан тус компанийн өмч болох 5700 тн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхиийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...тус компани нь өөрийн өмч 5400 тн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч *** даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тус компани нь ***-иас 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ***дугаартай гэрээний дагуу 20,000 тонн төмрийн хүдрийг худалдан авч гэрээний үүрэг болох 380,000 ам доллар шилжүүлсэн. Улмаар худалдан авсан 20000 тонн төмрийн хүдрээ ***-иар тээвэрлүүлэхээр 2019 оны 7 сарын 26-ны өдөр гэрээ хийж, мөн тээвэрлэгдэх хөлс 365,200 ам долларыг шилжүүлсэн. Үүнийг бол бүгдийг нь Хятадын банкнаас гадаад гүйвуулгаар шилжүүлж гэрээнийхээ дагуу төлөх ёстой төлбөрийг бүгдийг нь төлсөн. Ингээд төмрийн хүдрийг гаргахтай холбоотой баримтуудыг тээвэрлэлт хийж байгаа ***-д эх хувиар нь гаргаж өгсөн боловч нийт 14,300 тонн төмрийн хүдрийг тээвэрлэсэн. Үлдэгдэл 5,700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэх ёстой байтал энэ ажиллагаа явагдаагүй. Бид компанийн зүгээс яагаад үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэхгүй байгаа юм бэ, юу болов, ямар асуудал болов гэдэг асуудал яригдаж эхэлдэг юм. Энэ цаг хугацаанд ковид гээд цар тахал гарчихсан нөхцөл байдал үүсээд энэ тээвэрлэлт дээр асуудал үүсчихдэг юм. Гэтэл тээвэрт ***-иас ***гэдэг компанитай 5700 тонн төмрийн хүдэртэй холбоотой маргаан үүссэн. Тийм учраас тээвэрлэхгүй байгаад байна, энэ маргаан нь дууссаны дараа 5700 тонн төмрийн хүдрийг тээвэрлэхээр ийм нөхцөл байдалтай байна гэдэг зүйлийг тухайн үед захирал *** амаараа манай компанид мэдэгдсэн байдаг юм байна лээ. Ингээд энэ цаг хугацаанаас хойш тодорхой нэлээдгүй хугацаа өнгөрөөд байдаг ерөнхийдөө нэхэмжлэгч талаас ***-ийн яриад байгаа зүйл нь худлаа байж магадгүй эсвэл 5700 тонн төмрүүдийг тээвэрлэхгүй ямар нэгэн арга саам хайгаад байна гэдэг байдлаар очиж асуудлыг нь шийдье гэдэг байдлаар тухайн компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие *** бид хоёрыг томилоод энэ асуудлыг судлуулсан байдаг юм. Миний бие компанийн төлөөлөл энэ асуудал Монголд ер нь юу болоод байна гэдэг байдлаар судлаад үзэхээр ***, *** нь тээвэрлэлтийн маргаан үүсгээд 3 шатны шүүхээр яваад хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шийдвэрээр *** гэдэг компаниас 5700 тонн төмрийн хүдрийг ***-д хүлээлгэж өгөхийг даалгасан шийдвэр гарсныг бид мэдсэн. Тухайн цаг хугацаанд гуравдагч этгээдээр ч юм уу оролцъё гэдэг байр сууриа илэрхийлсэн боловч нэгэнт анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд гарчихсан, дахиж шинээр оролцогчид оролцох ямар ч боломжгүй нөхцөл байдалтай болчихсон байсан. Ингээд бид ***-д төмрийн хүдрээ авъя гэдэг зүйлийг албан бичгээр тухайн үед өгч байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Албан бичгээр хариугаа авъя гэсэн боловч хариу өгөөгүй. Ингээд бид сүүлдээ *** нь үлдэгдэл төмрийн хүдрийг маань өгөх сонирхол байхгүй байна гэж үзээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тус компаниар үлдэгдэл төмрийн хүдрийг тээвэрлүүлэхээс татгалзаад гэрээг цуцалж байгаа албан ёсоор мэдэгдлээ хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тус компанийн өмч болох 5700 тонн төмрийн хүдрийг ***-иар тээвэрлүүлэхгүй өөр компаниар тээвэрлүүлэхээр болсон. Гэтэл ***-ийн гүйцэтгэх захирал *** 2024 оны 08 сарын 21-ний 24/13 гэсэн дугаартай албан бичгийг шуудангаар ирүүлсэн. Ингэхдээ танай татгалзсаныг хүлээж авахгүй, энэ гэрээ одоо болтол хүчин төгөлдөр байна. Харин танай компани манайд 900,000 юанийг нэмж өг, хэрэв өгөхгүй бол төмрийн хүдрийг чинь шилжүүлэхгүй гэсэн албан бичиг ирсэн байдаг. Тийм учраас бид нэгэнт энэ компанитай учир зүйгээ ололцож, төмрийн хүдрээ авах боломжгүй юм байна гэж үзээд өөрсдийнхөө 100 хувь төлбөрийг нь төлчихсөн 5700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч компанид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар гаргасан байгаа юм. Энэ нэхэмжлэлтэй холбогдуулаад үүнийг нотлох төлбөр төлсөн баримтуудыг, тухайн үед *** компанитай байгуулж байсан гэрээг, мөн гэрээнээс татгалзлаа гэдгийг мэдэгдсэн албан бичгийг шуудангаар хүргүүлснийг, эргүүлээд *** нь буцаагаад манайд зөвшөөрөхгүй гэсэн хариу бичиг ирүүлсэн баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаад өгчихсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт нь хамтран хариуцагчаар иргэн *** гээд татаад ороод ирчихсэн байдаг. *** гэж хүн байгууллага хоорондын гэрээний үйл хэрэгт хариуцагч биш юм гэдэг тайлбар байна. Хоёрдугаарт нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн *** 19/01 дугаартай 20,000 тонн төмрийн хүдрийг худалдан авах гэрээний дагуу 20,000 тонн төмрийн хүдрийг *** бол мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хоёр сарын хугацаанд тээвэрлэхээр гэрээ байгуулагдсан байдаг. Тухайн цаг хугацаанд 2019-2020 онд дамнаад 14,300 тонн төмрийн хүдрийг нь тээвэрлүүлж өгсөн. *** тээвэрлэлтэд зуучлах болон мөн вагон дахь төмрийн хүдрийг нь тээвэрлэж буулгаж өгөхөөр гэрээтэй байсан. Гэтэл тухайн цаг хугацаанд төмөр замын вагоны сааталтай холбоотойгоор хэсэг хугацаанд саатал гардаг юм. Тэр хугацаанд нэхэмжлэгч компани өөрөө энэ 5700 тонн гээд байгаа маргаан бүхий төмрийн хүдрийг өөр уурхайд худалдаад, тухайн компанийн тээвэрлэх үйл ажиллагааны дундуур дураараа ороод, хоёр гурван гуравласан гэрээ контракт хийгээд, ингээд маргаан дагуулсан үйл ажиллагаа энэ төмрийн хүдрийг *** гэдэг компанид шилжүүлсэн. 2020 оны 01 сард ***-ийн эзэмшлээс бүр мөсөн энэ төмрийн хүдэр бол гараад явчихсан. Энэ компанийн хууль бус үйлдлээс улбаатайгаар манайд давхар вагоны 80 хэдэн сая төгрөгийн зардал давхар төлөгдөж хохирол учирсан. Энэ шийдвэр 2,3 жил үргэлжлээд 2024 оны 06 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдээд ***-д 86 сая төгрөгийг төгрөгийг гаргуул гэдэг шийдвэр гарсан. Мөн 5700 тонн төмрийн хүдрийг нь буцаад эзэмшилд нь шилжүүл гэдэг ийм шийдвэрүүд гарсан. ***-ийн буруутай үйл ажиллагаа, яг энэ 5700 тонн төмрийн хүдэртэй холбоотой гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлэхгүй байх гэдэг асуудал болоогүй юм. Нэхэмжлэгч компани өөрөө хэрэгт авагдсан шийдвэрүүд дээр дээр бүрэн тусгагдсан байдаг. Нэгэнт тээвэрлэгдэхгүй байна гэдгийг мэдээгүй, бид энэ компанийн тээвэрлэгдэхгүй байсныг судлаад ир гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон юм гэж байна. Ийм үйл баримт болоогүй. Энэ тээвэрлэхтэй холбоотой ***-тай холбоотой маргаан үүсээд явж байгаа гэдгийг нэхэмжлэгч компани мэдсэн. ***-ийн *** гэж нөхөрт итгэмжлэл олгоод энэ компанийн асуудлыг хөөцөлдөөд өгөөч ээ гэдэг зүйлүүдийг яриад өөрөө хутгалдуулсан үйл ажиллагаа явуулчихсан учраас энэ рүүгээ ингэж хүртэл оруулж байсан үйл баримт байдаг. Тэр нь шийдвэрт тусгагдсан байгаа. 2020 онд 5700 тонн төмрийн хүдэр бол ***-ийн мэдлээс бүр мөсөн гарч яваад Замын-Үүд дэх Сауд гэйтийн талбай дээр байршсан. Юунаас болж маргаан үүссэн юм бэ гэхээр вагоны төлбөрийг давхар төлүүлсэнтэй холбоотой манайх мөнгөө буцааж авахаар баталгаагаа хийх гэрээ хийгдээд мөнгийг ***-иар давхар төлүүлсэн үйл баримт болоод тэр мөнгөө буцааж өгөхгүй ***-ийг хохиролд оруулсан ийм үйл баримт байдаг юм. Өнөөдрийн байдлаар 5700 тонн төмрийн хүдэр манай эзэмшилд байхгүй, ирээгүй. Цаанаа маргаантай байгаа. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр манайд хүлээлгэж өг гээд шийдвэр гарсан байгаа боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэл хийгдэж байгаа боловч тэнд бас маргаан байгаа. Энэ маргаан өөрөө эцэстээ энэ нэхэмжлэгч компанитай салшгүй холбоотой ийм маргаан үргэлжлэхээр шинжтэй үйл баримт байгаа. Гуравдугаарт нь нэхэмжлэгч компани нэгэнт 5700 тонн төмрийн хүдэр маань тээвэрлэгдэхгүй боллоо гээд өөрөө зараад худалдаад дундуур нь ороод ийм байдал үүсгээд явчихсан. Нэгэнт үнэхээр эрх ашиг нь зөрчигдөөд 5700 тонн төмрийн хүдрээ авч чадахгүй боллоо гэх нөхцөл байдалд нэхэмжлэгч компани хутгалдаад явж байсныхаа тухайд *** бидний мэдэлд байсан үед нэхэмжлэл гаргаад шаардах эрхээ хэрэгжүүлээд явах бүрэн боломж байсан. Өөрөөр хэлэх юм бол 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2 сарын хугацаатай гэрээний хөөн хэлэлцэх хугацаа, өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн тухайд шүүхэд нэхэмжлэл гаргаад *** манай эрх ашиг сонирхлыг зөрчөөд, хохирол учруулчихлаа гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт өнөөдрийг хүртэл байхгүй. Бодит амьдрал дээр ч ***-ээс нэхээд явж байсан баримт байхгүй. Дараагийн шалтгаан нь энэ амнатын татварын асуудлыг ярьдаг юм. *** бол амнат төлөгч биш. Гаалийн хилээр аваад гарч байгаа компани өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 2019 он 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөлттэй холбоотой хамгийн гол нь татварын ерөнхий газар бол гаалийн хилээр гаргаж байхад гаалийн бүрдүүлэлт хийж байгаа компани дээр гаалийн бүртгэл үүсэж ***-ийн нэр дээр төмрийн хүдэр экспортолсон юм шиг мэдээллүүд агуулагддаг. Тэр утга дээр нь амнатын төлбөр тогтоосон. Тэгэхээр энэ 5700 тонн төмрийн хүдэр тээвэрлэгдэхгүй болтлоо өнөөдрийг хүртэл маргаан дагуулсан шалтгаан бол нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа. Бусдад дундуур нь орж зарж, өөр компанитай гэрээ хийж, хохирол үүсгэсний улбаанаас өнөөдрийг хүртэл явсан. Дээрээс нь 5700 тонн төмрийн хүдэр өнөөдөр манай эзэмшилд байхгүй, хүлээж аваагүй, хүлээлгэж өгөх боломжгүй байгаа. Мөн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тооцохоос хуульд зааснаас бусад эдийн болон бусад үүргийн харилцаа хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж тодорхойлоод хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гэж заасан. Өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгч компанийн шаардах эрх бол гэрээний хугацаа дууссан буюу 2019 оны 09 дүгээр сард дууссан. Үүнээс хойш үнэхээр шаардах эрхээ хэрэгжүүлээд авч чадахгүй гэх юм бол хуульд заасан гэрээний тусгай хугацааны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээд шүүхийн байгууллагад ***-ийг хариуцагчаар татаад энэ маргааныг шийдвэрлүүлээд явж байх боломжтой. Мөн ***-тай хэрэг дээр гуравдагч этгээдээр эрхээ хэрэгжүүлээд, манай эрх ашиг зөрчигдөөд байна гээд нэхэмжлэлийн шаардлага гаргаад ороод ирэх боломж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ компанийн 14,300 тонн төмрийн хүдэр хилээр гараад явчихсан. *** нь гаалийн ерөнхий газрын нэг лавлагаанд 2019 оны 10 сарын 20-ноос 2020 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 14,300 тонн төмрийн хүдрийг гаалийн хилээр тээвэрлэсэн байна гэдэг лавлагаа шүүхийн шийдвэрт үнэлэгдчихсэн байгаа. 5700 тонн төмрийн хүдэр бол яг эдний ***-тай гэрээ хийж хутгалдуулсан байдлаас нь үүдээд одоог хүртэл Замын-Үүд дэх сауд гэйтийн талбайд байгаа. Энэ маргаан шийдэгдэхгүй шүүхийн шийдвэр гарсан, өнөөдрийг хүртэл гүйцэтгэл хийгдээд явж байгаа боловч манай эзэмшилд шилжих боломжгүй ийм маргаан дагуулсан асуудлууд хэвээрээ байгаа. Манайх өөрөө санаачилгаараа ***-тай гэрээ байгуулаад, тэд нар луу хүлээлгэж өгөөд, сайн дураараа вагоны зардал мөнгө төлөөд явчихсан үйл баримт биш. Нэхэмжлэгч компанийн өөрийнх нь хүсэл сонирхол, өөрийнх нь хийсэн үйлдлийн дагуу явсан асуудал байна. Тэгээд 14,300 тонн төмрийн хүдэртэй холбоотойгоор өнөөдөр манайх дээр 460,000,000 төгрөгийн яг бодитой үндсэн татвар, нөхөн ногдуулалт болон алданги торгууль нийлээд хохирол учирчихсан байгаа. Энэ бүх л шийдвэрээр манайх тэр хохирлыг нэхэх гээд байгаа юм биш. Бусад компанийн юмнууд байгаа зөвхөн өөрт нь холбогдох хэсэг дээр нь тооцоолол хийгээд албан бичгээр бол шаардсан. Нэхэмжлэгч компанийн хувьд өөрөө дундуур нь баахан хутгалдаан хийгээд, будилаантуулчихсан учраас яаж ийгээд дээрэмдээд аваад гаръя л гэсэн санаа бодолтой харьцаж байгаа. Дээрээс нь гэрээг цуцлаад, одоо манайх ***-иар тээвэрлүүлэхгүй гэж ярьж байна. Гэрээний хугацаа бол дуусчихсан, нэгэнт дуусгавар болчихсон гэрээг цуцална гэдэг ойлголт хууль зүйн хувьд үндэслэлгүй. Өөрөө бусдад дундаас нь зараад, бусдын эзэмшил рүү шилжүүлчихсэн байж өнөөдөр ***-иас нэхээд орж ирж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4-7 дугаар тал /
Нэхэмжлэгчээс *** нарт олгосон итгэмжлэл /хэргийн 8-10 дугаар тал/
Гадаад шилжүүлэх хийх хүсэлт /хэргийн 11-14 дүгээр тал/
2024.06.25, ***-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 15 дугара тал/
2024.08.21-ний өдрийн №24/13 ***-ийн тайлбар /хэргийн 16 дугаар тал/
2019.07.26 Төмрийн хүдэр импортлох, тээвэрлэх гэрээ, гадаад шилжүүлэг хийх хүсэлт, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ, нэхэмжлэх, /хэргийн 39-61 дүгээр тал/ зэрэг баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 20 дугаар тал/
Иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 21 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 34-38 дугаар тал/
Монголын татварын албаны нэхэмжлэх /хэргийн 109-116 дугаар тал/
2024.11.20-ний өдрийн дугаар *** дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 117-126 дугаар тал/
2025.03.10, *** Дээд шүүхийн хянанлтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хэргийн 127-135 дугаар тал/ зэрэг баримтууд,
6. Шүүхээс бүрдүүлсэн
2023.12.11-ний өдрийн *** Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 63-71 дүгээр тал/
2024.06.11, *** Дээд шүүхийн хянанлтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хэргийн 72-80 дугаар тал/
2024.04.08, *** дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хэргийн 81-87 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч ...5700тн төмрийн хүдэр хүлээлгэн өгөхийг даалгах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй зөрчсөн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж хариуцагчид хохирол учирсан... гэж маргав.
3.Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2019 оны 07 сарын 26-ны өдөр Төмрийн хүдэр импортлох тээвэрлэх гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч буюу худалдан авагч *** хариуцагч буюу худалдагч ***-аас 20000тн төмрийн хүдрийг 1 тонн 18.26 ам доллар буюу 365 200 ам доллараар худалдан авах, худалдагч 20000тн төмрийн хүдрийг Монгол Улсын***-ын Эрээн хотын төмөр замын гаалийн хяналтын талбайд хүргэж хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ.
4.Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй.
5.Гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
6.Нэхэмжлэгч гэрээний үүрэг 20000тн төмрийн хүдрийн үнэ 365 200 ам долларыг хариуцагчид бүрэн төлсөн, хариуцагч гэрээний үүргээс зарим хэсэг 14300 тн төмрийг хүдрийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, 5700тн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.
7.Нэхэмжлэгч гэрээний үүрэг төмрийн хүдрийн үнийг бүрэн төлсөн учир хариу үүрэг үлдэх 5700 тн төмрийг хүдрийг хүлээлгэн өгөхийг шаардах эрх үүссэн.
8.Хариуцагч үлдэх 5700тн төмрийн хүдрийг гуравдагч этгээдтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан боловч тээвэрлэлтийн гэрээний талуудын хооронд маргаан үүсч, хариуцагч нэхэмжлэгч талтай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн байна.
9. 5700 тн төмрийн хүдэр буюу нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний зүйлийн талаар хариуцагч гуравдагч этгээдтэй маргаж шүүхийн эцсийн шийдвэр 2024 оны 06 сарын 11-ны өдөр гарсан, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчид утсаар болон биечлэн уулзаж шаардлага гаргаж байсан боловч хариуцагч тал хариу өгдөггүй, шүүхийн маргаан шийдэгдэх хүртэл хүлээцтэй хандсан гэх нэхэмжлэгчийн тайлбар татгалзлыг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
10.Мөн тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэгч гэрээнээс татгалзах санал хүргүүлснийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй саналыг хүлээн аваагүй болох нь хэрэгт авагдсан мэдэгдэл, түүний хариу бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй.
11.Худалдан худалдан авах гэрээний 1.6-д энэхүү гэрээ хэрэгжих хугацаа 45 хоног байна... гэж заасан ба хариуцагч 14300 тн төмрийг хүдрийг нэхэмжлэгч талд 2019.10.20-ны өдрөөс 2020.06.22-ны хооронд хүлээлгэж өгсөн нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хоёр сарын хугацаанд тээвэрлэхээр гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээний дагуу 14,300 тонн төмрийн хүдрийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 4 удаагийн ачилтаар тээвэрлэгдсэн... гэх хариу тайлбараар тогтоогдож байна.
12.Эдгээр үйл баримтыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх учир дахин нотлох шаардлагагүй гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
13.Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгэхэд хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх хариуцагчийн хариу тайлбар татгалзал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
14. 5700 тн төмрийн хүдэр хариуцагчийн эзэмшилд бодитоор байхгүй байгаа боловч гуравдагч этгээдэд 5700тн төмрийн хүдрийг хариуцагчийн эзэмшилд хүлээлгэн өгөхийг даалгасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учир нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний зүйлийг шаардах үндэслэлтэй.
15. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй учир 5700тн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
17.2024 оны 02 сарын 22-ны өдрийн нэхэмжлэгчээс *** нарт олгосон итгэмжлэл, 2025 оны 02 сарын 06-ны өдөр хариуцагчаас *** олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6-9,37 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 5700тн төмрийн хүдрийг нэхэмжлэгч ***-д хүлээлгэн өгөхийг хариуцагч ***-д даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ