| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0343/З |
| Дугаар | 128/ШШ2025/0386 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л******* ХХК /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Хяналт, шалгалтын газарт холбогдуулан барилга байгууламжид улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С /цахимаар/, А.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Л******* ХХК-ийн захиалгаар баригдсан барилга байгууламжид улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулах дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах зоорьтой 10 давхар, нийт 9 хэсэг блок барилгын 2 хэсэг болох 7, 8 дугаар блок барилгыг ашиглалтад оруулахаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажиллахаар хүрэлцэн ирсэн боловч ажиллахаас татгалзсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллахыг даалгах.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Л******* ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрийн үйлчилгээний Е-Mongolia системд хүсэлт илгээж Нийслэлийн хяналт, шалгалтын газрын дарга С.Т 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь гарч 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагт нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга О.О ахлуулсан улсын комиссын гишүүд ирж ажиллахдаа хурлын нарын бичгийн дарга Комиссын гишүүдийн нэр, албан тушаалыг буруу дуудсан гэх үндэслэлээр тухайн өдрийн комиссыг ажиллуулахгүй байхаар шийдвэрлэж, улсын комиссыг тарааж явуулсан. Дахин барилга ашиглалтад оруулах хүсэлтийг Л******* ХХК 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дахин төрийн үйлчилгээний E-Mongolia системд илгээж Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Э 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь гарч 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагт Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Б ахлуулсан улсын комиссын гишүүд ирээд барилгад комисс ажиллах боломжгүй гэж дүгнэн комисс ажиллахаас татгалзсан. Уг үйл баримтыг комиссын зүгээс Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3-т заасны дагуу шүүх эрх мэдлийн байгууллагад хандан шийдвэрлүүлж, комисс ажиллуулах хүсэлтийг дахин ирүүлэх нь зүйтэй гэж амаар тайлбарладаг. Л******* ХХК-ийн хувьд өнгөрсөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга О.О ахлуулсан улсын комиссын гишүүд ирж ажиллахад тус барилгад захиалагч иргэдийг оруулаагүй байсан ба тус өдрийн барилга ашиглалтад оруулах комисс ажиллахаас татгалзсан татгалзал нь барилгыг ашиглалтад авахад саад учруулах хууль зүйн үндэслэлгүй байсан. Иймд тус барилгад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс-ыг ажиллахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 9 блок барилгад улсын комисс ажиллуулж 7 блокийг Нийслэлийн Хяналт шалгалтын газраар дамжуулаад улсын комисс хүлээж авсан. Үлдсэн 2 блок буюу 7, 8 дугаар блок барилгын хувьд 2024 оны 06 дугаар сард ажилласан улсын комисс эс үйлдэхүй гаргаж, хууль зүйн үндэслэлгүйгээр ажиллахаас татгалзсан. 2024 оны 12 дугаар сард улсын комисс ажиллахад Барилгын тухай хуулийн 37.6, Засгийн газрын 212 дугаар тогтоолын 10.3-т заасан тухайн орон сууцанд оршин суугчид орсон гэсэн үндэслэлээр ажиллахаас татгалзсан. 2024 оны 06 дугаар сард ажилласан комисс тухайн үед барилгыг хүлээж авах бүрэн боломжтой байсан. 2024 оны 12 дугаар сард оршин суугчид орсонтой маргаан байхгүй. Тухайн оршин суугчид хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоод хүсэлтээ удаа гаргасан учраас барилгад оруулсан. Тухайн иргэд нь 2020 онд захиалга өгснөөс хойш буюу 4 жилийн хугацаанд нийтийн орон сууц, зочид буудал, хамаатан садныхнаараа түрээсэлж яваад хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан. Барилгын тухай хуулийн дагуу улсын комиссыг бүрэн ажиллах, тухайн комиссыг ажиллах нөхцөл байдлыг хангах нь бид нарын үүрэг. Холбогдох айлуудыг оруулсан гээд торгууль тавьсан тохиолдолд маргахгүй. Улсын комисс хүлээж авахгүй байгаа нь барилгын компани буюу Л******* ХХК-иас гадна Интер******* ХХК зэрэг гүйцэтгэгч компаниудын эрх ашиг хохироод, бусад захиалагчид төлбөр, мөнгөө авч чадахгүй, үйл ажиллагаагаа цааш явуулж чадахгүй нөхцөл байдал үүсгэж байна. Манайхаас зөрчлөө арилгуулаад улсын комиссыг ажиллуулъя гэдэг боловч шүүхийн шийдвэр гарсны дараа ажиллах боломжтой гэж тайлбарладаг. Комисс нэгэнт ирээд ажилласан бол ямар нэгэн акт, шийдвэрээ гаргаад өгөөч, энэ актыг үндэслээд зөрчлөө арилгаад дахиад хүсэлтээ гаргая. Үгүй бол гаргаад байгаа акт хууль бус байвал хууль бусаар тогтоолгоод дараа, дараагийн арга хэмжээ авъя гэдэг шаардлагыг хариуцагч талд удаа дараа тавьсан. Нэхэмжлэгч талаас баримт бичгийн бүрдлээ бүрэн хангасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч баримт бичгийн хувьд дутуу, зөрчилтэй байна гэдэгтэй маргахгүй байгаа учраас нэхэмжлэгч талаас улсын комисст барилга, байгууламж хүлээлгэж өгөхөд баримт бичиг бүрэн хангасан гэж үзэж байна. Тийм учраас улсын комиссыг ажиллахыг даалгаж өгнө үү гэв.
2.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эгаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 дугаар сард улсын комисс ажиллахад баримт бичгийн шалгалт хийгээгүй байж хариу тайлбартаа баримт бичгийн бүрдэл дутуу байсан учраас ажиллахаас татгалзсан гэж тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй. Үүнийг хариуцагч талаас нотлох ёстой боловч нотлоогүй. Манай компанийн зүгээс комисс ажиллахаас татгалзаад байгаа ямар нөхцөл байдлыг арилгавал баримт бичгийн зөрчилгүй байх гэдэг талаас удаа дараа очиж уулзаж байсан боловч тэмдэглэлээ танилцуулаагүй, манайд ажиллахгүй болсон шалтгаан баримт, бичгийн бүрдлийг ханга гэдэг албан даалгаврыг бичгээр гаргаж өгөөгүй. Айл оруулсан тохиолдолд танайх зайлшгүй шүүхээр шийдүүлнэ манай хэр хэмжээнээс хэтэрсэн гэдэг тайлбарыг өгсөн. 2024 оны 06 дугаар сард үндэслэлгүйгээр комисс ажиллахаас татгалзаад байгаа эс үйлдэхүйтэй маргаж байгаа гэв. 2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, А.Э нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Л******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороонд байрлах зоорьтой 10 давхар, 2 блок, үйлчилгээтэй орон сууцны зориулалтай барилгыг дууссан тул ашиглалтад оруулахаар холбогдох хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар албан бичгээр ирүүлсэн. Хүсэлтийн хүрээнд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан Барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас-ны дагуу 12 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад барилгыг ашигласан нь тогтоогдсон тул тус газрын хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/91 дүгээр албан бичгээр хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн. 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр комисс ажиллахад Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм-ийн 10.3-т Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж тус тус заасныг Л******* ХХК нь зөрчсөн байх тул тус газар нь хууль тогтоомжийн дагуу татгалзсан шийдвэр гаргасан. Түүнчлэн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр комисс ажиллахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.4-д заасан захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт-ийг танилцуулаагүй тул комиссын үйл ажиллагааг түр хойшлуулан шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь хууль бус захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй байхыг шаарддаг бөгөөд захиргааны байгууллагын татгалзал нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байдаг. Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн комисс ажиллахад Барилгын тухай хуулийн 48.5.4-д заасан захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг танилцуулаагүй тул комиссын үйл ажиллагааг түр хойшлуулж шийдвэрлэсэн. Комисс ажиллаагүй болохоор албан тушаалыг буруу, зөв хэлсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Мөн 6 сард комисс ажиллах ёстой байсан гэдэг үндэслэлээр эс үйлдэхүй гаргасан гэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Гэтэл 6 сард комисс ажиллаагүй эс үйлдэхүй гаргасан гэж нэхэмжлэгч тал маргаагүй. Хариуцагчийн хувьд 2024 оны 11, 12 дугаар сард ажилласан комисст холбогдуулан хариу тайлбараа гаргасан. Эс үйлдэхүй хууль бус байх тохиолдолд урьдчилсан нөхцөл яригдана. Тухайн Л******* ХХК нь барилгыг ашигласан, комисс ажиллах бэлэн байдлыг хангаагүй, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн учраас Хяналт, шалгалтын газар хуулийн дагуу улсын комисс ажиллуулаагүй. Тийм учраас хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Барилгын тухай хуулийн 37.6-д зааснаар комисс ажиллаагүй бол барилгыг ашиглахыг хориглодог заалттай. Тэгэхээр Нийслэлийн Хяналт шалгалтын газар хуульд заасан үндэслэлийн хүрээнд татгалзсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эс үйлдэхүй хууль бус байхыг шаарддаг. Мөн 106.3.4-д зааснаар эс үйлдэхүй хууль бус тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэдэг. Шүүхээс даалгаж шийдвэрлэсэн ч комисс ажиллахад айлуудаа гаргаад барилгаа бэлэн байдалд хүргүүлэх шаардлагатай байдаг. Дараа нь асуудал үүсэхэд том асуудал гарах магадлалтай учраас эдгээр асуудлуудыг харгалзаж үзэн шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчээс Нийслэлийн хяналт, шалгалтын газарт холбогдуулан шүүхэд Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Л******* ХХК-ийн захиалгаар баригдсан барилга байгууламжид улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулах дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах зоорьтой 10 давхар, нийт 9 хэсэг блок барилгын 2 хэсэг болох 7, 8 дугаар блок барилгыг ашиглалтад оруулахаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажиллахаар хүрэлцэн ирсэн боловч ажиллахаас татгалзсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээр тодруулсан тул шүүх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/204 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах нэгж талбарын , гэрчилгээний дугаартай, эзэмших эрхийн Э- дугаартай 10568 м.кв талбай бүхий газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар Л******* ХХК-д олгожээ.
3.Нэхэмжлэгч Л******* ХХК-иас дээрх газарт 10 давхар бүхий 9 блок барилга барих төслийг хамтран хэрэгжүүлэхээр А ХХК, Интер******* ХХК, ******* ХХК, Г ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ХАГ-2******* дугаартай Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
4.Улмаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ГБМЗХ2020/******* дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон БА-******* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг үндэслэн Л******* ХХК болон хамтран ажиллагч компаниуд 9 блок барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.
5.Үүнээс Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн БА-070/2022 дугаартай дүгнэлтээр 6 блок хүчин чадал бүхий 52 автомашины дулаан зогсоолтой, 25 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ./хх-23-27 дахь тал/
6.Нэхэмжлэгчээс гэрээний нэг тал болох гүйцэтгэгч Интер******* ХХК нь гэрээнд заасан маргаан бүхий 7, 8 дугаар блок барилгын ажлыг гүйцэтгэж чадалгүй өртөг, зардлыг буруу тооцоолон барилгыг барьж гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэж, санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон, энэ нь Ковид-19 цар тахлын үе нөлөөлсөн, улмаар гүйцэтгэгч нь санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэж барилгын ажлыг 2024 оны 06 сард бүрэн дуусгасан гэж тайлбарлах бөгөөд 7, 8 дугаар блок барилгад улсын комисс ажиллуулахыг даалгах шаардлагын хүрээнд маргаж байна.
7.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Л******* ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр Нийслэлийн хяналт, шалгалтын газарт хандан 7, 8 дугаар блок барилгад комисс ажиллуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 14-ний 12 цагт Л******* ХХК-ийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах үйлчилгээтэй 99 айлын 2 блок орон сууцад улсын комиссын ажиллахаар Хяналт, шалгалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарьт тусган баталжээ. /хх-20-24 дэх тал/
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр комисс ажиллахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.4-т заасан захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт-ийг танилцуулаагүй тул комисс түр хойшлуулсан гэх бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан тухайн үед маргаагүй байна.
9.Үүний дараа Л******* ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26 тоот албан бичгээр Нийслэлийн Хянал, шалгалтын газарт 7, 8 дугаар блок болон тус блокуудыг холбосон 18х18 хэмжээтэй үйлчилгээний төвийн барилгын ажил дууссан тул комисс ажиллуулах тухай хүсэлтийг дахин гаргаж, хавсралтаар 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 0006539 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, 2024 оны 03 дугаар сарын 22, оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтүүд, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Л******* ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны 7, 8 дугаар барилгын захиалагчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актыг хавсаргасан байна.
10.Хяналт, шалгалтын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий 7, 8 дугаар блок барилгад улсын комисс ажиллахаар төлөвлөжээ. /хх-11-13 дахь тал/
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагын мэргэжилтэн Н.Ж******* 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн 2 блок барилгад урьдчилсан үзлэг хийх явцад барилгын дотор айл орсон нөхцөл байдал илэрсэн бөгөөд энэ талаар Барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас-т /хх-171-173 дахь тал/ дүгнэж, зургаар баримтжуулсан гэж тайлбарладаг.
12.Улмаар захиргааны байгууллагаас Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн үндэслэлээр улсын комисс ажиллахаас татгалзсан гэх боловч албан ёсоор нэхэмжлэгч Л******* ХХК-д мэдэгдсэн баримт байхгүй байна.
13.Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад хандан 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *******дугаартай албан бичгээр төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05-******* дугаартай албан бичгээр шүүхэд хандах талаар хариу өгсөн байна.
14.Шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий 2 блок барилгад хийсэн үзлэгээр барилгын зарим тоотод айл оршин сууж байгаа болох нь тогтоогддог.
15.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах-аар, хүсэлтэд 48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, 48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт, 48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, 48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, 48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, 48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлтийг хавсаргасан байх бүрдүүлбэрийн шаардлагыг заасан байна.
16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг дээрх хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэр хангаагүй гэдэг үндэслэлээр бус ашиглалтад ороогүй байгаа барилгад айл оруулж, ашигласан нь тогтоогдсон тул комисс ажиллуулах боломжгүй, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэх тайлбарыг гаргадаг.
17.Иймд шүүх нэхэмжлэгч Л******* ХХК-иас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан дээрх баримт бичгийн бүрдүүлбэр нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэхэд дүгнэлт хийхгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага, нэхэмжлэгчийн гаргасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.
18.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
19.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасан хүсэлт, баримт бичгийн хянаж, Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 5.1-д заасан чиг үүргийн дагуу дүгнэлт гаргах ба мөн дүрмийн 7.1-д зааснаар комисс дүгнэлт гаргахын өмнө тухайн барилга байгууламжтай танилцан үзлэг хийж, зөрчил дутагдал илэрсэн бол түүнийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгөх зохицуулалтай байна.
20.Хэрэв улсын комисс хуульд заасны дагуу татгалзах үндэслэл тогтоогдвол татгалзсан шийдвэр гаргах эрхтэй, тухайн татгалзсан үндэслэлтэй холбогдуулан залруулах ямар ажиллагаа хийхийг нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байжээ.
21.Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагын мэргэжилтэн Н.Ж*******ийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тухайн 2 блок барилгад хийсэн урьдчилсан үзлэгээр барилгын дотор айл орсон нөхцөл байдал нь тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагаас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т заасан Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох зохицуулалтыг үндэслэн улсын комисс ажиллаагүй нь зөв байх боловч энэ талаар нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн барилгад улсын комисс ажиллуулах хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
22.Нөгөөтэйгүүр шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий 7, 8 дугаар блок барилгын зарим давхарт айл орсон байх боловч нэг давхрын үйлчилгээний төвийн үйл ажиллагаа явагдаж эхлээгүй, барилгад бүхэлдээ айл орж бүрэн ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагч захиргааны байгууллагаас улсын комисс ажиллуулах талаар шийдвэр гаргах боломжтой гэж үзлээ.
23.Иймд нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн хяналт, шалгалтын газарт гаргасан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах зоорьтой 10 давхар, нийт 9 хэсэг блок барилгын 7, 8 дугаар блок барилгад улсын комисс ажиллуулах хүсэлт-ийг шийдвэрлэж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллахыг даалгаж шийдвэрлэлээ.
24.Энэхүү шүүхийн шийдвэр нь хариуцагчаас улсын комисс ажиллах бэлтгэл ажлын хүрээнд илтгэх хуудаст дурдсан асуудлыг нэхэмжлэгч компани шийдвэрлэх, комисс ажиллуулахад бэлтгэл ажил болон холбогдох шаардлагыг хангасан байх зөвлөмжийг нэхэмжлэгчид өгөх, хэрэв маргаан бүхий 7, 8 дугаар блок барилга нь холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Л******* ХХК-иас Нийслэлийн хяналт, шалгалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Л******* ХХК-ийн захиалгаар баригдсан барилга байгууламжид улсын комисс ажиллуулж ашиглалтад оруулах дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах зоорьтой 10 давхар, нийт 9 хэсэг блок барилгын 2 хэсэг болох 7, 8 дугаар блок барилгыг ашиглалтад оруулахаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажиллахаар хүрэлцэн ирсэн боловч ажиллагаагүй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллахыг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ