Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2021/00891

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Агын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/00723 дугаар шийдвэртэй, Б.Агын нэхэмжлэлтэй “Э” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, М.Сандаг-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ага нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс “Э” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

 “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Э” ХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Б.Агатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дэх заалтыг тус тус үндэслэн салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр уг тушаалыг танилцуулсан.

Тухайн үед “Э” ХК нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг тогтоохдоо ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авсан байдаг. Б.Ага тухайн өдөр өөрийн шууд удирдлагаас чөлөө авсан бөгөөд түүнийг албадан ажлын байран дээр ирүүлсэн нь зөрчлийг үгүйсгэх нөхцөл юм.

Хариуцагч нэхэмжлэгчийг 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэсэн атал болж буй үйл явдал нь 07 дугаар сарын 12-ны өдөр болсон. Б.Агын согтуурлын зэрэг тогтоох ажиллагаа, хийсэн сорил зэрэг нь компанийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хориглох журмыг зөрчсөн.

Ашигласан багаж нь баталгаажуулалтад ороогүй, сорилоор тогтоогдсон түвшингүүд зөрүүтэй. Тэр өдөр ажиллаж, цалин хөлсөө авсан ба хотхоны журмаар харуул согтууруулах ундаа хэрэглэсэн бол нэвтрүүлэхгүй байх ёстой.

Иймд Б.Агыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ага нь салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасныг үндэслэн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Мөн өдрөөр ажил хүлээлцэх хуудсаар Б.Ага нь ажлаа хүлээлгэн өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4 дүгээр хэсэгт заасан дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална, 4.4.11-д ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх бол ноцтой зөрчилд тооцно гэж заасныг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан.

Б.Ага нь “Э” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь уурхайн салбарт ажиллаж байхдаа ноцтой зөрчил буюу улаан бүс буюу ногооны хүлэмжид ажлын цагаар цугларч, хорхог хийж идэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, тэндээсээ үргэлжлүүлэн нэр бүхий хүмүүсийн хамт улаан бүсээс зөвшөөрөлгүй гарч, орон нутагт суманд очин буудалд хоносон байдаг. 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн өглөө ажлын байранд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь шалгалтаар илэрсэн. Согтуурлын зэрэг нь 0,52 гэж гарсан ба өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Согтуурлын зэргийг нь холбогдох журмын дагуу өөрийн болон харуул хамгаалалтын компанийн багажаар тогтоосон, явцыг бичлэг хийж баталгаажуулсан. “Э” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 1.4-д Төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, спорт заал, агуулах, компанийн нэр дээр бүртгэлтэй болон гэрээт тээврийн хэрэгсэл зэрэг нь ажлын байранд тооцохоор заасан байдаг. Б.Агын улаан бүсээс гарч явсан, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажил үүргээ гүйцэтгэх гэж оролдсон байдлууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Агыг “Э” ХК-ийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Э” ХК-аас 29 563 107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Агад олгож,

Б.Агад олгох ёстой 29 563 107 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 305 766 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзээгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрт “2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Э” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын удирдлагын зүгээс улсын баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор хэлтсүүдэд мөнгө хуваарилан, ажилтнууд зохион байгуулалттайгаар хорхог хийж идэж, улмаар С.Шинэбаяр, Б.Ага, н.Лхагвадорж нар сумын Хүлэг гэх зочид буудалд очиж архи уусан, Б.Ага 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 04 цаг 30 минутын үед хотхондоо ирж амран, 09 цаг орчимд удирдлагаас дуудагдан ирж, согтуурлын зэргээ шалгуулсан байдлууд тогтоогдож байна” гэж тодорхойлсон хирнээ “Хариуцагч нэхэмжлэгчийг согтуурлын зэргийг зөвшөөрсөн гэх боловч тухайн үед Б.Агын бичсэн бичигт "... согтуурлын зэрэг шалгасан. Хэвийн байсан. 0,52” гэж бичсэн нь тэр өөрийн согтуурал, согтуурлын зэргийг хүлээн зөвшөөрснийг илэрхийлэхгүй байна”, мөн “Хариуцагч хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т зааснаар амрах байр нь ажлын байранд хамаардаг гэж тайлбарлах боловч ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирсэн гэдэг нь ажилтан ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор тайлбарлагдах учиртай юм” гэж тайлбарласныг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Э” ХК нь өөрийн эзэмшлийн буюу уурхайн хамаарал бүхий бүсэд согтууруулах ундааг хориглож, энэ талаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хориглох журам, хотхоны журамд тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч нь хотхонд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирж байрласан, ажлын байрандаа ажиллаж байх ёстой цагт салбарын удирдлага ажлын байранд нь дуудан ирүүлэх үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэрэг үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд ззасан ноцтой зөрчил мөн гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч өөрийн согтууруулах ундаа хэрэглэснийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж тайлбар бичиж, гарын үсэг зурсан байхад анхан шатны шүүх үгүйсгэн үндэслэлгүй гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Б.Ага үүрийн үед буюу 07 дугаар сарын 12-ны өдрийн 04 цаг 30 минутын үед хотхондоо ирж амран, 09 цаг орчимд удирдлагаас дуудагдан ирж, согтуурлын зэргээ шалгуулсан байдлууд тогтоогдож байна.” гэж тодорхойлсон хирнээ "... нэхэмжлэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.” гэж өөрийн тодорхойлсныг үгүйсгэсэн тайлбар хийж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж дүгнэсэн байх тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлсон ажлын байранд ирсэн тухай анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс хүргүүлсэн болон нэхэмжлэгч Б.Ага өөрөө хүлээн зөвшөөрсөн тухай нотлох баримт хавтаст хэрэгт байдаг. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр үгүйсгэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. “Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ага нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Ага нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хариуцагч “Э” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажиллаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар талууд маргаагүй ба тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

“Э” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 дугаар тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Э” ХК-ийн дүрмийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Хотхоны журмын 6.1.9, 6.1.10, 13.2, хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.11-т заасныг баримтлан Б.Агыг салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг зааж түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /1хх3, 18/

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчилд ногдуулах ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилгаараа цуцлах учиртай.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.4.11-д ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирсэн бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

Б.Агыг 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн ноцтой зөрчил гаргасан гэдгийг ажил олгогч тогтоосон байх ёстой.

 

Анхан шатны шүүх “2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Э” ХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын удирдлагын зүгээс улсын баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор хэлтсүүдэд мөнгө хуваарилан, ажилтнууд зохион байгуулалттайгаар хорхог хийж идсэн” гэсэн үйл баримтыг баримтад үндэслээгүй тогтоосон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй. Үйл баримтыг ингэж дүгнэсэн нь шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй юм.

 

Б.Ага 2020 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 04 цаг 30 минутын үед Цанхи хотхондоо ирсэн, 09 цаг орчимд удирдлагын дуудсанаар уурхайд ирсэн, түүний согтуурлын зэргийг шалгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тухай тэмдэглэл гэсэн баримтад Г.Ага нь 1 дүгээр сорилоор үр дүн “0,52”, 2 дугаар сорилоор үр дүн “0.69”, 3 дугаар сорилоор үр дүн “0,63” гарсан гэж тэмдэглэжээ.

 

Ажил олгогчоос ажилтны согтуурлын хэмжээг шалгахдаа Алкотест 6810 загварын AREB-1684 сериал дугаартай согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслээр 0.52 гэж, Чин хутаг өндөр ХХК-ийн эзэмшлийн, согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслээр 0,69, 0,63 гэж гарсан гэх тайлбар гаргасан.

Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10/896 тоот албан бичигт Алкотест 6810 загварын AREB-1684 сериал дугаартай согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгсэл нь 2019-2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүртэлх хугацаанд Улсын шалгалт баталгаажуулалтад хамруулахаар хүсэлт ирүүлээгүй, баталгаажуулалт хоорондын хугацаа 6 сар байх ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шалгалт баталгаажуулалтад хамруулан 00585 тоот гэрчилгээг олгосон гэх агуулга тусгагджээ. Иймд энэ хэмжих хэрэгсэл нь баталгаажсан гэж үзэхгүй тул уг хэрэгслээр  Б.Агын согтуурлын зэргийг тогтоохоор хийсэн сорил зөв гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй байна. /1хх210/

 

Мөн “Чин хутаг өндөр” ХХК-ийн эзэмшлийн, согтуурлын түвшин тогтоогч хэмжих хэрэгслээр Б.Агын согтуурлын түвшин 0,69, 0,63 гарсан гэж хариуцагч тайлбарласан ба мөн дээр дурдсан тэмдэглэлд энэ талаар тусгагдсан байна. Стандарт, хэмжил зүйн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10/896 тоот албан бичигтЧин хутаг өндөр” ХХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа 2 ширхэг алколайзер хэмжүүрийг улсын баталгаажуулалтад хамрагдсан эсэхийг архиваас шүүхэд хэмжих хэрэгслийн загвар, сериал дугаар зэргийг тодорхой бус байгааг дурдсан байх ба хариуцагч байгууллагаас уг зөрчлийг арилгаж, хэмжих хэрэгслийг бүртгэлжүүлж, баталгаажуулаагүй байна. Түүнээс гадна  уг хэмжих хэрэгслийн заалтыг баталгаажуулахаар хариуцагч байгууллага нь бичлэг үйлдсэн бөгөөд уг бичлэгт   анхан шатны шүүх  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн байна. Үзлэгийн тэмдэглэлээс үзвэл  “бичлэг 04 гэсэн нэр бүхий файлыг тоглуулахад харуул хамгаалалтын ажилтан Б.Агад Fuel cell technology гэх бичвэрт бүхий аппаратаар үлээлгэхэд 0,063 гэсэн заалт гарч байх ба үүнийг харуул хамгаалалтын ажилтан баталгаажуулж зураг авч буй бичлэг байв” гэж, “бичлэг 05 гэсэн нэр бүхий файлыг тоглуулахад харуул хамгаалалтын ажилтан Б.Агад Fuel cell technology гэх бичвэрт бүхий аппаратаар үлээлгэхэд 0,069 гэсэн заалт гарч байв” гэж тусгагджээ. Дээрхээс дүгнэвэл “Чинхутаг өндөр”ХХК-ийн эзэмшлийн хэмжих хэрэгслээр ажилтны согтуурлын түвшин зөрүүтэй гарсан, баталгаажаагүй хэмжих хэрэгсэл ашигласан байна.

 

Иймд Б.Агыг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэх зөрчлийг гаргасан гэдгийг ажил олгогч олж тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Түүнчлэн Б.Агаас зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тодорхойлолтыг үйлдэж ажил олгогчид өгсөн гэх байдлыг ажил олгогчоос ажилтны зөрчлийг олж тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Уг тодорхойлолтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд ажил олгогч ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааг ажлын 181 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29 563 107 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2021/00723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА