Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/49

 

 

Д.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,  

шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Э.Ганбат, З.Хүрэлсүх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга,   

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Д.Тд холбогдох 2308000001057 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Т

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 591 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 247.500 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан;

Д.Т 2023 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00-000 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...хамтран амьдрагч Ө.А-тай бэлгийн харьцаанд орохыг оролдсон...” гэх шалтгаанаар амь хохирогч Г.Быг гар болон хөлөөрөө цохиж зодон түүний биед “баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт” бүхий олон тооны гэмтэл учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Д.Тын үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хэрэгт ирүүлсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.     

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт тогтоогдож буй үйл баримтаар Д.Т нь хардалтын улмаас олон тооны гэмтэл учруулж буюу амь хохирогчийг тарчлаан зовоосон, олон тооны хавсарсан хүнд гэмтлүүдийг учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад дан ганц санаа зорилго байгаагүй гэсэн учир дутагдалтай дүгнэлтийг хийж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн. Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон хэрэгт оролцох эрхийг Г.Б- нь төрсөн эхээс олгогдсон итгэмжлэлийн хүрээнд авсан байдаг бөгөөд үүнтэй холбоотой бичгийн бусад нотлох баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байхад баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Д.Таас гаргахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1303 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учраас прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан хэргийг зүйлчлэлийг өөрчлөхдөө Улсын Дээд шүүхийн 564 дүгээр тогтоолд онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг тайлбарласан тайлбарыг үндэслэсэн нь хуульд нийцсэн. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүдээс үзэхэд гэмтлүүд түүний биеийн нэг талд буюу баруун талд байрласан байдаг. Хавирга гэмтэхэд хавирганы цаана байгаа уушги гэмтэнэ. Харин доод талын хавирга гэмтэх үед элэг гэмтсэн. Энэхүү нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэн. Шинжээчийн дүгнэлтэд “Элэг, уушги гэмтсэн боловч цус алдалтын хэмжээ бага байсан. Үүний улмаас амь хохирогч удалгүй нас барсан” гэж тайлбарласан. Мөн хэрэгт тухайн үед Д.Т ямар үйлдлүүдийг яаж хийсэн талаар тодорхой мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг байхгүй. Гэрч А “би яаж цохиж зодож байгааг нь хараагүй. Тухайн үед би нөгөө өрөөнд байсан” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Д.Т нь маш их харамсаж, гэмшдэг боловч тухайн үед ямар үйлдлүүдийг яаж хийсэн болохоо дэс дараалалтай санадаггүй. Эмгэг болгон олон улсын өвчний ангилал кодтой. Тухайлбал, сэтгэцийн өвчний эмгэг F1, F42 гэх мэт кодтой байдаг. Өөрөөр хэлбэл, бие даасан өвчин эмгэгийн байдал тогтоогдсон тохиолдолд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах асуудал яригдана. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-д гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эгч Г.Б- оролцсон. Гэтэл амь хохирогчийг төлөөлөх эрхтэй, түүний төрсөн насанд хүрсэн 2 хүүхэд байдаг. Эдгээр хүмүүсээс ямар нэгэн итгэмжлэл, хууль ёсны төлөөлөгчөөр томилогдох эрх авсан зүйл тогтоогдоогүй. Харин амь хохирогчийн төрсөн эхээс нь итгэмжлэл авсан гэдэг. Иймд анхан шатны шүүхээс өв залгамжлалтай холбоотой бүрэн төлөөлөх эрхийн талаар нотлох баримт хэрэгт бүрэн цуглараагүй байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хуульд нийцсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо “Шүүхээс шүүгдэгч Д.Тын үйлдэлд олон тооны гэмтэл учруулах санаа зорилго бүхий хүсэл зоригийн шинж тогтоогдоогүй байх тул ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, амь хохирогчийн хууль ёсны өв залгамжлалтай холбоотой болон бүрэн төлөөлөх эрхийн талаарх нотлох баримт байхгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн” гэж дурдсан. Гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийсэн. Уг шүүх хуралдаанаар “хэрэгт авагдсан гэмтлийн зэрэгтэй холбоотой дүгнэлтүүд дутагдалтай байна. Нэмж хийх зүйл байна” гэх асуудал яригдсан. Иймд шүүх хуралдаанд шинжээч эмчийг гэрчээр оролцуулж дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд сэтгэцийн дүгнэлт гаргасан эмч н.Баттулга, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээч эмч н.Нансалмаа нар оролцсон бөгөөд эдгээр эмч нараас хэрэгт ач холбогдолтой зарим зүйлүүдийг хангалтай тодруулж, асуусан. Улсын Дээд шүүхийн 558 дугаар тогтоолын тайлбарт “онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэдэг ойлголт нь 2 нөхцөл байдлын нийлбэр байх ёстой. Энэ нь дан ганц олон тооны хохирол, шарх гэмтлээр яригдахгүй. Хамгийн гол нь хүсэл зоригийн шинж буюу хохирогчийг шаналгаж үхэлд хүргэж байгаа шинж нь заавал нотлогдсон байх ёстой.” гэж тайлбарласан байдаг. Энэ агуулгын хүрээнд анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн. Хүсэл зоригийн шинж энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хуульд заасан ялыг оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.  

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд өв залгамжлалтай холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                               ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Тд холбогдох 2308000001057 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Д.Т 2023 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00-000тоотод орших өөрийн амьдарч байсан гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...хамтран амьдрагч Ө.А-тай бэлгийн харьцаанд орохыг оролдсон...” гэх шалтгаанаар Г.Быг гар болон хөлөөрөө цохиж зодож, Г.Бын биед “...баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт...” гэсэн гэмтлийг учруулснаас Г.Бын амь нас хохирсон болох нь:

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “...би Б гэх хүнийг алчихлаа...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан СХДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 2/,

гэрч Ө.А-гийн: “...Г.Б гэх хүнийг танихгүй, өчигдөр л анх удаа харсан. ...бид гурав авч ирсэн архийг нь хувааж уугаад хамтран амьдрагч 17 цаг өнгөрч байхад түрүүлээд тасраад унтаад өгсөн. Унтаж байгаад хүн оролдоод байх шиг болохоор нь сэрсэн чинь Б гэх ах миний дотуур хувцас, өмд зэргийг тайлаад доогуураа нүцгэн болчихсон, өөрөө миний өөдөөс харчихсан диван дээр сууж байхаар нь би “ямар заваан, бузартай амьтан бэ” гэж хэлээд өөрөөсөө түлхэж холдуулаад байж байтал хамтран амьдрагч Д.Т хараад босож ирээд Б буюу Б гэх ахтай маргалдаж, муудалцаад, хэрүүл маргаан хийж байгаад гал тогооны өрөөнд зодолдоод байсан. Би хувцсаа өмсөөд босоод хартал Б гэх ах газар хэвтчихсэн байхаар нь би “хүн аллаа ш дээ, чи болиоч” гээд хамтран амьдрагч Д.Тд хэлсэн чинь надад юм хэлэхгүй, их бухимдсан, уур нь хүрсэн байдалтай байсан. Намайг харахад хамтран амьдрагч Д.Т гутлаа өмсчихсөн, өшиглөсөн бололтой байсан. Б гэх ах ухаан алдчихсан байдалтай, царай нь хөхөрчихсөн байхаар нь би Д.Тд хандаж “үхчихсэн юм биш үү, царай нь сонин болчихсон байна” гэж хэлээд, би “гэрт үхсэн хүн байлгамааргүй байна, би айгаад байна” гээд хэлэхэд Д.Т гэрийн урагшаа байшингаас 50-60 гаруй метр зайд хашаан дотор аваачиж гаргасан. ...Надтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Бэлгийн харьцаанд орох гэж байсан байх л гэж бодож байна. Миний өмд, дотуур хувцас хоёрыг тайлаад тавьчихсан байсан. Миний бэлэг эрхтэн рүү гар, хуруу болон бусад эд зүйл хийсэн зүйл байхгүй...” /1-р хх-ийн 41-43/,

гэрч Д.Б-гийн: “...2023 оны 5 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад баруун хашааны залуу Түвшинжаргал эхнэр бид хоёрыг ажилдаа явах гээд байж байсан чинь орж ирээд надаас тамхи асуусан. Тэгэхээр нь би тамхи өгсөн чинь надаас 5 ширхэг тамхи аваад би одоо цагдаа явах гэж байна. Би Б ахыг алчихлаа, ...цагдаа явлаа гээд яваад өгсөн...” /1-р хх-ийн 45-46/,

гэрч Н.Э-ийн: “...манай нөхөр тамхинаасаа өгсөн чинь 5 ширхэг тамхи аваад би одоо цагдаа явах гэж байна, би урьд шөнө Б ахыг алчихлаа гэж хэлсэн...” /1-р хх-ийн 48-49/,

Д.Тын яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Б ах бид хоёр манай гэр рүү ороход хамтран амьдрагч Ө.А- гэрт ганцаараа намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд бид гурав Б ахын бариад явж байсан хуванцар савтай 0.75-ийн цагаан архи байсныг хувааж уусан. Би тухайн архинаас жижиг шаазан аягаар хоёр удаа хийж уусан. Тэгээд нойр хүрээд өөрийнхөө сууж байсан орон дээр унтаад өгсөн юм. Ө.А-, Б ах хоёр юм яриад суугаад үлдсэн. Намайг унтаж байхад ханиа, ханиа гээд А дуудахаар нь сэрсэн чинь А доогуураа өмдгүй, хувцасгүй шалдан ор нь дээрээ дээшээ харчихсан хөл гараараа цааш нь түлхсэн байдалтай, харин Б ах дээрээс нь дарчихсан байдалтай байж байсан, эхнэр ямар заваан юм бэ энийг аваач ээ Б ах ингээд байна гэж хэлсэн. Тэгээд би босож ирээд Б ахтай барилцаж аваад хажуунаас А чи болиоч Б ахын нүүр царай хөхөрчихлөө гэж хэлээд А миний гараас татсан. Тэгээд харсан чинь Б ахын царай нь эвгүй болсон байсан. Би тэрхэн зуур юу болсноо сайн санахгүй байсан, эхнэр А үүдний айл руу очиж цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн гэсэн. ...” /1-р хх-ийн 196-197/ гэх мэдүүлгүүд,  

2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-21/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 6 дугаар сарын 16-ны 1491 дугаар: “...1. Г.Бын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг, чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл ба баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг, чамархайд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий ташаа, хоёр өвдөгт, цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3. Талийгаач нь зүрхний булчингийн архаг цус хомсрох өвчин, мөн элэг, нойр булчирхайн архаг үрэвсэл өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. 4. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис байна. 5. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. 6. 2023 оны 5 дугаар сарын 27-ны 14:30 цагт үзлэг хийхэд нас бараад 16-18 цаг болсон байна. 7. Цус нь АВО системээр 3-р бүлэг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 51-56/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2628 дугаар: “...ХГҮ-ээр хураан авсан гэх Д.Тын өмсөж байсан гэх хөр өнгийн богино түрийтэй ботинк дээр цус илэрсэн...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 71-72/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 531 дүгээр: “...Д.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед болон хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх баримт шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Т нь хэрэг үйлдэгдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна. Д.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хамтран амьдрагч Ө.А-тай бэлгийн харьцаанд орохыг оролдсон” гэх шалтгаанаар Г.Быг гар болон хөлөөрөө цохиж зодон биед нь “...баруун талын 2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р хавирганы дан болон давхар хугарал, баруун уушгины авчийлт, цээжний баруун хөндийд хий хуралдалт, баруун уушгины дээд болон доод дэлбэнд шарх, баруун доод дэлбэнд уушгины эдийн няцрал, элэгний баруун дэлбэнгийн няцрал, задрал, хэвлийн хөндий дэх цус, баруун бөөрний өөхлөг, чацархайд цус хуралт, дагзны баруун дэлбэнгийн аалзан хальсан доор голомтлог цус харвалт, баруун чихэнд шарх, зүүн дээд зовхи, баруун шанаа, эрүү, зүүн бугалга, зүүн бугуй, зүүн сарвуу, цээж, хэвлий, зүүн ташаа, хоёр өвдөгт цус хуралт, дух, зүүн дээд зовхи, зүүн шанаа, нуруу, ахар сүүлэнд зулгаралт...” гэсэн гэмтлийг учруулснаас Г.Бын амь нас хохирсон...” байх ба Г.Т-ын Г.Б-ыг зодож амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүнийг алсан...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.   

Анхан шатны шүүх Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, түүнд тус зүйл хэсэгт заасан “...найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хорих ялыг 9 жилийн хугацаагаар оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга нь “...хэрэгт тогтоогдож буй үйл баримтаар Д.Т нь хардалтын улмаас олон тооны гэмтэл учруулж буюу амь хохирогчийг тарчлаан зовоосон, олон тооны хавсарсан хүнд гэмтлүүдийг учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байхад дан ганц санаа зорилго байгаагүй гэсэн учир дутагдалтай дүгнэлтийг хийж хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь, сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Д.Таас гаргахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Т нь тодорхой сэдэлттэйгээр Г.Быг санаатайгаар зодсон, тус зодолтын улмаас учирсан гэмтлийн шалтгаантайгаар Г.Б тухайн цаг хугацаанд нас барсан болох нь тогтоогдож байна.

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдгийг зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учирсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд Б.Тын үйлдэлд хохирогчийг тарчлаах болон зовж шаналгаж үхэлд хүргэх зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, мөн амь хохирогчийг зодох үйлдлийнхээ харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Д.Тын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн...” гэж зүйлчилснийг хүндрүүлэх шинжгүйгээр “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэж мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгон хөнгөрүүлэн зүйлчилсэнийг үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлсэн...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч төлсөн байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн өвчлөл, эмгэг өвчин зэргийн талаар нотлох баримт хэрэгт байхгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлтгүй байх тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан сэтгэл зүйн хохирол, хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, анхан шатны шүүхийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисныг үндэслэлтэй гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн “...сэтгэл санааны хохирлыг шийдвэрлээгүй...” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дан ганц энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон Г.Б-гийн нэрийг зааж шийдвэрлэснийг энэхүү “Хүнийг алах” гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг хүлээсэн хохирогч нарын нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээн зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй холбоотой зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Т нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс магадлал гарсан 2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 62 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулж тооцов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/1303 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарсан зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг...” гэснийг “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг...” гэж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ