Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Т.Отгонтөгс,

Хохирогч Д.Т,

Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрвээгийн С-д холбогдох 1808004790160 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Пүрвээгийн С /РД:../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

            1.1.Хохирогч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Миний бие хувиараа өөрийн эзэмшлийн 80-61 УНТ улсын дугаартай соната-2 маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтод таксинд явдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед таксинд яваад байж байтал миний машинд өмнө нь хамт таксинд явдаг байсан С гэдэг залуу 1 найзтайгаа хамт орж ирээд хүргээд өг гэж хэлээд суусан юм. Тухайн үед С болон найз залуу нь халамцуу байсан, тэгээд Сыг гэр рүү нь хүргэж өгөх гээд Толгойтын 99 дүгээр гудамжинд явж байтал араас толгойн ар хэсэг рүү С юугаар цохисныг мэдээгүй, ямар ч байсан хатуу зүйлээр дэлсээд авсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэж хэлээд машинаа зогсоогоод буугаад Сыг барьж автал С миний нүүр рүү дух хэсгээрээ мөргөсөн, тэгээд бид 2 зууралдаад, тэр хоёр жоохон холдоход нь би машинаа асаагаад яваад өгсөн. ... хохиролд нийт 220,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ 

 

1.2.Шүүгдэгч П.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай гэрт Архангай аймгаас найз Ганбаатар гэр бүлийн хамт ирсэн. Тэгээд би найз Ганбаатартай уулзаж ярилцахаар нэг, нэг шил 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уугаад, дэлгүүр орж архи авахаар найз Ганбаатарын хамт 23 цаг өнгөрч байхад гарсан. Ганбаатар бид 2 Толгойтын “Цэнхэр” дэлгүүр ороод 2 литрийн 2 ширхэг Нийслэл нэртэй пиво аваад “Цэнхэр” дэлгүүрийн үүднээс таксинд суусан юм. Таксины жолоочыг би танидаг. Өмнө нь “Цэнхэр” дэлгүүрийн орчим таксинд явдаг байхдаа танилцаж байсан Төрөө ахын машинд суусан, гэтэл манай гэрийн урд талын гудамжаар ороод явсан, тэгэхээр нь та яагаад өөр гудамжаар орчихвоо гэсэн чинь “би танайхыг мэдэхгүй ш дээ” гэж хэлснээс болоод Төрөө ах бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд Төрөө ах бид 2 бие биенээ хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгнүүд 2 биендээ хэлсэн, тэгээд би толгойн дагз хэсэг рүү нь барьж байсан гар утсаараа 2 удаа цохисон, намайг цохих үед Төрөө ах машинаа зогсоогоод бууж ирээд бид 2 барьцалдаж аваад ноцолдож байгаад газар унахдаа би Төрөө ахыг доороо хийгээд унасан чинь хамар нь халцарчихсан юм. Тэгсэн найз Ганбаатар төрөө ах бид 2-ыг салгаад би Ганбаатарын хамт гэр рүүгээ явсан. ... хохиролд 220,000 төгрөг төлсөн, гэм буруу дээр маргахгүй ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

  

1.3.Гэрч П.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн эгч Дуламсүрэнгийн гэрт баяр болж байна гээд хоол унд идэж уугаад он гарахаас өмнө гэртээ ирсэн. Тэгсэн чинь аавын гэрийн гадаа 1 машин аймаар хурдтай давхиж ирээд Батсүх хаана байна ална гээд Төрөө гэдэг “Цэнхэр” дэлгүүрийн орчим таксинд явдаг ах орилсон. Тэгэхээр нь “яасан, юу болсон бэ” гэсэн чинь Батсүх хаана байна гэж асуусан. Би мэдэхгүй гэсэн чинь толгой руу цохичихлоо гэж хэлсэн. Төрөө ах өөрөө согтуу бас 1 согтуу хүнтэй хамт машинаас бууж ирсэн, машиныг нь бас 1 өөр хүн барьж явж байсан. Манай аавын гудамж нь гэрэлтэй болохоор тухайн гэмтэл шархыг харах үед их цус гарч гэмтсэн гэж харагдаагүй. Би хойшоо ах Сын гэр рүү ороод аавын хашааны гадаа Төрөө ах толгойгоо цохиулсан гээд С ахыг ална гэж хашгираад гудамжаар машинтай давхиад байна гэж бэр эгч Оюунчимэгт хэлсэн. Би тэгээд гэртээ орсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

1.4.Шинжээчийн 952 тоот дүгнэлт

1.Д.Тын биед тархи доргилт, дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16 х/

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2006 онд би анх Стай танилцаж байсан юм. Тэгээд 2007 оны 09 дүгээр сарын 28-нд хурим хийгээд 1 гэрт орж байсан. гэр бүл болоод 11 жил болж байна. 2 хүүхэдтэй, том нь охин, бага нь хүү. Манай нөхөр С нь төлөв даруу, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхдээ ууж байгаад тасраад уначихдаг, архи сайн ууж чаддагүй, илүү дутуу ааш зангүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 х/

2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27 х/

2.3.П.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 30 х/

 

Гурав:Хохиролын талаарх нотлох баримтууд.

3.1.Хохирлын мөнгө төлсөн баримт /хх 32 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар.

П.С нь архидан согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөний 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэнхэр” дэлгүүрээс Д.Тын таксигаар гэр рүүгээ хүргүүлэх замдаа “өөр гудамж руу орлоо” гэж уурлан түүний толгойн ар дагз хэсэг рүү нь гар утсаараа цохиж, улмаар машинаа зогсоогоод буух үед нь барьцалдаж авч газарт хамт унахдаа толгой хэсэг рүү нь мөргөж Д.Тын эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт”  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Д.Тын “... 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед таксинд яваад байж байтал миний машинд өмнө нь хамт таксинд явдаг байсан С гэдэг залуу 1 найзтайгаа хамт орж ирээд хүргээд өг гэж хэлээд суусан юм. ... Сыг гэр рүү нь хүргэж өгөх гээд Толгойтын 99 дүгээр гудамжинд явж байтал араас толгойн ар хэсэг рүү С юугаар цохисныг мэдээгүй, ямар ч байсан хатуу зүйлээр дэлсээд авсан. Тэгээд яаж байгаа юм бэ гэж хэлээд машинаа зогсоогоод буугаад Сыг барьж автал С миний нүүр рүү дух хэсгээрээ мөргөсөн, ...” гэх мэдүүлэг /хх 8-9 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ 

Шүүгдэгч П.Сын  “... найз Ганбаатарын хамт 23 цаг өнгөрч байхад гарсан. Ганбаатар бид 2 Толгойтын “Цэнхэр” дэлгүүр ороод 2 литрийн 2 ширхэг Нийслэл нэртэй пиво аваад “Цэнхэр” дэлгүүрийн үүднээс таксинд суусан юм. Таксины жолоочыг би танидаг. ... Төрөө ахын машинд суусан, гэтэл манай гэрийн урд талын гудамжаар ороод явсан, тэгэхээр нь та яагаад өөр гудамжаар орчихвоо гэсэн чинь “би танайхыг мэдэхгүй ш дээ” гэж хэлснээс болоод Төрөө ах бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд Төрөө ах бид 2 бие биенээ хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй үгнүүд 2 биендээ хэлсэн, тэгээд би толгойн дагз хэсэг рүү нь барьж байсан гар утсаараа 2 удаа цохисон, намайг цохих үед Төрөө ах машинаа зогсоогоод бууж ирээд бид 2 барьцалдаж аваад ноцолдож байгаад газар унахдаа би Төрөө ахыг доороо хийгээд унасан чинь хамар нь халцарчихсан юм. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25, шүүх хуралдааны тэмдэглэлээс/  

Гэрч П.Батцэцэгийн “... аавын гэрийн гадаа 1 машин аймаар хурдтай давхиж ирээд С хаана байна ална гээд Төрөө гэдэг “Цэнхэр” дэлгүүрийн орчим таксинд явдаг ах орилсон. Тэгэхээр нь “яасан, юу болсон бэ” гэсэн чинь С хаана байна гэж асуусан. Би мэдэхгүй гэсэн чинь толгой руу цохичихлоо гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 х/

 

Шинжээчийн 952 тоот дүгнэлт

1.Д.Тын биед тархи доргилт, дагзны хуйх, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Шүүгдэгч П.Сын “...хохиролд 120,000 төгрөг төлсөн баримт /хх 32 х/, хохирогч Д.Тын “...хохиролд нийт 220,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр шүүгдэгч нь бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

                         Эрүүгийн хариуцлагын талаар.

            П.С нь бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт 220,000 төгрөгийг өөрийн сайн дураар төлсөн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдалд хамаарч байгаа, ял хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаа, учруулсан хор уршгийн хувьд их биш, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан П.С-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

             

                          Бусад асуудлын талаар.

              Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Пүрвээгийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг П.С-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.С-д мэдэгдсүгэй. 

 

5.П.Сын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 220,000 төгрөг бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ