| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/06689/И |
| Дугаар | 192/ШШ2025/01732 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/01732
2025 03 07 192/ШШ2025/01732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Т.Ариунболд, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б
Хариуцагч: Х
Гэм хорын хохиролд 46 985 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч С.Э
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М
хариуцагчийн төлөөлөгч Т.М
хариуцагчийн өмгөөлөгч Б.М
шинжээч эмч Ц.Г
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* хариуцагч ********* ХХК-д холбогдуулан Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 46 985 000 төгрөг гаргуулахаар шаардсан.
1.1 Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч компани дээр ********* эмчийн үзлэг хяналт дор доод зовхины /tear drop/ хонхорхойг дүүргэх зорилгоор доод зовхины хэсэгт CRYSTALYS тарилгыг хийлгэсэн. Уг тарилгыг хийлгэснээс хойш нүүр хавагнаж, 2 хацар илүү том болж, харагдах байдлаасаа маш муухай болж эхэлсэн тул яаралтай арга хэмжээ авч өгнө үү хэмээн удаа дараа хандсан боловч одоогоор тарилга дууссан дараа сард ирнэ гэх мэтээр янз бүрийн шалтаг шалтгаанаар удаа дараа олон удаа хойшлуулж байсан. Түүнчлэн миний бие дор дурдсан хугацаанд дараах үнийн дүн бүхий эмчилгээг мөн эмнэлэг болон ********* арьс гоо заслын эмнэлэгт хийлгэж байсан. Үүнд: 2019.11.02-ны өдөр CRYSTALYS тарилгыг хийлгэхэд 585 000 төгрөгийг хариуцагч захирал *********ийн *********ий Хас банкны ********* тоот дансруу шилжүүлсэн. Хариуцагч нь удаа дараа шалтаг шалтгаан тоочин нэхэмжлэгчийн нүүрний хэсэгт бий болсон маш муухай өөрчлөлтийг эмчилж өгөхгүй байсны улмаас арга буюу ********* aрьс гоо заслын эмнэлэгт эмчилгээ хийлгэсний зардал болох 2020.06.27-ны өдөр 1 100 000 төгрөг, 2022.04.07-ны өдөр 200 000 төгрөг, 2022.11.19-ний өдөр 560 000 төгрөг буюу 1 860 000 төгрөгийг тус эмнэлгийн холбогдох данс руу хийсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тус Filler-г хайлуулах тариаг хариуцагч байгууллага хийж өгөхгүй байсны улмаас удаа дараа арга буюу Монголдоо хийлгэсэн боловч хайлаагүй буюу үр дүн гараагүйн дээр үрэвсэл үүссэн хэвээр байсан. Шалтгаан нөхцөл нь хариуцагч байгууллагад анх хийлгэсэн CRYSTALYS тарилга нь хайлдаггүй хүний биед сөрөг нөлөө бүхий тарилга байсан. Түүнээс хойш миний нүүрэн дээр үүссэн үрэвсэл үе үе идээлсээр байсан тул хариуцагч байгууллагын захирал эмч Б.*********тэй удаа дараа холбогдоход тэрээр хэд хэдэн антибиотек эмчилгээг санал болгосон ба түүний зөвлөснөөр уг антибиотик эмчилгээг / клиндамицин, доксициклин гэх / удаа дараа хийлгэснээс гадна зайлшгүй шаардлагатай гэх аппаратанд бас орсон. Гэвч үр дүн гараагүйн дээр харин ч эсрэгээрээ хатуу сорвинууд тарилгыг хийлгэсэн хэсэгт үлдсэн. Миний бие маш их гомдолтой байгаа бөгөөд хариуцагч байгууллагын захирал Б.*********ий зөвлөж хэлсний дагуу л арга хэмжээнүүдийг авсаар ирсэнийг нотлох баримт болох бидний хоорондын харилцан зурваснууд миний утсанд хадгалаастай байгаа болно. Мөн миний бие хариуцагч байгууллагын хариуцлагагүй, хайхрамжгүй эмчилгээний үр дүнг тус байгууллага өөрсдөө эмчилж өгөхгүй байсан тул арга буюу хэд хэдэн эмч, эмнэлгийн байгууллагуудтай уулзсан. Тухайлбал "Перфект" хүзүү, толгой нөхөн сэргээх мэс заслын эмнэлэгт хандсан. Гэтэл надад архаг үрэвсэл дарагдаж, сорви зөөлөртөл нь хүлээх нь зүйтэй. Сорви нь сайтар зөөлөрсний дараа хонхорхойг мэс заслаар засч болох эсэхийг шийднэ. Мэс засал хийгдсэний дараа сорви үлдэнэ гэдгийг ойлгуулсан. Энэ талаар үзлэг хийсэн тухай товч тэмдэглэлдээ тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл эндээс уг CRYSTALYS тарилга болон түүнээс үүдэлтэй уг сөрөг нөлөөний улмаас үүссэн хонхорхойг Монгол Улсын эмнэлгүүд эмчилж чадахгүйн дээр, мэс заслаар шийдэхээс өөр арга байхгүй болсон тул миний бие Бүгд найрамдах Солонгос Улсын ***** гоо сайхны эмнэлэгт хандан 2023.12.18-ны өдөр цаг авсан бөгөөд тус эмнэлгээс Манай ***** гоо сайхны мэс заслын эмнэлгийн дээрх үйлчлүүлэгч нь уг гарал нь мэдэгдэхгүй биетийг нүүрэндээ тариулсан бөгөөд үүнийг гоо сайхны мэс заслаар арилгах үүднээс эхлээд сорж авах мэс засал хийх хэрэгтэй. Сорж авахаас өөр мэсийн болон мэсийн бус аргууд анагаах ухааны үүднээс байхгүй харагдаж байна. Цаашдаа мэс заслын үйл явцыг харан нүүрэнд үүссэн сорвийг арилгах үүднээс үүдэс эсийн эмчилгээ хийх магадлалтай гэсэн хариуг 2023.11.04-ний өдөр өгсөн. Иймд гарсан зардлын 2 445 000 төгрөг, урьдчилан төлүүлэх эмчилгээний зайлшгүй зардалд 44 540 000 төгрөг, нийт 46 985 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд миний бие 2024 оны 2 сард БНСУ-д очиж ****** эмнэлэгт нүүрэнд үлдсэн филлерыг авахуулах мэс засалд орсон бөгөөд соруулж аваад, өөх нөхөх ажилбарыг хийсэн. Ингэж явахдаа өөрийн найз Х.*********гийн хамт явсан бөгөөд эмнэлэгт байх хугацаанд сахиур шаардлагатай учраас хамт явсан. Солонгос улс руу ирж очих онгоцны тийзны 11 814 961 төгрөг, солонгост буудалд байрласан болон эмнэлэгт мэс засал хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн зардал нийт 24 589 349 төгрөгийн зардал гарсан. Цаашид энэ хийсэн хагалгааны эдгэрэлтээс шалтгаалж дахин өөх нөхөх болон сорвь эмчлэх шаардлагатай гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* ХХК-ийн харъяа **********гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Нэхэмжлэгч ********* нь calcium hydroxyapatite суурьтай, Crystalys тарилгыг 2019 оны 11 сарын 02-ны өдөр манай эмнэлэг дээр зовхины доод хонхорхойг дүүргэх зорилгоор хийлгэсэн байдаг. Тус Crystalys тарилга нь Израйл улсын ********** компанид үйлдвэрлэгдсэн, Европын холбооны улсын аюулгүй байдлын СЕ стандартыг бүрэн хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, calcium hydroxyapatite суурьтай, хүний биед 100% буюу бүрэн шимэгддэг тарилга юм. Уг тарилгыг тухайн үед үйлчлүүлэгчид танилцуулж, гарч болох эрсдэл хүндрэлийн тухай тайлбарласан ба эмчилгээг хийлгэх зөвшөөрлийн хуудсанд үйлчлүүлэгч гарын үсэг зурж, баталгаажуулсан байдгаас гадна эмчилгээ үйлчилгээг хийх явцад ямар нэг алдаа, хүндрэл гараагүй билээ. Энэхүү тарилга нь 2 жил буюу 24 сарын хугацаанд хүний биеэс бүрэн шимэгдэж дуусдаг. Энэ талаар Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын ниигэмлэг-ийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дүгнэлтээр уг тариаг 18-24 сарын хугацаанд бүрэн шимэгдэж дуусдаг гэдгийг тодорхойлсон байдаг. Тэгэхээр 4 жилийн дараа арьсан дээр идээт үрэвсэл гарах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь манай компанид 2023 оны 07 сард л хандсан байдаг. Энэ хугацаа нь тарилга хийлгэснээс хойш 34 cap өнгөрсөн буюу бүрэн шимэгдэж дуусах хугацаа өнгөрснөөс дунджаар 10-12 сарын дараа байгаа юм. Тэгэхээр манай компаниас үйлчилгээ авснаас хойш 4 жилийн дараа арьсан дээр идээт үрэвсэл гарах боломжгүй юм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт итгэмжлэл, *********ийн Хас банкны дансны хуулга, ****** эмнэлгийн 2023.10.23-ны өдрийн Үзлэг хийсэн тухай товч тэмдэглэл, ***** гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмчийн магадлагаа, Баталгаажуулах хуудас, 2023.12.11-ний өдрийн Ханшийн лавлагаа, эмнэлгийн төлбөрийн баримтууд, эмнэлгийн баталгаажуулах захидал, фото зургууд, *********ийн төрийн банкны дансны хуулгууд, Air market LLC онгоцны тийз, буудлын захиалгын хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн.
4. Хариуцагчаас итгэмжлэл, ********* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ********* ХХК-ийн эмчлэгч эмч нарын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, дипломын хуулбар зэрэг баримтууд, 2019.09.23-ны өдрийн Мэс засал хийлгэх зөвшөөрлийн хуудас, 2019.05.29-ний өдрийн мэс засал хийлгэх зөвшөөрлийн хуудас, 2019.11.02-ны өдрийн гоо сайхны эмчилгээ хийхэд авах ерөнхий зөвшөөрөл, шинжилгээний баримтууд, 2023.09.28-ны өдөр *********ийн тус эмнэлэгт бичгээр гаргасан хүсэлт, 2023.10.05-ны өдрийн тус эмнэлгээс Үйлчлүүлэгчийн гомдлын дагуу эмчилгээ үйлчилгээнд хийгдсэн чанарын багийн дүгнэлт, ********* ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг ирүүлсэн.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр ************ шинжээч томилсон бөгөөд шинжээч эмч Ц.************ 2024.10.09-ний өдөр №*** дүгнэлтийг гаргаж ирүүлсэн, талуудын хүсэлтээр гэрчээр Х.************, Б.************ нарыг оролцуулж, мэдүүлэг авч, нэхэмжлэгчийн хүсэлтээр Улаанбаатар медика эмнэлэгээс 2023.08.26-ны өдрийн *********ийн бактериологийн шинжилгээний хариуг гаргуулж, шинжээч эмч Ц.************ийг шүүх хуралдаанд оролцуулсан болно. /хх-ийн 70-73/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч байгууллагад анх хийлгэсэн CRYSTALYS тарилга нь хайлдаггүй хүний биед сөрөг нөлөө бүхий тарилга хийлгэснээс болж бие махбодь болон эрүүл мэндээр хохирсон. Эмчилгээний зардал болон цаашид гарах нөхөн сэргээх зардалд 46 985 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...********* ХХК-ийн харъяа **********гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Нэхэмжлэгч ********* нь calcium hydroxyapatite суурьтай, Crystalys тарилгыг 2019 оны 11 сарын 02-ны өдөр манай эмнэлэг дээр зовхины доод хонхорхойг дүүргэх зорилгоор хийлгэсэн байдаг. Энэхүү тарилга нь 2 жил буюу 24 сарын хугацаанд хүний биеэс бүрэн шимэгдэж дуусдаг. Энэ талаар Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын ниигэмлэгийн 2024 оны 10 сарын 09-ний өдрийн дүгнэлтээр уг тариаг 18-24 сарын хугацаанд бүрэн шимэгдэж дуусдаг гэдгийг тодорхойлсон байдаг. Тэгэхээр 4 жилийн дараа арьсан дээр идээт үрэвсэл гарах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь манай компанид хандан 2023 оны 09 сарын 28-ны өдөр гомдол гаргасан байдаг. Энэ хугацаа нь тарилга хийлгэснээс хойш 34 cap өнгөрсөн буюу бүрэн шимэгдэж дуусах хугацаа өнгөрснөөс дунджаар 10-12 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч ********* нь 2019 оны 11 сарын 02-ны өдөр **********гоо сайхны эмнэлэгт calcium hydroxyapatite суурьтай, Crystalys тарилгыг зовхины доод хонхорхойг дүүргэх зорилгоор хийлгэсэн болох нь хавтаст хэргийн 137 дугаар талд авагдсан гоо сайхны эмчилгээ хийхэд авах ерөнхий зөвшөөрөл гэх баримтаар тогтоогдож байна.
4.2 Нэхэмжлэгч нь дээрх тарилга хийлгэснээс хойш нүүрний хэлбэр маш муухай болж, улмаар тус эмнэлэгт хэд хэдэн удаа хандсан боловч хайлуулах тарилга дууссан гэх шалтгаанаар хойшлуулсан тул Sirena clinic Mongolia эмнэлэгт филлер хайлуулах тарилгыг 2020.06.27-ны өдөр хийлгэсэн гэж тайлбарлаж, холбогдох баримтыг ирүүлсэн.
4.3 Үүний дараа нэхэмжлэгч ********* нь БНСУ-ын Юүбум гоо сайхны мэс заслын эмнэлэгт хандаж, 2024 оны 03 сарын 09-ний өдөр уг эмнэлэгт мэс заслын аргаар filler дүүргэгчийг авах ажилбарыг ... сорох аргаар дүүргэгч болон холбогч эдийн сорвийг авсан баримтын орчуулгыг ирүүлсэн байна./хх-ийн 95-97/
5. Түүнчлэн нэхэмжлэгч ********* нь хариуцагч **********эмнэлгийн эмч Б.*********д 2023 оны 07 сард очиж үзүүлсэн байх ба үзлэгээр бактерлогийн шинжилгээний хариунаас олон төрлийн антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар /MRSA/ илэрсэн. гэж дүгнээд, шаардлагатай аппаратын болон эмийн эмчилгээг зөвлөж, эмчилгээ хийлгэж гарсан үр дүнгийн талаар дүгнэсэн Үйлчлүүлэгчийн гомдлын дагуу эмчилгээ үйлчилгээнд хийгдсэн чанарын багийн дүгнэлтийг хариуцагч тал ирүүлсэн байна.
6. Шинжээч эмч Ц.************ 2024.10.09-ний өдрийн №*** дүгнэлтийг гаргасан ба зохигч талуудын асуултад ...Luminera, Crystalys хэмээх тарилга нь /calcium hydroxyapatite/ найрлага бүхий арьсны коллагений нийлэгжилтийг дэмжих үйлчилгээтэй арьсны дүүргэгч тарилга юм. Calcium hydroxyapatite суурь бүхий тарилга нь 18-24 сарын хугацаанд бүрэн шимэгдэж дуусдаг. Sodium thiosulfate тарилгаар шаардлагатай тохиололд хайлуулж болдог. Америкийн FDA-p хүлээн зөвшөөрөгддөг, шимэгддэг арьсны дүүргэгч тарилгын нэг юм. Luminera, Crystalis үйлдвэрийн нэршилтэй calcium hydroxyapatite найрлага бүхий арьсны дүүргэгч тарилга нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тарилга бөгөөд уг тарилгын найрлагаас шалтгаалж бага хувьд /3%/ зангилаа төст үүсгэвэр үүсч болдог. Үүнийг мэс заслын аргаар соруулж авах мөн Sodium thiosulfate тарилгаар хайлуулах боломжтой. Мөн үүссэн сорвийг мэс заслын аргаар засах шаардлага үүсч болно. ... MRSA-ийн гол онцлог нь эмнэлгээс авч болно. Мөн хүний хамрын хөндийд хадгалагдаж байдаг. Эрүүл явж байсан ч надаас шинжилгээ авахад гарах магадлалтай. Тийм учраас бид MRSA-ийн шинжилгээ авч сэргийлэх тохиолдлууд байдаг. MRSA жирийн бактеруудтай адил гэнэтийн хурц үрэвсэл үүсгэдэггүй. Удаан явцтай буюу архаг үрэвслийг үүсгээд байдаг өвөрмөц онцлогтой бактер, ...хэрвээ филлер тарилга хийлгэхэд халдвар авсан тохиолдолд ойролцоогоор 3-7 хоногийн дотор илэрнэ. 45 сарын дараа ирнэ гэдэг бол бактертэй шууд холбоотой гэсэн үг биш. Тарилга хийсний үр дүнд халдвар авсан бол тэр дороо илрэх ёстой. гэж тайлбарласан.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
7.1 Дээрх хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
8. Эдгээрээс үзэхэд calcium hydroxyapatite суурьтай, Crystalys тарилга нь 18-24 сарын хугацаанд бүрэн шимэгдэж дуусдаг талаар шинжээч дүгнэлтдээ тайлбарласан, түүнчлэн уг тарилгаас үүдэлтэйгээр нэхэмжлэгч *********ийн биед хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Тодруулбал, нэхэмжлэгч ********* нь 2019 оны 11 сарын 02-ны өдөр филлер тарилгыг хийлгүүлсэн, мөн нэхэмжлэгч нь филлер тарилга хийлгэснээс хойш хайлуулах тарилгыг 2 удаа хийлгэсэн гэж тайлбар гаргаснаас үзэхэд түүний нүүрэнд үүссэн эрсдэл бүхий нөхцөл байдал нь хариуцагч эмнэлгийн хийсэн тарилгаас үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр хариуцагч байгууллагад тухайн тарианаас үүдэлтэй асуудлаар 2023 оны 07 сард хандсан нь дээрх тарилга шимэгдэж дуусах хугацаанаас хойш хандсан гэх хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлтэй байна.
9. Шүүх 2024.02.15-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын **** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.****д шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа мэдэгдсэн ба зохигч талууд иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргав./
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* ХХК-аас гэм хорын хохиролд 46 985 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *********ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********ээс нарыг улсын тэмдэгтийн хураамжийн 392 875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.АРИУНБОЛД
А.САРАНТУЯА