| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0213/Э |
| Дугаар | 262 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Р.Энхоюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Иргэдийн төлөөлөгч Х.Энхтүвшин, Ц.Ариунаа,
Хохирогч Б.Б,
Гэрч Ц.Чимгээ,
Шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тамир овогт Надмицэрэнгийн От холбогдох 1708002290400 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн .. тоотод оршин суух, урьд
-2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
-2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
-2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
-2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сум дундын 16 дугаар шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 158 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
-2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 691 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 11 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн, Их тамир овогт Надмидцэрэнгийн О /РД:../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”…гэрээс гартал О миний баруун чамархай хэсэг рүү төмрөөр трубагаар цохиод авсан. Тэгээд би газарт унаад босоод иртэл миний дээрээс дахин трубагаараа цохих гэж байхад нь би баруун гараараа өөрийгөө хамгаалтал миний баруун гарын шуу хэсэгт цохисон. Манай хөгшин ирээд салгах гэтэл түлхээд унагаасан. Тэгээд О хашаа даваад зугатаагаад алга болсон. Миний биед 5 газарт оёдол тавьсан. Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр шоронд байхад эргэж ирсэнгүй гээд цохисон. Манай эхнэрт ямар нэгэн гэмтэл учраагүй, биеийн байдал нь хэвийн байгаа тул энэ асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Эмчилгээний зардал болон бусад материалыг эмнэлгээс гараад сууж явсан улсын дугаар, нэрийг нь мэдэхгүй таксинд мартаад явуулсан байсан. 250,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 18-21, 54-55 х/,
1.2.Хохирогч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Говь-Алтай аймаг руу яваад 7 дугаар сарын 11-ний орой 20 цагт гэртээ ирсэн. Гэрт О ирсэн байсан. Манай баруун талд амьдардаг зээ дүүгийнд 5-6 хонож байна гэсэн. Тэгээд Ганзориг, О бид гурав 2 шил архи авчирч хувааж уусан. Маргааш өглөө нь дөнгөж сэрж байтал Ганзориг, О нар 0.75 граммын 1 шил архитай орж ирсэн. Түүнийг хувааж уусан, гэхдээ дуусгаагүй, би ядарсан байсан тул 2 хундага уугаад согтсон. Тэгээд баруун гэрт дүүгийнд ороход О ярих юм байна гээд байсан. О баруун орон дээр сууж байснаа юм шүүрч аваад баруун гүрээ рүү хатгасан, цус их гарсан, гэхдээ тэр зүйл нь отверка биш байсан. Би гадаа гартал яндан тогтоодог арматурын турбаг барьж аваад толгой руу цохисон. Тэгээд би унасан, нэг сэртэл их цус гарсан байсан. Ганзориг гэрийн ар талын сүүдэрт тасраад унтаж байсан. Би босож чадахгүй, манай хөгшин орилоод байсан. О хашаа даваад гарсан, хаалга руу очоогүй. Эмчилгээний 250.000 төгрөгийг нэхэмжилж байна, хохирлыг барагдуулбал гомдолгүй, насны эцэст хүнийг шоронд оруулах хүсэлгүй байна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.3.Шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б нөгөө архинаас 2 татчихаад гараад явсан. Гэртээ ороод эхнэртэйгээ хэрэлдээд байгаа бололтой дуу нь нэлээд өндөрсөөд байсан. Удалгүй Батаагийн гэрт орж ирээд “Муу хулгайч нар минь зайлцгаа” гэж хэлээд зүүн талын хаяанд газар хэвтэж байсан хар иштэй отвёрка гартаа бариад над руу дайрахаар нь гараас нь салгах гэж оролдож байгаад санамсаргүй хүзүү хавьд нь хатгасан. Тэгтэл Ганзориг ахыгаа өмөөрөөд миний хойноос хоолой боож татаж унагаасан. Намайг газраас босоход Б “наад муугаа бариад ав, ална” гэж байтал Б араас ирж намайг барьж аваад бид хоёр зууралдтал Ганзориг миний араас хоолой боож татахаар нь хашааны хаалгыг гараараа хүчээр онгойлгоод хашааны хаалгаар гарч зугатаасан. Намайг Батаагийн гэрээс гүйгээд гарч ирэхэд Бы эхнэр Чимгээ өөрийнхөө гэрийн галын шилээгүүр /галын үнс унагаадаг 50 орчим см урт, хүний гарын хуруу шиг бүдүүнтэй саваа төмөр/ гартаа барьчихсан гарч ирж байсан. Б миний араас хөөш гээд хашааны хаалга руу ирэхдээ гартаа тал тоосго барьчихсан гарч ирж байсан. Гэрт нь л үйл явдал болсон, гадаа гараад ямар нэгэн зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Зодоон болохоос өмнө Б хөдөөнөөс ирэхдээ машинаас буухдаа бие нь хөндүүр бололтой хөдлөхөөрөө цээжнийхээ зүүн хэсэг зүүн хөх махны доох нь гараараа дараад зовиуртай харагдаж байсан, надтай муудалцхаасаа өмнө хэн нэгэнтэй муудалцсан юм уу, эсвэл дараа нь дүүтэйгээ зодолдсон ч байж магадгүй. Би Баас өөр хүнтэй муудалцаж зодоон хийсэн зүйл байхгүй. Миний нуруу тэр чигээрээ нэг хэсэг хөндүүр, нүүр баруун шанаа жаахан шалбарсан. Шинжээч эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Одоо биеийн байдал зүгээр байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 23, 63-64 х/
1.4.Шүүгдэгч Н.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед Ганзориг бид хоёр архинд явсан. 0.5 граммын архи авчираад түүнийгээ бид Бы зүүн гэрт ороод уусан. Тэгтэл Б намайг яв гээд агсарсан. Бид зүүн хаяанд отверка булаацалдаж ноцолдож байгаад Бы баруун чамархайг санамсаргүй хатгасан. Тэгээд намайг гараад гүйтэл Б тал тоосго барьсан хашааны хаалга хүртэл хөөсөн. Гэрт байхад дүү Ганзориг нь намайг хойноос татаж унагаасан. Хашааны хаалгаар намайг гаргахгүй байхад нь би тоосгыг нь булааж авч хаячихаад хаалгыг нь онгойлгоод зугатаасан . ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
1.5.Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед эхнэр Чимгээ нь над руу залгаад хулгай хийгээд байдаг О гэх залуу ахыг чинь трубадаад зодчихлоо, ухаан алдаад сэрэхгүй байна гэж ярьсан. Намайг гэрт очиход цусандаа холилдчихсон хэвтэж байсан, ах өөрөө согтуу байсан. Тиймээс шууд гэмтлийн эмнэлэгт авчирсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х /
1.6.Гэрч О.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энэ хүний эмнэлгийн карт бусад холбогдох бичиг баримтыг үзэхэд тухайн үед энэ хүний биед үзлэг хийж байсан, үзүүлэгчийн биед учирсан байсан гэмтлийг нэгд нэгэнгүй үзлэгийн тэмдэглэлд тусгаж бичдэг. Энэ тэмдэглэлд тухайн хүний хүзүүний хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байсан тухай тэмдэглэгдээгүй байгаа учир ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй болно. …гэх мэдүүлэг /хх 58 х /
1.7.Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хэсэг ууж байгаад согтоод тасраад унасан байсан. юу болсон талаар санахгүй байна. Манай бэр эгч сүүлд нь надад чи тэр хоёрыг зодолдож байхад салгах гээд хажууд нь байсан гэсэн боловч би тухайн үеийг санахгүй байна, нэг сэрэхэд манай ах Бы толгойноос нь цус гарсан, О зугатаагаад явсан, цагдаагийн байгууллагынхан ирсэн байсан. Манай бэр эгч Чимгээ О ахыг гэмтээсэн талаар ярьсан. О манай ахын толгой руу труба төмрөөр цохисон байсан, тухайн үед О шоронд сууж байгаад гарч ирлээ гээд өөрөө манай ах Б.Быд ирсэн. .…гэх мэдүүлэг /хх 132 х /
1.8.Гэрч Ц.Чимгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэр үед би нөхөр дээрээ очоод юу болж байнаа гэтэл О хүрч ирээд намайг труба авах гээд булаацалдаж байтал миний нөхрийн толгой руу 2 удаа трубагаараа цохиод унагасан. Тэр үед Ганзоригийг дуудаад орилоход босох чадваргүй болтлоо согтоод тасарсан байсан. Бүр сүүлд нь эмнэлэгт хэвтсэн гээд болсон явдлыг хэлэхэд ерөөсөө мэдэхгүй, санахгүй, тасарсан байна гэж хэлж байсан. Сүүлд манай нөхөр Б дүү Ганзоригтоо намайг хүн алах гэж байхад салгаад туслахгүй, тасраад сэрэхгүй байхдаа яадгийн гэж хэлж байсан. 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б намайг зодож цохиогүй. …” гэх мэдүүлэг /хх 133-134 х/
1.9.Гэрч Ц.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Оыг танина. 2017 оны намраас О манайд түр амьдарч байгаа. Түүнээс биш ямар нэгэн гэр бүлийн харилцаа байхгүй. Н.О архи дарс тэр болгон уугаад байдаггүй, хааяа архи уусан байдаг, архи уусан үедээ ямар нэгэн элдэв ааш зан гаргадаггүй, хааяа хөлсөөр ажил хийгээд манай амьдралд тус дэм болоод явдаг. Би өөрөө завгүй болохоор манай хүүхдийг цэцэрлэгт нь зөөж өгөөд их л дэмтэй байдаг. Үг дуу цөөтэй, дуугай, барагтай бол юм ярьдаггүй, миний хажууд хүн амьтантай хэрэлдэж муудалцаж мэдэгдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 56 х/
1.10.Шинжээчийн 9563 дугаар дүгнэлт:
1.2.Б.Бы биед баруун чамархайгаас урагш доош суурь гуяны баруун их далвач руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хацарын ясны нум зөрөөгүй, зүүн хацар ясны цөмөрч зөрсөн хугарал, баруун чамархайн хонхорт хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархи доргилт, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцралт, зүүн гарын сарвуу, дух, зүүн хацарын төвгөрт шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх баруун чамархайгаас урагш доош суурь гуяны баруун их далвач руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хацарын ясны нум зөрөөгүй, зүүн хацар ясны цөмөрч зөрсөн хугарал, баруун чамархайн хонхорт хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархи доргилт, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчллээр, зүүн гарын сарвуу, дух, зүүн хацарын төвгөрт шарх, цээжинд зулгаралт гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмилийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 25 х/,
1.11.Шинжээч Т.Чимэд-Очирын:
Гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь ясны хугаралын орчимд цусан хураа үүссэн байгаа нь тухайн чамархайн хонхорт хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд юм. Д.Бы биед үүссэн бусад гэмтэл болох зүүн гарын сарвуу, дух, зүүн хацрын товгорт шарх, цээжинд зулгаралт зэрэг гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хүний биед учирсан гэмтлүүдийн хамгийн хүндийг нь сонсгож журамд заасны дагуу дүгнэлт гаргадаг. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн толгойн компьютер томоргафийн шинжилгээгээр хамрын ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдсон ба уг хуучин гэмтлийг дүгнэлтэнд тусгаагүй. Труба нь хурц ирмэгтэй ямар нэгэн үзүүргүй байсан тохиолдолд дээр гэмтлийг үүсгэх боломжтой. Тухайн өдрийн үзлэгээр үзүүлэгчийн хүзүүнд ямар нэгэн гэмтэл байгаагүй. гэх мэдүүлэг /хх 29 х/
1.12.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-14 х/
1.13.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 8-9 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Гэрч Э.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О багадаа их сэргэлэн, элдэв ааш зангүй хүүхэд байсан. Сүүлдээ л эцэг эхийгээ өнгөрснөөс хойш зан нь эвдэрсэн юм уу ямар шалгаанаар ингээд яваад байдаг юм мэдэхгүй, шорон оронгоор орж гарсан л дуулддаг юм. Уг нь хүнийхээ хувьд тийм ч болохоо байсан, яахаа алдсан хүн биш. Зан чанарын хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хар бор ажилд сайн, багаасаа их л зовлон үзсэн хүн. Эцэг нь нас барснаас хойш л энэ хүн амьдралд хөлөө олохгүй төөрч будлиад яваад байгаа юм. Хажуунаас нь хэлж ярих ах дүү олдохгүй байх шиг байна. Би энэ хүнийг задарсандаа хэрэг хийгээд яваад байдаггүй байх, харин аргаа ядаад амьдрах учраа олохгүй төөрч будлиад яваад байна гэж ойлгож байгаа. Архи дарс хэрэглэдэг талаар сайн мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 61 х/
2.2.Гэрч Ц.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Оыг танина. 2017 оны намраас О манайд түр амьдарч байгаа. Түүнээс биш ямар нэгэн гэр бүлийн харилцаа байхгүй. Н.О архи дарс тэр болгон уугаад байдаггүй, хааяа архи уусан байдаг, архи уусан үедээ ямар нэгэн элдэв ааш зан гаргадаггүй, хааяа хөлсөөр ажил хийгээд манай амьдралд тус дэм болоод явдаг. Би өөрөө завгүй болохоор манай хүүхдийг цэцэрлэгт нь зөөж өгөөд их л дэмтэй байдаг. Үг дуу цөөтэй, дуугай, барагтай бол юм ярьдаггүй, миний хажууд хүн амьтантай хэрэлдэж муудалцаж мэдэгдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 56 х/
2.3.Н.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68, 73 х/
2.4.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.Хохирогч Б.Бы “...Эмчилгээний зардал болон бусад материалыг эмнэлгээс гараад сууж явсан улсын дугаар, нэрийг нь мэдэхгүй таксинд мартаад явуулсан байсан. Эмчилгээний зардалд нийт 250,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх 18-21, 54-55 х / зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Хэргийн зүйлчлэлийн талаар:
Прокуророос Н.Оыг “труба” төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Хууль тогтоох байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан.
Хэргийн үйл баримтаар хүний эрүүл мэндэд хохирол учруулахдаа хэрэглэсэн зүйл нь зуух бэхэлсэн байсан төмөр труба болох нь тогтоогдсоноос үзэхэд дээрх төмөр трубаг эд зүйлд хамааруулж ойлгож болох ба харин түүний урьдчилсан нөхцөл нь хууль тогтоогчийн тайлбараар Жишээ нь тухайн төмөр трубаг “тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан” байх шалгуурыг тавьсан гэж ойлгохоор байгаа.
Шүүгдэгч Н.О уг төмөр трубаг хүний эрүүл мэндэд гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэх үйл баримт тогтоогдоогүй, гадаа гарахад зуух бэхэлсэн байсан төмөр байхаар нь аваад цохисон гэх үйл баримтуудаар уг төмөр трубагаар хүн цохиж хүнд хохирол учруулсныг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.
Гэм буруугийн талаар.
Н.О нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтан-Овооны 33-21 тоотод оршин суух иргэн Б.Бтай хамт архидан согтуурч, “намайг шоронд байхад эргэж ирээгүй” гэх асуудлаас болж муудалцан улмаар зуух бэхэлсэн байсан труба төмрийг авч толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун чамархайгаас урагш доош суурь ясны баруун их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хацар ясны нум зөрөөгүй, зүүн хацар ясны цөмөрч зөрсөн хугарал, баруун чамархайн хонхорт хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархи доргилт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Бы “…гэрээс гартал О миний баруун чамархай хэсэг рүү төмөрр трубагаар цохиод авсан. Тэгээд би газарт унаад босоод иртэл миний дээрээс дахин трубагаараа цохих гэж байхад нь би баруун гараараа өөрийгөө хамгаалтал миний баруун гарын шуу хэсэгт цохисон. Манай хөгшин ирээд салгах гэтэл түлхээд унагаасан. Тэгээд О хашаа даваад зугатаагаад алга болсон. Миний биед 5 газарт оёдол тавьсан. Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр шоронд байхад эргэж ирсэнгүй гээд цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 18-21, 54-55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.Отгонцэцэгийн “…2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн үед эхнэр Чимгээ нь над руу залгаад хулгай хийгээд байдаг О гэх залуу ахыг чинь трубадаад зодчихлоо, ухаан алдаад сэрэхгүй байна гэж ярьсан. Намайг гэрт очиход цусандаа холилдчихсон хэвтэж байсан, ах өөрөө согтуу байсан. Тиймээс шууд гэмтлийн эмнэлэгт авчирсан. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х/,
Гэрч Б.Ганзоригийн “…хэсэг ууж байгаад согтоод тасраад унасан байсан. юу болсон талаар санахгүй байна. Манай бэр эгч сүүлд нь надад чи тэр хоёрыг зодолдож байхад салгах гээд хажууд нь байсан гэсэн боловч би тухайн үеийг санахгүй байна, нэг сэрэхэд манай ах Бы толгойноос нь цус гарсан, О зугатаагаад явсан, цагдаагийн байгууллагынхан ирсэн байсан. Манай бэр эгч Чимгээ О гэмтээсэн талаар ярьсан. О манай ахын толгой руу труба төмрөөр цохисон байсан, тухайн үед О шоронд сууж байгаад гарч ирлээ гээд өөрөө манай ах Б.Быд ирсэн. .…гэх мэдүүлэг /хх 132 х/,
Гэрч Ц.Чимгээгийн “…тэр үед би нөхөр дээрээ очоод юу болж байнаа гэтэл О хүрч ирээд намайг труба авах гээд булаацалдаж байтал миний нөхрийн толгой руу 2 удаа трубагаараа цохиод унагасан. Тэр үед Ганзоригийг дуудаад орилоход босох чадваргүй болтлоо согтоод тасарсан байсан. Бүр сүүлд нь эмнэлэгт хэвтсэн гээд болсон явдлыг хэлэхэд ерөөсөө мэдэхгүй, санахгүй, тасарсан байна гэж хэлж байсан. Сүүлд манай нөхөр Б дүү Ганзоригтоо намайг хүн алах гэж байхад салгаад туслахгүй, тасраад сэрэхгүй байхдаа яадгийн гэж хэлж байсан. …” гэх мэдүүлэг /хх 133-134 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
1.10.Шинжээчийн 9563 дугаар дүгнэлт:
1.2.Б.Бы биед баруун чамархайгаас урагш доош суурь гуяны баруун их далвач руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хацарын ясны нум зөрөөгүй, зүүн хацар ясны цөмөрч зөрсөн хугарал, баруун чамархайн хонхорт хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархи доргилт, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцралт, зүүн гарын сарвуу, дух, зүүн хацарын төвгөрт шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх баруун чамархайгаас урагш доош суурь гуяны баруун их далвач руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун хацарын ясны нум зөрөөгүй, зүүн хацар ясны цөмөрч зөрсөн хугарал, баруун чамархайн хонхорт хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, тархи доргилт, дух, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчллээр, зүүн гарын сарвуу, дух, зүүн хацарын төвгөрт шарх, цээжинд зулгаралт гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмилийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 25 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Оаас: Хохирогч Н.Быг би “отверкоор нэг удаа хүзүү хавьд нь хатгасан, өөрөөр цохиж зодоогүй” гэх мэдүүлэг өгдөг боловч түүний мэдүүлэгт тусгагдсан отверкийг хохирогч, гэрч нар хараагүй, хэргийн газрын үзлэгээр “отверк” илрээгүй болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 8-9 х/, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд,
хохирогчийн хүзүү хавьд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдоогүй болох нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн “... Тухайн өдрийн үзлэгээр үзүүлэгчийн хүзүүнд ямар нэгэн гэмтэл байгаагүй. гэх мэдүүлэг /хх 29 х/, гэрч О.Шинэбаярын “…Энэ хүний эмнэлгийн карт бусад холбогдох бичиг баримтыг үзэхэд тухайн үед энэ хүний биед үзлэг хийж байсан, үзүүлэгчийн биед учирсан байсан гэмтлийг нэгд нэгэнгүй үзлэгийн тэмдэглэлд тусгаж бичдэг. Энэ тэмдэглэлд тухайн хүний хүзүүний хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх байсан тухай тэмдэглэгдээгүй байгаа учир ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй болно. …гэх мэдүүлэг /хх 58 х/ зэргээр тус тус тогтоогдсон.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй.
Хохирогч Н.Б “хүзүү хавьд ир үзүүртэй зүйлээр хатгасан” гэх мэдүүлгийг өгдөг боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний дээрх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлтэй гэж үзсэн.
Хохирлын талаар.
Хохирогч Б.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролдоо 250,000 төгрөг нэхэмжилсэн, холбогдох баримтуудыг гаргаж ирүүлээгүй боловч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн зүгээс уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Н.Оаас 250,000 төгрөгийг гаргуулж хохирогчид Н.Бд олгох нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Н.От холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгүүлж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд шүүхээс 05 /таван/ жилийн хорих ял оноож, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Од холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2.Их тамир овогт Надмицэрэнгийн Оыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Оыг 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Оын эдлэх 05 /таван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Н.Оын урьдчилан цагдан хоригдсон 02 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Оаас 250,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоо 17-7 тоотод оршин суух Н.Б /РД:ЦЖ59032078/-д олгосугай.
7.Н.Оын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ