| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0268/Э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүхээр ирүүлсэн Сархаг овогт Бат-Өлзийн Жд холбогдох 1808010070267 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уул ...тоотод оршин суух,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 167 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сархаг овогт Бат-Өлзийн Ж /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
1.1.Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Жтай 2014.07.09-ны өдөр найзындаа уулзаж байгаад дотно харилцаатай болсон. 2015 онд хүүхэдтэй болоод түүнээс хойш Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Уулын 3-7 тоотод амьдрах болсон. 2016 оны 6 сард Ж бид 2 ах, дүү, хамаатан садангаас болж тус тусдаа амьдрах болсон. Хүүгээ би өөр дээрээ байлгаж байсан. 2017 оны 6-р сарын 27-ны өдөр би эмнэлэгт хэвтээд хүүхэд харах хүн байхгүй Ж, хадам 2 дээр авчирч өгсөн. Тэрнээс хойш хүүхэд хамт байж байгаа, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр орой намайг Баянхошуунд Мөнхтөрийн гэрт байна хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь найз Мөнхтөр, Сандагдорж, Одтөр, Тэмүүлэн нар архи уучихсан Ж нэлээд согтсон байхаар нь сар шинэ болж байхад яаж байгаа юм гээд жижиг өрөөнд хамт ороод хаалга хаагаад би Жыг унт гэж хэлээд хэвтэж байсан чинь Одтөр орж ирээд Жыг хэн цагдаад барьж өгсөн юм бэ тэрийг алмаар байна гэж хашгирсан чинь Ж чи намайг цагдаад барьж өгдөг юм байна лээ гэж хэлээд босоод ирсэн, тэгээд над руу дайрч гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж авахаар нь би уйлаад энэ Жыг аваач гэж хашгирсан чинь Мөнхтөр өрөөнд орж ирээд Жыг цээжнээс нь тэврээд яаж байгаа юм бэ гээд аваад гарсан. ...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, шүүх хуралд суухгүй, би одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг / хх 17-18, 19-20 х/,
1.2.Шүүгдэгч Б.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Бтай 2015 онд танилцаж дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Б бид хоёр 2010 оноос хойш хоорондоо таарч тохирохгүй болоод би хүүхдээ өөр дээрээ авч нэг хэсэг тусдаа амьдарсан. ...би тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор урьд өмнө Быг өөр залуутай байсныг хэлэхэд уур хүрээд жижиг өрөөнд оруулж байгаад Бын нүүр ам руу гараараа цохиж унагаж байгаад өшиглөж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/,
1.3.Гэрч Б.Одтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жы эхнэр Б бага зэргийн архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгсэн чинь Ж эхнэр Быг дагуулж нөгөө талын өрөөнд орчихоод гарч ирэхгүй хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгж байтал хоорондоо зодолдоод байх шиг дуу гарахаар нь би жижиг өрөөний хаалгыг татаж ороход эхнэр нь зодуулсан бололтой улайчихсан Ж урд нь зогсчихсон гараа зангидаад “чи намайг хуурдаг” гээд хашгираад Бын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг / хх 25-26 х/,
1.4.Гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хашаанд явж байтал байшин дотор Б энэ Жыг аваач гэж хашгирахаар нь гэрт ороход Бын баруун талын нүдний орчим хавдчихсан, хөхөрчихсөн уйлаад зогсож байсан. ...Ж их согтуу байсан. ...” гэх мэдүүлэг / хх 27-28 х/,
Шинжээчийн 2723 угаар үгнэлт
1.Г.Бын биед зовхи, хамрын нуруу, хацар, шанаа, бугалга, шуу, дал, өдзөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадарын тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх 31 х/
1.5.Мөрдөгчийн тогтоол, Фото зургууд /хх 60-63 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
2.1.Б.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 40 х/
2.2.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 45 х/
2.3.Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 65-68 х/
2.4.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 57 х/
2.5.Хорооны засаг даргын өрхийн ам бүлийн талаарх тодорхойлолт /хх 52 х/
2.6.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 44 х/
Гурав:Хохирлын талаарх нотлох баримтууд.
3.1.КТГ-н зурагны үнэ 80,000 төгрөг төлсөн баримт/хх 58 х/
3.2.Шүүгдэгч Б.Жы “ ... Бд 500,000 төгрөг төлсөн ...” гэх мэдүүлэг /хх 38 х/
3.3.Хохирогч Г.Бын “...надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, шүүх хуралд суухгүй, би одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх мэдүүлэг / хх 17-18, 19-20 х/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 71 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Гэм буруугийн талаар.
Б.Ж нь архидан согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян уулын 16-22а тоотод байрлах Б.Мөнхтөрийн гэрт хамтран амьдрагч Г.Быг “бусадтай хардан” нүүр ам руу нь гараараа, унагааж байгаад өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зовхи, хамрын нуруу, хацар, шанаа, бугалга, шуу, дал, өгзөг, шилбэнд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Бын “... 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой намайг Баянхошуунд Мөнхтөрийн гэрт байна хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь найз Мөнхтөр, Сандагдорж, Одтөр, Тэмүүлэн нар архи уучихсан Ж нэлээд согтсон байхаар нь сар шинэ болж байхад яаж байгаа юм гээд жижиг өрөөнд хамт ороод хаалга хаагаад би Жыг унт гэж хэлээд хэвтэж байсан ... тэгээд над руу дайрч гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж авахаар нь би уйлаад энэ Жыг аваач гэж хашгирсан ...” гэх мэдүүлэг / хх 17-18, 19-20 х/,
Шүүгдэгч Б.Жы “...би тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор урьд өмнө Быг өөр залуутай байсны хэлэхэд уур хүрээд жижиг өрөөнд оруулж байгаад Бын нүүр ам руу гараараа цохиж унагаж байгаад өшиглөж зодсон. ...” гэх мэдүүлэг /хх 37-38 х/,
Гэрч Б.Одтөрийн “...Жы эхнэр Б бага зэргийн архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгсэн чинь Ж эхнэр Быг дагуулж нөгөө талын өрөөнд орчихоод гарч ирэхгүй хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгж байтал хоорондоо зодолдоод байх шиг дуу гарахаар нь би жижиг өрөөний хаалгыг татаж ороход эхнэр нь зодуулсан бололтой улайчихсан Ж урд нь зогсчихсон гараа зангидаад “чи намайг хуурдаг” гээд хашгираад Бын нүүр рүү гараараа 1 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг / хх 25-26 х/,
Гэрч Б.Мөнхтөрийн “...Хашаанд явж байтал байшин дотор Б энэ Жыг аваач гэж хашгирахаар нь гэрт ороход Бын баруун талын нүдний орчим хавдчихсан, хөхөхрчихсөн уйлаад зогсож байсан. ...Ж их согтуу байсан. ...” гэх мэдүүлэг / хх 27-28 х/,
Шинжээчийн 2723 дугаар дүгнэлт
1.Г.Бын биед зовхи, хамрын нуруу, хацар, шанаа, бугалга, шуу, дал, өдзөг, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадарын тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт \хх 31 х\ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдрагч ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Ж, хохирогч Г.Б нар гэр бүлийн баталгаа байхгүй ч нэг хүүхдийн эцэг, эх болж хамтран амьдарч байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 44 х/, хорооны тодорхойлолт /хх-ийн 52 х/, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субьект болох Б.Жыг хамтран амьдрагч Г.Бын эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзсэн.
Хохирлын талаар:
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн нь хохирогч Г.Бын мэдүүлэг / хх 19-20 х/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 71 х/ зэргээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Б.Жы үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн, шүүгдэгч хувийн байдлын хувьд урьд нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сархаг овогт Бат-Өлзийн Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Жыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Жд мэдэгдсүгэй.
4.Б.Жы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ