Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/84

 

 

 

 

 

      2024             01            11                                        2024/ДШМ/84

 

 П.Т т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Ш.О ,

шүүгдэгч П.Т ,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/720 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2311006521148 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

П.Т , ...-ны өдөр ... аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.

 

Шүүгдэгч П.Т  нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны ...тоот өөрийн гэртээ байхдаа байнга буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх ахмад настан Ш.О г зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Т ийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Т ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад 1 жилийн хугацаагаар хорих хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Т  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял авсан билээ. Урьд нь би архи уусан үедээ гэр бүл эцэг, эхээ маш ихээр гомдоож, зовоож байснаа хоригдож байх хугацаандаа ухаарч ойлгож, харамсаж байна. Миний бие уг хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа тул өндөр настай эцэг, эх гэр бүлээ асран хамгаалах боломжийг олгож надад оногдуулсан хорих ялыг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг гуйж байна. Шударга шүүхийн өмнө болон эцэг, эхдээ хариуцлагатайгаар амлаж байна.” гэв.

 

Хохирогч Ш.О  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Хүү минь хоригдоод 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ухаарсан эсэхэд нь эргэлзэж байна. Учир нь, хүү минь 10 гаруй жил архи ууж, агсан согтуу тавьсан. Удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Би өндөр настай хүн ах, дүү нартайгаа хамт амар тайван цагаан сараа гаргамаар байна. Хүү минь дээд боловсрол эзэмшиж багшийн мэргэжлээр сурч төгссөн боловч 13 жил ажил, хөдөлмөр эрхлээгүй. Би 13 жил эх хүний сэтгэлээр тэвчиж ирсэн. Арга ядаад ядраад би цагдаад дуудлага өгсөн гэв.

 

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байгаа учраас хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаагүй байна. Гэхдээ яллах дүгнэлт, шийтгэх тогтоолтой бүрэн танилцсан. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эсрэг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилнэ. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор хэргийг зүйлчлэхдээ алдаа гаргасан байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос П.Т ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч П.Т ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж түүнд 1 жилийн хугацаагаар хорих хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настны эсрэг үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг тусгайлан хуульчилсан.

Ахмад настны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хохирогч Ш.О  нь 1958 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд хэрэг учрал болсон 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 64 нас 11 сар 17 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн П.Т т холбогдох хэргийн зүйлчлэлийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд П.Т т холбогдох хэргийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч П.Т т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял хөнгөрүүлэх талаарх шүүгдэгч П.Т-н давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/720 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч П.Т т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН